Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Тухайлбал, энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг баталсан байна. Үүнд, Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтсан аж. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт даалгажээ.
Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр тооцож, нийт таван мянган тонн ноолуур худалдан авахаар төлөвлөж, ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцсон байна. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тонн ноолуур худалдан авч, 6400 тонныг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой болох аж.
Засгийн газрын хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалт дээр онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгосон бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан. 65 хувийг нь анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байжээ. Энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр энэ байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон. Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны 10 хувийн хүүтэй зээлийг таван хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгохын тулд дунд нь гарч байгаа хүүгийг зөрүүг төр хариуцна. Өөрөөр хэлбэл, 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төр хариуцна. Нөгөө талд үйлдвэрлэгч буюу аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тогтоолд тодорхой тусгаж өгсөн. Малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилтыг тавьж байна. Малчид маань ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Ноолуураа самнаж, анхан шатны тордолт хийх хэрэгтэй. Мөн төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа зарах хэрэгтэй байна. Хэрэг үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаахгүй бол эргээд ноолуурын урамшуулал авч чадахгүй байдалд хүрнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Зах зээлийн зарчим хаачсан бэ? Мах гурилын үнийг мэдэхгүй, манай яам зохицуулж чадахгүй гээд нллоуурын үнийг 100 мянгаас буулгахгүй гээд ам шүд алдаад байгаа нь тун ойлгомжгүй байна.
Ноолуурын үйлдвэрүүд чинь сөхөрчих байхдаа
ДЭЛХИЙН ЖИШИГТ БАНКНЫ ХҮҮ 5 ХУВЬ МАНАЙД 25 ХУВЬ БАЙНАА. ЭНЭ ХҮҮГ БУУРУУЛАХ ТАЛААР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ . ГАДААДЫН ХҮҮ БАГАТАЙ БАНК ОРУУЛ ИРЭЭЧ
Ноднин 130 хүрсэн. Манай тѳр пэронизмын замаар орж ковидыг далимдуулан дахиад л зах зээлийг ангуучлах аяндаа гарчээ. Уул уурхайг сѳхрүүлсэн. Барилгын зах зээлийг нийгэмчилж хэвтүүлж авсан. Одоо ноолуурын зах зээл рүү оржээ.
alivaa zuil zax zeeliin gorimoot yavadee. songuuliar malchdiin sanal avax gesen iim yavuurgui zuilee ta nar bolioo