Дэлхийн 200 гаруй орны хил хязгаараар цар тахал давж, хаа хаанаа хатуу дэглэм дор аж төрж байгаа ч сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрх, иргэдийнхээ мэдэх эрхийг боомилж байгаа улс хараахан алга. Харин болзошгүй өвчний голомтгүй Монгол Улс сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрхэнд халдаж, иргэдийнхээ мэдэх, сонсох эрхийг хязгаарлалаа гэх хүмүүс олон байна.
Ихэс дээдсийн хязгаарлалтаас ардчиллын суурь зарчмыг алдагдуулах сөрөг үр дагавар ч илтэд ажиглагдах боллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэдийн хардаж байгаагаас харвал ихэс дээдэс маань цар тахлаар далимдуулан сөрөг мэдээ мэдээллээ нийтэд дэлгэхгүй байх зарчим барьж байх шиг. Тийм ч учраас эрх баригчдын рейтингэд нэмэх оноо авчрах мэдээ мэдээллээ хөл хорио нэрийн дор ямар ч лавлах боломжгүйгээр цахимаар сурталдаж, сөрөг мэдээллийнхээ босгоор сэтгүүлчдийг алхуулахгүй байна гэх гомдол ч гарах боллоо.
Монгол Улсын Гүйцэтгэх засаглал, парламент болон бусад төрийн өндөр дээд байгууллага бүгд Шаргал ордонд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл сэтгүүлчид маань Төрийн ордныхоо нэг буланд ихэс дээдсийн “зүсэлж” өгсөн газарт, харгалзуулсан байдалтай бөөгнөрч суугаад хаанаас мэдээлэл олж, хэнд түгээх вэ. Ийн суухдаа ороолж зугтаасан ихэс ахсаа алсаас бараачлан, чухам юу болоод байгааг мэдэх аргагүй байдалд орлоо.
“Амьдрал баялаг” тэр тусмаа манай төрийн үйл явдал арвин. Хөл хорио тогтоосон энэ үед иргэд илүү их мэдээ мэдээллийг хүсэж, тэр хэрээр төр засгаас хэвлэл мэдээллийн байгууллагыг хазаарлаж байгаа нь шууд утгаараа “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” зөрчсөн ч байж болох талтай. Том агуулгаар нь харвал коронавирусээр далимдуулан ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэх, эрх мэдэлтнүүд өөрийн ашигтай талбайд ямар ч өрсөлдөгчгүйгээр хувийн тоглолт хийх сонирхол байна гэх хардлага бий.
Саяхан “Вашингтон Пост” сонинд Унгарын тухай, Ерөнхий сайд Виктор Орбан вирусны үед нөхцөл байдлыг хэрхэн өөртөө ашигтай эргүүлж, ардчилал хэрхэн устаж байгаа талаар “Коронавирусээс болж амь нь тасарч буй ардчилал” нэртэй нийтлэл гарсан нь олон улсын анхааралд орсон. Манай сэтгүүлч ч үүнийг орчуулан олны хүртээл болгосон юм.
Үүнээс дурдвал, Унгарын парламент онцгой байдлын үед дагаж мөрдөх хууль хэлэлцэн батлахдаа Ерөнхий сайд Виктор Орбанд эрх мэдлийг төвлөрүүлж, тэрээр онцгой захирамж гарган, улсаа захирах бүрэн эрхтэй болжээ. Хууль хэлэлцэн батлах үед сөрөг хүчнийхэн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг нарийн тусгахыг хүссэн боловч аргагүй хүчинд автсан. Учир нь Орбанын данстай намынхан парламентын хоёрны гурвыг бүрдүүлдэг учраас түүний эрх мэдэл хэмжээлшгүй боллоо гэдгийг дурдсан юм.
Коронавирус олон улсад голомтлон тархаж байгаа энэ цаг үед улс орнууд арга хэмжээ авч байгаа ч Унгарын Орбан шиг өвчнөөр далимдуулан бүх эрхийг гартаа төвлөрүүлсэнгүй. Монгол Улсын төр шиг сэтгүүлчид, иргэдийнхээ мэдэх сонсох эрхэнд халдсангүй. Зохих ёсоор аюулт өвчинтэй тэмцсээр л байна. Ингэхдээ Унгарын эрх баригчид “Онцгой байдлын тухай хууль”-д илт худал мэдээлэл тараасан иргэнийг таван жил хорих ялаар шийтгэхээр болжээ. Энэ заалт хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд ч хамаарах бололтой. Эрх мэдлээ гартаа төвлөрүүлж, иргэдийнхээ үг хэлэх эрхийг хуулиар боочихоор хаана ямар ардчилал байх билээ.
Манай улсын хувьд ч сэтгүүлчдийнхээ хөлийг тушчихаад, хэвлэлийнхэн Төрийн ордонд дурын газраас мэдээлэл авах нь хязгаартай, харуул хамгаалалтын дор үзүүлэн мэт сууж байна. Магадгүй, “Нүдэн балай, чихэн дүлий” энэ байдал цааш үргэлжилбэл тодорхой хуульд ч гар хүрэх далим гаргахгүй гэхийн баталгаа алга. Одоогийн байдлаар вируснээс үүдэлтэйгээ УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргаад, нийгэм талцсан байдалтай байна. Төсөв хэмнэх нэрийн дор, сонгууль хойшлуулах гээд байгаа нь ямар учиртай юм.
Жилдээ арван их наядаар эргэлдэх төсөвтэй Монгол Улс дөрвөн жилд ганц болдог ээлжит сонгуульдаа хэдэн төгрөг зарцуулахад эдийн засаг элгээрээ хэвтэхгүй нь лавтай. Чухам ямар ашиг сонирхол байна вэ гэж хардахаас өөр аргагүй.
Сэтгэгдэл ( 2 )
Эрх барригчид сайтуудтай хаалтын гэрээ байгуулчихсан гээ биз дээ Энэ сайт харин гайгуй байсан шуу
Женко ашиг сонирхол гэж байна.