НЭГ СЭДВЭЭР: Малчид ноолуураа үнэд хүргэхийн тулд "хав дарж" байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөдөө аж ахуйн биржээр ноолуур дунджаар 135 мянган төгрөгөөр арилжигдсан. Тэгвэл энэ жил Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид ноолуураа самнаад хэдийн эхэлсэн байна. Дээрх аймгуудад ченж нар 60-80 мянган төгрөгөөр ноолуур авч байгаа гэнэ. Дорнод аймагт одоогоор хамгийн үнэтэй буюу 80 мянган төгрөгөөр ноолуур авч байгаа боловч өөр аймгаас ирсэн ноолуурыг энэ үнээр авдаггүй аж. Нэг аймгийн ноолуур нөгөө аймагт ирэхэд үнэ бууна уу гэхээс нэмэгдэхгүй жишиг тогтжээ. Сүхбаатар аймагт нэг кг ноолуурыг 70 мянган төгрөгөөр худалдан авч байгаа ченж Р.Ганхуяг “Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ гэж байгаа. Одоо зах зээл нь хумигдсан хүнд нөхцөлд өндөр үнээр малчдаас ноолуур авах үйлдвэр олдохгүй л болов уу” хэмээгээд өөрийн худалдан авч байгаа үнийг өмөөрч ярилаа.

Зүүн бүсийн өөр нэг аймаг болох Хэнтий аймгийн малчин Г.Дэмбэрэлийнх гэхэд 50 ямаатай. Дөрвөн ямаанаас нэг килограмм ноолуур авдаг гэхээр нийт 12 килограмм ноолуур самнадаг.

Тэрбээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын дундуур ямаагаа самнаж дуусаад нэг килограммыг 120 мянган төгрөгөөр борлуулж олсон 1.5 орчим сая төгрөгөө хүүхдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэж байжээ. Гэтэл энэ жил Хэнтий аймагт 60-65 мянган төгрөгөөр ноолуурыг үнэлж, үнийн дүндээ цаг үеийн нөхцөл байдлыг буруутгах ченжүүд гарч иржээ. Түүний зөвлөснөөр тус аймагт тогтмол ирж ноолуур авдаг ченж рүү утасдаж үнэ буурсан шалтгааныг лавлахад “Ноолуурыг 60-65 мянган төгрөгөөр малчдаас авч эхэлсэн. Их хэмжээгээр байсан ч үнэ нэмэгдэхгүй. Нөхцөл байдал тодорхойгүй. Үнэ тогтоогүй. Цаашаа аж ахуйн нэгжүүд яаж авах эсэх нь тодорхойгүй байхад өндөр үнээр авах хэцүү байна. Дэлхийн зах зээл дээр ноолуур болон ноолууран бүтээгдэхүүний үнэ буусан, борлуулалт муу. Энэ жил хятад ченжүүд орж ирээгүй” гэдгийг хэллээ. Ноолуур бол нарийн ширхэгтэй, нягт ихтэй, хөнгөн, дулаахан, дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүн. Монгол оронд Зүүн аймгийн ноолуурыг чанараар илүү хэмээж Баруун аймгийнхаас ялигүй үнэтэй худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, ноолуур нарийн байх тусмаа зөөлөн болж, цагаан байх тусмаа цайруулах шаардлагагүй, бага гэмтдэг, амархан өнгөнд ордог. Энэ мэт чанар болон гарц, ноолуур самнах үеийн цаг агаарын байдал зэргээс шалтгаалж үнэ хэлбэлздэг болохыг тодотгоё. Улаанбаатар хотын “Эмээлт” зах дээр өчигдрийн байдлаар ноолуур нэг килограмм нь 65-70 мянган төгрөг, ямааны арьс 20 мянган төгрөг, борлонгийн арьс 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгааг ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” төвөөс мэдээллээ.

Монгол Улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас 10 мянган тонн ноолуур бэлтгэж, нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улмаар угаасан ноолуураа Хятад, самнасан ноолуураа Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц гээд 20 гаруй оронд нийлүүлдэг билээ. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын улмаас дэлхийн ноолуурын зах зээлийг голлодог улс орнуудын худалдаа, үйлдвэрлэлд хязгаар тогтсон. Иймд уг салбарт Засгийн газраас анхаарал хандуулах шаардлага тулгарсан.

Тодруулбал, Монголын ноос, ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд ирсэн саналд үндэслэн Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан авагчдад гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн. Аж ахуйн нэгжүүд авсан зээлээ зөвхөн малчдаас ноолуур худалдаж авахад зарцуулах учраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буухгүй гэж үзэж байгаа билээ. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл болон малчдын амьжиргааг дэмжихэд гол хөшүүрэг болно гэдгийг бодлого тодорхойлогч салбарынхан хэлж байгаа. Тэгвэл ноолуурын үнийн асуудлаар ШУТИС-ийн багш, доктор, судлаач Р.Бадмаанямбуу “Үйлдвэрлэгчийн өнцгөөс харвал, өнгөрсөн жилийн хөөсөрсөн түүхий ноолуурын үнээс болж анхан шатны боловсруулах үйлдвэрүүд нь бараг алдагдалд орсон. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багахан ашигтай ажилласан. Энэ жил дэлхийн эдийн засаг унаж байгааг боломж болгож түүхий эдээ хямд үнээр авч сэхэл авна гэсэн хүлээлт байсан. Том зургаар нь харвал, улсын хэмжээнд бэлтгэгддэг 10 мянган тонн ноолуур тэр чигтээ 100 мянган төгрөгөөр борлуулагдах боломж байхгүй. Үндэсний үйлдвэрлэгчид ихдээ 3000 тонн ноолуур авна. Хил нээгдэхээр хятадууд орж ирээд үлдсэн ноолуурыг маш хямд үнээр авах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээн хэлсэн юм.

Нөхцөл байдлыг тайлбарлавал, улсын хэмжээнд бэлтгэдэг 10 мянган тонн ноолуурын 20 гаруй хувийг л Монгол Улс бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог. Ноолуурыг будаж, ноолууран утас болгоод цамц, ороолт, малгай, бээлий, цув, хантааз, оймс, дотуур хувцас, алчуур, хөнжил, унтлагын хувцас гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүд бэлтгэж байна. Үлдсэн 80 орчим хувь нь түүхий эд хэлбэрээр экспортод гардаг. Тиймээс боловсруулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Монгол улс тэргүүлсээр. Харин боловсруулж чадаагүй 80 хувиа бүрэн эргэлтэд оруулбал улсын төсвийнхөө 30 хувийг бүрдүүлэх хэмжээний хөрөнгийг ноолуурын салбарт босгож чадна гэдгийг судлаач, эдийн засагчид хэлдэг.

Эргэн сануулахад, ноолуурын салбарын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2018 онд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 20 аж ахуйн нэгжид нийт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Үүний үр дүнд зээлд хамрагдсан үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтойгоо харьцуулахад 1.3 дахин өсч, ноолуур боловсруулах салбарын түүхий эдийн бүрэн боловсруулалтын төвшин 2017 онд 14.1 хувь байсан бол 2018 оны байдлаар 25 хувьд хүрсэн байдаг. Үүнээс дүгнэвэл, ирэх долоо хоногоос салбарын аж ахуйн нэгжүүдэд олгох 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл үр өгөөжөө өгч, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн үед малчдын амьжиргаанд ч эергээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Засгийн газрын шийдвэрээс улбаалж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим малчин ноолуураа зарахаа түр анзаж байгаа гэдгээ ч бидэнд хэлж байсан юм.

Х.Баатар: Дотоодын өрсөлдөөн Зүүн аймгуудад болох нь дамжиггүй

Ноолуурын арилжаа, худалдаа, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгогдох, нэн хөнгөлөлттэй зээлийн талаар Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатараас тодрууллаа.

-Малчид, ченж нараас асууж сураглахад ноолуурын үнэ 60-80 мянган төгрөгөөр гарч байгааг хэллээ. Хөдөө аж ахуйн биржээс үнийг судалсан уу?

-Монголын зах зээл дээр ноолуурын бодит үнэ гараагүй байгаа. Биржийн зүгээс Хятадын болон олон улсын зах зээлийн үнийг судалж байна. Одоогийн байдлаар самнасан ноолуурын зах зээлийн үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 орчим хувиар буурчээ. Самнасан ноолуурын голлох зах зээлүүд болох Итали, Англид шинэ коронавирусний халдвар буурч, эдийн засаг сэргэх үе ирэх нь тодорхой. Зүүн аймгуудад 2019 оны хавар нэг килограмм ноолуур 136-140 мянган төгрөгт хүрч байсан. Тэгээд ч ноолуур стратегийн түүхий эд байхад 60, 70 мянган төгрөг болж 50 хувиар үнэ унана гэж байхгүй. Малчдад хандаж хэлэхэд ноолуурын үнийг дунджаар 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан. Ноолуурын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээ хийсний дараа ирэх долоо хоногоос зээлээ аваад эхэлнэ. Зээлийг зориулалтын бусаар ашиглуулахгүй. Малчдын данс руу нь мөнгө орно. Зүүн аймгуудын үнэ энэ үнээс бага зэрэг өсөж тогтоно. Баруун аймгуудын ноолуур хожуу гарах шинжтэй байдаг. Тиймээс гарц багасч, үнэ буурах талтай. Яван явсаар баруун захын Баян-Өлгий аймагт гэхэд ноолуурын үнэ 70-80 мянган төгрөгт хүрч болно. Цаг агаар сайхан байгаа учраас Зүүн аймгуудын ноолуур хялгас байхгүй, гарц сайн гарах төлөв байна. Тиймээс малчид хэд хоног хүлээж тэвчиж байгаад боломжийн үнээр ноолуураа өгөөрэй. Малчдын орлогыг бууруулахгүй байхын тулд авч хэрэгжүүлж байгаа онцгой арга хэмжээг ойлгох хэрэгтэй.

-Аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдэд олгох зээлийн шалгуур юу байх вэ?

-Зээлийг ноолуур боловсруулдаг үйлдвэрүүд, дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Зээл авах аж ахуйн нэгжүүд банкны шаардлага, шалгуурыг хангаж байх ёстой. Мэдээж тодорхой барьцаатай байх шаардлагатай. Улмаар ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулна. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж аль аймгаас ноолуур авахаас шалтгаалж босго үнээ тохиролцоно. Гол нь зээлээ зориулалтын дагуу буюу малчдаас ноолуур худалдаж авахад зарцуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Зээлийг Монголбанкны шалгуур хангасан арилжааны банкуудаар дамжуулж олгоно. 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банк гаргана.

-Дөрөвдүгээр сарын эхээр товлогддог ноолуурын дуудлага худалдаа юу болсон бэ?

-Ноолуурын дуудлага худалдааг дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж Зүүн аймгуудаар зохион байгуулдаг боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулсан. Хэрвээ энэ сарын сүүлчээр хэсэгчилсэн онц байдал цуцлагдах юм бол баруун аймгуудад дуудлага худалдааг зохион байгуулна. Ноолуур хилээр гарахгүй байгаа учраас Зүүн аймгуудад дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөн үүснэ гэж харж байна.

-Ноолуур эхэлж гардаг Зүүн аймгуудад дуудлага худалдаа болсонгүй. Түүхий эдийг малчдын хотноос ченжийн гар дамжихгүйгээр үйлдвэрлэгчдэд хүргэх нь та бүхний үүрэг. Ирэх долоо хоногоос зээл авсан аж ахуйн нэгжүүд шууд очиж малчдаас ноолуур авах уу?

-Аж ахуйн нэгжүүд зээлээ авчихвал ченжээс ноолуур авах шаардлагагүй. Малчдын гар дээрээс худалдаж авах боломжтой болно. Үүнийг нь тухайн сумын Хөдөө аж ахуйн тасаг баталгаажуулна. Тодорхой хэлье л дээ. “Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Дондогоос тэр компани 100 кг ноолуур авлаа” гэж албан ёсоор баталгаажуулна. Ингэснээр малчны дансанд худалдаж авахаар тохирсон үнээрээ бодогдож мөнгө орно. Дунд нь ямар нэг дамжлаг байхгүй.

Сурвалжилгын төгсгөлд нэгэн тоо баримтыг сануулъя. 2019 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд ноос боловсруулах салбарт нийт 300 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрийг ангилбал, хивс үйлдвэрлэх хоёр үйлдвэр, нэхэх үйлдвэр дөрөв, ээрэх үйлдвэр найм, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх нэг үйлдвэр, 19 угаах үйлдвэр, 16 хялгас ялгах үйлдвэр, 56 сүлжих үйлдвэр, эсгий эдлэл үйлдвэрлэх 16 үйлдвэр, 169 эсгийлэх үйлдвэр болон шинээр ашиглалтад орсон үйлдвэрүүд хамрагддаг байна. Эдгээр үйлдвэр олон мянган ажлын байрыг бий болгож, улсдаа болон дэлхийн зах зээлд байр сууриа эзэлсээр байгааг магтууштай боловч зах зээлд ноолуурыг бэлтгэж байгаа малчдын эрх ашиг болон бүрэн боловсруулах үйлдвэрийн дутуу орхигдсон хэрэгцээ үгүйлэгдсэн хэвээр.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.23.232) 2020 оны 04 сарын 05

хав дараг л дээ.яагаад болохгүй гэж.ченж нэртэнгүүд хүний юмыг дандаа л миалж ,муулж хямд салгахыг л оролддог биз дээ угаасаа.энэ маягаараа өөрсдөө дарах санаатай л байгаа биз

0  |  0
Zochin(202.9.46.175) 2020 оны 04 сарын 03

Delhii ene chigeeree sonohgvi ni todorhoi! Tiim uchiraas us chiig avahgvi gazar hav darsan ni malchidad heregtei! Chenj nertei luivarchid hymd avch darah gej bgaa yum shv! Havar namartaa l heden tsaas olj amidralaa zalguulj bgaa shd. Ogloonoos vdshiin bvrii hvrtel hodolj Mongolchuudig tejeej bgaa hamgiin ajilsag hvmvvs bol malchid yum

0  |  0
иргэн(103.212.119.250) 2020 оны 04 сарын 03

Хэрэглэгч улсууд нь өвчинд нэрвэгдээд сандарч байхад юун ноолууран бүтээгдэхүүн худалдан авна гэж. НААД Улаан чинь би үхэхээр чи үх гэж байгаа бишүү

0  |  0
Top