Дэлхий дахинд одоогийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг нийт 79 вакцин, 155 эм бэлдмэлийг боловсруулж байна.
Австрийн анагаах ухааны технологийн үнэлгээний хүрээлэнгийн мэдээллээр, эдгээр 155 эм бэлдмэлийн ихэнх хувийг бусад төрлийн вируст өвчний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд өдгөө КОВИД-19-ийн эмчилгээнд хэрэглэх онцгой үндэслэл хэрэгтэй байгаа юм. 79 вакцины аль нь ч боловсруулалтын үе шатыг давж гараагүй байгаа аж.
ОХУ-д коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн өмнөх туршилтыг ирэх сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд зургаадугаар сарын 15 гэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс өмнө тус улсын Вирус судлал, биотехнологийн төвийн ерөнхий захирал КОВИД-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн өмнөх туршилтыг зургаадугаар сарын 22-ноос өмнө явуулж, мөн сарын 29-нд сайн дурын 180 хүн дээр туршилт хийхийг санал болгож байжээ.
АНУ-д өдгөө КОВИД-19 өвчнийг эмчлэх 70 гаруй аргыг туршиж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Түүний хэлснээр, тус улсад 72 вакцины туршилт, олон арван эмчилгээний аргыг судалж байгаагаас гадна 211 вакцин, эмчилгээний аргыг боловсруулахаар төлөвлөж байгаа аж.
Вакцин гаргаж авахад цар тахал дэгдсэн үеэс хойш 12-18 сарын хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )