Дорнод аймагт нэг кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-тай гэрээ байгуулсан "Далайн одод трейд"  ХХК Дорнод аймагт ноолуурыг өнөөдрөөс /2020.04.20/ эхлэн кг-ийг нь 105 мянган төгрөгөөр авч эхэллээ. 


Шинэ төрлийн коронавирус өвчний халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор малчдын ноолуурын үнийг бууруулахгүй байх шийдвэрт хүрсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд эхнээсээ малчдаас ноолуур бэлтгэж эхэлсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкнаас зээлийн шалгуур хангасан "Далайн одод трейд"  ХХК    Дорнод аймгаас малчдын ноолуурыг авч эхэлсэн байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны олон нийттэй харилцах ажилтан Т.Төрмаагаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн шалгуур хангасан 3, 4 аж ахуй нэгж ноолуур авахад бэлэн болоод байна. Дорнод аймгаас эхний нэг компани ноолуур авч эхэллээ. Цаашид Хөгжлийн банкны зээлийн шалгуур хангасан компаниуд аймгуудад ноолуур авч эхэлнэ. Ноолуурын үнийг доод тал нь 105 мянган төгрөгөөр худалдан авах үнэ тогтоосон. Гэхдээ ноолуурын чанараас шалтгаалж аймгуудаас өөр өөр үнээр авах юм. Малчдаас ноолуур худалдан авах хөтөлбөрт хамрагдахаар анх Ноос, ноолуурын холбоонд 20 гаруй аж ахуй нэгж хандсан байсан. Одоо бол нэмэгдсэн. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд бүх аймгуудаас ноолуур худалдан авна” гэлээ.

Дорнод аймагт малчдын ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлсэн бол мөн өнөөдрөөс Сүхбаатар аймагт ноолуур худалдан авах зар гаргасан байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Дорнод аймгаас дөрөвдүгээр сарын 20-нд ирж ноолуур авна” гэсэн зар гаргасан байна. Энэ мэдээллийн сургаар өнөөдөр өглөөнөөс эхэлж Эрдэнэцагаан суманд иргэдийн дараалал үүссэн байна.

Ноолуурын үнэ ханш, бусад дэлгэрэнгүй мэдээллийг манай сайт шуурхай хүргэнэ. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. 2020.04.20-ны өглөө. Ноолуур өгөхөөр малчдын урт дараалал үүсчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.218) 2020 оны 04 сарын 20

Баруун төвийн аймгууд яах болж байна аа

0  |  0
Zochin(103.57.93.205) 2020 оны 04 сарын 20

Монголын ноолуурыг дэлхий даяар харгисаар сурталчилсанаас монгол ноолуур үнэд хүрэхээ байж. Тэр Номинжин гэдэг дуучин яаж эдийн засгын алуурчид хоорондоо өсөлддөгийг мэдэх юм бэ

0  |  0
Top