Ганжууржавын БАТЖАВХЛАН
Япон улсаас төрсөн анхны Оскарын шагналт зохиолч, богино өгүүллэгийн их мастер Ясүнари Кавабатагийн “Шаазгай” богино өгүүллэгийг Батсуурийн Баясгалангийн орчуулснаар уншлаа. Энэ өгүүллэг дэлхийд хэрхэн түгснийг би мэдэхгүй. Гэхдээ богино бичвэртэй атлаа энгийн жижиг “далд” өгүүлэмжээр сонин санаа агуулсан бүтээл аж. Орчуулагчийн авьяас билэг ч үүн дээр маш тод харагдлаа. Өгүүллэгийг бүхэлд нь базаад хэлбэл дорнын сэтгэлгээний хэв шинжээ маш сайн хадгалсан ба өгүүлэмжийн дотоод гүн мэдрэмж нь нуугдмал байдлаар илрэх аж. Нэг их сонирхол татахуйц биш, энгийн атлаа уншихад өөрөөсөө ямар нэгэн оньсого тайлах мэт тийн яруу өгүүлэмжтэй нь японы хайку шүлгийн санааг задлах мэт юм уу.
Үүнийг ингэж Монгол хэлнээ буулгах нь орчуулагчийн гүн хичээл хийгээд авьяасын их хүчний үр дүн хэмээн үзэхээс өөр юу хэлэлтэй билээ. Өгүүллэгийн өрнөл нь эхнээсээ маш цэгцтэй, дотоод байгууламж нь энгийн атлаа нарийн хийцтэй ажээ.
Тодотговол, хамгийн дээд талд “Эх” доошоо задраад зүрхэн талд “Ээж”, баруун талд “Шаазгай”, “Ээж”-ийн доод талд “Охин хүү”, “Шаазгай”-н доод талд “Ангаахай”, зүрхэн болон баруун талын хоорондын холбоос нь “Эмэг эх”. зүрхэн талын бүдүүвчийг “Хүн”, баруун салаалсан талыг “Байгаль” гэж тодорхойлж авч үзэж болох аж. Хамгийн сонирхолтой нь зохиолын гол дүр нь “ЭХ” бол түүнийг тодотгогч нь “Эмэг эх”. Зохиолыг өнгөц уншихад хоёр хүүхдийн ээж болон шаазгай нь тийм ч ач холбогдол бус туслах дүрээр бүтээгджээ. Гэхдээ үйл явдлын өрнөлийн тайлал нь өвөрмөц юм.
Хүн хийгээд байгалийн хоорондын хамааралт зүй тогтлыг маш тодруун гаргаж, магадгүй уншигчдын “гол дүр” гэж үзэх зохиолын баатруудаар зохиолч өөрөө “зальжин” маягийн тоглолт өрнүүлжээ. Өглөө эртийн шаазгайн шагширааныг эмэг эх тайлж байгаагаар уг өгүүллэг эхэлдэг нь үүний нэгэн илрэл гэлтэй. Бага насанд нүдэнд нь цагаа унаснаас болж бараг сохорсон гэж болохуйц хараа нь муудсан өндөр настай эмэг эхийн дотоод зөн мэдрэмж эх шаазгайн зовлонг хэрхэн зөв гаргалгаагаар тайлж хүүхдүүдэд хэлж өгч буй явдал нь өгүүллэгийн нууцхан “жим” юм байна. “Жим” гэсний тайлал нь өгүүллэгийн дунд хэсэг дэх Ёошикогийн дүү ахлах сургуульд ороод дотуур байранд амьдарч байхдаа өөрийн төрсөн эхтэйгээ хэрхэн уулзсан тохиол болоод үүнийгээ хэрхэн гэртээ ирээд сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлэн хэлж буй байдлаас уншиж болох аж.
Балчир нялх, хоёр настайд нь орхисон ээжийгээ олон жил дотроо нууцгайхан санан бэтгэрч байхдаа гэнэт өсөж том болоод ээжтэйгээ учирч гэх үү, уулзаж буй байдал, ээж нь мөн адил бөөн баяртай байсан хийгээд, олон жил хүүгийн адил үр хүүхдүүдээ санан бэтгэрч байснаа хүүдээ “Илэрхийлж асах хором нь энгийн бөгөөд далд өгүүлэмж юм. “Ээж”-ийн үр хүүхдээ үгүйлэн ирсний “илэрхийлэл” бол хүүгийн буюу Ёошикогийн дүүгийн “Бидний ээж...намайг хараад хэчнээн баярласан гэж санана” гэсэн үгээр тодорхойлогдож байна. Дорнынхны дунд байдаг нэгэн аман яриа бий. Охин үр эцэгтээ хайртай байдаг бол эрэгтэй хүүхэд ээждээ илүү гэсэн утга бүхий яриа оршдог нь Ёошико болон түүний дүүгийн эцэг эхдээ хандах хандлагаар илэрч байх шиг. Анзаарваас Ёошико охин өөрийг нь дөрвөн настайд нь орхиод явсан ээждээ гомдсон гомдол нь илааршаагүй бололтой. Ёошико дүүгээ ээжтэйгээ уулзсанаа баярлан дуулгахад хүлээн авч буй байдлаар илэрчээ. Хүү багадаа өөрийн ээжийгээ хэрхэн санан үгүйлж байгаагаа хүүхдийн гэнэн зангаар аавдаа ээжийнхээ зургийг барьж ирээд үзүүлж илэрхийлэн буй явдал нь бас нэг нууцхан, өхөөрдөм гуниглангуй дүр. Тэгэхдээ анзаарахгүй байж болохгүй дүр аж. Магад хүү хоёр настайдаа ээжийнхээ ариун цагаан уургаасаа гарч амжаагүй ч байж болно шүү дээ. Урд орой нь үүрнээсээ унасан ангаахайгаа эрж шагширах эх шаазгай өглөөний намуухан борооноор дахин эрэн шагширахыг нь өндөр настай эмэг эх дотоод зөн мэдрэмжээр уншин тайлах тайлал бол хүн байгалийн холбоост тод мэдрэмж бөлгөө. Эмэг эхийн хэлсэн үгийг хаяж болохгүй мэт. Учир нь сохор шахуу эмэг эхийн үг нь “далайн гүнд ургах сувд” мэт санж. Эмэг эхийн үгний гаргалгааг харж болно. Үүнд “Зүгээр дээ зүгээр хэмээн ач хүүгээ хориод, наад шаазгай чинь ангаахайгаа хайгаад байна шүү дээ ... Гэхдээ сайн эх байна. Өглөө болоход эрлээ үргэжлүүлэхээр яг ирж байна шүү”. /Настай хүний дотоод зөн мэдрэмж./ Тайлал нь: Хүү минь ээж чинь чамайг хүлээгээд байгаа юм. Удахгүй чамтай уулзах нь дээ. Ингээд Ёошико “Эмээ, та миний кимоны улааныг харж байна уу” хэмээн асуухад эмэг эх нь: “Бүдэгхэн улаан өнгө нь харагдаж байна шүү.” гэж хэлээд өөр лүгээ татан өмссөн кимоно зүүсэн бүс хоёрыг нүдэндээ тулгаж харснаа “Тэгээд аль нь кимоно вэ” гэж асуулаа. Эмгэн “Би чиний царайг хэдийн мартжээ, Ёошико... Тайлал:”Манан”. Учир нь эмээгийн сэтгэл дотроо магадгүй тээж, бодож явсан хоёр жаахан үрсийг төрүүлсэн ээжтэй нь уулзуулах нууцхан хүсэл нь саармагжин Ёошикогийн дүү нь ээжтэйгээ уулзсан байхад эгч нь тэр тухай бус харин хуримын талаар бодож буй байдлыг хараад охиныг огт танихгүй өөр хүн болж өссөнийг дотоод зөнгөөрөө мэдрээд, аргаа барахдаа ““Би чиний царайг хэдийн мартжээ, Ёошико...” гэж санаашрангуй хэлж байгаа төлөв байдлаас уншиж болох юм. Сийрүүхэн орох бороо охины алган дээр үл мэдэг дуслах хором бол байгалийн нууцгайхан хөдөлгөөний илрэл. Ийм аядуу бороог бас аяс зөөлөн салхины намуухан гунигт “нулимс” гэж ойлгож болно. Энэ нь хүмүүний амьдрал үл анзаарагдам хөдөлгөөнд оршдог гэдгийн нотолгоо юм. Ёошико ангаахайг олж буй байдал, эх шаазгай ангаахайн дууг сонсоод даруй ирж шонгийн модонд суугаад шагширч буй нь өөрсдийгөө олон жилийн өмнө хаяад явсан эх, хүү том болоод ээжтэйгээ уулзах хором хоёр нэгэн зүй тогтол.
Үүнээс зэрэгцээ байгаль болоод хүмүүний хоорондын ижил тавилан мэт далд холбоос бөлгөө. Хэдийгээр хойд эх хүү, охин хоёрыг төрсөн эхийг нь орлон хайраар дутаахгүй өсгөсөн ч орхиод явсан ээжийнх нь хайрыг нөхөж чадахгүй гэдгийг ч бас далд өгүүлсэн гэж ойлгож болохоор. Гэхдээ хойд эхдээ хандаж буй хүү охин хоёрын хандлагыг базаад үзвэл сонин гаргалгаа гарч байна. Ёошикогийн дүүгийн гаргасан хандлага хойд эхийн сэтгэлийн дотор салхины дотоод зөрчлийн сөрөг талыг тодруулж, хүүг өөрийг нь төрүүлсэн ээжтэйгээ хэрхэн уулзсанаа, ээж нь хүүтэйгээ уулзаад хэрхэн баярласнаа хэлэхэд царайд нь илэрч буй нүүрний хувирал болоод хариу хэлж буй хоолойны өнгөөр үзүүлэх сөрөг урвалаар илэрхийлэгдэж байх аж. Уг нь юугаар ч дутаагаагүй өсгөсөн хүү нэг л өдөр өөрийнх нь дотор байгаа шаналлыг ингэж ил гаргана гэдэг бас аймаар шүү.. Ясүнари Кавабата өгүүллэгийнхээ төгсгөлөө бас нууж чадсан байна. Үнэн чанартаа аав, ээж хоёроо хурдан ирээсэй гэсэн Ёошикагийн сэтгэл хөдлөлт хүлээлт бол хуурамч төгсгөл юм. Харин “Эмэг эх жигтэйхэн тайвуу харагдана” тэрээр ээж хүүгийн учрал, ангаахай эх шаазгайн ... сонгодог зохиолч төгсгөлөө нууж чаддаг л юм байна. Үгийн гүн утга бол далайн сувд юм.
Сэтгэгдэл ( 0 )