УИХ-ын өнөөдрийн /2020.04.16/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд энэ сарын 7-ны өдөр А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүний өргөн барьсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА: Энэ их чухал асуудал. Гэхдээ төмс, байцаа, сонгино, шар манжин гэж оруулсан байна. Төмс бол гаагүй шүү дээ. Заавал төмс гэж оруулж ирэх хэрэг байна уу. Тухайлбал, манай улс энэ жил сонгино 1000 га талбайд тариална. Үр байхгүй. 600 тонн үр шаардлагатай байх жишээний. Дээр нь, хүлэмжийн нарийн ногоо их чухал болчоод байна. Нарийн ногооны үрийн татварыг чөлөөлөх боломж бий юу. Техник, тоног төхөөрөмж нь гарцаагүй шаардлагатай болж байна. Үр тогтсон өндөг оруулж ирэх хэрэгтэй байна. Эх сүргийн дэгдээхэй зэргийг гаалийн албан татварын чөлөөлөөд өгчихвөл өндгөөр өөрсдийгөө хангах боломжтой болно. Энэ мэт зүйлийг энэхүү хуульд оруулж болох уу.
УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН: Энэ хуулийн зорилго бол дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах юм. Ялангуяа Монголд тарьж, ургуулдаг ногооны импортын татварыг 30 хувьд хүргэх зорилготой. Одоогоор хүнсний ногооны бүх төрлийн үрийн импортын татварыг тэг байхаар тусгасан. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл төмсний дутагдалд орно. Ердөө л 40 хувийн хангалттай байгаа гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА: Миний нэг асуултад л хариуллаа. Тоног, төхөөрөмж, үр тогтсон өндөгний асуудлыг ярьсан.
ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Төмсний сайн чанарын үр дотооддоо хийгдэж байгаа. Гэхдээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Одоо бол тал хувийг нь л үйлдвэрлэж байна. Тиймээс тодорхой хугацаанд төмсний булцуу оруулж ирэх шаардлага бий. Иймээс төмсний үрийг тусгасан юм. Сонгино, сармисний үрийг заавал импортоор оруулж ирэхээр өөр аргагүй. Хүлэмжийн нарийн ногооны асуудал анхаарал татах нь зүйн хэрэг. Өнөөдөр Монгол Улсад 9000 га талбайд нарийн ногоо тарьдаг. Энэ бол зөвхөн хэрэглээний гуравны нэг нь юм. Эрчимжсэн аж ахуйн тоног төхөөрөмжийг судлах хэрэгцээ бий. Цаашид нарийн судлах хэрэгтэй гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 0 )