Шинэ коронавирусний нөлөөгөөр тодорхой хэмжээнд хорио цээр тогтоосон учраас зарим аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүст сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг хуульчид хэлж байна. Тиймээс эрх ашгаа хамгаалуулахыг хүссэн түрээслэгчдийг нэгтгэсэн “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл” гэж байгуулжээ. Түрээслэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж, яаж хамгаалах хэрэгтэй байгаа талаар Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.Хонгортой ярилцлаа.
-Үндэслэлгүй үнээ нэмэх, төлөх хугацаанаас урьтаж түрээсээ нэхэх гэх мэт байдлаар эрх ашиг нь зөрчигдөж байгааг түрээслэгчид хэлдэг. Ер нь бодит байдалд түрээслэгчдэд ямар асуудал тулгардаг вэ?
-Хуульч хүний зүгээс хэлэхэд нэг талаас түрээслүүлэгч, нөгөө талаас түрээслэгч талууд харилцаанд орж байгаа. Талуудын хооронд гэрээ хийдэг. Уг гэрээ холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд үндэслэгддэг боловч зарим гэрээнд хуулийн заалтыг тусгадаггүй. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль зэрэг хууль, тогтоомж түрээсийн гэрээнд холбогдож болох юм. Одоогийн нөхцөл байдалд түрээслэгч иргэд түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж, банкны зээл, зээлийн хүүгээ төлөхөд хүнд болоод байна.
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдал нь шинэ коронавирусээс сэрэмжилж зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хориглосонтой холбогдох уу. Энэ нь түрээслэгчдэд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд түрээслэгчдэд боломж олгохгүй байна. Саяхан Монголбанкнаас тухайн банк болон банк бус санхүүгийн байгууллагад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх боломж байгааг мэдэгдэж байсан. Хууль, эрх зүйн хувьд ч гэсэн түрээсийн төлбөрийг хөнгөлөх нөхцөл боломж байгаа.
-Тэгвэл түрээслэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд авч болох зөв зохицуулалт юу вэ?
-Үүсээд байгаа нөхцөл байдал бидний нүдэн дээр ил байна. Хөл хорио тогтоосон. Томоохон зах, худалдааны төв хүнгүй шахуу боллоо. Худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх буюу 70 орчим хувь нь түрээс төлж худалдаа, үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг. Шинэ коронавирустэй холбоотойгоор тэдгээр иргэний худалдаа зогссон. Хөл хорионд орох нь орсон. Гэвч асуудлын цаана тэдгээр олон мянган худалдаа эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн зээлийн асуудал яригдана. УИХ, Засгийн газраас шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа боловч иргэдийн амьдралд бодитой нөлөөлж, амьдралд нь хэрэг болох шийдвэр одоогоор гаргасангүй. Тиймээс тус шийдвэрийг гаргахын тулд хууль, эрх зүйн талаас нь ямар боломж, гаргалгаа байна вэ гэдгийг хуульчид судалж, Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл гэж байгууллаа.
-Ерөнхийдөө түрээсийн төлбөрийг хөнгөлүүлэх саналыг зарим хуульч ярьж байна. Зөвхөн түрээслэгчийн эрх ашгаас гадна түрээслүүлэгч талын байр суурь, банк, банк бус санхүүгийн байгууллагууд хүүгээ бууруулж, зээлээ чөлөөлөх үү гэдэг асуудал яригдана. Энэ бүхнийг хэрхэн тооцсон бэ?
-Зөвхөн түрээслэгч тал хохироод байгаа юм биш. Харилцаанд байгаа нөгөө тал болох түрээслүүлэгч тал гэж бий. Тиймээс аль аль талд нь хуульчид дүн шинжилгээ хийж, судалж байна. Хууль, эрх зүйн хүрээнд хаана нь ямар боломж байгаа бодит дүгнэлтийг гаргана.
-Нэг хэсэг “Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль хэрэгтэй” хэмээн ярьж байсан. Хууль, эрх зүйн хүрээнд түрээслэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах боломжтойг жишээгээр тайлбарлана уу?
-Аль нэг хуулийг жишээ болгон авч тайлбарлах нь зохимжгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг харна. Одоогоор яг ямар зохицуулалт эцсийн байдлаар гарах тухай хэлэх боломж алга. Гэхдээ түрээсийн төлбөрийг бүр тэглэх тухай яриагүй. Албан ёсоор гэрээ хэлцэл, хууль журмын дагуу 50 хувь хөнгөлж, алданги тооцохгүй байх тухай, үүнд чиглэсэн татварын болон бусад бодлогын арга хэмжээ хэрэгтэй байна.
-Хэрвээ түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэвэл харилцан адилгүй төлбөр төлж лангуу түрээсэлдэг иргэн олон байгаа. Хуулийн хүрээнд яг хэдэн хувиар бууруулж хөнгөлөх боломжтой вэ?
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиудаас гадна Монгол Улсын нэгдэн орсон зарим гэрээ, конвенцыг харж, судалж байж албан ёсоор дүн шинжилгээ гарахаар хариуг өгье.
-“Хувийн сургуульд сурдаг хүүхэд төлбөрөө төлсөн хэрнээ сургуульдаа явах боломжгүй боллоо” хэмээн зарим эцэг, эх ярьж байна. Үүн шиг түрээсээ төлсөн боловч тухайн сардаа үйл ажиллагаа явуулалгүй хохирсон бол түрээслэгч хэрхэн хохирлоо барагдуулах боломжтой вэ?
-Энэ асуултад л хуульчид хариулт хайж байна.
-Одоогийн байдлаар манай улсад нийт хэчнээн түрээслэгч байгаа бол. Лангуу түрээслэгч, байр түрээслэгч гээд төрөл бүрийн түрээсийн үйлчилгээг иргэд авдаг. Түрээслэгч гэж хэн бэ гэдгийг нэгтгэж уншигчдад ойлгуулна уу?
-Үл хөдлөх хөрөнгө түрээслэх, талбай, лангуу түрээслэх гээд бүхий л ойлголт нэг харилцаа болно. Монгол Улсын Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний зохицуулалтаар тодорхой хэмжээнд ялгаатайгаар зохицуулагддаг.
-Түрээсийн гэрээ хийхгүйгээр түрээслэх, түрээслүүлэх харилцаанд ороод аль нэг тал хохирвол хэрхэн зохицуулалт хийдэг вэ?
-Шинэ коронавирусээс сэрэмжлэх арга хэмжээнүүд зөвхөн Монгол Улсад болоод, зөвхөн эрх баригчдаас шалтгаалж сөрөг нөлөөг үүсгээд байгаа биш. Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомжоос ч болоогүй. Улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ нөхцөлд ямар хуулийн заалт зөрчигдөөд байгаа тухай нарийн зохицуулалт хэлэх боломжгүй. Талуудын хооронд ямар нэг маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хуульчдын багаараа асуудлыг олон талаас харж шийдлийг боловсруулна.
-Шийдлээ хэзээ боловсруулж дуусах вэ?
-Судлах шинжлэх ажил эхэлсэн учраас удахгүй гаргалгааг эцэслэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ залуугийн яриа хүнд огт рүрдэггүй