“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол өнөөдөр /2020.04.14/ илэрсэн байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээллээ.
ХӨСҮТ-ийн эмч нарын Шуурхай баг тус эмнэлэг дээр ирж ажиллан, тухайн иргэдээс шинжилгээ авчээ. Одоогоор үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн үйл ажиллагааг түр хааж, ажилтан, хэвтэн эмчлүүлэгчдийг өрөөнд нь тусгаарлаад байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРТ ДЭМБ-ААС ГЭРЧИЛГЭЭ ОЛГООГҮЙ ТУЛ ЯМАР Ч ТОХИОЛДЛЫГ PCR ОНОШЛУУР АШИГЛАН БАТАЛГААЖУУЛНА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-"Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусний хурдавчилсан тестээр шинжилгээ авахад хариу эерэг гарсан. Нэг нь 80 гаруй насны, нөгөө нь 40 гаруй насны хүн байна. Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд яваад ирсэн юм байна. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны үед ирээд явсан гэж тайлбарлалаа. Тийм учраас тухайн хүнд тавьж үзэхэд халдвар илэрлээ. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Түргэвчилсэн шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
Хоёр дахь хүний тухайд өөрөө явж байгаа тул ХӨСҮТ рүү аваачиж, тусгаарласан. Хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр заавал баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлан, дээж авсан байгаа. "Сонгдо" эмнэлгийг хаагаагүй. Нэг өрөөнд нь өвчтөнийг маргааш шинжилгээний хариу гартал тусгаарлана. Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй тул ямар ч тохиолдлыг PCR оношлуур ашиглан баталгаажуулж байгаа.
Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа
-Батлагдсан оношлуур бол PCR. Эхний удаа яаралтайгаар хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. Энэ нь гэхдээ вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа бус вирусийн халдвар аваад цусанд нь үүссэн антителийг илрүүлж байгаа оношлуур юм. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр байдаг. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохилдлуудаа шинжилгээнд илгээж байгаа.
Тийм учраас ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгохгүй байгаа. Ер нь аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас авч, вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр баталгаажуулсны дараа дахин мэдээлэл хүргэнэ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн "Өндөр настай, хавдрын өвчтэй хүний уушгинд сүүдэр гардаг. Архаг бронхит ч байдаг" гэсэн мэдээлэл өглөө.