Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахын тулд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлгийн хуралдаанд эхний тайлангаа амжилттай хамгаалсан. Энэ нь манай улсыг “Саарал жагсаалт”-аас гарах боломжийг ойртуулж буй ч коронавирусний нөхцөл байдал дараа дараагийн үйл явцыг удаашруулахад нөлөөлж буйг холбогдох эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Үнэлгээний баг Монгол Улсад ирж, газар дээрх хяналт шалгалт хийх зэрэг үйл ажиллагаанууд коронавирустэй холбоотойгоор удааширчээ.
Сануулахад, Монгол Улсын холбогдох байгууллагын төлөөллүүд Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлгийн хуралдаанд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр эхний тайлангаа хамгаалсан. Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалсан.
Хамтарсан бүлэг Монгол Улсыг богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний 3-ыг хэрэгжүүлсэн гэж үзсэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.
ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа дөрвөн сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсын тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шатны ажил явагдах ёстой. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх ёстой.
Гэвч эхэнд хэлсэнчлэн эхний тайлангаа амжилттай хамгаалсан нь Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гарах боломжийг ойртуулж буй ч коронавирусний нөхцөл байдал үйл явцыг удаашруулахад нөлөөлж байна.
Тодотгоход, коронавируснээс хамаарсан эрсдэл өндөр байгаа энэ үед Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарах нь цаашдын тодорхой бус байдлыг бууруулна гэдгийг Төв банкны “Инфляцын тайлан”-д дурдсан байгаа юм.
Одоогийн нөхцөл байдлыг харахад зээлжих зэрэглэл буурах, гадаад санхүүжилтийн өртөг нэмэгдэх, олон улсын санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцооны системд хүндрэл гарах, хөрөнгө оруулалтын орчин муудах, хөрөнгийн урсгал татрах зэрэг эрсдэл манай улсад тулгараад буй. “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарснаар эдгээр эрсдэлийг бууруулахад дэмжлэг болох гэж эдийн засагчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )