Рио Тинто компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн менежмент дээр ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан Ричард Баулли “Рио Тинто компанийн хууль бус, буруутай үйл ажиллагааг зайлшгүй мэдэх ёстой" гэж мэдэгджээ. Тэрбээр “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх, хугацаа хойшлох тухай эртнээс мэдэгдэж байсан ч анхаарал хандуулаагүйгээр үл барам, бүр ажлаас нь халсан юм. Үнэнийг илчлээд ажлаас халагдсан учраас ямар анхааруулга өгсөн, Рио Тинто чухам ямар алдаа гаргасан гэдгийг хөрөнгө оруулагч талуудад ч, Монгол Улсын Засгийн газарт ч баримттайгаар дэлгэнэ гэдгээ Financial Times агентлагаар дамжуулан мэдэгдсэн юм. Ричард Баулли нь 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв. Ингэж ажиллаж байхдаа “Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. “Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.
Тэрбээр 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараар хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, "Далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Харин төд удалгүй 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр “Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ. Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд “Далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.
Түүнчлэн “...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...” гэж “Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ дурдаж байв. Рио Тинто болон “Оюу толгой” геотехникийн нарийвчилсан судалгаа хийхэд чулуулгийн нөхцөл байдал, өмнө нь баталсан зураг төсөлтэйгөө нийцэхгүй гэсэн дүнтэй энэ бүх дүгнэлт холбоотой. Ашиглалтад орох хугацаа ч анх төлөвлөж байснаас хойшлогдов. Далд уурхай 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд ашиглалтад орохоор болж 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилсон юм.
Хамгийн гол нь Рио Тинто компани экс ажилтныхаа сануулгыг үл тоогоод зогсохгүй жил хагасын өмнө мэдэгдэж байхад хөрөнгө оруулагч болон Монгол Улсын Засгийн газарт урьдчилан мэдэгдээгүй нь ноцтой гэж Баулли үзэж буй билээ. Гэвч Рио Тинто компани үүнийг эрс буруушааж, компанийн үйл ажиллагааг зориудаар харлуулж, зах зээл дээр төөрөгдөл үүсгэх гэсэн үйлдэл гэж үзэж байгаа юм.
Ричард Баулли Их Британийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд үндэслэлгүйгээр халагдсан гэх үндэслэлээр зарга мэдүүлсэн. Энэ сарын сүүлээр түүнийг заргыг шүүнэ. Рио Тинто компани үүнийг Сингапурт төвтэй Монгол Улсыг хариуцсан хэлтэст ажилладаг байсан тул газар нутгийн хамаарлаар энэ асуудлыг Англид хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хөрөнгө оруулагч, Монгол Улсын Засгийн газарт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх, хугацаа хойшлох тухай урьдчилан сануулаагүй гэх үндэслэлээр Британийн онц ноцтой залилангийн албанд гомдол гаргаад байна.
Их Британийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл энэ сарын 31-ний өдөр түүний заргыг хэлэлцэнэ. Монголын цагаар дөрөвдүгээр сарын 01-ний өдөр таарч байгаа юм. Ихэнх судлаачид энэ хэргийг газар нутгийн хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно гэж таамаглаж байгаа ч Ричард Бауллиг Британи дахь оффис нь ажилд авсан байдаг тул асуудал өөрөөр эргэнэ гэж үзэж байгаа. Сүүлийн 10 жилд Рио Тинто компанитай шүүхдэлцсэн хүмүүс тусыг эс олж том акулын талд алх тогшдог бичигдээгүй хууль үйлчилж буй. Харин Ричард Баулли Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэр ямар ч гарсан хөрөнгө оруулагчдад, Монгол Улсын Засгийн газарт Рио Тинто компанийн гаргасан ноцтой дутагдлуудыг илчилнэ гэдгээ мэдэгдээд байна.
Шинэ хуучин хоёр оны зааг дээр УИХ “Оюу Толгой” төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг дуу нэгтэйгээр баталсан. Улстөрчдийн онооны шүлс, хөрөнгө оруулагчдын адармаа тойрсон энэ төсөл ийнхүү тэгш ойн дээрээ Монгол Улсдаа ашигтай байлгах эсэхийг бодлого тогтоогчдоор хангуулахаар болсон юм. Нийтдээ найман зүйл бүхий энэ тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ үйл ажиллагаа нь албан ёсоор эхлээгүй. Зүгээр л ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гэсэн яриа явж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь өөрөө баталсан. Яг энэ торгон цаг үед Монгол Улсын Засгийн газар ултай суурьтай хандах цаг ирлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэр, шүгэл үлээгч Ричард Бауллигийн юу гэж хэлэхийг сонсох ёстой. Тэр ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулагч гэдэгт “Туркойз Хилл Ресурс” компанийг хэлж байгааг хэрсүү уншигч та ойлгох биз. “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон мэдэгдэл өнгөрсөн зун ил болсны дараа “Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигчид бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Арга ч үгүй юм. Анхны тооцоолол геологийн нөхцөл байдлаас болж хойшилсон тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнөхөн мэдсэн учраас тэр л дээ. Шүгэл үлээгч чухамдаа энэ л шалтгаанаас болж Рио Тинто компанийг ноцтой алдаа гаргасан гэж хардаж байгаа. Энэ тухай Ричард Баулли хэлэхдээ “Эрсдэл байгааг би 2018 оны эхээр мэдсэн, үүнийгээ сануулсан. Гэвч хөрөнгө оруулагчдад энэ тухай мэдээлэл ил болоогүй” гэсэн юм.
“Оюу Толгой” бол хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улсын эдийн засаг. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй мөртөө манай улсын валютын нөөц, худалдаа, экспортын голлох ачааг нуруун дээрээ үүрч байгаа нь үнэн. Төсөл хэрэгжиж эхэлсэн тэгш ойн дээрээ эрх ашгаа хангуулах тухай төрийн тогтоол гарч, түүнийг нь ч “Рио Тинто” болон “Оюу Толгой” нааштайгаар хүлээн авсан. Одоо бид шүгэл үлээгчийн үлээснийг анхааралтай сонсоод Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух ёстой боллоо. Энэ бол өнөө, маргаашийн сонгууль гэхээсээ илүү алс хэтээ бодсон алхам байх болно.
Сэтгэгдэл ( 7 )
анхнаасаа япончуудтай хамтарсан бол арай ёс зүйтэй шудрага хамтрагч болох байсан байж магад. Говьд маань хот байгуулаад өөрсдөө ирээд амьдарчих санаа л агуулж магад. Англичууд ч хогийндоо. Өөрсдийгөө дэлхийн эзэд мэт сэтгэчихсэн
Яаг онохыг онол гэнээ
Эдийн засгын нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм
Теслийн менежмент дээр МУ-аас телеелен удирдах гишуунээр суугаа хэд энэ талаар мэдсэн зуйл бсан юм болов уу. Эсвэл мэдлэг нь хурэхгуй авч бгаа цалинтайгаа байхыг эрхэмлэж явдаг юм болов уу. Ер нь манайхан гадаад дотооддоо сайн боловсрол эзэмшсэн залуучуудаа урагш тавихгуй бол гадна дотны луйварчидад идуулээд дуусна шуу. Телеелен удирдах зевлелд суугаа хумуусийг солих хэрэгтэй.
Манай хуулийн сайд шүүхдэлцэж болохгүй, Оюу толгойн гэрээг хамаагүй оролдож болохгүй гээд л айлгаад байгаа биз дээ. Булавч бултаана гэгч болж байна. Оюу толгойн гэрээ маш том луйврын гэрээ болсон гэж ЕС асан Бямбасүрэн гуай хүртэл хэлээд л байгаа . Одоо манай ЗГ Оюу толгойн гэрээний \nлуйварын үнэн тѳрх байдлыг олон улсад илчилвэл яасын
ИХ баялагийг ашиглахад гадны олон бэрхшээл тулгарч байна. МОНГОЛ төрөөс төрсөн авлигачид их баялагийг гадны луйварчдад авлигадаж өгсөнөөр түүх эхэлсэн. АВЛИГАД идэгдсэн манай хуулийн одоо болтол гэмт хэрэгтнүүдэд ял өгч чадахгүй уяж баЙГАА.