Япон 50 сая өрхөд даавуун амны хаалт үнэгүй тарааж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Японы нийслэлийн удирдлагууд өнөөдрөөс эхлэн /2020.04.17/ оршин суугчиддаа олон удаагийн хэрэглээний даавуун амны хаалт үнэгүй тарааж байна.

Ерөнхий сайд Абэ Шинзогийн нэрээр ёжлон “абэмаск” гэж олны дунд нэрлэгдээд буй амны хаалт тараах ажил хүн ам шигүү суурьшсан Сетагая дүүргээс эхэлжээ. Тус дүүрэгт халдварын тоо хамгийн өндөр байгаа аж. Киодо агентлагийн мэдээлснээр, өчигдөр тус дүүрэгт 120 мянган ширхэг даавуун амны хаалтыг шуудангийн салбарт нь хүргэсэн байна. Шуудан зөөгчид амны хаалтуудыг шуудангийн хайрцагт хийх бөгөөд нэг айл өрхөд хоёр амны хаалт ногдох аж. Ирэх тавдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд Япон даяар нийт 50 сая айл өрх амны хаалт үнэгүй авах аж. Энэ арга хэмжээнд зориулж улсын төсвөөс 431 сая ам.доллар зарцуулсан байна. Хэд хоногийн өмнө энэ санаачилгыг дэмжин Абэ Шинзо өөрөө ийм амны хаалттай олны өмнө гарах болжээ.

Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад амны хаалтын хомстол гараад байгаа тул энэ асуудлыг шийдэх зорилгоор даавуун амны хаалт хэрэглэх санаачилга гаргажээ. Гэтэл Киодо агентлагаас энэ сарын эхээр явуулсан бүх нийтийн санал асуулгаас үзвэл, ард иргэдийн 76 хувь нь энэ санаачилгыг дэмжээгүй байна.

ДЭМБ-ын мэдээллээр, Японд нийт 9231 хүн коронавирусний халдвар авснаас 190 хүн нас барж, 935 өвчтөн эдгэрчээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.75) 2020 оны 04 сарын 17

төр засагтай улс ч өөр юм аа

0  |  0
Top