Засгаас батлан даасан, 2020 онд төлөх ёстой ТАВАН ӨРИЙН ТОЙМ

2020 оны 04 сарын 20

Коронавируснээс шалтгаалсан хөл хорио улс орнуудын эдийн засгийг агшааж буйн жишиг манайхыг ч тойрохгүй дайрч буй. Коронавирустэй холбоотойгоор жишгийн дагуу Монголын Засгийн газрын бондуудын ханш унасан байр байдалтай байгаа. Ирэх дөрвөн жилд 15 тэрбум шүргэсэн ам.долларын өр төлөх ёстой манай тухайд эрсдэл их байна.

Сүүлийн тооцооллоор Монгол Улсын нийт гадаад өр 30.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа. Тэгвэл үүнээс Засгийн газрын баталгаа гаргасан өрийн мэдээллийг тодотгон хүргэе. Өрийн эргэн төлөлтийн тодорхой хэсэг энэ  2020 онд хийгдэх ёстой юм.

Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг ирэх долоодугаар сард сунгана гэсэн мэдээллийг албаныхан өгч буйг сануулъя.  


БОИНГ-ИЙН ТӨЛБӨРТ 30.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

“МИАТ” компани  2013 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 121.4 сая ам.долларын 5, 7, 10 жилийн хугацаатай гурван дэд хэсгээс бүрдэх зээллэг хийхэд Засгийн газар баталгаа гаргасан. Уг мөнгөөр Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 2019 оны эхний хагас жилийн байдлаар 92.6 тэрбум төгрөг байна. Үүнээс АНУ-ын Экспорт Санхүүжилтийн хувийн корпорац  77.4 сая ам.долларын  зээлийн үлдэгдэл 30.6 сая ам.доллар буюу 81.3 тэрбум төгрөг, “Ай Эн Жи Капитал”-аас авсан 23.9 сая ам.долларын зээлийн үлдэгдэл 4.3 сая ам.доллар буюу 11.4 тэрбум төгрөг байна. Харин “Ай Эн Жи” банкнаас зээлсэн таван жилийн хугацаатай 20 сая ам.долларын зээл бүрэн төлөгдөж дуусжээ. Үлдэгдэл хоёр дэд зээлийн төлбөрийг 2020 болон 2023 онд төлж дуусах бөгөөд энэ онд 10.7 сая ам.доллар буюу 28.6 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.7 сая ам.доллар буюу 1.9 тэрбум төгрөг хүүгийн төлбөр төлөгдөх хуваарьтай байна.


“САМУРАЙ”-Н ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 11.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

Монгол Улсын Хөгжлийн банк 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Японы зах зээл дээр 30  тэрбум иенийн “Самурай” үнэт цаасыг 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй арилжаалахад  Засгийн газар баталгаа гаргасан.  “Самурай” бондын мөнгийг   “ТОСК” ТӨҮГ, Эрэл ХХК, “Хөтөл” ХХК зэрэг байгууллагуудын таван  төрлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашигласан байдаг. Хөгжлийн банк гэрээний дагуу “Самурай” үнэт цаасны төлбөрийг  2023 онд хөрөнгө оруулагч нарт төлөх бөгөөд 2020 онд 456  сая японы иен буюу 11.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөх хуваарьтай байна.


ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН БАНКАНД 84.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

Хөгжлийн банк 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын найман жилийн хугацаатай,  зургаан хувийн хүүтэй, зээл авахад Засгийн газар баталгаа гаргасан. Уг зээлийн эх үүсвэрийг Амгалан дулааны станц, Баянхонгор-Алтай чиглэлийн 128 км авто зам, Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км авто зам зэрэг нийт 11 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Зээлийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 94.5 сая ам.доллар буюу 251.2 тэрбум төгрөг байна. Хөгжлийн банк зээлийн төлбөрийг 2022 онд төлж дуусах бөгөөд 2020 онд 27 сая ам.доллар буюу 72.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 4.5 сая ам.доллар буюу 12.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөх хуваарьтай аж.


АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКАНД  0.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

 

“Эрдэнэс Монгол” ХХК 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд 35 сая ам.долларын Libor+0.6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлийг Азийн хөгжлийн банкнаас авахад Засгийн газрын баталгаа гаргасан. Уг зээлийн эх үүсвэрийг компанийн үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төсөлд ашиглаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Зээлийн үлдэгдэл 2019 оны эхний хагас жилийн байдлаар найман  сая ам.доллар бөгөөд 2031 онд зээл төлөгдөж дуусна. “Эрдэнэс Монгол” ХХК 2020 онд 0.1 сая ам.доллар буюу 0.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.2 сая ам.доллар буюу 0.6 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөх хуваарьтай.


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 523.4 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛНӨ

Худалдаа хөгжлийн банк 2015 оны тавдугаар сарын 19-ний өдөр 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан. Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 1,001.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг барьцаалан Засгийн газар баталгаа гаргасан. Худалдаа хөгжлийн банк үнэт цаасны эх үүсвэрийг Монголбанкинд худалдан, үнэт цаасны төлбөрийг төлөхөд буцаан худалдан авах своп хэлцлийг Монголбанктай хийсэн. Барьцаалсан Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар 993.1 тэрбум төгрөг байгаа.  Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын гадаад үнэ цаасны төлбөрийг 2020 оны тавдугаар сард төлж дуусах бөгөөд үндсэн төлбөрт 500 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 23.4 сая ам.доллар, нийт 523.4 сая ам.доллар буюу своп ханшаар тооцвол 1,034.4 тэрбум төгрөгийн төлбөр төлөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top