Эдийн засагч С.Дэмбэрэл
Хоёрдугаар сарын 13-наас хойш Монгол улс “өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн” (хэсэгчилсэн) дэглэмд шилжсэн. Өнөөдрөөс эхлэн дөрвөн сар болтол сунгав. Гамшигийн үеийн тухай хуулинд:
10.1.1. Өдөр тутмын бэлэн байдал
10.1.2. Өндөржүүлсэн бэлэн байдал
10.1.3. Бүх нийтийн бэлэн байдал
гэж ангилсан байдаг байна. Ийм байдлын үед дараах арга хэмжээг авна гэж заасан байна. Үүнд:
10.4.1. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх (Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл хийж, телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр корона вирусийн хор хөнөөл, тархалт, урьдчилан сэргийлэх талаар хангалттай мэдээлэл гарч байгаа.)
10.4.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх; (УИХ энэ тусгай горимд хамааралгүй бололтой; “чуулган завсарласан”)
10.4.3. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх; (Онцгой байдлын ажлын хэсэг өглөө бүр хүргэж байгаа.)
10.4.4. Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах; (Улаанбаатар хот, бүх аймаг тодорхой цаг хугацаанд хүмүүс, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа.)
10.4.5. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлж ажиллана. (“гамшгийн нөөц” гэсэн ойлголтыг хуулиндаа тодорхой заасан байх, бодвол бараа, хүнс, хүн хүч, санхүүгийн нөөцийг хамруулсан байх гэж найдаж байна...)
Улаанбаатар хот үүнээс бүр өмнө 2019 оны 10 сарын 1-ээс 2020 оны 4-р сарын 1 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа юм байна. Бүх аймагт мөн л ийм байдлаар шийдвэр гарсан байна. Гэхдээ үндэсний болон аймаг, хотын түвшинд гарсан эдгээр шийдвэрийн алинд ч эдийн засгийг яаж зохицуулах талаар тодорхой чиглэл, бодлого алга.
ТЭГВЭЛ “ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН” ҮЕД ЭДИЙН ЗАСАГ ЯАДАГ ВЭ
Мэдээж хэрэг зах зээлийн хариу урвал, хариу үйлдэл илүү шуурхай, уян хатан байж чаддаг болохоор компаниуд, эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэгч хувь хүмүүс, хэрэглэгчид өөр өөрсдийнхөөрөө “өндөржүүлсэн бэлэн байдалд” орох, дасан зохицох хариу үйлдлүүд хийх нь тодорхой. Эдгээр хариу үйлдэл нь эерэг ч сөрөг ч үр дагавартай байж болно, иймээс сөргийг нь хамгийн бага хэмжээнд эерэгийг нь хамгийн их байхаар зохицуулах төрийн бодлого гэж байх ёстой. Эсрэгээр нь биш.
Дээр дурьдсанаар “Гамшгийн үеийн хууль” болон бусад хуульд энэ талаар байхгүй. Тиймээс энэ нь тухайн үеийн Засгийн газар, УИХ-ын гамшгийн үеийн бодлогын мэдрэмж, хурдац, үр дүн, үр ашигтай бодлого төлөвлөж хэрэгжүүлэх чадвараас шууд хамаарна. Одоогоор Монгол улсад “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед эдийн засгийн удирдах, болзошгүй хямарлаас урьдчилсан сэргийлэх тухай” Засгийн газрын ямар нэг бодлого, шийдвэр, тогтоол гараагүй (2050 оны “Алсын хараа” гэсэн баримт бичгийг л бие биедээ гардуулаад байх шиг байсан), УИХ нь завсарласан, “амарч байгаа”, ээлжилт бус чуулган зарлан хуралдуулж дээрх асуудлыг хэлэлцэх тухай ямар нэг мэдээлэл гараагүй л байгааг бодоход тийм ч өндөр ““өндөржүүлсэн бэлэн байдал” биш бололтой... Гэтэл гадаад орчинд болохоор өөр хандлагатай; БНХАУ төдийгүй дэлхийн бусад улсууд эдийн засгийн өсөлтийн төсөөлөлүүддээ яаралтай засвар оруулж гарцаагүй болсон бууралтын мөчлөг (recession), болзошгүй хямралаас урьдчилан сэргийлсэн бодлогын арга хэмжээнүүд, хариу үйлдлүүдийг шат дараалан авч эхэлж байна. Бизнесийн орчлын үргэлжилж ирсэн түүхэн хугацаанаас харсан ч бууралтын мөчлөгийн талаар корона вирус гарахаас ч өмнө мөчлөг глобал түвшинд эхлэх гэж буй талаар олон улсын байгууллагууд, эдийн засагчид ярьж бичиж байсан бөгөөд корона вирусын тархалт, хурдац энэхүү үйл явцыг хурдасгагч, өдөөгч болж байна. Гадаад орчны байдал иймэрхүү байдалтай өрнөж байгаа, эдийн засаг, худалдааны гол түнш маань болох Хятадын эдийн засаг бууралтын мөчлөгөөр хязгаарлагдахгүй глобал эдийн засгийн хямралын дохио болж буй ийм үед Монгол улс эдийн засгийн бодлогын хувьд бараг “зүгээрийг хийгээд” сууж боломгүй, ийм “өндөржүүлсэн бэлэн байдалд” байж таарахгүй. Төр өөрөө паник үүсгэхгүй, өдөөхгүй, эрүүл мэнд, эдийн засгийн бодлогодоо эн тэнцүү ач холбогдол өгч зах зээл, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангахад л “өндөржүүлсэн бэлэн байдлын” үеийн эдийн засгийн бодлогын гол агуулга байх учиртай. Төр нь “маанагтвал” түмэн олон нь дагаад л паникдана.
Хүн төрөлхтөний өнөө хүртэл даван туулж ирсэн эдийн засгийн хямрал, бууралтуудыг түүхэнд тэмдэглэгдсэн байдлыг үзэхэд хоёр үгээр хамгийн их илэрхийлэгдсэн байдаг: panic (үймрээ, сандрал, хөөрөл), depression (сэтгэл санааны гутрал, уналт, унжгар байдал гэх мэт).
Дээрх хоёр үг санаандгүй зүйл огт биш бөгөөд зах зээлийн оролцогчдын сэтгэл санаа, хүлээлт, авир төрхийн илэрхийлэл болж эдийн засаг, зах зээлийн үйл явцад шууд нөлөөлж хямралын шалтгаан үр дагаврын илэрхийлэл болдог тул түүхэнд ийнхүү тэмдэглэгдсэн байна. Тийм ч учраас зах зээл дээр panic, depression үүсгэхгүй байх нь аливаа хямралын үед зайлшгүй чухал тул олон орны засгийн газрууд хариу үйлдлээ цаг алдалгүй хийж эдийн засгаа хэвийн гольдролд нь байлгах, бууралт, уналтыг зөөлөвчлөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тиймээс Монгол улсын хувьд бууралтын үед эдийн засгаа идэвхижүүлэх, болзошгүй хямралаас сэргийлэх зорилгоор УИХ-ын ээлжит бус чуулганы зарлан хуралдуулж үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг авч хэлэлцэн Засгийн газарт тодорхой чиглэлүүд өгсөн тогтоол гаргах, Засгийн газрын хувьд хувийн хэвшилтэй хамтран эдийн засгийг идэвхижүүлэх, болзошгүй хямралаас сэргийлэх онцгой байдлын төлөвлөгөө (emergency plan) гаргаж хэрэгжүүлэх нь чухал. Энэхүү тогтоол, төлөвлөгөөнд доорх зүйлүүдийг багтаах хэрэгтэй. Үүнд:
1. Эдийн засгийн өсөлтийг хадгалж чаддаггүй юм гэхэд бууралтын эрчийг сааруулах;
• 2019 оны III улирал, эхний 3 улирлын эдийн засгийн өсөлтийн улирлаас улирлын жилд шилжүүлсэн өсөлт (улирлын нөлөөллийг хассан) бараг (-) дүнтэй буюу өсөлтгүй гарсан нь 2016 онд гарч байсантай ижилхэн байсан. Тиймээс 2019 оны дүнгээр жилийн өсөлт бууралттай ч эерэг байна гэсэн төсөөлөл, үнэлгээгээр өөрсдийгөө хуурах хэрэггүй.
• 2019 оны VI улирлын хувьд улирлаас улирлын өсөлт нь 0,3%, жилд шилжүүлсэн өсөлт нь 1,7% байгаа гэдгээр цаашдын өсөлтийн бодлогын баримжаа, чиглэлээ авах хэрэгтэй. 2020 оны эхний улирлын өсөлт (-) тэмдэгтэй гарах нь өндөр магадлалтай болсон, 2020 оны дараагийн улирлуудад ч ийм байдал хадгалагдахаар байна.
• Эдийн засгийн өсөлтийг хангах гадаад эрэлт (экспорт, ГШХО) эрс буурсан нөхцөлд өсөлтийг хангах дотоод эрэлтийг идэвхжүүлэх замаар өсөлтийг бууруулахгүй байх бүхий л сувгийг ашиглах (бизнес хөрөнгө оруулалтын орчныг нэмэлт зохицуулалтаар дарамталж муутгахгүй байх, саад болж буй захиргааны зохицуулалтууд, дүрэм журмыг эрс багасгах, татвар, гааль, хилийн хяналт шалгалтыг “өндөржүүлсэн бэлэн байдалаар” гул барьж чангатгахгүй байх гэх мэт.)
• Эдийн засгийн нийлүүлэлтийн тал дээр аль болох чөлөөтэй байлгах, корона вирус илрээгүй зах зээл, тухайлбал, ОХУ-ын зах зээл дээр идэвхитэй ажиллах гарц, боломжуудыг бизнес эрхлэгчдэд нээж өгөх
• Мал аж ахуй, үйлчилгээний сектор гэх мэт салбаруудын нийлүүлэлтийн хэлхээ сувгуудад тасалдал үүсгэхгүй байх.
• Уул уурхайн секторт төрийн өмчийн давамгайлал үүсгэх, “нөөцийн үндэсний үзлийг” дэвэргэх, хувийн хэвшлийн хайгуул болон олборлолтын лизенцийн “замбраагүй байдлыг” цэгцэлсэн бол одоо хэвийн үйл ажиллагааг нь хангаж, үйл ажиллагааг нь идэвхжүүл. Зах зээлийн эрэлт нь унасан ч боломжтой хэлбэрээр хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаа явуулж бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа сэргээг.
2. Хэрэглээний зах зээл дээр аливаа нэг паник үүсэх, үүсгэхээс сэргийлж бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг хиймлээр тасалдуулах, тодорхой барааны зах зээл дээр хиймэл хомсдол үүсэхээс сэргийлэх
• Өргөн хэрэглээний бараанууд, тухайлбал, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос гэх мэт бүтээгдэхүүний хил гаалийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, барааны эргэлтэнд саад тотгор учруулж буй хяналт шалгалтын дэг журмыг сулруулж эргэлтийг түргэсгэх, хүүхдийн болон насанд хүрэгчдийн дархлааг дэмжих, сайжруулах бэлдмэл, эм зэргийг Япон, Герман гэх мэт хөгжилтэй улсуудаас оруулж ирэх импортын сувгийг чөлөөтэй болгох, өргөн хэрэглээний болон эрүүл мэндийн зориулалттай зарим барааг татвараас чөлөөлөх
• Төмс, хүнсний ногоо, гурил, цагаан будаа, улаан буудай гэх мэт бүтээгдэхүүний зах зээлийн нөөц хамгийн ихээр бодоход нэг сарын нөөц түүнээс бага байгаа. Нөөц хомсдоод зах зээлийн хэвийн үйл ажиллагаа доголдоод ирвэл инфляц гэдэг “вирус” идэвхжиж хүн амын худалдан авах чадварыг “устгаж” энэ нь зах зээлд эргээд нөлөөлдөг “гинжин урвал” бодитойгоор үүсэх эрсдэл “өндөр” зэрэглэлд байна. Энэ бол “өндөржүүлсэн бэлэн байдлын” үнэлгээний нэг гол эрсдэл юм. (Харамсалтай нь ийм эрсдлийн үнэлгээ хийгдэхгүй байна.)
• Махны дотоод нийлүүлэлтийн суваг, гурилын дотоод болон импортын суваг дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хот, хөдөөгийн хоорондох махны нийлүүлэлтийг аль болох идэвхижүүлэх, хүмүүс хот руу ирж мах нийлүүлэх үйл явцад ямар нэг хиймэл саад, хориг тавих хэрэггүй бөгөөд “өндөржүүлсэн бэлэн байдлыг” эдийн засгийн үр дагавар талаас нь сайтар харгалзсан, хот, хөдөөгийн эдийн засаг, бизнесийн хэвийн хэлхээ холбоог аль болох тасалдуулахгүй байх, хэрэглээний зах зээл дээр махны үнэ огцом өсөх, паник үүсэх байдлаас онцгой сэргийлэх нь чухал. Махны үйлдвэрүүдийн махны нөөц дунджаар 10 хоногийн нөөцтэй байгаа үед хот, хөдөөгийн хооронд явагдаж буй махны нийлүүлэлтийн үйл явцыг “өндөржүүлсэн бэлэн байдлын” захиргааны арга хэрэгслээр тасалдуулбал “хомсдол, паник, инфляц” гэсэн 3 үгээр эдийн засгийн “хариу” барина. Гурилын импортыг чөлөөтэй болгох, ямарваа нэг квот, “үндэсний үйлдвэрлэл” хамгаалсан зохицуулалтаас тодорхой хугацаанд татгалзах нь чухал.
3. Аж үйлдвэр, барилга гэх мэт бодит секторын бусад салбарт идэвхижлийг нэмэгдүүлэх бодлогын болон санхүүжилтийн орчныг сайжруулах чиглэлээр УИХ-аас тодорхой чиглэлүүд гаргавал зохино. Тухайлбал, жижиг, дунд бизнесийнхэн бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, санхүүжилтийн сувгийг өргөтгөх, бизнест шинээр орох, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэх мэт гарааны үе, орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах чиглэлээр тодорхой чиглэлүүд гаргах нь чухал.
4. Гадаад худалдааны дэглэмийг илүү чөлөөтэй болгож өнөөгийн дэглэмийн үед шаардагдаж буй бичиг баримтуудыг эрс багасгах шаардлагатай бөгөөд Монгол шиг жижиг эдийн засагтай улс нээлттэй байдлын зэрэглэлээ дээшлүүлж байж л эдийн засгийн бууралт, хямралыг зөөллөж чадах бөгөөд гадаад худалдааг хорих, хязгаарлалт хийхээсээ илүү гадаад худалдааны газар зүйн чиглэлийг өөрчлөх, өөрөөр хэлбэл, корона вирусгүй бус нутаг, зах зээл рүү шилжүүлэх чиглэлээр эдийн засгийн дипломат үйл ажиллагаа, хүчин чармайлт гаргах нь чухал. Тухайлбал, уул уурхайн бус экспортыг ОХУ-ын зах зээлд гаргах хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, тодорхой бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний бүлгээр ангилсан, хувийн хэвшлийн шууд оролцоотой, санхүүжилтийн тодорхой тогтолцоо бүхий зорилтот зах зээдийн хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Герман, Польш гэх мэт Европын улсуудаас бараа оруулж ирэх сувгийг дэмжиж Гадаад хэргийн яам ядахдаа виз авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгох чиглэлээр ажиллавал зохино. МИАТ, төмөр зам, тээвэр зуучийн компаниудын үйл ажиллагааг энэ зорилтод чиглүүлж уялдуулсан, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
5. Үүсээд буй нөхцөл байдал бол “force majeure” “давагдашгүй хүчин зүйлийн” нөхцөл байдал юм. “Өндөржүүлсэн бэлэн байдал” гэдэг нь угтаа төр үүнийг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Гэхдээ олон улсын практикт “давагдашгүй хүчин зүйлийн” тодорхойлолтыг Засгийн газар, төр бус, түүнээс хараат бус хөндлөнгийн байгууллага тодорхойлдог. Монгол улсын хуулиар МҮХАҮТ давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлолтыг гаргах хуулиар тогтоосон цорын ганц субъект юм. Тиймээс энэ байгууллага тодорхойлсон бол (2009 оны хямралын үед МҮХАҮТ яг ийм байдлаар ажиллаж байв.) түүнтэй холбогдсон гэрээний эрх зүйн бүх заалтууд гадаад, дотоодод хүчин төгөлдөр хэрэгжих учиртай. МҮХАҮТ энэ чиглэлээр ажиллаж аж ахуйн нэгжүүд, гэрээний харилцаанд орсон иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа гэж найдаж байна. Энэ бол “өндөржүүлсэн бэлэн байдлын” үеийн эдийн засаг, бизнесийн нэг гол чиглэл юм.
6. Төсвийн бодлого
Уламжлалт, тогтсон үзэл баримтлалын дагуу бол эдийн засгийн бууралт, хямралын үед төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга батыг сахих, алдагдлыг багасгах нь чухал. 2020 оны төсөв алдагдалтай батлагдсан бөгөөд алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь дотоод болон гадаад эх үүсвэр. Энэ эх үүсвэр хэр зэрэг тогтвортой хадгалагдах вэ гэдгийг анхаарах нь чухал. 2020 оны төсөв, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ, төсвийн орлогын бүрдэлт, зарлага санхүүжилтийн бүх тооцоо, төсөөллийг эдийн засгийн өсөлт хэвийн байх орчноор тооцоолж хийсэн. Одоо энэ байдал өөрчлөгдсөн. Тиймээс төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага, ингэхлээр УИХ-ын ээлжилт бус чуулган зарлан хуралдуулах зайлшгүй шаардлага үүсч байна. УИХ-ын ээлжилт бус чуулган зарлахгүйгээр, төсвийг батлагдсан байдлаар нь эсвэл “зарлагыг шахаж хэмнэх”, орлогын урсгалд зохицуулах замаар төсвийн биелэлтийг хангаж болох ч төсвийн бодлого талаасаа харвал хариуцлагагүй хандлага юм. Төсвийн алдагдлыг тоо хэмжээнийх нь хувьд зайлшгүй тодотгох, төсвийн орон зайг тоо хэмжээний хувьд төдийгүй агуулгын хувьд үүсээд буй орчин нөхцөлд тохируулан бий болгох шаардлага үүсч байгаа тул зарлага санхүүжилт, хөрөнгө оруулалт, урсгал зарлага талаас нь, төсвийн орлогын хувьд орлогын тасалдал, үргэлжлэх хугацаа, үр нөлөө талаас нь авч үзэн 2020-2021 оны төсвийн бодлого, эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчлэх хэрэгтэй. Хэрэв би андуураагүй бол төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд төсвийн тодотголыг хийх шаардлага нөөцийн нэг нь “force majeure” нөхцөл байдал үүссэн үед гэсэн агуулгатай заалт байгаа.
7. Мөнгөний бодлого
Олон орны төв банкууд мөнгөний бодлогын төлөв байдлын хатууруулахгүй хэвээр нь хадгалах эсвэл зөөллөх, эдийн засгийн идэвхижлийг хангахад мөнгөний бодлогоор нөлөөлөх, тухайлбал, “тоо хэмжээний хөнгөвчлөлийн” (“quantative easing”) төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Корона вирусын тархалтаас өмнө глобал эдийн засгийн бууралтыг угтаж ийм бодлого хэрэгжүүлж байсан, корона вирусын тархалтын глобал эдийн засгийн нөлөөлөл, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх бодлогыг үргэлжлүүлэн, эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ хандлага ямар ч гэсэн 2020-2021 онд хадгалагдах төлөвтэй байна. Монгол улсын төв банкны хувьд мөнгөний бодлогын төлвийг accomadative буюу зохицсон төлөв байдалд хадгалж бодлогын хүүг тогтвортой байлгах хандлагыг баримталж ирэв. Харин одоо мөнгөний бодлогын хороо үүссэн нөхцөл байдлын орчинд санхүүгийн тогтвортой байдлыг ч хадгалах, эдийн засгийн идэвхижлийг ч дэмжих мөнгөний бодлогын хандлага, төлөв байдлын тодорхойлох шаардлагатай болж байна. Миний бодлоор мөнгөний бодлогын төлөвийг зохицсон төлөвөөс сулруулж зөөлрүүлэх, “тоо хэмжээний хөнгөвчлөлтийн” бодлогыг тодорхой хэмжээ, хязгаарын дотор хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ Засгийн газрын эдийн засгийг идэвхижүүлэх, болзошгүй хямралаас сэргийлэх бодлого гарч батлагдсаны дараа бодлогын дээрх хандлагыг хэрэгжүүлбэл зохих бөгөөд Засгийн газар өмнө дурьдсан бодлогын арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлээгүй нөхцөлд дан ганц мөнгөний бодлогоор ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлсэн үр дүн тааруу байх болно.
7.1 Мөнгөний бодлогын хүрээнд өөр нэг онцгой анхаарах асуудал нь валютын зах зээл дээр паник үүсэх, түүнийг хиймэлээр үүсгэхээс урьдчилан сэргийлэх асуудал юм. Үүний нэг гол чиглэл нь валютын нөөцийг захиргааны аргаар хуваарилах буюу currency rationing гэж нэрлэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, үүний тулд валютын захын оролцогчид болох арилжааны банкуудтай нягт хамтран ажиллах, тэдний зүгээс валютын зах зээл дээр паник үүсгэх, хиймлээр эрэлтийг нэмэгдүүлэх спекулятив буюу дамын хүчин зүйлсийн нөлөөнд автахгүй байх, банкууд, ББСБ-ууд харилцагчдынхаа валютын эрэлт, түүний менежментийг зөв хийх, төв банкнаас болон СЗХорооноос энэ чиглэлээр тасралтгүй үр ашигтай мониторинг хийх, зөвлөмж өгөх, валютын хадгаламжийн өөрчлөлт, хадгаламж эзэмшигчдийн авир төрхийн судалгаа, мониторинг хийх нь чухал. Гэхдээ шил шилээ дарсан хяналт шалгалтаас татгалзах нь чухал.
7.2 Төв банкны хувьд валютын захын үйл ажиллагааны болон ханшийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглах, арилжааны банкуудын валютын нөөцийн удирдлага, чөлөөтэй ба заавал байлгах нөөцийн хөдөлгөөнд тогтмол дүн шинжилгээ хийх, засгийн газрын үндсэн үүргийн нэг болох валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь бодлогын дэмжлэг үзүүлэх, валютын орлогыг голчлон бүрдүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай илүү хамтран ажиллах, валютын интервенц хийх тактик, арга хэрэгсэлдээ илүүтэй анхаарах нь чухал.
7.3 “Тоо хэмжээний хөнгөвчлөлтийн” бодлогыг төв банкны тухай хуулиар хориогүй (ийм ойлголт бий). Гэхдээ бас урамшуулаагүй. Гэхдээ шаардлага үүсвэл түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, орон зай бий. (Тэтгэвэрийн зээлийг тэглэхэд төв банкны оролцсон байдал ч үүнд хамаарна.) Уул уурхайн экспортын орлого хумигдаж валютын нөөцийн орох урсгал саарч буй нөхцөлд төв банк, арилжааны банкууд хамтран уул уурхайн бус экспортын орох урсгалыг нэмэгдүүлэх “тоо хэмжээний хөнгөвчлөлтийн” бодлого хэрэгжүүлж болно. Тухайлбал, ОХУ руу олон жил махан консерв экспортлож найдвартай, эрэлт их нэмэгдэж буй энэ зах зээл рүү экспортоо эрс нэмэгдүүлэх боломжтой ч санхүүжилтийн эх үүсвэр нь дутаад явж буй компани байна. Энэ мэт аж ахуйн нэгжүүдтэй уулзаж зорилтот зах зээл, тодорхой бүтээгдэхүүний экспорт дээр суурилсан санхүүжилтийн схем гаргаж болно.
Дарамт нь нэмэгдэж буй өрийн удирдлага, олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, тэдний зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хийх үйл ажиллагаанууд тодорхой байгаа тул энд дурьдсангүй, гол нь эдийн засгийг идэвхижүүлэх, болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх талаар юу хийвэл зохилтойг дурьдлаа. Өнгөрсөн хямрал, хүндрэлүүдийн гол сургамж бол хувийн хэвшилд түшиглэх, тэдний дуу хоолойг сайн сонсож хамтран ажиллах, зах зээлийн эрх чөлөөг хаалгүйгээр харин ч илүү нээж өгөх нь гол шийдэл, гарц байдаг гэсэн өгүүлбэрээр энэхүү зөвлөмжөө өндөрлөе.
PS: 2019 оны эдийн засгийн гүйцэтгэлийн дүн шинжилгээ, 2020 оны төлөв байдлын тухай “урт” мэдээлэл, судалгаа уншихыг хүссэн хүмүүс Монголбанкны сайтаар зочилно бизээ.
Сэтгэгдэл ( 0 )