Ц.Болорчулуун: Татварын зохицуулалтаар гурилын үнийг тогтвортой байлгах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголчууд жилд 225 мянган тонн гурил хэрэглэдэг. Энэ хэмжээний гурил үйлдвэрлэхэд багадаа 300 мянган тонн улаанбуудай хураах шаардлагатай гэдэг. Намрын ургац хураалтын дүнг эргэн сануулахгүй юу. Хураасан улаанбуудайг хэрхэн зарцуулсан бэ?

-2019 оны намрын ургац хураалтын дүнгээр улсын хэмжээнд нийт 407 мянган тонн хүнсний улаанбуудайг хураасан. Тухайн жилд хураагдаж байгаа буудайны 65-70 хувь нь гурил үйлдвэрлэлд нийлүүлэгддэг бөгөөд үлдсэн хувийг дараа оны үрийн нөөц болон спирт, тэжээлд зарцуулдаг. Энэ жишгээр тооцоод үзвэл 247 мянган тонн улаанбуудай гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдсэн байна. Намрын ургац хураалтын үеэр наймдугаар сард нэлэнхийдээ хур тунадас орж, ес болон аравдугаар сард харьцангуй дулаахан байсан учраас тариа будаа нялхарч ургах асуудал гарсан. Тиймээс буудайн чанартай холбоотой багахан асуудал бий. Улсын хэмжээний гурилын хэрэгцээнд жилд 305 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг. Иймд энэ жилийн гурил үйлдвэрлэлд шаардлагатай байсан 60 мянган тонн улаанбуудайг импортоор авах саналаа Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулж, тэндээс гарсан зөвлөмжийн дагуу аж ахуйн нэгжүүдэд квотыг олгосон бөгөөд аж ахуйн нэгжүүд гэрээ хэлцэл байгуулаад улаанбуудайг татаж авах ажлыг зохион байгуулаад явж байна.

-Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулбал, 100 мянган тонн улаанбуудайг импортоор авах уу?

-Улс орнуудын хэм­­жээнд шинэ корона­вирусний нөхцөл байдал­тай холбоотойгоор зохицуулалтууд явж байна. Одоогийн нөхцөл байдал хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Тиймээс хүнс хомсдоно хэмээгээд гурил, будаа нөөцлөх асуудал ч гарч байна. Нэг талаасаа гурилын нөөц тодорхой хэмжээнд багаслаа гэсэн дэвэргэсэн яриа гарсан. Нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагуудаас нөхцөл байдлыг тооцоол­соор байгаа хэдий ч улс орнуудын эдийн засаг, хилийн хорионы асуудлыг тодорхойлоход бэрх. Иймээс хүнсний аюулгүй байдлын нөөц хэлбэрээр гурван сарын гурилын нөөцийг бий болгоё гэж 100 мянган тонн улаанбуудайг импортоор авах асуудлыг зохион байгуулж байна. 100 мянган тонн улаанбуудайгаар 75 орчим мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой.

-Импортын улаан­буудай авснаар намрын ургацад нөлөөлж, цааш­лаад гурилын үнэ нэмэгдэх эрсдэл үүсэх вий гэсэн эргэлзээ яваад байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Тийм нөхцөл байдал гарахгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд гэж хугацаа зааж зохицуулалт хийсэн. Зөвхөн заасан хугацаанд импортоор авсан улаанбуудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Мэдээж газар тариалангийн үйлдвэрлэлээр хүн амын гурилын хэрэгцээг дотоодод хангах бололцоо нөхцөлийг бий болгохын төлөө хөрөнгө хүч гаргаж байгаа атлаа салбараа уналтад оруулж, өсөлтийг нь зогсоох бодлого баримтлахгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ талаар ганц нэг гомдол гаргасан хүмүүс байдлыг ойлгож байгаа хэрнээ сөргөөр мушгиж байгаа нь харамсалтай.

-Дотоодын улаан­буудайг хямдаар үнэлж, харин импортоор өндөр үнэтэй буудай авах гэж байна уу гэсэн өөр нэг эргэлзээнд хариулт өгнө үү?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариа­ланч­дад дэмжлэг үзүүлээд эргэн төлөлтийн улаанбуудайгаар төв­лөрүүл­дэг. Сүүлийн жилүүдэд тариаланчидаас стандартын дагуу шаард­лага хангасан нэгдүгээр ангиллын улаанбуудайг 600 мянган төгрөгөөр тооцон авч байгаа. ОХУ-аас импортолж байгаа улаанбуудайны үнийг өнгөр­сөн жилийнхтэй нь харьцуулахад бага хэмжээнд үнэ өссөн. Учир нь тээврийн зардал болон бусад зардал нэмэгдсэн. Гэхдээ импортолж байгаа улаанбуудай орж ирэнгүүт гурилын үнэ өсөхгүй. Ард түмэнд ачаалал ирэхгүй. Энэ тал дээр гурил үйлд­вэрлэгчидтэй санал солил­цож, тохиролцсон. Гурилын үнийг тогтвортой байлгахын тулд л Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас импортын улаанбуудайг чөлөөлж байгаа.

-Улаанбуудайг оруулж ирэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан гэл үү?

-Энэ бол тендер биш. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос ирсэн санал хүсэлтэд үндэслэн тооцоо хийж, санал дүгнэлтээ Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлж, гарсан зөвлөмжийн дагуу аж ахуйн нэгжүүдэд буудай оруулж ирэх хэмжээг олгож байгаа асуудал. Харин гурилын үйлдвэрүүд өөрс­дийн хөрөнгөөр оруулж ирэх учиртай. Гурилын үйлдвэрүүд бол дандаа хувийн хэвшлийн ком­паниуд. Үүнээс биш яриад байгаа шиг төсвөөс их хэмжээний мөнгө гаргаад, тендер хийж  сонгуулийн мөнгө босгоод байгаа асуудал байхгүй. Тиймээс төсөвт ямар нэгэн ачаалал байхгүй.

-Тэгвэл гурил үйлд­вэрлэгч аж ахуйн нэг­­жүү­дээ хэрхэн шалгаруулж байгаа вэ?

-Стратегийн хүнсийг импорт­лох, экспортлох журамд заасны дагуу сон­гон шалгаруулалтыг явуулна. Улсын хэмжээнд 40 гаруй гурилын үйлдвэр бий.

-Импортоор авах улаанбуудайны чанар ямар вэ?

-“Гахайн тэжээлийн буудай оруулж ирэх гэж байна” гэсэн яриа байсан. Хэзээ ч тийм юм байхгүй. Нэгдүгээрт, Монгол Улс өөрийн хилтэй, стандарттай, төрөл бүрийн мэргэжлийн хяналтын байгууллагуудтай. Хилээр орж ирж байгаа вагонуудыг зогсоож, тээвэрлэсэн бүтээг­­дэхүүнээс нь дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын лабораториудад шинжилж, хүнсний улаанбуудайн стандартын шаардлагыг хангаж байгаа нөхцөлд, ОХУ буюу экспортолж байгаа орны компанийн чанарын сертификаттай нь тулгаж үзээд үнэхээр таарч байвал оруулдаг. Хилийн хорио цээрийг зөрчсөн, чанарын асуудалтай улаанбуудайг улсын хилээр оруулахгүй. Шууд буцаадаг. Хоёрдугаарт, ОХУ экспорт дээрээ маш хатуу хяналттай. Жишээлбэл, гуравдугаар ангиллын улаанбуудай явууллаа гээд бичиг дагалдуулсан л бол үүнийг зөрчих бололцоо нөхцөл байхгүй. Гуравдугаарт, гахайн тэжээлийн улаанбуудайг оруулж ирээд манай гурилын үйлдвэрүүдэд ашиг­­лах боломжгүй. Гурилын үйлдвэр бүр лабораторитой. Ашиг­лах бүтээгдэхүүнээ дахин лабораторийн шин­жил­гээнд оруулж байж л авдаг. Учир нь чанартай улаанбуудайгаар гурил үйлдвэрлэж байж борлуулалт хийгдэнэ. Мөн өнөөгийн гурилын үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмж шинэч­лэгдээд дэлхийн түв­шинд хүрсэн. Тийм өндөр технологийг нэвт­рүүлчихээд муу тэжээлийн улаанбуудай оруулж, технологи, төхөөрөмжөө эвдэхийг хэн ч хүсэхгүй. Цаадах учир, үр дагаврыг тооцоолохгүйгээр ярьж болохгүй шүү дээ.

-Дотоод, гадаад ялгаагүй Монгол Улсын чанарын стандартад нийцэх л ёстой юм байна. Одоо оруулж ирэх импортын улаанбуудай нь аль ангиллынх вэ?

-Хүнсний улаанбуудайд стандартад чанарын I-IV ангилал бий. Тухайлал, улаанбуудайн цавуулаг, натур жин, шилэнцэр, чийг гээд олон үзүүлэлт ямар байхыг стандартад заасан байдаг.

-Газар тариалангийн салбар 60 жилийн түүхийг элээлээ. Энэ жилээс хэрэгжүүлэх Атрын IV аяны явц ямар байгаа вэ?

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс “Атар-4 тариа­лангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг орон даяар зарлаж хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Газар тариалангийн бүс нутгаар тавлаг байна уу. Хаврын тариалалтад бэлтгэж эхэлсэн үү?

-Энэ хавар 380 мянган га талбайд үр тариа, үүнээс 366 мянган га талбайд улаанбуудай тариалахаар тооцоолж байгаа. Төмсийг 15 мянган га талбайд, хүнсний ногоог 9000 га талбайд, тэжээл болон тосны ургамал тус бүрийг нь 30 мянган га талбайд тариалах ерөн­хий төлөвлөгөөг гаргасан. Улсын хэмжээнд 50 гаруй мянган тонн үрийн улаанбуудай шаард­лагатай. Үүнээс 35 мян­ган тонныг нь аж ахуйн нэгжүүд нөөцөлсөн. Хөдөө аж ахуйг дэмжих сан болон улсын нөөцөд тодорхой хэмжээний үрийн нөөц байна. Сангаар дамжуулаад 5000 орчим тонн үрийн улаанбуудайг импортоор авахаар ажиллаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд өөрсдийн үрийн шинэчлэлд зориулж үрийн улаанбуудайг импортлох хүсэлтээ ирүүлж байгаа. Энэ хүсэлтийн дагуу зохих зөвшөөрлийг олгож байна. Үрийн улаанбуудайны хангамж гайгүй гэж урьдчилсан байдлаар тооцоо гарлаа. Хаврын тариалалтад шаардлагатай бусад дэмжлэг болох шатахуун, ургамал хамгаалал, бордоо, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл ажил хангагдаж байгаа.

-Стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг нэмэгдүүлж, 100 мянга төгрөг болгосон. Он гарснаас хойш улаанбуудайн урамшуулал олгосон уу?

-Улаанбуудайн урам­шууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, аж ахуйн нэгжид 21.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох ажил дуусах шатандаа явж байна. Гэхдээ 45 иргэн, хуулийн этгээд урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байсан. Тэдгээрт олгох 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зөрчлийг арилгасны дараа нөхөж олгоно. Урамшуулал олгох ажлыг Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалын дагуу явууллаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийт 9.6 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгж, иргэдийн урамшууллаас суутган тоо­­цож санхүүжүүлж байна. Гурилын үйлд­вэрүүд стандартын шаард­­лага хангасан улаанбуудай нийлүүлсэн учраас урамшуулал аваад явна. Стандартын I ангиллын шаардлага хангасан хүнсний улаан­буудай нийлүүлсэн бол тонн тутамд 100 мян­ган төгрөгийн мөнгөн урамшуулал, II ангиллын улаанбуудайд тонн тутамд 80 мянга, III ангиллын улаанбуудайн тонн тутамд 60 мянга, IV ангиллын шаард­лага хангасан хүнс­ний улаанбуудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох зохицуулалттай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(23.129.64.180) 2020 оны 03 сарын 12

Simba Bataagiin turshuul avligach luivarchin xulgaich yundaa il garaad bgaa yum bee

0  |  0
Top