Германы амьтны хүрээлэн зарим амьтдаараа бусдыг нь хооллоход хүрээд байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Германы Ноймюнстерийн амьтны хүрээлэн цар тахлын улмаас орлого нь огцом буурч, хүнс тэжээлийн хангамж тасалдсанаас болж зарим нэг амьтдаараа бусдыг нь хооллоход хүрээд байна.

Нэг зуу гаруй төрлийн 700 гаруй амьтантай тус хүрээлэн онцгой байдлын төлөвлөгөө гаргаж, зардлаа бууруулахын тулд эхний ээлжид унтуулах амьтдын жагсаалт хүртэл гаргасан тухай Ноймюнстерийн амьтны хүрээлэнгийн захирал Верена Каспари Германы мэдээллийн DPA агентлагт ярьжээ.

Хүнс тэжээл авах хөрөнгө мөнгөгүй болж, хүнс тэжээлийн нийлүүлэлт бүрэн зогсвол зарим нэг амьтдаараа бусдыг нь хооллохоос өөр аргагүйд хүрнэ гэж тэрбээр өгүүлжээ. Амьтдыг өлсгөж тарчлаасны оронд унтуулсан нь илүү хүнлэг шийдвэр болно гэж Каспари ярьжээ.

Өнгөрсөн сарын 15-нд тус улс даяар хөр хорио тогтоосны улмаас тус хүрээлэн орлогогүй болсон бөгөөд өдгөө зөвхөн хандиваар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Германы Засгийн газар эдийн засгаа аврахын тулд компаниуд болон ажилгүй болсон иргэдийг дэмжихэд зориулж нийт 750 тэрбум еврогийн зээл олгох арга хэмжээ авч байгаа ч амьтны хүрээлэнгүүд энэ санхүүжилтэд хамрагдах эсэх нь тодорхойгүй байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Герман, Швейцар, Австри, Испанид гишүүн хүрээлэнгүүдтэй Амьтны хүрээлэнгүүдийн холбоо /АХХ/ Германы канцлер Ангела Меркельд хандан 100 сая еврогийн тусламж хүссэн байна. Тус холбоонд Германы 56 амьтны хүрээлэн багтдаг аж. “Амьтны хүрээлэнгүүдийн ихэнх амьтад ховордож, улаан номд орсон амьтад байдаг. Ийм үнэ цэнэтэй амьтдыг алдвал биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр гаргаж буй бидний хүчин чармайлт талаар болж, гамшгийн хэмжээний хохирол учрах болно” гэж тус холбоо Ангела Меркельд хаягласан хүсэлтдээ онцолжээ. Бусад байгууллагыг бодвол амьтны хүрээлэн нь зардлаа хэмнэхийн тулд үйл ажиллагаагаа зогсоох, хязгаарлах боломжгүй. Учир нь амьтдад ямагт хүнс тэжээл, асаргаа шаардагддаг гэж тус холбоо дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top