М.Энхсайханыг яллахад хүргэсэн УИХ-ын дүгнэлт-II

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Прокуророос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайханыг албан тушаалаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгох замаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар завдсан хэмээн буруутгагдаад буй


ӨМНӨХ НИЙТЛЭЛ: М.Энхсайханыг яллахад хүргэсэн УИХ-ын дүгнэлт
 

Түүнийг 2014-2016 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа  Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг будлиулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн үед шалгарсан хөрөнгө оруулагч консорциумтай хийхээр төлөвлөсөн гэрээнд УИХ-ын дарга З.Энхболдын тушаалаар гарсан ажлын хэсгээс өгсөн санал, дүгнэлт өгсөн байдаг. УИХ-ын 10 гишүүний хамтарсан ажлын хэсгээс “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасан “Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа улс төрийн албан тушаалтныг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх” заалтыг Засгийн газар зөрчиж улс төрийн албан тушаалтан Монгол Улсын сайд М.Энхсайханаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахлуулсан байна. Улмаар тухайн улс төрийн албан тушаалтан нь үндсэндээ дангаараа шийдвэр гарган УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан удирдамжид заасан “Гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын тус­лалцааг авах” гэснийг зөрчсөн байна.

 

Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий хууль, санхүүгийн зөвлөхүүд хөлсөлж авсан хөрөнгө оруулагч консорциумын талтай адил түвшинд ажиллаж чадаагүй. Ажлын хэсэг төрийн ашиг сонирхлын үүднээс харах ёстой олон асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулагч талын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх,  гадаадын хөрөнгө оруулагчийн дотоод бүтэц гэх мэт олон асуудлыг орхигдуулжээ” хэмээн дүгнэсэн нь бий. Үүнээс гадна гэрээнд тусгасан заалтууд Монгол Улсын хууль, тогтоомжуудад хэрхэн харшилсан талаарх танилцуулгын үргэлжлэлийг хүргэе.

 

1. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани болон Люксембургийн “Монголиан Коал корпорац”-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох   “Энержи ресурс корпорац” болон “Энержи ресурс корпорац”-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”, БНХАУ-ын төрийн өмчит “Чайна шенхуа энержи” хооронд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор байгуулахаар төсөл бэлтгэсэн байна. Гэрээнд “Эрдэнэс-Тавантолгой” нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх “Энержи ресурс”-т 30 жил шилжүүлэхээр байна. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой”-н Ашигт малтмалын хуулийн дагуу эрх үүргээ хадгалах ёстой. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи ресурс корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи компани” лимитед  нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтад орж байна. Иймд тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж авах дээрх заалтууд Ашигт малтмалын хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

2. Гэрээнд “Энержи ресурс” компани “Эрдэнэс-Тавантолгой”-н газар эзэмших эрхээ бүрэн авахаар тусгасан байна.  Энэ нь Люксембургийн “Энержи ресурс корпорац” болон “Чайна шенхуа энержи” компанийн хөрөнгө оруулалттай гадаадын аж ахуйн нэгж болох учраас Газрын тухай хуулийн 6.3 дахь заалтын дагуу газар эзэмшихгүй эрх эдлэх ёсгүй.

3. Гэрээний угтвар нөхцөлд Цанхийн уурхайн ажилчид, нүүрс борлуулах гэрээ, “Эрдэнэс-Тавантолгой”-н эд хөрөнгийг тусгай гэрээгээр “Энержи ресурс” компанид шилжүүлэхээр тохирчээ. Энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтыг зөрчиж байна. Мөн компанийн эд хөрөнгийг шилжүүлэх асуудлыг гэрээнд шууд тусгасан нь Компанийн тухай хуулийг зөрсөн үйлдэл аж.

4. Гэрээнд “Энержи ресурс” компани Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг шууд өмчлөх эрхтэй байхаар заажээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд “Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасныг болон Ашигт малтмалын тухай хуулийн “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасныг зөрчсөн байна. Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг Энержи ресурс” шууд өмчлөх эрхгүй.

5. Гэрээнд “Энержи ресурс” бүх бичиг баримтыг өөртөө авахаар заасан нь Ашигт малтмалын хуулийн 35.3-ыг зөрчиж байна. Тус заалтын дагуу бүх бичиг баримт Тавантолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанид хадгалагдах ёстой.

6. “Энержи ресурс” болон хөрөнгө оруулагчид хөрөнгө босгох зорилгоор гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа хөрөнгө оруулагч, эсвэл санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй гэсэн байна. Энэ нь гэрээний хамгийн ноцтой бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс-Тавантолгой” компани хүлээн зөвшөөрч болохгүй заалт болно. Гэрээнд зааснаар санхүүжүүлэгч гэдэг нь “Энержи ресурс”-т зээл олгож байгаа БНХАУ, Япон Улсын экспортын зээлийн агентлагууд, хөгжлийн банкууд, арилжааны банкууд болон олон талт санхүүгийн байгууллага зэрэг байна. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” өрийн барьцаанд гэрээний дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхол, үр ашгаа бусдад шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ийнхүү шилжүүлж авахаар төлөвлөсөн байна гэж дүгнэлээ. Учир нь “Энержи ресурс” компани Кайманы аралд бүртгэгдсэн “ММС”-ийн  өмчлөлд байдаг. Гэтэл “ММС” нь 2015 оны тавдугаар сарын  байдлаар нийт нэг тэрбум 170 сая ам.долларын өртэй байна. Энэ өрөндөө Монгол Улсад байгаа “Энержи ресурс”-ийн нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, эд хөрөнгө, бэлэн мөнгө Хонконг дахь охин компани “Mongolian coal corporation”, Люксембург дэх “Corporation S.A.R.L” компаниудын хувьцааг барьцаалсан байна.

7. Энэ гэрээгээр “Эрдэнэс-Тавантолгой” компани Цанхийн ашиглалтын лицензээ гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлэх тохиолдолд “Энержи ресурс” өөртөө авах санал гаргах давуу эрх эдлэхээр байна. Ашигт малтмалын хуулийн заалтуудыг зөрчсөн энэ хэлцэл нь “Эрдэнэс-Тавантолгой” компани өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд шууд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх нөлцөл үүсгэнэ. Тавантолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх байх нь хөрөнгө оруулагч оруулах нөхцөл. Гэрээнд ийм заалт тусгах шаардлагагүй бөгөөд тусгай зөвшөөрөл “Энержи ресурс”-д ямар нэгэн байдлаар шилжсэн тохиолдолд уралдаанд шалгаруулалтын гол нөхцөл зөрчигдөнө гэх мэтээр дүгнэсэн байдаг.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайхан гардан гүйцэтгэсэн энэхүү гэрээний төслийг зарим тохиолдолд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар хийсэн хэмээн буруутгадаг. Улмаар АТГ-аас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаснаар М.Энхсайханы хэрэг шүүх дээр очоод байгаа юм.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Engiin irgen(202.126.88.128) 2020 оны 04 сарын 23

Eh ornooso urwaj eh ornoo hariinhand hudaldsan muu luiwarchin urwagch hujaagiin bvh hurungiig ni huraaj yallah heregtei

2  |  0
Top