КОВИД-19: Дахиад 400 мянган иргэн ядуусын эгнээнд ойрхон байгааг Засгийн газарт САНУУЛЪЯ

2020 оны 03 сарын 25

Коронавирус Монголын бизнесийн орчинд ихээхэн сөрөг нөлөө дагуулж, аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгож, үйл ажиллагааны зардлаа багасгах шийдлийг  авч, хэрэгжүүлж байна гэсэн мэдээллийг МҮХАТ болон эдийн засагчдын төлөөлөл өчигдөр өгсөн. Ер нь бол коронавирус дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудал болж, улс орнуудын эдийн засгийн харилцаанд тасалдал үүсгэж байгаа юм.

Уг өвчлөл дэлхийн хүчирхэг эдийн засгуудын нэг БНХАУ-д эхэлж дэгдсэн нь дэлхийн эдийн засагт үзүүлэх чичиргээг эхнээсээ л мэдрүүлсэн билээ. Тэгвэл одоо вирус дэлхий нийтийг хамарснаар бүх л эдийн засгууд агшилттай нүүр тулах эрсдэлд ороод байна.

ДЭМБ энэ сарын 11-нд  коронавирусийг цар тахал гэж албан ёсоор зарласны дараа олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/  өнгөрсөн жил 2.9 хувиар өссөн дэлхийн эдийн засгийг энэ онд вируснээс хамааран 1.5 хувь болж буурах магадлалтай гэсэн бол Эдийн засгийн тандалт судалгааны нэгж (EIU) байгууллага өсөлтийг 1 л хувь байна гэсэн таамаглалыг хийгээд байгаа юм. Харин Bloomberg, Mckinsey агентлагуудын шинжээчид энэ онд дэлхийн эдийн засаг өсөлтгүй байна гэж харж буй.

Уг өвчлөлтэй  холбоотойгоор улс орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээ зогсоох, эдийн засгийн хамтын ажиллагаа удаашрах, эдийн засаг агших зэрэг асуудлууд хэдийнэ бий болсон.  Иргэн хүний амьдралд энэ нөлөөлөл тусахдаа цалин, орлогод нь тасалдал үүсэж байгаа юм. Тэгвэл ийм нөхцөл байдал үргэлжилвэл ядуурал нэмэгдэх, бүр цаашлаад удаан хугацаанд үргэлжилвэл хүмүүн капитал, дэд бүтцийн хөгжилд сөргөөр нөлөөлөхөөр байгааг судлаачид бичиж байна. Түүнчлэн дэлхийн улс орнууд, томоохон байгууллагууд эдийн засгийг дэмжих чиглэлд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм. 

 

Дэлхийн улс орнууд дараах арга хэмжээнүүдийг авч байна

Тэгэхээр ийм сөрөг нөлөөлөл Монголын эдийн засгийг тойрохгүй дайрч  байгаа учраас Монгол Улсын Засгийн газар ч  шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг богино хугацаанд маневр хийн авч хэрэгжүүлэх ёстой болоод байна.

Бид  коронавирус дэгдэхээс өмнөх  өөрсдийнхөө нөхцөл байдлыг эргэн харвал  3.2 сая иргэдийн хоёр хувь нь чинээлэг, гурван хүн тутмын нэг нь буюу 30 хувь нь ядуу амьдарч буйг статистик баталдаг. Үндэсний статистикийн хороо  болон Дэлхийн банкны хамтран судалсан сүүлийн судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2016 оныхоос төдийлөн буураагүй. 2018 онд 28.4 хувь болж, хоёр жилийн өмнөхөөс 1.2 пунктээр буурсан гэж тэд 2019 онд  мэдээлсэн. Гэхдээ дөрвөн зуу гаруй мянган хүн ядуурлын шугамд ойрхон байгааг тэд сануулсан. Ямар тохиолдолд ядуурлын шугам руу орох вэ гэхээр нэг хүн хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авч чадахгүй байгаа бол тэр хүн ядуу гэсэн үг гэж тэд тайлбарладаг.

Хэрэв коронавирусний эрсдэл хадгалагдаж, хөл хорио илүү урт хугацаанд үргэлжилсэн тохиолдолд аж ахуйн нэгжүүд зардлаа багасгах, үүдээ барих гэхчлэн үйл ажиллагаа нь хумигдсаар байвал тэр хэрээр иргэд цалин, орлогоо алдана. Ядуурлын шугам руу гулсана.

МҮХАҮТ-аас мэдээлэл өгөхдөө 260 мянган иргэн ажилгүй болох эрсдэлтэй байна гэсэн. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг, бизнесийг, иргэдийг энэ хүнд үед дэмжих шийдвэр гаргахдаа эрсдэлийг зөв үнэлэх нь чухал болов уу. Хүндрэл хаана хэнд эхлээд тусах гээд байгааг олж харж, өрсөж арга хэмжээ авах ёстой юм.

 

 

 

 

Top