Оросын цагаан хус шиг Анна Светлена

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Орос бүсгүй Светлена гэрийн тооноор анивчих гүн шөнийн тэнгэр дэх оддыг ширтэн бодлогоширно. Аргал хөрзөн үнэртсэн монгол гэр их л дулаахан аж. Гадаа хонь малын яраглах хивэх нь бүдэгхэн сонсогдоно. Үхлийн зооноос азаар амьд гарч монголын мэлцийн цэлийсэн талд бүртийх өдрийн од шиг ховорхон тохиолдох гэртэй тааралдсан нь зүүд ч юм шиг. Гэрт тун нам гүмхэн . Хүүхдийн дулаан өлгий л гэсэн үг. Ийнхүү нэг онь сэтгэлийн түгшүүр амарлин тайван хэвтэхүйд хэдэн жилийн өмнө ус цус холилдон царцсан  алс өрнийн хүйтэн нуувчинд чичирч суусан нь үлгэр мэт санагдана. Орь залуу хорин хэдхэн насандаа тэр тусмаа сүүлийн дөрвөн жил үхлийн ирмэг дээгүүр зүрх шимшрэн мөлхөж, тэмтчиж явснаа бодоход хар дарсан зүүд, харанхуй шөнийн нүдгүй салхи шуурга л гэсэн үг.

Эх орны дайн эхлэхэд Светлена төрөлх Рязань хотынхоо анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангийн төгсөх курсын оюутан байлаа. “Эх болсон эх орон” гэсэн эрэлхэг уриа орос хүн бүхний зүрхийг донсолгон татаж, фронтын зүг тэмүүлсэн тэр өдөр дөнгөж хорин насны босгыг алхсан оюутан Светлена сувилагчийн цүнхээ үүрээд түм буман дайчдын хамт фронтод явж билээ. Шүдээ хүртэл зэвсэглэсэн Германы нүсэр том армийн эсрэг Орос орон тэр чигээрээ сөрөн тэмцсэн дайны хар бараан өдрүүд эхэллээ. Энэ бүхнийг одоо дурсан санахаас зүрх шимширнэ. Аргагүй юм, гурван өдрийн өмнө хориотой зооноос амьд мэнд мултран зугатаж чадсан нь ид шид, тэнгэрийн өршөөл байсан мэт бодогдоно. Өчүүхэн төдий сэрэмж алдваас халуун сум цээж нэвт цохих тэр аймшгийг гатлан гарна гэдэг хэний ч санаанд багташгүй зүйл. Нүдгүй шуурга исгэрэн хуйларсан хаврын тэр тас харанхуй шөнө л  түүнд тус болжээ.

Эх орны дайны баатар Власовын армийг урвасан хэмээн буруутгаж хатуу чанга цээрлүүлсэн бөгөөд Светлена тэрхүү генерал Власовын армид тулалдаж явсны учир торгуулийн сумангийн сувилагч болж хувирсан билээ. Тийнхүү 505-ынхан гэгдэх хоригдлын нэгэн болж буман бээрийг буу, жадны эрхэнд туугдан туулсаар дайн дууссаны дараахан Монголын элцэлгүй уудам нутагт умраас өмнийг чиглэсэн хэдэн  зуун км төмөр зам тавих хэрээс хэтэрсэн хүнд  ажилд зүтгэж эхэлсэн ажээ. Халуун нар, тасхийм жаварт нойр хоол муутай цаг наргүй үхлийн  босгон дээр дэнтэй дунтай зүтгэсэн олон мянган хоригдлуудын дунд Рязань нутгийн охин Светлена амь дүйн ажиллаж байлаа. Офицеруудын харгислал, доромжлолыг тэсэн гарна гэдэг бэрх байсан ажгуу. Царайлаг, нуруулаг төрснийхөө “гайг” тэрээр бишгүй эдлэв. Дээд дунд тушаалын хэн дуртай дарга нь түүнийг хүч хэрэглэн эзэмдэнэ. Амиа хорлолтой нь биш. Үхэхийг хэн хүсэх билээ. Светлена хэдэн өдрийн өмнө зооны нэгэн ялимгүй онгорхой нүхийг олж харж , тун сүрхий нүдэлсний учир шуургатай тэр шөнө түүгээр самбаачлан гарсан ажээ. Золоор тэр хүйтэн харанхуй шөнө офицерууд архидаж, эргүүлийн офицер нь халамцуухан байж, харуулууд ч түүнийг далимдуулан уруудсан адуу шиг жаал зогсож байснаа байрандаа ороод унтчихсан юмсанжээ. Светлена ааг амьсгаагүй гүйсээр үүр тэмдэгрэхийн үес арайтай осгож уналгүй явсаар нэгэн айлын бараа харжээ. Азаар хаврын эхэн сарын энэ шөнө алс өрнийн цаст хүйтнээс хамаа ч үгүй дээр байсан нь амь алдахад хүргэсэнгүй. Наталъяагийнх нь өгсөн зузаан ноосон цамц ч их тус болжээ. Дагжтал чичирсэн түүний өөдөөс нохой давхиж ирснээ баахан ээрч хуцав. Тэр чимээнээр Самбуу өвгөн гэрээс гарч нохойгоо дуудав. Шуурга нэгэнт тогтсоны буянаар ийнхүү амьтай голтой бүсгүй монгол айлын босгыг алхах нь тэр. Хашир өвгөн эмгэн хоёр сайхь бүсгүйг өрөвдөхийн учир дахаар битүү дарж хэвтүүлэв. Хацар нүүр нь хөлдөж, гарынх нь хуруу мэдээгүй болсон Светлена амьд үлдэв. Дохио зангаа оролцуулан байж оргож яваагаа ч ойлгуулав. Амь дээсэн дөрөөн дээр байгаа цагт юугаа ч нуухсан билээ. Тэр ч байтугай ганц ах минь дайнд үрэгдсэн, ээж аав хоёрын сураг дуулдаагүй зургаан жил өнгөрсөн, тэд минь хөдөө тосгонд амьдардаг л юмсан, би монголд төмөр зам тавилцаад хоёр жилийн нүүр үзэж байна. Маш хэцүү хүнд өвдөж зовж байгаа гэсэн санааг элдэв дохио зангаагаар арай ядан ойлгуулав. Ингэж ярихдаа үе үе нүд дүүрэн нулимс мэлтэрнэ. Самбуу өвгөн санаа алдан хөгшнийх нь хацар дээгүүр нулимсан зам татна.

Түүхээс сөхөж үзвэл Власовын двиз нэгэн ширүүн тулалдааны үед тугаа алдсан агаад түүгээр нь Валасовыг дайсанд бууж өгч урвасан хэмээн үзэж хэдэн мянган хүнтэй тэрхүү том хүчнийг торгуулийнх болгож орхисон гэдэг. Генерал Власовыг шүүхээр ч оруулалгүй цаазалжээ. Энэ бол Сталины тушаал байлаа. Тэр том тулалдаан эх орны дайны түүхэнд гарсан хүч тэнцвэргүй нэн аймшигтай тулаан байсан гэдэг. Бууж өгсөн хэмээн хэлмэгдлийн шуурганд дайруулан хилсэдсэн хөөрхий Валасовчууд үхлийн өөдөөс улаан нүүрээрээ тулалдан сүйрснээс гадна дайны дараа үлдсэн хэдэн мянган хүмүүсийг Монгол уруу хөөж төмөр зам тавих нүсэр бэрх ажилд зүтгүүлсэн ба тэдний дотор энэхүү зохиолын баатар Светлана шиг үй олон бүсгүйчүүд байжээ.

Үдээс хойш хөөрхий оргодлыг илүү  гэртээ нуув. Аль газрын хүний үр ингэж амь дүйн явааг харсан хээр талын малчин буурлууд бүсгүйг тас нууж асарсны хүчинд хэд хоногийн дараа Светлена дажгүй сайхан эдгэв. Илүү гэртээ гал түлж хураалттай барааны ард нуугаад хэд хонов. Тийнхүү тав дах хоногийн үдээс хойш машинтай оросууд тэднийд давхиж ирэв. Орос хошууч хоёр офицертой яваа аж. Үүний урьд 505-ынхнаас хоригдол хүүхэн оргосон тухай сураг зарыг сумын захиргаа, хэлтсийн төлөөлөгчид мэдэгдсэн ч олж чадсангүй. Энэ их хүйтэнд хувцас муутай хоригдол хаа холддог юм, тэр ойр орчны нутгийн айлд л байгаа. Нэг бол үхсэн гэсэн дүгнэлтийг хошууч Миронов гаргаад салхины уруу чиглэлдэх айл айлаар эрсээр хамгийн сүүлд сумын хэлтсийн төлөөлөгчийн зааснаар сумаас нэлээд зайдуу байдаг Самбуу өвгөнийд ирсэн нь энэ юм. Өөрийнх нь ээлжин дээр оргосонд Светленаг хорсон зүхэж галзууртлаа уурласан Миронов шүдээ зууна.  Хоёрхон хоногийн өмнө өвгөн хаширлаж оргодолтой хамжин илүү гэр дотроо суугаа хүн багтчихаар нүх ухаад адсага хөдсөөр таглан дээрээс нь элдэв хог новшхоноор дарахаар бэлтгэжээ. Тэр өглөө Самбуу зоос зайлж сууснаа “За даа, хөгшин минь болохоо байлаа шүү. Энэ муу охины зам мухардав бололтой. Эртээрээс хойш нэг муу ёрын совин татаад байсан юмаа. Гурвуул илүү гэртээ шалавхан оръё” гэсэн дохиогоор Светлена эсгий үүд түлхэн гарч гүйгээд илүү гэрт оров. Хөөрхий бүсгүйг мөнөөх бэлтгэсэн нүхэнд суулгаж хэр чинээгээрээ нуун далдалжээ. Гал хөс ч түлсэнгүй. Үдийн алдад дээр өгүүлсэн машин ирж нохой хуцав. Хойноо битүү тэрэгний араас том шар нохой хөтөлсөн залуухан офицер гарч ирэв. Кабинаас хошууч Миронов буулаа. Даага шиг том шар халтар нохой гинжээ дугтчин харжигнуулсаар ухас ухасхийнэ. Тэд өвгөнийд ороод цай ч амссангүй, гарч илүү гэр рүү оров. Нохой орж очингуут хураалттай барааг шиншлэн самардаж хуцсанаар хоригдол бүсгүй өвгөний хэлснээр зам нь мухардав. Бүсгүйн үс гэзгээс дугтран татаж босгохыг харсан Сүрэн эмгэн дуу алдан, өвгөний нь өвдөг чичрэн зогсчээ. Миронов олон ч юм ярьсангүй өвгөн бүсгүй хоёрыг бууныхаа амаар дохиод машины бүхээгэнд түлхэн чихэв. Светлена нулимс хурсан нүдээр эмгэний зүг эцсийн удаа харжээ. Хоромхон зуурд болсон явдал даанч айшигтай байлаа.

Хожим сонсвол өвгөнийг суман дээр байцааж хэд хонуулсны дараа гэрт нь буцаахдаа хэлтсийн төлөөлөгч хэдэн төгрөгөөр торгоод өнгөрсөн байжээ. Тэр хоёрын хооронд чухам ямар яриа болсныг бүү мэд. Эрүү өвдөг нь нийлэх дөхсөн өвгөнд ял өгөөд ч яахсан билээ. Тэгээд ч өвгөний хашир хурц ухаанаас гарсан үг л түүнийг аварсан гэлцэх яриа тэр нутгаар тарсан дуулддаг. Светленаг баривчилсан өдрийнхөө маргааш хоригдлуудыг жагсааж байгаад ямар ч шүүхийн тогтоолгүйгээр олны өмнө бууджээ. Гар нь хүлээтэй бүсгүйн нүдэнд тэр эцсийн торгон агшинд Рязанийн шүүдэр гялалзсан нуга тал нь харагдсан мэт үхлээс огт айхгүй омог бардамхан инээмсэглээд эхийн тухай уянгалаг дуу дуулан зогссон гэдэг. Түүний нүдэнд занал хорслоос гадна энэ тамаас үүрд явах гэж байгаадаа баярласан байдал илт харагдаж байжээ. Буу тасхийх мөчид хоригдол бүсгүйчүүдийн нүд хальтран зарим нь дуу алдсан бөгөөд энэхүү аймшгаас дальдрах мэт хаврын бүүдгэр нар хэсэг бараан үүлний цаагуур шургажээ. Олон жилийн турш фашизмийн өөдөөс амсхийх завгүй тэмцэж яваад “Власовын 555” гэдгээр хэлмэгдэн монголын тал газар сүүлчийн амьсгалаа татсан оросын цагаан хус шиг оросын сайхан бүсгүйн алтан шар үсийг хээрийн салхи илбэн хийсгэж, гунигтайяа исгэрнэ.

Хоригдол бүсгүй оюутан байхдаа төрөлх нутгийнхаа уянгын их шүлэгч Есениний хусны тухай, хайрын тухай шүлгийг дэндүү сайхан уншдаг байсныг нь, түүний цэх шулуун шилбэ, тунгалаг цэнхэр нүдийг олон залуус бишрэн хайрлаж байсныг нь, дайны хүнд жилийг хамт туулсан сувилагч асан, одоо бол хоригдол гэгдэх Наталъя найз нь зүрх шимшрэн дурсаж зогссоныг хэн ч мэдэхсэн билээ. Бас түүнд зузаан цамцаа өгч явуулсныг нь ч  яахан мэднэ. Их талын дээгүүр уй гунигийн салхи исгэрэн, зөөлөн цагаан цас Светленагийн хацар нүүрэн дээр бууж байлаа. Энэ цас ирж яваа цагийн угтал, энэ хаврын сүүлчийн цас ч байсан байж мэдэх юм. Ай халаг гэж. Ирж яваа цаг шүү.

505-ынхан бол хүний тооноос хасагдсан, үхлийн босгон дээр амиа арай ядан тээж явсан хүмүүс байжээ. Светленаг унасны дараахан хоригдлуудыг хөөж оруулав.Төдхөн бүсэндээ чинжал хутга зүүсэн нэгэн бүдүүн эр түүнрүү очиж туранхай цагаан шуунаас нь атган хурц хутгаар 555 гэсэн тоо бүхий шивээсийг нь яран өвчиж аваад амьгүй болсон биеийг нь цогцос ачдаг тэрэгний тэвш рүү чулууджээ. Тэнд бас шивээсээ өвчүүлсэн хоёр цогцос байлаа. Тэрхүү эрхий дарам шивээс бүхий арьс бол хоригдлыг орлох тооцоо нь эцсийн баримт болдог ажгуу.

Оросын цагаан хус шиг Анна Светлена хорин долоохон настай даан чиг залуухан хорвоо байжээ.

2016.09.09

МЗЭ-ийн шагналт зохиолч Э.ХАРХҮҮ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.24) 2020 оны 04 сарын 21

Хэдий уран зохиол ч түүхэн үнэн баримтыг илт гуйвуулж болохгүй ээ Хархүү гуай! Власовын арми тугаа алдсан төдийгөөр шийтгэгдсэн юм биш. Олон хоногийн хүнд бүслэлт, хэцүү тулааны дараа сум галт хэрэгслээ дууссан учир, үлдсэн цэргүүдийнхээ амь насыг дэмий үрэхгүй гэсэндээ Власов генерал бууж өгсөн гэдэг. Дайн дуустал тэр Зөвлөлтийн эсрэг суртал ухуулгын зэвсэг болж, урвагчдаас бүрдсэн бүлэглэлийг командлан Улаан армийн эсрэг тулалдсан.

0  |  0
Зочин(202.55.188.86) 2020 оны 04 сарын 19

Өнөө мундаг комунизмын маань сүүдэр энэ шүү дээ.

1  |  1
зочин(43.242.242.72) 2020 оны 04 сарын 16

энэ хүн хаанаас энэ зүйлийг олоод бичсэн юм бол баримт тай юм уу

0  |  0
Top