Эдийн засаг хямралын нөхцөл байдалд байна. Энэ үгийг мөхөс би бус бид хаяаг нь бараадаж буй Олон улсын валютын сангийн тэргүүн хэлсэн юм. Зөвхөн ингэж хэлээд зогсохгүй эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь 12-18 сар үргэлжилнэ гэв. Үүнтэй адил агуулгатай мэдэгдлийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкныхан хийж буй. Ийнхүү 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаагаа дэлхий дахиныг хамарсан хямрал ирж байгааг олон улсын санхүүгийн өнгийг тодорхойлогчид анхааруулсаар байна. Гэхдээ энэ удаагийн хямрал суурь эдийн засгийн хямрал гэхээсээ илүү байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засгийн хямрал гэдгээрээ өмнөх хямралаас ялгаатай. Хэдийгээр дэлхий дахин 2003-2004 онуудад шувууны томуунаас шалтгаалан хямарч байсан ч коронавирусний хямрал үүнээс ч хүнд байх нь. Магадгүй уршиг хөнөөл, нөлөөлөл зэргээрээ 100 жилийн өмнө дэгдсэн “Испани томуу”-тай ижил байж болох талтай.
Зөвхөн хааж, боож, карантинд оруулж байгаа гэж учир мэдэх хүмүүсээр баахан шүүмжлүүлсэн Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шийдвэр гаргаж долоон төрлийн багц арга хэмжээ авахаар болсон. Төсөв, мөнгөөр нь ярих юм бол 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ. Эдийн засаг чадуу, аж үйлдвэрийн салбарын бараа сураггүй, экспортын нэг л цонхтой Монгол Улсад энэ бол том тоо. Тиймдээ ч ажлын байраа хадгалах, ажил олгогчдыг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах шийдвэр гаргасан нь энэ. Үүнээс өөрөөр Монгол Улсад таарсан арга хэмжээ авах гарц үнэн хэрэгтээ байхгүй гэсэн үг. Иргэдийг гэртээ тусгаарлахыг анхааруулж, олноороо цуглахгүй байхыг сануулсан нь ажил олгогчдод ч, ажилчдад ч хүнд туссан. Зарим нь гэрээсээ ажиллах орчин нөхцөлөөр хангаж байхад дийлэнх нь цомхотгохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар онцгой нөхцөл байдлаас үүдэн сул зогссон тохиолдолд цалингийн 60 хувийг нь олгодог. Гэхдээ зээл, НДШ гээд татваруудад “хяргуулж” буй жижиг, дундын тодотголтой компаниуд үүнийг өгч чадах нь эргэлзээтэй. Компани өөрийгөө хамгаалахын тулд хэсэг ажилчдаа халахаас өөр гарцгүй гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг шийдэхийн тулд ажил олгогч руу шууд чиглэсэн дараах гурван шийдвэрийг гаргасан. Нэг нь дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлж, тэглэх болсон. Дараагийнх нь мөн дээр дурдсан хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгж байгууллагаас орлогын албан татвар авахааргүй болсон. Өөрөөр хэлбэл жижиг, дундын тодотголтой орлогоос, нөгөө орлогын хооронд бор хоногоо аргацаадаг байгууллагуудыг хамгаалах талын үйлдэл гэсэн үг. Нөгөө нэг нь цар тахлын хүнд үед үйл ажиллагаа нь доголдож, хүндрэл үүссэн ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдэд сар бүр ажилчдын тоогоор 200 мянган төгрөг олгохоор болсон явдал. Компаниа юу, ажилчдаа юу гэж толгойгоо маажсан олон байгууллагуудыг энэ шийдвэрээр хамгаалсан юм. Компани ч, ажилтан ч энэ нөхцөлд хохирохгүй. Нөгөө талд ажилчдыг хамгаалах зорилгоор зургаан сарын хугацаанд хүн амын орлогын албан татвар авахааргүй болсон. Нэг ёсон үүнийг уншиж байгаа та зургаан сар цалингаа бүтэн авна гэж ойлгож болно.
Дээр дурдсан шийдвэрүүд бүгд дотоодоо хамгаалах гэсэн л арга юм. Аж үйлдвэр давамгайлсан улс байсан бол бид үүнээс илүү өргөтгөсөн арга хэмжээ авах байлаа. Дээрх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гал цогтой мэдэгдсэн ч хэрэгжих хүртлээ бас ч гэж ажил бий. Засгийн шийдвэртэй уялдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах, эсвэл түр журам батлах шаардлагатай. Нэг ёсондоо эрх зүйн “жааз”-ыг нь тодорхой болгох ёстой гэсэн үг. Үүнийгээ дагаад хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь нарийн тодорхой болно. Ерөнхий сайд сайхан хэллээ одоо хэрэгжүүлчихье гэж шууд ханцуйгаа шамлаад орчхож болохгүй гэдгийг олон нийт ойлгох ёстой. Хууль, эрх зүйн нарийн төвөгтэй асуудлаас гадна өөр нэг зүйл байгаа. Манайх дотооддоо 5.1 их наядын санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлээд байдаг дэлхий нийтийн байдал дээрдэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дэлхийн банкнаас БНХАУ, Энэтхэг, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Итали, Герман, Их Британи гээд зузаан түрийвчтэй, дэлхийн санхүүгийн өнгийг тодорхойлдог улс гүрнүүдийн эдийн засгийн төлөвийг 1-3 пунктээр унана гэж үзэж байгаа. Байдал хүндэрвэл үүнээс их хувиар унаж ч мэднэ. Хэдийгээр БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар эргэн сэргэж байгаа ч өнгийг тодорхойлж буй бусад улсуудад халдварын тархалт нэмэгдэж байгаа нь сайн төлөвийг яав ч дагуулахгүй. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засагт “Домино эффект” үүсээд эхэлсэн гэсэн үг. Нэг нь сэргэхэд дагаад бүгд сэргэж болох ч нэг нь унавал дагаад унадаг даалууны эффект гадаад худалдааны салбарт үүсээд эхэлчихлээ. БНХАУ үйлдвэрлэлээ сэргээсэн ч импорт нь сайжрахгүй бол бас л эргэлзээтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ши Жинпинийн гал цогтой мэдэгдлийг унтраасан нэг зүйл хэлсэн нь хоёр дахь давлагаа үүсээд эхэлсэн явдал байлаа. БНХАУ-д коронавирусний хоёр дахь давлагаа зөөвөрлөгдөж орж ирж байгаа.
Он гарснаас хойш эхний хоёр сарын хугацаанд манай улсын экспорт 771 сая ам.доллароор хэмжигдэж буй. Манай экспортын түүхий эдийн хамгийн жин дарах салбар болох чулуун нүүрсний экспорт 2020 оны I-II сард 218.2 сая ам.доллар болжээ. Жилийн өмнө энэ тоо 332.4 сая ам.доллар байсан. Эх орончдын шүлсэнд хангалттай булуулдаг зэсийн баяжмалын салбар ч базаахгүй тоон үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 2019 саяын экспортын орлого олсон бол жилийн өмнө бид энэ салбараасаа 309 саяыг олж байлаа. Ердөө уул уурхайн түүхийн эдээс хамааралтай байдаг Монгол Улсад энэ бол маш базаахгүй үзүүлэлт. Азийн хөгжлийн банкнаас энэ удаагийн хямралыг системийн хямрал бус давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан мөчлөгийн хямрал гэж таамаглаж байгаа ч дунд болон дундаас доор эдийн засгийн чадамжтай улс орнуудад хүчтэй тусна гэж үзэж буй. Чадамжтай улс орнуудад эдийн засгийн сөрөг үр дагавар 16-18 сар байх бол чадуу, түрийвч нимгэн улс гүрнүүдэд сөрөг байдал 24 сар ч үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй. Эдийн засаг нь солонгороогүй, экспортын ганцхан цонхтой, аж үйлдвэрийн салбар нь хөгжөөгүй хар тивийн хэдэн улстай хамт Монгол Улс зуузай нийлүүлээд тууж явах ирээдүй ойрхон байна. Ойрхон байгааг 30 жилийн туршид байгаагүй валютын захын уналт, сүүлийн 10 жил тогтвортой байсан БНХАУ-ын эдийн засгийн агшилт, Их-20 бүлгийн улсууд дундаа өсөн нэмэгдэж буй эдийн засагтай гэгдэж байсан Энэтхэгийн эдийн засгийн уналт бэлхнээ харуулна.
Сар хүрэхгүй хугацааны өмнө Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг нэг нэгж хувиар буруулж 10 хувьд хүргэсэн. Гэхдээ л бүс нутаг төдийгүй дэлхий дахинтай харьцуулахад хамаагүй өндөр байгаа. Египет, Ливан, Грек зэрэг системийн хямралтай, хямралаас дөнгөж гарах гэж байгаа улсууд л ийм өндөрт бодлогын хүүгээ барьж байгаа юм. Манайх ч мөн адил ОУВС-ийн хөтөлбөрт багтсан улс. Бодлогын хүүгээ бууруулсан шийдвэрүүдийг гагцхүү бүтээлч үйлдвэрлэлийн салбар өндөртэй, дотоодын зах зээлээ өөрсдөө дөнгөчих боломж бүхий олон хүн амтай улсууд эзэлж буйг харж болно. Манай улс гэтэл ямар билээ. Эдийн засаг нь уул уурхайн салбараас тэр дундаа түүхий эдээс хамааралтай. БНХАУ-аас экспортын 80-аас илүү хувийн хамааралтай импортлогч улс. Бодлого ярья гэхээр намын мөрийн хөтөлбөр ярьдаг, эдийн засгийн урт хугацааны хөтөлбөр гэхээс илүү сонгуулийн дөрвөн жилийн интервалаар замнадаг улс. Бодлогын хүүг бууруулаад бодит нөлөөлөл багатай тул Засгийн газар нийгмийн даатгалтай нь, орлогын албан татвартай нь шийдэж байгаа нь энэ юм. Яг л Англо-Саксон хэв маягтай Британи, Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг улсууд шиг. Гэхдээ одоо бид нэг зүйлийг зоригтой хийх ёстой. Энэ бол банкны систем. Дэлхийн ямар ч улс орон ипотекийн болон бүх төрлийн зээлийн хүүг царцаачихлаа. Царцаахын тул Засгийн газар нь бодлогоор дэмжиж байна. Заавал Засгийн газрын шийдвэрийг харалгүй Энэтхэгийн банкны систем өөрсдөө бодлого боловсруулж Засгийн газартаа өргөн барьсан. Эдийн засгийн хүнд хэцүү цаг үед зээл төлөх нь эрсдэл дагуулж, ядуусын эгнээг нэмэх ташуур болдог тул том гэлтгүй жижиг гүрнүүд ч энэ бодлогыг барьж байна. Нэг жишээ хэлье л дээ. АНУ-д ипотекийн зээлийг царцаахаар болсон. Хугацаа хэтэрсэн зээлийн гэрээг цуцалж, байр хураана гэж дайрахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хороо нь сануулж байна. Өмнөх хямралын үндсийг тавьсан АНУ энэ тал дээр дэндүү туршлагатай. Бидний мэдэх ипотек АНУ-д хэлж заншсанаар моргейжийн зээлийн хөөс хагарч тэр нь дэлхийн эдийн засагт нөлөөлж хямралын хэмжээнд хүргэхэд олон арван мянган америкчууд гудамжинд гарч байлаа. Нэг ёсондоо америк мөрөөдөл гудамжинд гарсан гэсэн үг. Тиймээс л АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бараг тэг хувь руу ойртуулж, банкны систем нь зээлээ царцаах бодлого баримталсан. Тухайн үед АНУ-ын Тав банкны захирлаар ажиллаж байсан Бен Бернанке “Бид одоо л хямралын үеэр ямар бодлого баримтлахаа олчих шиг боллоо” гэж хэлж байсан удаатай. Тэд энэ удаад давагдашгүй хүчин зүйлийг дагаж байгаа эдийн засгийн хямралыг мөн л энэ аргаар давах гэж байна. Ази тивээс бараг бүх улс зээлээ царцаах чиглэлд бодлогоо барьж байгаа.
Хэрэв нийгмийн долгионтой жилүүдэд боломжтой хэдээ дүрэм журмын аргаар хаалгыг нь бариулаад тэдний туурь дээр цэцэглэсэн нь үнэн л юм бол банкны систем одоо л үнэн нүүр царайгаа харуулах цаг. Ингэхийн тулд Монголбанкнаас нэг зүйлийг хийх хэрэгтэй. Монголбанк бангуудад зээлийн хүүн дээр маш хатуу бодлого баримталдаг. Тэр нь зээлийн эргэн төлөлт удаад эхэлбэл тухайн банканд зээлийн ангилал үүсгэдэг. Тиймээс зээлийн эргэн төлөлтөө хийлгэхийн тулд зээлдэгч нэг бүртэй тулж харьцдаг учиртай юм. Хямралын энэ цаг үед гурван сар зээлийн хүү тооцохгүй, зээлийн эргэн төлөлтийг удаавал чанаргүй зээлийн ангилалд оруулахгүй гэж зарлахын оронд банкуудад энэ хугацаанд зээлийн ангилал тооцохгүй гэж зарлабал банкууд Монголбанк болон Засгийн газрын шийдвэрийг дагах боломж үүснэ. Энэ нь угтаа мэргэжлийн байгууллагаас үзүүлэх бодит дэмжлэг юм.
Ямар ч байсан цар тахлын хагас жилдээ зээлийн эргэн төлөлт болон хүүн дээрээ анхаарах хэрэгтэй болж байна. Гадаад орчин нөхцөл ямар ч байсан хагас жилдээ сайжрахгүй. Манай цор ганц худалдан авагч БНХАУ-д дотооддоо байдал сайжирч байгаа ч манай экспорт, манай эдийн засаг дагаад дээшлэхгүй гэдэг нь тодорхой. Хэдийгээр Засгийн газар шийдвэр гаргасан ч гэсэн байдал манайхаас шалтгаалахгүй уруудах эрсдэлтэй тул зээл болон зээлийн хүүг царцаах бодлого баримтлах ёстой. Тиймээс Засгийн газар 5.1 их наяд төгрөг дээр нэмээд дараагийн багц арга хэмжээнийхээ санхүүжилтийг энэ чиглэл рүү чиглүүлсэн нь илүү дээр бөгөөд үр дүнтэй арга байх болно.