Увс аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал, сургууль цэцэрлэгийн халаалт зэрэг асуудлаар хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.
ЕБС, цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-аас эхлэн хэсэгчилж хаах, хөлдөлт үүсгэхгүй байх, зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, далан шуудуу суваг сэргээх ажлыг зохион байгуулах, уг ажилд иргэд аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулахыг даалгасан байна.
Аймгийн хэмжээнд энэ долоо хоногийн тав дахь болон амралтын өдрүүдээр их цэвэрлэгээг зохион байгуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гэр хороололд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зардлыг тооцож, ажлыг зохион байгуулах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулалттай гүйцэтгэх, байгууллага бүр ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах, “Амны хаалтаа зүүцгээе” аян өрнүүлэх зэрэг шийдвэрийг гарган холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа байнга ариутгаж хэвшихийг анхааруулж байна.