Их Британид лабораториуд шинэ төрлийн коронавирусний судалгаан дээр төвлөрсний улмаас бусад салбарын судалгаанууд царцаад байна. Энэ нь хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр шаналж буй хүмүүсийн хувьд гунигтай үр дагаврыг дагуулах болно гэж “Diabetes UK” буяны байгууллагын төлөөлөгч Эдвард Жонстон ярьжээ.
Түүний хэлснээр, цар тахалтай холбогдуулан “Diabetes UK” байгууллагаас санхүүждэг судлаачид ихэнх нь мэргэжлийн эмч нар байдаг тул КОВИД-19 халдвартай тэмцэхэд дайчлагдан ажиллаж байгаа бол бусад эрдэмтэд гэртээ эрдэм шинжилгээний ажил бичин, мэдээллийг задлан шинжилж байна.
Саяхан тус байгууллага КОВИД-19 чихрийн шижинтэй хэрхэн харилцан үйлчлэх тухай сэдэвт судалгааны ажилд зориулан санхүүжилт авах хүсэлтийг хүлээн авахаа зарлажээ. Хэдийгээр чихрийн шижинтэй хүмүүсийг өндөр эрсдэлтэй бүлэгт оруулсан ч коронавирус эдгээр өвчтөнүүдэд хэрхэн нөлөөлж буй нь өнөө хэр тодорхойгүй байна. Тус байгууллага ийм судалгаанд зориулж 100 мянган фунт стерлингийг төсөвлөөд байна. Амжилттай төслийн талаар тус байгууллага ойрын саруудад зарлана гэж Эдвард Жонстон онцолжээ.
Их Британийн “Cancer Research UK” хорт хавдрын судалгааны буяны сангийн орлого ирэх санхүүгийн жилд 25 хувиар буурна гэж тооцоолж байна. Цар тахлын улмаас судалгаанд зориулж буй хөрөнгийн хэмжээ буурсан нь 2034 он гэхэд хорт хавдартай дөрвөн өвчтөний гурвын амь насыг аврах зорилгын хэрэгжилтэд шууд нөлөөлөхөөр байна гэж тус сан онцолжээ. “Cancer Research UK” лабораториудын мэргэжилтнүүд эмнэлэгт ажиллаж байгаа аж.
Их Британид шинэ төрлийн коронавирустэй холбоотой судалгаа хийж буй лабораториудаас бусад нь бүгд хаагдаад байна. Лондон, Оксфордод туршилтын судалгааг түр зогсоосонтой холбогдуулан туршилтын ихэнх амьтдыг устгахад хүрчээ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )