Ремдизивир эм коронавирусний эсрэг туршилтыг давсангүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

Коронавирусний эсрэг хэрэглэхэд хамгийн боломжтой гэж үзэж байсан вирусний эсрэг Ремдизивир /Remdesivir/ эм эмнэлзүйн туршилтыг давж чадаагүй байна. Их Британийн “The Financial Times” сонинд мэдээлснээр, энэ судалгааны үр дүнгийн талаарх ноорог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд нийтлэгдээд тун удалгүй устгасан байна.

АНУ-ын “Gilead Sciences” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох энэ эмийн Хятад улсад хийсэн эмнэлзүйн туршилтаар энэхүү эм КОВИД-19 туссан өвчтөний биеийн байдалд ямар ч нөлөө үзүүлээгүйгээс гадна өвчтөний цусан дахь өвчин үүсгэгч бичил биетийн хэмжээг багасгаагүй байна. Тус сонинд бичсэнээр, туршилтад оролцсон 237 хүнээс 158 нь сайн дурын үндсэн дээр ремдизивир эмийг хэрэглэжээ. Эмийн сөрөг үйлчилгээ хүчтэй байсан тул 18 нь ремдивизир эм уухаа зогсооход хүрсэн гэнэ.

ДЭМБ энэхүү судалгааны нооргийг санамсаргүй нийтэлсэн гэж мэдэгдсэнийг тус сонин онцолжээ.

“Gilead Sciences” компанийн зүгээс эмнэлзүйн судалгаа явуулахдаа зохих нөхцлийг бүрдүүлээгүй байсан гэж онцолсон байна. Туршилтад цөөн тооны сайн дурын хүмүүс оролцсон нь статистикийн хувьд бодитой үр дүн хийхэд учир дутагдалтай гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top