Даяаршлын шуурга нүдэж буй энэ цагт нийгмийн хөгжлөө дагаад олон зүйл хувьсан өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ч алдаа бас олон байна. Гагцхүү цагийн салхиа дагасан энэ олон хувьсал өөрчлөлт нь зүй зохистой бус явж байгаад ихээхэн учир бий.
Тэдний нэг нь улс төр, урлаг гээд нийгмийн бүхий л салбарт авьяас билэг, ур чадвараар бус биеийн гоо сайхан, үзэмжээр уралдах хандлага гарч ирлээ. Урлаг өөрөө гоо сайхан, түүнийг илэрхийлэгч учраас дүүрсэн хэрэг. Хоолойн тамир муу, авьяас тааруу дуучин нүцгэн хасаа гялалзуулж, хөөрхөн царайгаа тайзан дээрээс харуулаа л биз. Байгалиас жүжиглэх авьяас өвлөж төрөөгүй ч гоо үзэсгэлэн харамгүй заяасан бүсгүй дэлгэцэд төрхөө мөнхлөө л биз.
Сүүлийн үед гурвал дөрвөл охид бүсгүйчүүдийн хамтлаг олноор гарч ирж байна, тэдний дуулж байгаа дууны үгийг ч тайлж унших арга алга, аялгуу гэж юу байгааг ч сонсох арга алга. Дуугаа дуусан дуустал өнөөх л нүцгэн бие, хэлбэр галбираа гайхуулсаар дуусах аж. Тэд ямар гоо зүсээрээ шийдвэр гаргах түвшинд ажиллая гээд байгаа биш, түр орхиё доо.
Харин их улс төрд гоо үзэсгэлэн өнгөлзөж байгаа нь тийм ч таашаалтай хэрэг биш. Яг энэ цаг дор “Х” намын тэр, “У” намын энэ гэсэн мэргэжлийн хэмжээний хөрөг зураг бүхий сэтгэгдэл цахим дүүрэн давлагаалж байна. Бичиж барьж байгаа зүйлээс нь анзаарахаар юу юугүй л улс эх орноо хөгжүүлж, ард түмнээ ядуурлаас гаргах тухай өнөөх л 30 жил ярьсан ах, эгч нарынхаа үгийг тун царайлаг бүсгүйчүүд давтах болжээ. Нөхцөл байдлаас харахад их улс төрд горилогч бүсгүйчүүд гэдэг нь илт. Буруутгаад байгаа хэрэг биш шүү. Даяаршлын шуурга, нийгмийн салхи хэрхэн хаана, яаж өрнөж, нийгмийг хааш нь залж байгааг дурдахаас өөр аргагүй.
“Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” гэдэг ч “Царайны сайхнаар цай сүлэхгүй” ч гэдэг үг бий. Гоо зүс, эрдэм чадвараар өв тэгш манлайлсан бүсгүйчүүд байлгүй яахав. Хамгийн гол нь даяаршлын эрин цаг, энэ нийгмийн эрээн бараан дунд элдэв зүйл бий.
Үүн дотроос гоц ялгарч байгаа нь царай зүсээрээ бусдаас давуу харагдах, түүнийгээ өмнөө барин карьераа өсгөх хандлага байгаа нь буруу тийш явж байгаа харуулна. Үүнийг хөөрөгдөж байгаа зүйл ч олон болжээ. Тухайлбал, манай салбарт бүсгүйчүүдийн тухай олон сайхан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа нь сайшаалтай. Тэд бол яах аргагүй ертөнцийн хамгийн аугаа зүйл мөн үү гэвэл мөн. Гэтэл “Бие даасан эмэгтэй”, “Хүчирхэг эмэгтэй” гэх зэргээр буруу зүгт хөөргөсөн олон зүйл бий болжээ. Бүсгүйн гоо ялдам орчинд “Хүчирхэг” хэмээх үг яагаад ч зохихгүй. Ерөөсөө уг үндсээрээ ч эмэгтэй хүний орчинд байх үг биш. Түүнчлэн бие даасан гэх мэтээр нийгэмд эмэгтэйчүүдийг хөөргөж дэвэргэх зүйл бишгүй болжээ.
Хамгийн буруу тийш тавигдаж байгаа зам гэвэл цэцэрлэгийн наснаас нь эхлэн “Бяцхан мисс” тэмцээн хэмээх зүйлд өрсөлдүүлэхээр тэр нялх оюун ухаанд юу үлдэх вэ. Ерөнхий боловсролын сургуульд орохоор нь “Сургуулийн мисс”, оюутан болохоор нь “Оюутны мисс” болон “Сайхан бүсгүй” гээд тэдний гоо үзэсгэлэнг тодруулах тэмцээн уралдаан асар олон. Ийнхүү бичиг үсэг ч тайлагдаагүй нялхаас нь мисс, сайхан бүсгүй гэх зүйлийг сэтгэл зүйд нь суулган өгч байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиар дамжин боловсорч, оюутны ширээнд очиход бүр ч төгс болох аж.
Нялхаасаа царай зүсээ шүтэж ирсэн эмэгтэй ажил, амьдрал дээр хөл тавихад хэрхэн яаж ажиллах, хэнтэй яаж харьцах вэ гэдэг нь тодорхой. Арга ч үгүй, цэцэрлэгийн насанд нь мисс хэмээн ээж аав нь өхөөрдөнө, багш нь хамгаална, бага балчир ч гэсэн хамт олон нь хүндлэхээр тэр жаалхан амьтан өөрийгөө мисс гэдэгтээ гүн итгэхээс өөр аргагүй. Ерөнхий боловсролын сургуульд элсэн орохоор байдал бүр өөр тийшээ эргэнэ. Ялангуяа дунд, ахлах бүлэгт орсон хойно бол цэцэрлэгийн мисс маань өөрийгөө жинхэнэ мисс гэдгээ мэдэрч, хөвгүүдийн халамж, охидын атаархал дунд амьдарна. Сургуулийн мисс бусад шиг хичээлд шамдах шаардлага байхгүй ч байж мэднэ. Оюутан болоход байдал бүр өөрөөр эргэнэ. Зөвхөн суралцагчдын дунд бус сургуулийн хэмжээнд, багш нарын анхааралд орно гэсэн үг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг юуг ч сөхрүүлэх шидтэй зүйл байх. Тийм дээ ч багш нар түүнийг хичээл номоор шахах нь тийм ч элбэг бус байгааг судлаачид дурдсан нь бий. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй.
Ийм орчинд сурч хүмүүжсэн хүн ажил амьдралын талбар дээр ч өнөөх л гоо сайхан зүс царай, бие бялдрынхаа “Хүч”-ийг харуулах гээд байдаг болохоос биш, сайн ажиллаж, амжилт үзүүлэх өсөн дэвжих тухай боддоггүй аж. Төрийн болон төрийн бус байгууллагад ч царай зүсийг шүтэх, тэднийг ажлын байранд хадгалах хандлага байсаар байна. Ялангуяа ажил олгогчдод байдаг зүйл гэнэ. Үүнийг би цагийн нөхцөл байдалтай уяж бураад хэрэг биш, гадна дотны судлаачид дурдаад эхэлжээ.
Ялангуяа сүүлийн жилүүдэд жендерийн асуудал хөндөгдөж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай ч ихээхэн ярих болж. Энэ цуурай яван явсаар өнгөрөгч 2012 оны сонгуулиар парламентад 11 эмэгтэй гишүүн сонгогдож байсан удаатай. Шийдвэр гарах түвшинд буюу дэд сайд, бусад газар хэлтэс агентлагийн даргаар ч эмэгтэйчүүд олноор ажиллах болсон нь бүсгүйчүүдийн улс төрд орох галыг өрдөж байна. Энэ галыг эрдэм чадлаараа гатлаад гарч ирж байгаа олон бүсгүй байдаг ч чамгүй хэсэг нь өнөөх л гоо үзэмжид тулгуурлан дайрч байгаа нь хэтдээ аюул юм. Биеийн гоо сайхныг шүтэх нь нэг хэрэг билгийн гоо сайхныг шүтэх нь түүнээс ч өөр хэрэг.
Сэтгэгдэл ( 12 )
Ардчиллын гэх сүүлийн 30 жилд эрэгтэй хүүхдүүдийнхээ боловсролд муу анхаарснаас болж нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь илүү давамгайлах болсон. Үүнээс үүдээд улс төрд эмэгтэйчүүд илүү орох болсон. Энэ тийм муу зүйл биш боловч бас сайн зүйл бишээ. Монгол эрчүүдийн 15% нь л дээд боловсролтой гээд боддоо. Монгол эр хүн өрх гэрээ, эх орноо авч ирсэн түүхэн уламжлалыг хэзээ ч мартаж болохгүй. Гэр бүл салалт, архидалт, янхандалт, гэр бүлийн хүчирхийлэл бүгд үүнтэй холбоотой. Үүнийг засах цаг болсон.
Zuv zyiliig hundsun sedev baina.
Бурханыг секси болгож болдоггүй тэгвэл гаж донтон
Билгийн нүд билгийн мэлмий хоёр өөр юм
wow
dayarchilal, syljeenii hogjiloor harahad tiim baigaa, gehdee iim doroi hooson hymyys yndsendee baga huvi ezelj baigaa l daa, eryyl bodoj setgedeg ni hezeech iim hongon yavzgui amdralaar yavahgui ee sanaa zovoltgui
dayarchilal, syljeenii hogjiloor harahad tiim baigaa, gehdee iim doroi hooson hymyys yndsendee baga huvi ezelj baigaa l daa, eryyl bodoj setgedeg ni hezeech iim hongon yavzgui amdralaar yavahgui ee sanaa zovoltgui
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хугацаатай, нас ахихаар өөрийн эрхгүй залуу насандаа ном үзэж, толгойгоо цэнэглэхгүй яавдаа гэж харамсаж байсан мисс бүсгүйг мэднээ
Сайхан харагдах гээд хэтрүүлээд хэм хэмжээг давбал эсрэгээрээ муухай харагддаг. Хүссэн хүсээгүй зөвхөн гаднах өнгөн талдаа хэт их анхаарал хандуулвал хол явахгүй гэдгийг ойлгох цаг ирдэг. Зөв амьдрал хүнийг зүлгэж өнгөлдөг. Хамгийн урт удаан хугацааны турш оршин тогтнох чадвартай гоо сайхан бол хүний зүрх сэтгэлийн гоо сайхан.
Охид бүсгүйчүүд, залуучууд гаднах үзэмжиндээ анхаарал хандуулах нь зүй ёсны хэрэг болсон цаг үетэй тулгарсан болохоор ирээдүйд бий болох үр дагавар, эрсдэлийг нь зөв тооцож, сайн судлаж нухацтай хандах ёстой гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Юм бүхэн хэм хэмжээтэй, өөрийн гэсэн цаг хугацаатай. Хэм хэмжээгээ давсан зүйл мөн чанараа алддаг.
Монголчууд аливаа зүйлийн өнгөн талд нь ач холбогдол өгдөггүй нь эрс тэс хатуу хөтүү уур амьсгалтай газар нутагт дасан зохицоход нь нэрмээс болдог, цагийн аяс даадаггүй зүйлд таатай ханддаггүй нүүдэлчин сэтгэхүйтэй нь холбоотой. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол улс гадаад ертөнцтэй танилцаж дэлхийн олон улс үндэстэнүүдийн хоол ундыг идээд эхлэхээр ”Усыг нь уувал ёсыг нь дага” гэгчээр аливаа зүйлд хандах хандлага нь нилээд өөрчлөгдөж байна. Сүүлийн үед гаднах төрх байдлаа хайхарч анхаараагүйгээс болж эдийн засаг болон эрүүл мэндийн хувьд үүсдэг зөндөө асуудлууд байдаг юм байна гэж ойлгодог болсон
Манай бүсгүйчүүд материаллаг нѳхцѳл, хүний хѳгжлѳѳрѳѳ тасархай байгаа. Гэвч ёс суртахуун, ухамсар, амьдрах чадвараар тэг зааж байна. Гэхдээ амьдрах чадвар нь эмэгтэйчүүдийн хувьд тун маргаантай зүйл. Бѳгсѳѳрѳѳ юу толгойгоороо юу гээд явчихна.