Шатахууны үнэ буурах эсэхийг бид шийдэхгүй, ОХУ шийднэ

2020 оны 03 сарын 14

Энэ долоо хоногт дэлхийн газрын тосны зах зээл их уналттай нүүр туллаа. Брент төрлийн нэг баррель газрын тосны үнийн уналт 25 хувиар тооцогдож буй бол  Хойд Америкаас олборлодог,  хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны ханш өчигдрийн байдлаар 2.5 хувиар сэргэсэн ч долоо хоногийн нийт дүнгээр уналтыг тооцвол 20 хувь давсан үзүүлэлттэй байгаа юм.

Сануулахад, ОПЕК-оос гаргасан газрын тосны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гарцаа бууруулах санаачилга ОХУ-ын дэмжлэгийг аваагүй нь тодорхой болсны дараа уг салбарын том тоглогчид ҮНИЙН ДАЙН эхлүүлэх нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон юм. Түүнчлэн ОХУ гэдийсний эсрэг Саудын Араб хариу арга хэмжээ авч,  газрын тосны гарцаа танах биш нэмэх чиглэл барьсан нь үнэ өндөр хувиар уруудахад нөлөөлсөн байр байдал энэ долоо хоногт ноёлов.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсад шатахууны үнэ буурах ёстой гэсэн байр суурийг иргэд, хэрэглэгчид нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн. Мөн УУХҮ-ийн сайд болон АМГТГ-ын  орлогч дарга Ц.Эрдэнэбаяр нар шатахууны үнэ буурах нөхцөл бүрдлээ гэсэн мэдээллийг өгсөн. Тэд дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбон ийм тайлбарыг өгч байна.

Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, манайд борлуулагдаж байгаа шатахууны үнэд дэлхийн зах зээлийн үнэ нэг сарын хоцрогдолтойгоор нөлөөлдөг гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх. Өнөөдөр газрын тосны зах зээлд савлагаа үүсэн үнэ арван хувиар буурлаа гэхэд маргааш бидний хэрэглэж байгаа шатахууны үнэ шууд буурахгүй. Түүнчлэн олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ буурсан ч бидэнд нийлүүлж байгаа тал үнээ буулгаагүй байна.  Ирэх сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг бууруулна гэдгээ ОХУ-ын талаас хараахан мэдэгдээгүй байгаа юм.

АМГТГ-ны орлогч дарга Ц.Эрдэнэбаяр энэ долоо хоногийн мягмар гарагт мэдээлэл хийхдээ “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 бензин тонн тутамдаа 58 ам.доллароор бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч ам.долларын ханшийн хувьд өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг  бид буулгана. Гуравдугаар сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож, бид бүхэн бэлэн байдалд ажиллаж байна. Авто бензиний бүтээгдэхүүний тээвэрлэлт ямар нэгэн саадгүйгээр орон нутагт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэсэн юм. Түүнчлэн улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна” гэсэн.

Тэгэхээр албаны хүний үгнээс үзэхэд коронавирустэй холбоотойгоор Монгол Улсын шатахууны хангамжид ямар нэг асуудал үүсээгүй байна. Мөн түүний байр суурь дээр үндэслэж хэлэхэд өдгөө дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа ч манайд нөлөөлөл нь тусахдаа ам.долларын ханшаас хамааран зөрүүтэй тооцогдоно.

Тодотгоход, Валютын ханш нэг хувиар өсөхөд нэг сарын дараагаас эхлэн импортын барааны инфляцыг найман сарын турш 0.13-0.32 нэгж хувь хүртэл өсгөдөг гэсэн тооцоолол бий. Тэгэхээр Монгол Улс шатахууны хэрэглээгээ ОХУ-аас импортоор авахдаа ам.доллароор төлбөрөө төлдөг учраас төгрөг сулрахын хэрээр түлшний үнэд дарамт дагуулдаг гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.187.247) 2020 оны 03 сарын 14

Валют тэгж 20-30 хувь өсөөөгүй. Худлаааа шааааагааад бхйгаарай. Энэ салбарыг төр мэдэлдээ авч зохицуулалт хийх цаг болмон.

0  |  0
H(202.21.109.93) 2020 оны 03 сарын 14

Manaid benzinii unee nemehdee bol margaash nl nemdegdee

0  |  0
(202.179.25.54) 2020 оны 03 сарын 14

BATTULGAA ODOO HOISHOO YAVAAD 1 IR HU

0  |  0
Top