Өмгөөлөгч тусгаарлагдсан үндэслэлээр Ш.Мөнгөншагайг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Тодруулбал, дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган  НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.  

Гуравдугаар сарын 09-ний өдөр Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн хурлыг өнөөдөр товлоод байсан ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Учир нь, шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав нь ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан, шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгдэгч нарыг өмгөөлөх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top