Толь зүйчид коронавирусний цар тахалтай холбоотойгоор шинээр гарч ирсэн үг, хэллэгийг Оксфордын толийн үгийн санд нэмж оруулжээ.
The Guardian хэвлэлд мэдээлснээр, дэлхий хамгийн том англи хэлний энэхүү толь “нийгмийн тусгаарлалт /social distance/”, “өөрийгөө тусгаарлах /self-isolation/”, гэрээсээ ажиллах /WFH-work from home/ зэрэг шинэ үг, хэллэгээр баяжжээ. Ийм богино хугацаанд КОВИД-19 гэх нэг үгийн хэрэглээ огцом өсөж, хэл ярианд давамгайлсан нь маш ховор тохиолдол юм гэж Оксфордын толийн редактор Бернадетт Пэтон онцолжээ. “КОВИД-19” гэх шинэ үг “коронавирусээр үүсгэгдсэн, ялангуяа өндөр настай болон суурь өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг хүндрүүлэх, үхэлд хүргэж болзошгүй амьсгалын замын хурц өвчлөл” гэсэн тодорхойлолттой оржээ.
Толь зүйчид бусдын адил гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд цар тахлын улмаас англи хэлэнд гарч буй аливаа өөрчлөлтийг судалж, шинэ үг, хэллэгийг тольд оруулах санал гаргаж байна. Одоогоор англи хэлний хэрэглээнд коронавирус буюу КОВИД-19 үг давамгайлж байгаа бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Брексит”, “импичмент”, энэ оны нэгдүгээр сард “коала”, “ойн түймэр”, “иракийн”, “царцаа”, “аллага” зэрэг үг хамгийн ихээр хэрэглэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )