Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Осгонбаатартай ярилцлаа.
-Та бид хоёрын ярилцах сэдэв маш тодорхой. Төр, засгийн зүгээс 10 гаруй жилийн өмнө хөдөө орон нутаг, ялангуяа малчдад зориулж “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснийг санаж байна. Одоо ч малчид тэрхүү хөтөлбөрийн гэрэлтэй байгаа байх?
-1990-ээд оны төгсгөл хүртэл малчин иргэд маань лаа, дэнгийн гэрэлтэй л байдаг байлаа. Харин Засгийн газраас 1999 онд “Зуун мянган нарны гэр үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 50Вт-ын чадалтай нарны зайн бүрэн системийг малчин өрхүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй олгох шийдвэрийг гаргасан. Үүний үр дүнд малчид лаа, дэнлүүний гэрлээсээ салж, нарны эрчим хүчээр гэрэлтэй, жижиг ч болов телевиз үзэх боломжтой болсон юм. Улмаар төслийг үе шаттай хэрэгжүүлсээр 2010-2011 онд сүүлийн 20 гаруй мянган малчин өрхөд нарны системүүдийг нийлүүлж, үндсэндээ 10 гаруй жилийн хугацаанд 100 мянган малчин өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрэлтэй болгох хөтөлбөр маань бүрэн хэрэгжсэн юм. Энэхүү хөтөлбөр нь дан ганц Монгол Улсад ч биш, олон улсад хамгийн амжилттай хэрэгжүүлсэн, цахилгаан хангамжийн төсөл болсон гэдгээрээ онцлогтой. Хөдөө орон нутгаар явж байхад одоо ч хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүдийг ашигласаар байгаа нь харагддаг. Батарейг эс тооцвол нарны дэлгэц, бусад дагалдах хэрэгслүүдийг олон жил ашиглах боломжтой. Харин өнөөдөр 50Вт-ын нарны систем малчдын хэрэглээг хангахад хангалттай шийдэл биш болжээ.
-Ямар гарц, шийдэл байна вэ?
-Өнөөдөр малчид зөвхөн гэрэл асаах, телевиз үзэх төдийхнөөр цахилгаан хэрэглээгээ хязгаарлах нь учир дутагдалтай болжээ. Технологийн хөгжил, дэвшлээ дагаад өртөг зардал багатайгаар малчдын цахилгаан хангамжийг илүү сайжруулах боломжууд бүрдээд байна. Жишээлбэл, нэг айл 500-600Вт чадалтай нарны систем ашигласнаар гэрэл, телевизээс гадна хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин зэргийг ашиглах боломжууд нээгдэх юм. Тэгэхээр бид энэхүү боломжийг малчдад олгох ёстой, боломж ч байгаа.Түрүүнд хэлсэнчлэн “100 мянган нарны гэр үндэсний хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн дахин энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой үзэж байгаа. Гэхдээ хүчин чадлыг нэмэгдүүлж, 500Вт-аас доошгүй байхаар тогтоох нь зүйтэй. Ингэснээр малчдын цахилгаан хангамжийг сайжруулж, үүнийгээ дагаад нийгмийн амьдралд нь томоохон дэвшлийг өгч чадна. Монгол дахь зах зээлийн өртгөөр 500Вт систем хоёр сая төгрөгөөс дээш байна. Тиймээс төрийн бодлогоор санхүүгийн дэмжлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлснээр ойролцоогоор нэг сая төгрөгөөр хэрэгцээт цахилгаан хангамжийг нь шийдвэрлэж чадна.
-Хөдөө, орон нутагт явж байхад усны хомсдол түгээмэл, малчид мал услахдаа маш их цаг, хөдөлмөр зарцуулж байгаа нь харагддаг. Үүнийг технологийн дэвшил ашиглаж, хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн баруун талын сумдаар ажлын шугамаар яваад ирлээ. Ажлын далимаар малчидтай уулзаж, санал солилцох үеэр яг энэ асуудал ихээр тавигдаж байна. Юун тэргүүнд усны хомсдол, бэлчээрийн хүрэлцээгүй байдал хамгийн хурцадмал асуудал байна. Үүнээс мал усалгааны асуулгыг технологийн шийдэл ашиглан шийдвэрлэх боломж байна. Жишээлбэл, худгууд дээр нараар ажилладаг төхөөрөмж тавиад, цагийн тохируулга хийх замаар хүний оролцоогүй мал услах боломж байна. Сая хөдөөгүүр явахад зарим малчид машин дээрээ мотороо ачиж ирээд, ус татаж байлаа. Ажил хөнгөвчилж л байна, гэхдээ бензиний зардал тогтмол гарсаар л байгаа. Харин нараар ажилладаг худаг суурилуулбал нэг удаа хөрөнгө оруулалт хийгээд, дахиж зардал гарахгүй. Өдөрт 40 тонн ус татах худгийг 7-8 сая төгрөгөөр суурилуулах боломж байна. Тэгэхээр малчид дундаа 10 тонн ус татах чадалтай насос ашиглахад зардал дагаад буурах юм.
-Ихэвчлэн говийн аймгийнхан ашигладаг биз дээ?
-Тийм ээ. Говийн аймгуудад хэд хэдийг суурилуулсан. Ер нь дан ганц мал усалгаанд ч бус зэрлэг ан амьтан хамгаалах, газар тариаланд ч ашиглах боломжтой. Говийн дархан цаазат газруудад энэ чиглэлээр ашиглаж байгаа гэж сонссон. Зөв л шийдэл. Үүнийг төрөөс бодлогоор дэмжээд, гар худаг ашиглаж байгаа бүх аймгуудад суурилуулбал малчдын хөрөнгө санхүү, цагийг хэмнэх ач холбогдолтой. Дан малчид гэлтгүй иргэд газар тариаланд ашиглахад ч их үр дүнтэй. Технологийн шийдэл нь их энгийн. Нарны дэлгэц ашиглаад, насосыг л ажиллуулж байгаа ерөнхий зарчимтай. Ажиллуулахад их энгийн, айхтар мэргэжлийн ур чадвар шаардаад байх зүйлгүй.
-Энэхүү нараар ажилладаг худгийг төр, засаг бодлогоор дэмжиж, хэрэгжүүлснээр эдийн засаг талаасаа малчид хэр хэмнэлттэй байх вэ. Та бүхэнд ямар нэгэн тооцоо, судалгаа байна уу?
-Тоног төхөөрөмжийн хувьд нэг удаа худалдаад авсан байхад цаашид урсгал зардал гарахгүй байх давуу талтай. Мөн цагийн тохируулга хийж болно. Жишээ нь өглөө 10 цагт 30 минут ажиллана, орой 16 цагт 30 минут ажиллана гээд ч юм уу, автомат тохируулга хийж болно. Одоо бол жижиг моторууд зөөж, өдөрт 2-3 л түлш зарцуулан ашиглаж байна лээ. Тэгэхээр нараар ажилладаг худагтай болбол өдөртөө л 5000 төгрөгийн зардал хэмнээд байх нь ээ. Ер нь өдөртөө 10 тонн ус татаад байх нарны худгийг 3-4 сая төгрөгөөр суурилуулаад байх боломжтой. Үүнийг нэлээн олон айл хамт ашиглах тул олон айлд тус нэмэртэй. Үүнийг мөн нэгдсэн байдлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хийвэл илүү чанартай, эдийн засгийн хувьд өртөг багатай байх боломжтой.
-Энэ чиглэлийн хэрэгжүүлэх төсөл хэрэгжиж байгаа юу? Эсвэл төслийн судалгаанууд хийгдэж байгаа юу?
-Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглан амьдрал ахуйдаа дэвшил бий болгох хэд хэдэн боломжууд байгаа талаар ярилаа. Малчдын цахилгаан хангамжийг сайжруулах, нарны худаг гэдэг ч юм уу. Үүнээс гадна айл өрхүүд хувийн сууцны дээвэр дээр нарны дэлгэц суурилуулаад нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлэх боломж байгаа. Энэ нь өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох, орлогын шинэ эх үүсвэртэй болох, сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх зэрэг олон давуу талуудтай. Хууль эрх зүйн хувьд нөхцөл нь бүрдсэн. Одоо Эрчим хүчний яамнаас журам батлагдахыг хүлээж байна. Энэ нь дан ганц Улаанбаатар хотод биш, аймаг, сумын төвд амьдарч буй иргэдэд ч хамааралтай. Мөн сум, жижиг суурин газруудыг түшиглэн нарны энергиэр ажилладаг халуун усны газрууд байгуулах боломжууд байна. Миний хувьд Холбооны ажлаараа дамжуулан хилийн бүс нутгийн цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүч ашиглан сайжруулах, нараар ажилладаг худгууд байгуулах зэргээр төслийн ажлууд гүйцэтгэж байна.
-Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар нарны эрчим хүчний өртөг зардлыг бууруулан цахилгаан хангамж, хэрэглээний усны хангамжаа сайжруулах, нарны худаг байгуулах боломж их юм байна. Тэгвэл чанарын асуудал нь хэр найдвартай вэ?
-Чанарын асуудал мэдээж хамгийн чухал. Хөдөө явж байхад малчин чанар муутай дэлгэцүүд худалдаж авсан нь түгээмэл байна. Энэ нь ямар хортой вэ гэхээр 100Вт-ын дэлгэц авлаа гэхэд, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн 70, 80 Вт гаргаж байх жишээтэй. Тэгэхээр энд иргэд хохирч байна. Мөн зөөвөрлөх явцад, эсвэл хүчтэй салхинд эвдэж, гэмтээж байна. Хэрвээ чанартай бүтээгдэхүүн авч чадвал нарны дэлгэцийг гэхэд 20-25 жил ашиглах бүрэн боломжтой. Харин батарей ашиглалтын нөхцөлөөс хамаараад 2-3 жил ашиглаж байна. Тэгэхээр бид үүнийг нэгдсэн журмаар төслөөр хэрэгжүүлбэл чанарын шаардлагатай хангасан, хямд бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх боломжтой.
-Малчид, иргэд нарны эрчим хүчийг хувийн хэрэглээндээ хэр ашиглаж чадаж байна вэ?
-Малчдын хувьд маш олон жил ашиглаж байгаа учраас их туршлагатай болсон. Одоо бол өөрсдөө дутуу байгаа тоног төхөөрөмжүүдээ сэлбээд, өөр өөр газраас худалдаж аваад ашиглаад байж чадаж байна. Гэвч чанартай бүтээгдэхүүн олж авах, зохистой хэрэглээний асуудал дээр анхаармаар байна. Чанарын асуудлыг түрүүнд хэлсэн. Зохистой хэрэглээ гэдэг нь автомашин, мотоциклынхоо батарейг гэртээ залгасан байгаа нь цөөнгүй харагдлаа. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд маш хортой. Мөн батарейгаа шууд дэлгэцтэйгээ холбож, батарейгаа хурдан муутгаж байна. Дэлгэцээ цэвэрлэхгүй зэрэг анхаарах зүйл байна. Дэлгэц цэвэрлэхгүй бол үйлдвэрлэл бүрэн гарахгүй шүү дээ.
-Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж хэд байдаг юм. Тэдэнд тулгардаг нийтлэг бэрхшээл юу байна вэ?
-Нарны дэлгэц үйлдвэрлэдэг хоёр үйлдвэр байсан боловч нэг нь хаагдсан. Одоо "Сопоко" ХХК гээд дотоодын үйлдвэрлэгч байгаа. Малчид тэдний бүтээгдэхүүнийг их авдаг. Монголд үйлдвэрлэл хийхэд цөөн тоогоор хийдэг тул бүтээгдэхүүний зардал өндөр байгаад байна. Мөн үндэсний үйлдвэрлэл дэмжихгүй байна. Дотоодын үйлдвэрлэлээ нь ядаж асуудал гарахад эргээд хандах газартай юм даа.
-Та холбооныхоо шугамаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ажлууд нэлээдгүй хийдэг юм байна. Ярилцлагын төгсгөлд холбооны талаар товч танилцуулах уу?
-Манай холбоо 2017 онд байгуулагдсан, нийт 40 гаруй гишүүн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн, Төрийн бус байгууллага юм. Товчхондоо байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлгэрүүлэх зорилготой байгууллага. Үүнийхээ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Малчдын цахилгаан хангамж, малчдад зориулсан нарны худаг, зэрлэг амьтдыг хамгаалахад сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр сүүлийн үед түлхүү ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Osgoo ahdaa amjilt husey Mergejil oyunaaraa terguulj yvaa Mergejiltnee songoy UIH-iim l humuusiig demjeerei
дэлхийн эйр кондишнд муу
Сайн явах хүү дээ. Амжилт.