Ажил олгогчдод монгол хэлний мэдлэг гадаад хэлнээс илүү үнэлэгддэг

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн 2019 оны судалгаанд дурдсанаар Монголын ажил олгогчид шинэ ажилтандаа мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй хувь хүний үндсэн зан чанарт суурилсан ур чадварын шаардлага тавьдаг хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, хувь хүний зан чанар, суурь хүмүүжил, ерөнхий хандлага, ес зүйг хамгийн чухал үзүүлэлт хэмээн компанийн эздийн олонх нь үзжээ.

Хувь хүний хүмүүжлийн дараа харилцааны ур чадвар, багийн ажиллагаа, цаг ашиглалтыг харгалзан үздэг болохыг тус судалгаанд онцолсон байна. Мөн ачаалал даадаг, асуудал шийдвэрлэх чадвартай, мэргэжлийн онолын мэдлэгтэй, шинийг санаачлагч, төрөлх хэлээр зөв бичиж, ярьдаг байхыг шаарддаг аж.

Хамгийн сонирхолтой нь, нийт 23 төрлийн чадварын хамгийн сүүлд гадаад хэлний мэдлэгийг нэрлэсэн байна. Гадаад хэлний мэдлэгээс гадна математик сэтгэлгээ, шинжлэх ухаан, технологийн боловсролыг шинэ ажилтнаасаа төдийлөн шаардахгүй гэжээ. Олонх нь хувь хүнийх нь хандлага л сайн бол шинэ ажилтнаа сургаж авдаг талаараа дурдсан байгаа юм. Энэ хандлага жил бүрийн судалгаанд давтамжтайгаар ажиглагдаж байгаа бөгөөд ажил олгогчид зөв харилцаа, төлөвшилтэй ажилтанд ажил мэргэжлийн ур чадварыг практик дадлагаар болон сургалтаар хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсээр байгааг судлаачдын зүгээс онцолжээ. 

Ерөнхийд нь дүгнэхэд, ажил олгогчид хувь хүний суурь хүмүүжлийг гол шалгуураа болгодог. Ийм шалгуурыг хүүхэд ахуй наснаасаа зөв хүн болж төлөвшсөн буюу гэр бүлийн хүмүүжил сайтай хүн бол төвөггүйхэн давах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top