Г.Золжаргал: Монгол хүүхдүүд Солонгосын бага хаадын тухай аав, ээжийнхээ намтраас илүү ярьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал хэмээх эрхэм айл бүхний хойморт цэнхэр дэлгэцээр залраад 40 шахам жил болжээ. Саравчтай малгайтай, зөөлөн дуутай сэтгүүлчийн гярхай нүд, асуудлын гүн рүү нь ухаж яргасан асуултууд, өргөн цараатай мэдлэг, хорвоог таньсан билэг ухааныг нь гайхан биширч өсөж өндийсөн бид. МҮОНТ-д орчуулагч редактораар ажиллаж 30 гаруй уран сайхны киног Орос, Герман хэлнээс орчуулж, “Кино дэлгэц”, “Тойрон аялал” нэвтрүүлэг, “Үдшийн хэмнэл” студи, “Би чадна” энтертаймент хөтөлбөр, “Хөдөөгийн залуус” цуврал сурвалжилга, “Ярилцах цаг” ток шоу санаачлан хийж, олон зуун сурвалжилга, ярилцлага бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон билээ. Хэлсэн үг бүхэн нь үнэ цэнтэй түүний үндэс рүүгээ хавсан сэтгэлгээ нийгэм болоод хүмүүний амьдралыг хэрхэн эргэцүүлдэг бол...


-Таны залуу нас социализмын үеэс ардчилал руу шилжсэн хоёр үеийг туучаад өнгөрсөн. Энэ хугацаанд хүмүүсийн амьд­ралд хандах хандлага болоод дотоод мөн чанарын хувьд хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийг 1990 оноос өмнөх, хойдох гэж хоёр хуваана. Энэ нь 1990 оноос өмнө төрсөндөө биш хоёр нийгмийг дамнаад амьдарч байгаатай холбоотой. 1990-ээд оноос өмнөх монгол хүнийг дээл бүстэй, монгол малгайтай байсан гэж төсөөлбөл түүнээс хойших үеийн монголчууд пүүзтэй, жинстэй, саравчтай малгайтай болж гадаад төрх нь өөрчлөгджээ. Дунджаар 40 жилээр хүмүүсийн өмсөж байгаа хувцас мода өөрчлөгддөг. Энэ бол байгалийн өгөгдөл. Хүн их уйдамхай амьтан л даа. Нэг юмнаас нөгөө юм руу заавал шилжиж байж баяр хөөрийг авдаг. Дотор талаасаа үзвэл, оюун сэтгэлийн хувьд бас их өөрчлөгдсөн. 1990 оноос өмнө хүмүүст аливаа үзэгдэл юмсыг ойлгуулахад утга агуулга, мөн чанарыг нь голлодог байсан бол 1990 оноос хойших үед ихэнхдээ хэлбэр талыг нь голлодог болжээ.

Энэ нь юутай холбоотой вэ гэхээр 1980-аад оны  дунд үеэс үйлдвэр, аж үйлдвэр, дунд болон хөнгөн үйлдвэрүүд маш эрчимтэй хөгжиж, технологи нэвтэрсэн учраас өмнө нь зовж зүдэрч байж хийдэг юмыг хялбархан хийдэг болсон. Энэ хялбархан хийдэг зүйлээс ашиг орлого олж, баяжиж болох юм байна гэдэг хандлага бий болжээ. Энэ хандлага 1990 оноос хойш бүр эрчимжиж, хүмүүс юмыг олноор нь, өнгөтэй үйлдвэрлэсний хүчинд ашиг орлогын төлөө ажиллаж эхэлсэн. Үүнийг дагаад эдийн засгийн хууль, зохицуулалт, улс төрийн онолууд гарч ирсэн. Жишээлбэл, манай улсад гурван сая хүнд 890 орчим хууль үйлчилдэг. Үүнээс 200 орчим нь үндсэн хууль байдаг бол 600 орчим нь процедурын хууль байдаг. Өмнөх үед хүмүүс чанартай, гарын ая даахуйц, цөөхөн эд юмыг хийх үзэл философиор  хүмүүжсэн учраас аливаа зүйлд хандах хандлага нь нухацтай, хийж байгаа зүйл нь унацтай байжээ. Одоо бол аль болохоор хурдан, түргэн, хөнгөн хуудуу нь давамгайлдаг болсон. Яагаад гэвэл түүний үр дүн нь өөрт унах ашиг байх ёстой. Бид нарын үеийн хүмүүс болон одоогийн залуусын амьдралд хандах хандлага үзэл бодол өөр байгаа. Бидний аав ээж, өвөө эмээ салхи шиг хөнгөн хүнтэй битгий суугаарай гэж захидаг байсан бол орчин үеийн аав ээж нар боломжтой, хөрөнгөтэй, сүйхээтэй, овсгоотой хүнтэй суугаарай гэж хэлэх байх. Энэ л бидний  гол ялгаа нь. Харамсалтай нь бүх нийтээрээ энэ зам руу орчихсон учраас яаж ч болохгүй байна л даа.

-Энэ үзэл хандлагыг яаж эерүүлж, илүү хүнлэг тал руугаа ойртуулах вэ?

-Хүн төрөлхтөн хэт хурдтай, хэт үйлдвэрлэл, хэт ашиг хонжоо, хэт зугаа цэнгээний тал руу явсан учраас байгалиасаа тасарчихсан. Байгалиасаа хөндийрөөд ирэхээр хүн хэт эмзэг, механик болдог юм байна л даа. Яагаад гэвэл хурдацтай технологи хүний идэж уудаг хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлээд, зохиомол, бараг зажлах ч үгүй залгих хэмжээний хоол бэлдээд өгөхөөр хүнд байгальтайгаа сөрж амьдрах бурхнаас заяасан бодит дархлаа нь хийх ажилгүй болоод суларчихдаг. Ийм сул дархлаатай хүмүүс жаахан хир буртагтай юм үзэнгүүт хялайгаад уначихаж байгаа юм. Хүүхдийг ч гэсэн багаас нь гадаа хөл нүцгэн шороо идэж, хир тоостой өсгөхөд байгалийн унаган дархлаа нь тогтож борогшуу, чийрэг биетэй өсдөг биз дээ. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд байгалийн шахуу ханиаданд хиараад байгаагийн шалтгаан нь тэдний өмсөж зүүж, эдэлж хэрэглэж, бодож сэтгэж байгаа үзэл бодол нь хүртэл хөнгөн болчихсонтой холбоотой. Африк, Монгол, Латин Америк зэрэг хөгжил буурай орнууд байгальд илүү ойрхон байгаа байх. Хүн төрөлхтөн бие  физиологи төдийгүй үзэл санаа, оюун сэтгэлгээний хувьд хэврэгшиж байгааг байгаль өөрөө сорьж эхэлж байна шүү дээ. Дэлхий нийтээр Ковид-19 гэдэг цар тахал гарлаа. Энэ тахал хүмүүст амьдралын утга учрыг бодогдуулж эхэлж байна. Хүмүүс хөл хорионд байх хугацаандаа амьдралынхаа хандлага, чиг баримжаа, үзэл баримтлалыг тунгааж, өнгөрсөн хугацаанд юу болов гэдгээ эргэцүүлж эхэлж байна. Энэ цар тахлын дараа хүмүүс амьдралд хандах хандлагаа өөрчилж, илүү нухацтай, байгальтай ойр, гэр бүлтэйгээ амьд харилцаатай, хэт материаллаг биш хүнлэг дархлаагаа сэргээнэ байх гэж итгэж байна.

-Нэгэнт л байгаль руугаа ойртсоных та хөдөө гадаа их явдаг хүн. Нүүдэлчин соёлыг тээж яваа малчид маань хэр “дархлаатай” байна вэ?

-Залуу байхад ЗХУ-д сургууль төгсчихсөн, дэлхийн 43 орноор яваад үзчихсэн байсан учраас суурин амьдралын гоё сайхныг шагшаад л, манай хөдөөгийнхөн ямар хоцрогдчихсон юм бэ гэж боддог байсан л даа. Аажимдаа харьцуулаад үзэхэд Монголын ард түмний мянга мянган жил амьдарч ирсэн байгаль цаг уурынхаа нөхцөлд, адгуулж буй мал сүргийнхээ аясыг тааруулж, нүүдэллэн амьдарч байсан тэр ухааныг огтхон ч өөрчлөх шаардлагагүй юм байна гэдгийг л ойлгосон.  Гашилсан сүү хэзээ ч эвлэдэггүй. Гашилсан сүүгээр ээдэм хийж, шар сүүг нь уух эсвэл орох зэргээр цөөхөн л зүйлд ашиглаж болно. Харин гашлаагүй сүүгээр энэ ертөнцийн амьд амьтныг тэжээх тэтгэхээс эхлээд маш олон зүйл хийнэ. Үүнтэй адил хорвоо ертөнцийн утга оньсыг нүүдэлчин ахуй, байгаль эхээсээ таньсан, айх ичих ёс зүйтэй, зүйр үгэндээ амьдралынхаа бүх философийг багтаасан, байгальдаа хайртай, ёс заншлаа хадгалж үлдсэн, аливааг өргөн уудмаар сэтгэдэг, хүнд муу зүйл хэлдэггүй, айл гэрээрээ амь нэг, өнөр өтгөн олуулаа байхыг эрмэлздэг тэр их ухааныг суурин амьдралын хэв маяг, үзэл бодлоор сольчихоор монгол ахуй маань зөрчилдөөд гашилчихаж байгаа юм. Нийгмийн хар бараан өнгө болсон  ахсынхаа үгийг сонсдоггүй, би л болж байвал болно гэсэн үзлээ хүний эрх гэдэг нэрийн дор хаацайлсан, олон ургалч үзэл гэдэг нэрийн дор тус тусдаа бутарсан будаа шиг хэрүүл маргаан, үл ойлголцол, ёс жудаггүй үйлдэл, хулгай хийх, дээрэм хийх, худлаа хэлэх ёс бус үйлдлүүд сүү шиг цагаан монгол хүн чанар, ёс жудаг, ахуй амьдралыг ээдүүлж байна. Энэ талаар дээр үед нийтлэл ч бичиж явлаа.  Гашилсан сүүг яаж ч эвлүүлж болохгүй учраас химийн аргаар хуурай сүү гаргаж авч болох юм.

-Хуурай сүү гэснээс хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбар, ялангуяа өргөн дэлгэцийн нэвтрүүлгүүд хэт өнгө гэрлээр хуурсан, зугаа цэнгэл хөөсөн, инээж хашхичсан, цаг үрсэн, үр өгөөжгүй болсон мэт санагддаг. Энэ талаар таны бодол?

-Би нэг зүйлд харамсдаг. Манай телевизэд “Залуу зохион бүтээгч” гэдэг төслийн нэвтрүүлэг гарч байгаад зогссон. Оронд нь гоо сайхан охид шалгаруулах, дуучид төрүүлэх нэвтрүүлгүүд гарч эхэлсэн. Бодож сэтгэх, шинээр нээх, хөгжүүлэх уралдааныг тас цохиод энэ дуучныг хэн сайн дуурайж дуулдаг нь мундаг болно гэсэн харь үзэл бодлогыг түгээж байгааг харахаар гашилсан сүүний тухай дахиад л бодоход хүргэдэг.

Нийгмийг гашилгадаг хүчин зүйл нь хүний уураг тархинд хүрч буй гадаад орнуудын хэв маяг, урсгал чиглэл. Тэр нь төлөвшиж амжаагүй хүүхдүүд, боловсорч амжаагүй залуучуудад илүү их нөлөөлдөг.

Би Япон, Тайвань, Өмнөд Солонгос орноор явж байхад найзууд маань “Золоо, чи шилэн байшингийн өмнө зургаа авхуулж онигоонд оров оо” гэж захидаг байсан. Тэр нь цаагуураа юу хэлж байна вэ гэхээр шилэн байшин хараад ангайгаад хэрэггүй шүү, ул суурьтай юмыг нь харж яваарай гэсэн санаа. Япон улсад өв соёл, үндэстний бодлогоо эзэн хаан нь авч явдаг бол парламент нь дээр хэлсэн 600 хууль гэдэг шиг нийгмийнхээ амьдралыг зохицуулах хуулиа авч явдаг. Японы өндөр шилэн барилга нь биш олон мянган жил тэр хэвээр нь хадгалж үлдсэн эртний хотууд, сумо, кабуки, театрууд нь хүмүүсийн сэтгэлийг илүү татдаг. Тайваньд үндэсний өв соёлын музей, сурагчдад зориулсан тойрон аялал, кино урлаг нь залуу үе рүү чиглэсэн нь гайхмаар.  Тухайн үед бүх ард түмнээрээ Майкл Жексон шиг бүжиглэж сурцгаая гэдэг хөдөлгөөн өрнөж байхад Монгол Улс хөгжих гэж байна, барууны орнуудын соёлыг сурч байна гэж бодоод байсан чинь яг одоогийн өндөрлөгөөс харахад Майкл Жексон шиг мянга дэвхцэж цовхорлоо гээд нөгөө модон жорлон өөрчлөгдсөн үү, хэл амаа ойлголцдоггүй чанар нь сайжирсан уу, боловсрол соёл, шинжлэх ухаан маань хөгжсөн үү. Үүнээс хэн хожив гэхээр шоу бизнесийнхэн л хөлжсөн. Манай хотын барилга өндөрсөж, машин нэмэгдэж, зурагт нь нимгэрч, хөргөгч нь зузаарсан ч амьдралд хандах хандлага огт өөрчлөгдөөгүй. Товчхондоо, сайн сайхан амьдралыг хөдөлмөр биш мөнгө гээд ойлгочихжээ гэж бодоод байна.

-Ялангуяа кино урлагаар хүмүүст  маш их нөлөөллийг өгөх боломжтой шүү дээ. Монголчууд нийтээрээ гадаадын олон ангит кинонд донтчихжээ. Сүүлийн үед монгол кино нь хүртэл Солонгос олон ангит кино­нуудын хуулбар шиг эсвэл зодолдсон, алж хядсан л сэдэвтэй болж?

-Би хөдөө орон нутагт очихдоо сургууль, дотуур байр болгоноор нь орж байсан. Гэтэл бүх хүүхдүүд нөгөө л Солонгос савангийн дууриа л үзэж байна. Солонгосын бага хаадыг дэлхийн агуу баатар байсан мэтээр ойлгочихсон хүүхдүүд өөрийнхөө аав, ээжийн намтраас илүү ярьж байх юм. Энэ чинь л уураг тархи гашилсныг хэлж байгаа юм. Үндэстнийхээ үнэ цэнийг биш гадаадыг шүтсэн хүүхдүүд мянга мянгаараа өсөж өндийж байна. Ийм хүүхдүүд эх орноо худалдахаас сийхгүй хүн болж төлөвшинө. Сүүлийн 30 жил энэ замаар явсан учраас буцаад зөв зам руугаа ороход дор хаяж 15 жилийг туулах хэрэгтэй. Одоогийн телевизийн удирдлагууд мөн л сүүлийн 30 жилд хүмүүжиж, энэ нийгэмд бий болсон хүмүүс байгаа. Эндээс олигтой юм хүлээнэ гэдэг хэцүү. Картын бараанаас эхлээд өлсгөлөн хоосрол, ганзагын наймаа, арилжааны банк, ломбард, уул уурхайгаас бүрэлдсэн ертөнцөөс төрсөн хүмүүс оюуны үнэт зүйл, өв уламжлал, соёл, эх орон гэдэг зүйлээ гээдэг юм байна. Тэд яах гэж телевиз байгуулсан гэхээр 1990-ээд оны сүүл үеэр сонгуульд зориулж телевиз байгуулсан нь тодорхой болсон. Кино урлаг, телевизийн нэвтрүүлгээр хүмүүст өгч буй бүх контентыг хүний уураг тархинд шууд очдог гэдгийг нэгдүгээр зэргийн ач холбогдолтой гэж үзээгүй, харин мөнгө л бодоод байна. Улс төрийн давлагаа, нийгмийн шилжилтийн үеийнхэн буюу 35-45 насныхан аль аль талаараа хохирсон гэж болно. Тэдэнд хүмүүс нэг бол зугаа цэнгэл, зодоон цохион, мөрийтэй тоглоом л сонирхолтой учраас нийтийн масст тааруулсан кино бүтээлийг хайр найргүй төрүүлж байна. Соён гэгээрүүлэх ажлыг уйгагүй 10 жил хийж байж аажмаар хүмүүсийн сэтгэлгээг гэгээрүүлнэ.

-Залуу хойч үеэ “аврахын” тулд бид юу хийх ёстой вэ?

-2000 оноос  хойш эцэг, эхчүүд үр хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг болж. Зэгсэн сайн боловсрол олгохыг эрмэлздэг болж. Нэн шинэ үеийнхэн олон хэл устай, юмыг харьцуулж хардаг, гадаад дотоодын сайн, мууг ялгадаг болжээ. Гэвч Монголоосоо тасрах хандлагатай. Жишээ нь, Ч.Чимидийн “Би Монгол хүн” шүлгээс Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би... гээд уншвал хотын хүүхдүүд ойлгохгүй шүү. Миний үеийнхэн Б.Ренчин гуайн “Заан залуудай”, Эрдэнийн сан Субашидыг 10 хүүхдийн найм нь мэддэг байсан бол одоо үеийнхнээс хоёр нь л мэдэж магадгүй. А.Линдгрены “Урт оймст Пиппи”-г европын бүх хүүхдүүд мэддэг. Сүүлийн үед Ж.Ровлингийн  “Харри Поттер” хүч түрэн орж ирсэн. Холливудын кино ертөнц ихэнхдээ Г.Х.Андерсены үлгэрүүд, Ах, дүү Гримийн үлгэрүүдээс эсвэл Библийн үлгэр домгоос сэдэвлэсэн кино бүтээдэг. Тэгээд цаашаа байхгүй. Гэтэл Монгол ардын үлгэр домог, тууль яндашгүй арвин баялаг. Түүнээс сэдэвлэж оффшорт хадгалсан мөнгөөрөө кино бүтээгээд явсан бол энэ олон хэрэггүй гадаадын савангийн дуурийг үзэх шаардлагагүй байх байсан. Залууст хандаж хэлэхэд Л.Түдэв гуай гурван төрлийн дайсан бий гэж хэлсэн. Нэг дэх дайсан бол тооноор чинь шагайна, энэ бол огторгуйгаас орж ирж байгаа интернэт, хоёр дахь дайсан бол  ханын хаяагаар гулгаж орж ирнэ, энэ бол төмөр замаар орж ирж байгаа эд бараа, гурав дахь дайсан бол дундаас чинь гарч ирнэ, энэ бол хоорондоо таарч тохирохоо больсон олон ургалч үзэлтнүүд.

-Та бол жинхэнэ амьд­ралын хөрсөн дээр, хар бор амьдралтай хутгалдаж, хүмүүсийн амьдралын гүнд нь орж олон баримтат нэвтрүүлэг хийсэн. Амьдралынхаа ихэнх хувийг нэвтрүүлгийн монтаж хийхэд зориулсан гэдэг?

-Биднийг 1980-аад онд уран бүтээлд хөтөлж оруулсан, үглэж шаардаж, сургаж, хажууд байсан ахмад үеийнхэн маань хуучны үнэ цэнтэй зүйлээ бидэнд өвлүүлж үлдээж чадсан байна. Ахмадуудынхаа зааж сургаж байсан тэр хайрцгаар, тэр хүчээр л явж байна. Одоо бид өв тээгч болж байгаа учраас залуу хойч үедээ мэдэх юмаа аль болох хэлж өгдөг. Бидний үед нэвтрүүлэг хийдэг технологи өөр байсан. Дүрсээ эвлүүлэхдээ хүний сэтгэлд хүртэл нь яг л торгон утсаар үйл мэтгэхтэй адил уран бүтээлээ туурвидаг байсан. Одоо залуу уран бүтээлчид нэвтрүүлгээ үйл шаглах адил мэтгэж, урлаж хийж чадахгүй байна. Би нэг хүнтэй ярилцлага хийхдээ тухайн уран бүтээлийнхээ нэг хэсэг нь л гэж боддог байсан бол залуучууд нэг хүнтэй ярилцлага хийснийгээ бүхэл бүтэн уран бүтээл гэж бодоод байна. Маш олон зүйлээс бүрэлдэж байж амттай, шимттэй, үлдэцтэй нэвтрүүлэг бүтдэг. Жишээ нь, 20 минутын нэвтрүүлэг бэлтгэхэд дунджаар 12 цаг сууж монтажилдаг. Хоёр долоо хоног тутам 40 минутын нэвтрүүлэг бэлтгэж, дээр нь нэмээд найз нартайгаа нэвтрүүлэг хийхэд сард таван нэвтрүүлэг дээр ажилладаг байсан. Гэртээ унтахын тулд л харина шүү дээ. Нэг бол хөдөө, гадаа яваад өгнө. 1980-1990-ээд оны үед манай телевизийн хонгил шөнө дөл болтол яг л Нарантуул зах шиг бужигнадаг байлаа. Сайн нэвтрүүлэг хийх гэж орон гэрээ умартсан л улсууд. Харин одоо бол нэвтрүүлгүүдийг хараад байхад хөтлөгч нь хэр олон удаа донжтой гоё хувцас сольж өмсөв гэдгээрээ л нэрд гараад байна. Бидний үед телевизээр сонин харагдах нь гол биш хэрхэн хүний сэтгэл зүрх, оюун ухаанд юм хийх үү гэдэг нь л чухал байлаа. Герман, Унгар, Чех, Орос зэрэг 16 орны телевизтэй танилцаад явж байхад техник технологи нь өөрчлөгдсөнөөс биш нэвтрүүлгийн орц, дэс дараа дүрэм журам нь хэвээрээ л байна лээ. Нэг нэвтрүүлэг дээр 46 хүн ажиллаж байхыг хүртэл харсан шүү.

-Нэвтрүүлэгч хэр олон хувцас өмссөнөөр нь... гээд ярьсан чинь дэлгэцээр таныг дандаа л малгайтай харж байсан юм байна шүү?

-Би хөдөө гадаа их явдаг болохоор наранд сүүдэрлэх гэж малгай өмссөөр байгаад малгайндаа дасчихсан. Хүн гэдэг нэг хүлээгээд авсан зуршил нь ямар байна түүгээрээ л байдаг юм байна.

-Өнөөгийн сэтгүүл зүйн салбарын тухай таны бодол?

-Сэтгүүлчид татсан хэцэн дээр суучихсан болжмор юм уу даа. Өнөөгийн сэтгүүл зүй бол нийгмийн шинэчлэлийн үед замбараагүй, цэгцгүй, туушгүй явж орсон бүтээгдэхүүний татсан хэц. Бидний үед сэтгүүл зүйг анх үүсгэн байгуулсан Ж.Цэвээний тухай заавал уншиж судалсан байдаг бол одоогийн сэтгүүлчид мэдэхгүй байна. Харин европын топ модель, нэртэй брэндүүдийн тухай сайн мэдэж магадгүй. Намайг социализмын үеэ яриад л байна гэж бодох байх. Тэр үед аливаа юманд зорилготой, чиглэлтэй, тууштай байсан болохоор л яриад байгаа юм.

-Таны эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Бид цөөхүүлээ. Байгалиас заяасан энэ их баялгийг бид тэгш хүртэх ёстой. Хүртэхдээ ахмад настан, эрдэмтэн мэргэд, төрийн бодлого боловсруулж байгаа хүмүүсийнхээ заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хүн бүр нэг, нэг аяга, шанага, халбага бариад эх орныхоо элгэн хөрс рүү дайрч орж болохгүй. Байгаль дэлхий гомдоно шүү дээ. Би нүд халтирмаар, элэг эмтэрмээр дүр зургийг хөдөө нутгаар олон харсан. Монголчуудын хэдэн үеэрээ идээд барахгүй байгалийн баялгийг эцэг өвгөд маань бидэнд өвлүүлэхдээ журамтай, цэгцтэй, хууль дүрмийнхээ чанд сахилга дор хүртээмжтэй зөв хэрэглээрэй гэж өгснөөс эрх мэдэлтнүүд нь л хагартлаа идээд, баяжаарай гэж хэлээгүй. Одоо гэтэл өөрсдийнхөө эрх ашигт таацуулсан хууль дүрмийг тус бүртээ боловсруулж, дураараа дургиж байна.  Энэ бүхний ул мөр нь эх орон минь батгатай нүүр шиг  ухуулж хонхойсон нүх сорви л үлдэж байна. Эх орныхоо газар, хөрсийг арчилж тордохоосоо илүү эр, эмгүй солонгос тосоор нүүрээ л арчилдаг боллоо.

-Эх орон даяар “Байгаль эх- Хариуцлагатай уул уурхай” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж “Эрхэт Монгол” медиа группийн захирал Х.Мандахбаяр 21 аймгаараа явлаа шүү дээ. Ер нь энэ хүний талаар та юу гэж боддог вэ?

-Зүрх зоригтой юу гэвэл зүрх зоригтой. Залуу хүн юм чинь айхаа мэдэхгүй шүү дээ.  Улс эх орныхоо үнэтэй сайхан байгаль, газрын баялгийг хамгаалахын төлөө хүн бүр тэмцэх хэрэгтэй гэж үзвэл зөв болж харагдаад байгаа боловч сонгуулийн өмнөх үетэй таарч байгаа учраас л хүн бүхэн “ягаан” шилээр л хараад байна. Одоо яах вэ дээ, нийгэм нь хүмүүсээ тийм болгоод, бүр сургачихсан юм чинь. Та бид хоёрыг үлгэр ч ярьсан, дуу ч дуулсан сонгуулийн өмнө таарч байгаа бол нөгөөх л шилээрээ харна даа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор түр завсарласан байна. Би хаврын улиралд ажлаа эрчимтэй эхэлдэггүй юм. Яагаад гэвэл хүний бие организм сульдаж ядарсан байдаг. Тавдугаар сарын сүүлээс эхлээд л ажилдаа ордог. Байгаль дэлхий төлжин соёолж, урган нахиалдаг шиг бие сэргээд шинэ бодол санаа төрнө. Би бүтээл гэхээсээ илүү дараа үедээ юу хийж чадах вэ гэдэгт төвлөрч байна. Жишээлбэл, Энэ бол архивын дөнгөж 10-ны нэг хувь нь. /өрөө дүүрэн өрөөстэй тусгай зориулалтын хайрцагтай хальс үзүүлэв/ Хальсаа бид сайн хадгалж чадсан ч цаашид гүүглтэй адилхан лавлагааны системд оруулж чадаагүй. Энэ зургийг хэн, хаана, яах гэж авсан юм, оператор, гэрэлтүүлэгч, жолооч нь хэн байсан юм гээд нэг бүрчлэн лавлагаа бичиж дотоодын гүүгл буюу файлын системд шилжүүлнэ. Залуу хүүхдүүд архивын бичлэг, зураг хараад энэ костьюмтэй ах хэн юм, дээлтэй эгч хэн юм гээд л асуух нь холгүй. Өв тээгч гэдэг шиг бидний үеийнхэн л хэлж тайлбарлаж, таниулж өгч чадна. Бидний дараагийн үеийнхэн костьюмтэй ах, дээлтэй эгч л гэж  асуух болно. Бүх тайлбартайгаа гарч ирдэг болоход 10 жил шаардлагатай. Монгол Улсын 52 жилийн түүх шүү дээ. Манай архивт хоёр жилийн туршид нэвтрүүлэг давтахгүй үзүүлчих нөөц бий шүү.

-Шинэ ном бүтээл туурвиж байна уу?

-Миний гаргасан 5-6 ном бий. Сэтгүүлч хүн цаг үеийнхээ товчооныг өдөр бүр бичиж байх ёстой. Хэвлэх нь л юу юм гэхээс бэлэн болсон зүйл олон бий.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.190) 2020 оны 04 сарын 18

Сайхан ярилцлага болжээ. Өв тээгч олон байгаа үүнээс идэвхтэй нэг нь Золжаргал яах аргагүй мөн. Нэг хэсэг нь ёс заншлаа мэддэг байлаа ч яаж залууст хүргэхээ мэдэхгүй дэмийл буримдаж суух юм. Аижилт хүсье

2  |  0
zochin(92.240.178.131) 2020 оны 04 сарын 18

Zoljargaliigsain setguulch l geed baihiin 40 jiliin hugatsaand yag yu hiivee tiim mundag yum bol unuudur galiin shugamand hamgiin turuundyavj l baih estoi haya neg yaraltslag ugsun shig shuumjilsen shig mgl uls yamar bgaa bilee uneheer medleg bolovsroltoi setguulchid bugd har amia bodood nam dagaad heden tsaas amlasand havchuulagdaad bugd alga bolson doo haramsmaar

0  |  1
Дэлгэрмаа(66.181.161.21) 2020 оны 04 сарын 18

Ухаантай, шударга хүний үг юутай амттай юм бэ? Маш сайхан ярилцлага байна.

2  |  0
Зочин(66.181.161.109) 2020 оны 04 сарын 15

Яахав дээ юу нь ч нуршуу хөөргөсөн ярилцлага бас сонгууль ойртлоо сэтгүүлч ухаантай юм барьцаж санаархана аа.

0  |  0
Darisuren(66.181.161.112) 2020 оны 04 сарын 15

Shan yriltslaga bna. Tiimee. Jaahan baigali tiishee helbiimeer bolson shuu. Het hundiirch bna. Nuguu garig anduursan gedeg shig. Baigaliin amitan murtuu denduu holdoj bna. Matiriallag heregtsee het davamgailj bna daa. Hun bur sanuushtai.

0  |  0
хүн(66.181.161.106) 2020 оны 04 сарын 15

монгол улсад одоохондоо 890 хууль биш 720 нь хууль нийгмийн амьдралыг зохицуулж бга, 1992 онд батлагдсан үндсэн хууль тийм олон төрөлд хуваагдаагуй бол, нэг л үндсэн хуультай, тэгээд бас процессын хууль болон материаллаг хууль гэж ангилах байх, уншигчдад буруу мэдээлэл очиж бга тул залруулга хийв, бариад идчэв

0  |  0
Байгалнавч(121.100.120.95) 2020 оны 04 сарын 15

Сайхан ярьжээ баярллаа... балчирууддаа үлгэр ярьдаг хүн ховор болж мэддэггүй нь их бна .. эмгэн өвгөн 2 амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг ..амьдралд гэр бүлийн бат бөх хайр л үгүй болоод байгаад л харамсалтай санагддаг ...

1  |  0
Je(59.153.114.33) 2020 оны 04 сарын 15

ENE NEG YUM BNA. ALTAI . SONGdO ZAXIRAL EMCH . E/S ASAN AMARJARGAL GEED NEG MEDED BGAMU MEDEHGUI BGAN BAS MEDEGDEHGUI CUDLA SHAADAG ZORIG MUUTAI . HEDEN POP BNAA BNA

0  |  1
зочин(202.70.37.34) 2020 оны 04 сарын 14

Яг үнэн. Залуу үе ямархуу иргэн болж төлөвшиж байгааг харахад ер нь бол сайн муу хоёр талтай л байна. Яг өсвөр үеийн хүүхдүүдээ хэрхэн зөв хүн болгох тухайд үнэхээр их сэтгэл зовниж явдаг. Яаж номонд дуртай, бидний үе шиг сайхан шимтэж уншиж сургах ёстой юм бол гэх мэт сэтгэл зовоосон асуудлыг мундахгүй их байнаа.\n

2  |  0
Зочин(202.55.188.89) 2020 оны 04 сарын 14

Бас л сонин сэтгэх юм. Интернет бол хор биш шүү дээ. Энэ чинь технологийн дэвшил. Яаж ашиглах нь хувь хүний соёл төлөвшил, чадвар, ухамсраас хамаарна. Олон ишт үзлийн суурин дээр ардчилал оршиж буй юм шүү дээ. Бараа таваарын импорт манайд үйлдвэрлэл хөгжөөгүйн батлагаа болохоос өөр ямар нэг үзэл суртлын хэрэгсэл биш л дээ.

1  |  2
Purevsuren(202.9.46.144) 2020 оны 04 сарын 14

Malgai n hend gai bolood bnaa.Goe turhtei dandaa hund gai boldog humuus horvoogoor duuren l bna zugeer haychihaj boldoggui umuu

2  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 04 сарын 14

Сайн сэтгүүлч, мэргэшсэн сэтгүүлч гэж боддог. Энэ хүний нэг зүйлд нь дургүй хүрээд байдаг юм. Хаана ч явсан засгийн газрын ордонд ч гэсэн саравчтай малгайнаасаа салахгүй юм. Хүмүүс бодохдоо толгой нь өтчихсөн юмуу, эсвэл яртай юм болов уу л гэж боддог байх. Ямар нэгэн нэвтрүүлэг, хүмүүстэй уулзалтанд орохдоо наад хөгийн тоорцогоо авч ард түмнийг хүндлэх хэрэгтэй. Халзан бол юунаас нь ичдэг юм, зөндөө л халзан хүмүүс байдаг ш дээ. Наад малгай чинь чамайг үнэхээр гутааж бна шүү. Уул нь үнэхээр сайн сэтгүүлч. Даанч малгай нь гутаагаад өвөө шиг харагдуулаад байх юм.

2  |  3
Зочин(49.0.218.205) 2020 оны 04 сарын 14

Сайн сэтгүүлч, мэргэшсэн сэтгүүлч гэж боддог. Энэ хүний нэг зүйлд нь дургүй хүрээд байдаг юм. Хаана ч явсан засгийн газрын ордонд ч гэсэн саравчтай малгайнаасаа салахгүй юм. Хүмүүс бодохдоо толгой нь өтчихсөн юмуу, эсвэл яртай юм болов уу л гэж боддог байх. Ямар нэгэн нэвтрүүлэг, хүмүүстэй уулзалтанд орохдоо наад хөгийн тоорцогоо авч ард түмнийг хүндлэх хэрэгтэй. Халзан бол юунаас нь ичдэг юм, зөндөө л халзан хүмүүс байдаг ш дээ. Наад малгай чинь чамайг үнэхээр гутааж бна шүү. Уул нь үнэхээр сайн сэтгүүлч. Даанч малгай нь гутаагаад өвөө шиг харагдуулаад байх юм.

0  |  2
Зориг(202.126.89.240) 2020 оны 04 сарын 14

Бас л гүн сэтгэдэг ухаантай хүн юм даа

1  |  0
Top