Тэртээ 1944 оноос эхэлж эх оронч цэрэг армийн зүтгэлтнүүдийг ГЕНЕРАЛ цолоор шагнаж ирсэн. Өнөөдөр Монгол Генералын өдөр. Энэ өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж, эрхэм генералуудын яруу алдрыг дуурьсгадаг. Зочныхоо хойморт Зэвсэгт хүчний хошууч генерал Д.Магсаржавыг урьж түүний ажил амьдралын талаар ярилцлаа
-Монгол Улсынхаа ардын армитай хувь заяагаа холбох ямархан жим таныг хөтөлсөн бэ?
-Юуны өмнө Монгол Улсад Монгол генерал бий болсны 76 жилийн ойг тохиолдуулаад Монгол төрийн мөрдэс нэгтнүүддээ баярын мэнд хүргэе. Би 1971 онд төрсөн ах болон авга ахтайгаа хамт гурвуулаа цэргийн албанд мордохоор хамт шалгуулсан юм. Хоёр ах маань Дорнод аймгийн барилгын цэргийн ангид хуваарилагдаад, би Улаанбаатар хотын Амгалангийн барилгын цэргийн ангид хуваарилагдсан даа. Долоо хоног бүр хээрийн бэлтгэлд гарна. Говийн халуун нар дээрээс төөнөөд, халуун элс доороос жигнээд орох байх газраа олж ядтал хална шүү дээ. Нэг жил албаа хаагаад байж байтал 1972 онд Батлан хамгаалах яамны боловсон хүчний хэлтсээс Долгордорж дэд хурандаа ирж цэргийн сургуульд хөвгүүдийг элсүүлсэн. Намайг Орост сургуульд явах уу гэхээр нь би аав, ээжээсээ асууж байж болъё гэлээ. Надад чөлөө өгөөд гэртээ ирж хэлтэл “чи өөрөө л мэд” гэдэг байгаа. Би ч бодлоо. Хойно сураад ирсэн гээд нэг их ганган дэгжин, соёл боловсролтой гоё ах нарыг хараад ер нь хил даваад үзье гэж шийдсэн. Элсэлтийн хуваарь нь хоёр дээд сургууль мөн дунд сургуульд байсан. Шалгалт өгөөд дээд сургуульд нь орж чадсангүй ээ. “Япон толгойд” карентинд суралцаж сургуульд сурах бэлтгэлдээ орлоо. Наймдугаар сарын 20-доор Зөвлөлт Холбоот улсын Саратов мужийн Вольска хотод байдаг дунд сургуульд очлоо. Муу хүний заяа завагт гэгчээр биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө манай сургууль дээд сургууль болчихсон байсан. Бид наймуулаа очсон. Волга мөрний хөвөөн дээр байдаг, таван том цементийн заводтой, Зөвлөлт Холбоот улсдаа цорын ганц цэргийн Ар талын мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байлаа. Нэг жил хэлний бэлтгэлд суугаад дөрвөн жил сураад таван жилийн дараа 1977 онд Цэргийн инженер, эдийн засагч гэсэн мэргэжлийн диплом өвөртөлчихсөн ёстой нөгөө гоё ганган ах болж төгсөж ирсэн дээ. /инээв/
-Ажил амьдралын анхны гараа нь хөдөө орон нутгаас эхэлсэн гэдэг. Залуу хүний хувьд шантрах зүйл байсан уу?
-Төгсөж ирээд л шууд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид томилогдож ирсэн. 169 дүгээр нэгтгэлийн албаны даргаар гурван жил ажилласан. Тухайн үед манай гэр бүлийн хүн хотод их сургуульд оюутан байлаа. Цэргийн хүнийг гэр бүл нь дагаж нүүдэг бол манай хүн Монголдоо ховор хэрэгцээт мэргэжилтэй байсан учраас намайг дагаж хөдөө яваагүй. Харин ч архитектур мэргэжил нь намайг хот руу шилжиж ирэхэд надад их түлхэц болсон. /инээв/
-Эхнэрээ “дагаж” хотод ирээд хаана томилогдсон бэ?
-1980 онд хотод ирээд Улиастайд 016 дугаар нэгтгэлийн штабт албаны даргаар томилогдон ирсэн. Өөрөөр хэлбэл албан тушаал дээшилж байгаа юм. 1983-1986 онд доор Зөвлөлт Холбоот улсад Ленинградын Цэргийн ар талын академид гурван жил суралцаж ирээд Зэвсэгт хүчний Ар талын удирдах газарт инженерээр томилогдоод 2002 он хүртэл ахлах инженерээс газрын дарга хүртэл нь бүх шат дамжлагыг нь дамжиж ажиллажээ. Улмаар Батлан хамгаалах яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдож ажилласан.
-Таныг армийн дүрэмт хувцасны загварыг гаргаж батлуулж байсан гэдэг. Өөр шинэлэг ямар, ямар ажил сэдэж байв даа?
-Би нэг удаа тайлангаа бичсэн чинь надад хийсэн ажил байгаагүй. Цаг наргүй, өвөл зунгүй, хөдөө гадаагүй үргэлж завгүй, гэртээ ховорхон үзэгддэг хүн хэр нь яг гардаад хийсэн ажил байдаггүй бүгдийг л хамтын хүчээр хийж ирсэн байдаг. Тайландаа бичих гэхээр хамт олныхоо хийсэн ажлыг өөр дээрээ биччих гээд байгаа юм шиг санагдана. 1998 онд цэргийн алба хаагчдын одоогийн өмсөж байгаа дүрэмт хувцасны загварыг бэлтгэх болон дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх норм, дүрмийг батлуулах үед би Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин штабын орлогч дарга, ар талын газрын даргын алба хашиж байсан юм. Тухайн үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга байсан, одоогийн “Монгол генерал” төвийн тэргүүн генерал С.Баасанхүү ахалж хувцасны загварын чиглэлээр ажиллаж байсан мэргэжлийн дизайнеруудын дунд уралдаан зарласан. Ирүүлсэн загваруудыг олон удаа хэлэлцэж байж энэхүү загварыг Ерөнхийлөгч Н.Багабандиар батлуулж байсан.
Дайны үед арт талын дарга жанжин штабын даргаасаа илүү томорч байсан түүх бий. Сайд нарын зөвлөлийн дөрөвдүгээр орлогч гэдэг албан тушаал гаргаад арт талын даргыг томилон ажиллуулж байсан. Дайн болбол хүссэн хүсээгүй улсын эдийн засаг нь цэргийн эдийн засаг болдог учраас улсын эдийн засаг, цэргийн эдийн засаг хоёрыг холбож өгдөг.
-Цэрэг хүчний байгууллагын албан хаагчид үргэлж хөдөө, гадаа их явдаг, ямагт бэлэн байдаг онцгой үүрэгтэй. Инженер хүний ажлын онцлог, арга барил ямар байдаг вэ?
-Миний ажил бол цэргийн хангамж бөгөөд бор цэргээс эхлээд генерал хүртэлх бүхий л алба хаагчийн хоол хүнс, хувцас хэрэглэл, зэр зэвсэг, авто хуягт, танк, машин техник, шатахуун түлш, байгууллагын мэдлийн орон сууц, эмнэлгийн хангалт гээд армитай холбоотой бүхий л зүйлсийг ширхэгчлэн мэддэг хүн нь. Ингээд бодохоор би ажил, албан тушаалынхаа буянаар бүхий л салбарыг танин мэдэж, мэдлэгээ тэлсэн гэж боддог. Миний ажил үүрэг бол нэгдүгээрт тайван цагийн хангалт, хоёрдугаарт байлдааны цагийн хангалтаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг бэлтгэлийг үргэлж хосолж хийдэг. Хүн л юм чинь нэг газар удаад ирэхээр сайныг нь ч мэддэг, мууг нь ч мэддэг болчихдог юм байна л даа. Оросуудын явган шог яриа байдаг л даа. “Аж ахуйн ажилтныг 10 жил болоод алж бай” гэж. Зэвсэгт хүчний хамаг л нөөц боломж, нууцыг “а”-гаас нь “я” хүртэл нь ширхэг ч хадаас орхилгүй мэдэж байдаг болохоор “аюултай” хүнд тооцогдож байгаа биз. /инээв/ Хэрэв ардчилал гэж ойлгоод байгаа “анархизм” гэдэг энэ нийгэмд ажиллаж байсан бол ямар байх бол гэж бодохоор дотор арзайна шүү. Хэдий хаагдмал ч гэсэн социализмын үед хүмүүс нь хүмүүжилтэй, диктатуртай, зарчимч, шударга байсан юм шүү. Хүмүүжил гэснээс өнөөгийн хүүхдүүдэд сургуулийн орчинд соёл хүмүүжлийн боловсролыг арай л дутуу олгоод байх шиг харагддаг. Дайны үед ар талын дарга жанжин штабын даргаасаа илүү томорч байсан түүх бий. Сайд нарын зөвлөлийн дөрөвдүгээр орлогч гэдэг албан тушаал гаргаад арт талын даргыг томилон ажиллуулж байсан. Дайн болбол хүссэн хүсээгүй улсын эдийн засаг нь цэргийн эдийн засаг болдог учраас улсын эдийн засаг, цэргийн эдийн засаг хоёрыг холбож өгдөг.
-Цэргийн хүн заавар дүрмээ ягштал мөрддөг, зарим зүйлийг залуу хүний тэрсүү үзлээр арай өөрөөр хийж үзмээр санагдах үе байсан уу, ер нь армийн амьдрал өсөж хөгжихөд нь баригдмал, нэг хайрцагт орчихсон юм шиг санагддаг байсан уу?
-Тухайн цаг үед нийгэм нь хаалттай, юм бүхэн хэмжүүртэй байлаа. Тэр тусам бидний ажилд юм бүхэн цензуртай байдаг. Ардчиллын буян байна аа. Дэлхий нийтэд ардчиллыг сонгодог утгаар хөгжүүлээд явж байгаа улс ховор байдаг юм байна. Манай улсад ардчиллыг “анархизм” болгочихсон. Интернет, техник технологийн хөгжил биднийг тэр хайрцагнаас гарахад тус болсон гэж үздэг. Адгийн наад зах нь англи хэлээр ойлголцчихдог боллоо. Нөгөө талаар миний сэтгэхүй ийм л байх ёстой гэсэн хайрцагтаа баригдаад ямар нэг зөрчилтэй нүүр тулгарч байгаагүй байх. Би энэ ажлыг дүрмээр тогтоогдсон хэм хэмжээнд нь хэнээр ч хэлүүлэхгүй хийчихдэг байсан болохоор дарга нартай ч сөргөөцөлдөх явдал гардаггүй байв. Залуухан офицер ирээд алдах зүйл гарна аа. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг үнэн шүү, заримдаа цэргүүдээсээ хүртэл асуух юм гардаг л байлаа. Аж ахуйн салааны орлогч Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат нярав н.Мөнхбат, Хөвсгөл аймгийн харьяат н.Шийрэв зэрэг цэргүүдийг би одоо хэр дурсан бодож явдаг даа.
-Цэрэг армийн хүмүүсийг эрт тэтгэвэрт гардаг гэдэг. Ид хийж бүтээх насан дээрээ байгаа ир нь ханасан эрс тэтгэвэрт гарчихаад юу эсийг боддог бол?
-Тэтгэвэрт гарахын тухайд цэрэг армийн хүмүүст 25 жил ажиллаад тэтгэвэрт гарах эрх нь үүснэ. Хэрэв та хүсвэл төрийн албаны дээд хязгаар хүртэл хэдэн ч жил ажиллаж болно гэсэн үг. 45 нас хүрчихээд авгай хүүхэд, ач зээгээ дагуулаад 21 аймгаар тойроод ажиллах боломжгүй болдог. Эр нөхрөө дагаад нүүдлийн маягтай амьдраад байхаар гэр бүлд нь тогтсон ажил, үр хүүхдэд нь анги хамт олон гэж байхгүй болдог. Хүүхэд сургуулиасаа ойр ойрхон шилжих болгонд сурлага нь мууддаг байхгүй юу. Хүний амьдрах хамгийн гол зүйл бол орох орон, орон сууцны асуудал байдаг болохоор хот суурин бараадаж тэтгэвэр чөлөөндөө гардаг байх.
Миний хувьд Батлан хамгаалах яаманд гурван жил алба хаагаад 2005 онд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж өргөдлөө өгөөд 52 насандаа тэтгэвэртээ гарсан даа. Хөдөө ажлаар явж байгаад автын осолд орсон юм. Хүзүүндээ гэмтэл аваад урд хөршид мэс засалд орсон. Хүзүүндээ бэхэлгээтэй, хоёр суга таягтай ирэхэд жолооч маань уйлаад тосож байлаа. Хүн гэдэг жаргал даадаггүй, зовлон даадаг. Хоёр жилийн дараа машин бариад давхидаг болсон доо. Гудамжаар алхаж явтал Ленинградад хамт сурч байсан найзтайгаа таарав. Найз маань Бетон зуурмагийн үйлдвэр дөнгөж байгуулж байсан, хамтарч ажиллаад хөл дээр нь босгоход туслаач гэхэд нь зөвшөөрч хоёр жил дэд захирлаар нь ажилласан даа. Үйлдвэр ч хөл дээрээ тогтож, аман гэрээгээ ч биелүүллээ, үр хүүхдүүд маань ч хүйтэнд хөрж, ядарлаа гээд дургүйлхээд байхаар нь найзаасаа уучлал хүсээд ажлаа хүлээлгэж өгсөн. Дараа нь хүүхдүүдийнхээ компанид гүйцэтгэх захирлаар нэг хэсэг ажилласан юм байна. Завсраар нь орос хэлнээс эдийн засгийн судалгааны том товхимол орчуулах зэргээр өөрийгөө аргацааж байсан. Ер нь тэгээд таньдаг бурхнаас танихгүй чөтгөр дээр гэдэг шиг мэргэжлийн бус ажил гэдэг хэцүү юм байна лээ. Хэцүү бэрх ч гэсэн нөгөөх л армийн ажлаа үгүйлээд байдаг. 2016 онд Батлан хамгаалах яамны ахмадын хорооны тайлан сонгуулийн хурал болж, 100 хувийн саналаар намайг даргаар томилсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил маань өндрөөр үнэлэгдэж, шилдгээр ч шалгарлаа. Төлөөлөн удирдах зөвлөлд есөн төлөөлөгч байдаг, муу хүний заяаг завагт гэгчээр надад дандаа сайхан хүмүүс учирдаг. Нөгөө найман хүн маань чиглэл, чиглэлээ хариуцна. Цэргийн хэвлэх үйлдвэрийн 60 ахмад, цэргийн худалдааны 100 ахмад гэх зэргээр Батлан хамгаалахаас гадна, татан буугдсан газруудын 500 гаруй ахмад шууд харьяалалтай байдаг. Татан буугаагүй газрууд гэвэл “Соёмбо” сонин, “Дуулга” студи, “Алдар” нийгэмлэг, Цэргийн музей, Цэргийн төв архив хамаарна. Би ч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийнхээ ажлыг ерөнхийд нь удирдаад явж байна. Цэргийн амралтад байдаг байрыг түрээсэлж байсныг нь гэрээг нь цуцлуулж, ахмадын амралт болгож авсан нь шилдэг бүтээлч ажлаар шалгарсан. Мөн Батлан хамгаалах яамны ахмадын хороог өнгөрөгч оны Улсын тэргүүний ахмадын хороогоор шагнасан. Үүнд нь баярлаад байгаа юм. Хүүхэд хөгшин хүн хоёр ч баярлах нь амархан юм даа./инээв/
Энэ бол бүх генералуудын хэлж эмзэглэж явдаг зүйл. Энэ эмзэглэлээ ч илэрхийлж үзсэн. “Ойлголоо, улс орны эдийн засаг сайжрахаар шийднэ ээ” л гэдэг. Хэзээ ч сайжрах юм, сайжирлаа гэхэд шийдээ ч үү, үгүй ч үү. Энэ шийдийг хүлээж дийлэлгүй нөгөө төрөлдөө одсон олон генерал бий. Улсын Их Хурлаар нэг удаа орж, генерал цолыг Ардын болон Гавьяат цолтнуудтай адилтгаж шагнаж урамшуулж байх тухай Ерөнхийлөгчийн хууль гарсан юм. Тэр хуулийг нь Ардын нам гарч ирээд Олон улсын валютын сангаас хөрөнгө мөнгө тааруу байна гээд хүчингүй болгочихсон.
-Өнөөдөр Монгол генералын өдөр тохиож буй. Энэ өдөр дөхөөд ирэхээр догдолно биз?
-Цэрэг хувцсаа хүн өмсөхөөр залуухан болчихдог юм шүү дээ. Сэтгэлээрээ ч, дүрээрээ ч залууждаг. Жилд биднийг нэг удаа уулзуулж, халуун гарыг нь атгалцуулж, залуу насыг нь дурсуулдаг нь сайхан л байдаг. Монгол Улсын хэмжээнд миний баримжаагаар 180 шахам генерал бий байх. 1944 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг жилд нь хуваагаад үзэхээр бага л тоо. Жил бүрийн энэ өдөр төрийн гурван өндөрлөг генералуудыг хүлээн авч уулзаж төрөөс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгдөг. Ахмад генералуудыг урамшуулах ажил явагддаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол генералуудын төгөл байгуулж байлаа. Яг л ийм бахдам мөчид намайг хүний дайтай явахад минь тусалж дэмжиж байсан бүхий л хүмүүстээ талархдаг даа. Хурандаа Ч.Төрмөнх, хошууч генерал Х.Жүгдэрнамжил, дэд хурандаа Г.Ядмаа, Ч.Дашдэлэг, хурандаа Ю.Содов, А.Баттулга, Ш.Баатаржав, С.Балгансүрэн, Д.Батболд, Г.Баярсайхан, С.Мөнхбаяр нарын зэрэг хорвоод хосгүй сайхан хүмүүсээ санахаар сэтгэл уужраад ирдэг дээ.
-Таны төрсөн нутаг Говь-Алтай аймгаас гэхэд л 10 гаруй генерал төрөн гарсан. Уулс нь тэнгэр баганадсан уугуул сайхан нутаг хийгээд эх орныхоо тухай ямархан сэтгэл тээж явдаг вэ?
“Хүний төрсөн нутаг, хүлгийн унасан газар, хунгийн сэлсэн нуур гэдэг эргэж заавал очих эрхэм чухал газар” гэж нэрт найрагч хэлсэн байдаг. Цээлийн голын хөвөөнд өргөн сайхан ширэг дээр тоглож өслөө. Хангайд ирээд харахаар гол биш горхи л байж, ширэг биш довцог л байж. Гэвч наддаа л гол хэвээрээ. Ус нь дундардаггүй сайхан гол. Яахын аргагүй өндөр хайрхдыг нь өндийж бахадсан, өвгөд дээдсийг нь хормойдож өссөн, хурганы шилбүүрийг нь эргүүлж явсан, хулс зэгсээр нь бүүвэйлүүлж торнисон болохоор Алтай нутгаа л санана. Гэвч чи Монгол Улсын төрийн генерал шүү гэдэг үг асар том үүрэг хариуцлага, агуу их эх оронч сэтгэлийг цээж дүүртэл үүрүүлдэг. Энэ яваа насандаа тэргүүндээ баруун гараа өргөж ёслохдоо Говь-Алтайн төлөө зүтгэе гэж биш Монгол Улсын төлөө зүтгэе гэж ёсолсон. Тийм болохоор цэргийн хүний хувьд нутаг ус хийгээд эх орны хил хязгаарт зааг гэж байхгүй. Бүхэлдээ миний сэтгэлд багтаж, хайрлагдаж байдаг. Цэрэг армийн ажлаар гадаад улс орнуудаар явж л байлаа. Миний эх орон шиг гайхалтай үзэсгэлэнтэй газар байхгүй дээ. Бүхий л аймгаараа гороолж, мянган уул, түмэн давааг туулаад, туучаад армийн албаа амжуулж явлаа. Хүүхэд байхад хараа гойд сайн байдаг ч юм уу. Өдөр од харж байсан шүү. Өдрийн одыг би өдий болтол тэнгэрээс хайдаг. Хөдөө хээр тэнгэр ширтээд хэвтэхэд алжаал тайлагдах шиг л болдог.
-Анх генерал цолоо аваад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Айх, гайхах зэрэгцэнэ. Баярлаад байгаа хэр нь түгшээд л. 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчийн отгон генерал болж байлаа. Тухайн үед Д.Магсаржав, Ц.Бямбажав, С.Гүржав гээд гурван генерал зэрэг төрлөө гээд л шуугиан болж байв. Цолоо авчихаад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэхэд Н.Багабанди Ерөнхийлөгч болчихсон байсан. Энэ тохиолдол нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн ууган генерал болж байгаа юм. Генерал хувцсаа өмсөөд хамгийн түрүүнд ээж дээрээ очиж үнсүүлсэн. Ээж минь гайхаж, сандрах зэрэгцээд юу ч хэлж чадахгүй байсан. Генерал цолыг дааж явна гэдэг хэцүү юм байдаг. Бидний үеийнхэнд шингэсэн “муу зан” бий. Хариуцлага, зарчимч байдал гэдэг зүйлийг хэзээд авч явахыг хичээх юм даа.
-Тантай мөр зэрэгцэн улс эх орондоо зүтгэж явсан гавьяатнуудаа дурсвал?
-Миний бахархан бэлгэшээж явдаг зүйл бол Монгол Улсын Дархан аварга Ч.Бээжин, даян аварга Ш.Батсуурь нартай хамтран зүтгэж явсан явдал юм. Ч.Бээжин аварга хошууч цолтой, их л яриа хөөрөөтэй, олныг цуглуулж, баясгасан хүн байлаа. Харин Ш.Батсуурь аварга маань ахмад цолтой, манай агуулахын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Ажлын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, дуу цөөтэй гүндүүгүй нэгэн байж билээ.
-Таны хувьд ажил мэргэжлийн талбарт зүтгэж явсан үеийг одоо үетэй эргээд харьцуулахад харамсдаг зүйл бий юу?
-Он цагийн шалгуураар зарим зүйл устаж үгүй болдог л доо. Устах ёсгүй юмыг устгаад хаячихсан тийм үед сэтгэл эмзэглэдэг. Жишээ нь, би алба хашиж байхдаа цэргийн анги болгоныг талхаа өөрсдөө барьдаг, ногоогоо өөрсдөө тарьдаг, малаа өөрсдөө өсгөдөг болгосон. Намайг ажлаа өгснөөс хойш анги бүрийн мах, ногоог төвлөрүүлж нэгдсэн журмаар олгодог болсон байсан. Тэр ч бүү хэл талхыг компаниас худалдаж авдаг болсон байсан. Талхны үйлдвэрээс талх авчрахад машины ирэх, очих шатахууны зардал талх барьснаасаа их гардаг. Сүүлдээ өөрсдөө алдаагаа ойлгосон уу яасан, цэргийн ангиуд талхаа барьдаг болсон байна лээ. Анги нэгтгэл хоол хүнсээ туслах аж ахуйгаасаа бүрдүүлээд ирэхээр жилийн эцсийн тайлан харж байгаад Сангийн яамнаас төсвөө хасчихдаг. Тухайн үед Сангийн яам дээр давхиж очоод л чойжин бууж л байлаа. Туслах аж ахуй байхгүй бол нэг офицер юм уу ахлагчийн эхнэр нь төрлөө гэхэд захирагч нь өөрийн аж ахуйгаас ганц шөлний хонь олгох эрхгүй, нэгнийх нь гэрт хагацал зовлон тохиолоо гэхэд ганц шуудай төмс ч өгөх эрхгүй болно гэсэн үг. Улсын төсвийг хууль бусаар шамшигдуулсан гээд л шууд торгууль тавина шүү дээ. Туслах аж ахуй гэдэг хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдэхэд тун их хэрэгтэй. Оросын цэргийн ангид бол захирагчийн аж ахуй гэдэг номер нэг салбар байдаг.
-Таны үр хүүхдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байна уу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Би ер нь гэрийн бараа харахгүй ажилласаар байгаад хүүхдүүдээ армийн ажил хэцүү гээд жигшээчихсэн юм шиг байгаа юм. Нэг охин маань Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шүдний эмч хийдэг байсан. Одоогоор нөхрөө дагаад Баян-Өлгий аймагт данстай болсон. Хүргэн маань Баян-Өлгий аймгийн Цэргийн ангид штабын даргаар ажиллаж байгаад Афганид энхийг дэмжих ажиллагаанд багийн ахлагчаар ажиллахаар болсон боловч цар тахлаас болоод хойшлогдчихсон байна.
-Генерал гэдэг том нэрийн цаана төр засаг та бүхнийг хэр харж үзэж, гавьяаг тань үнэлдэг юм бол?
-Энэ бол бүх генералуудын хэлж эмзэглэж явдаг зүйл. Энэ эмзэглэлээ ч илэрхийлж үзсэн. “Ойлголоо, улс орны эдийн засаг сайжрахаар шийднэ ээ” л гэдэг. Хэзээ ч сайжрах юм, сайжирлаа гэхэд шийдээ ч үү, үгүй ч үү. Энэ шийдийг хүлээж дийлэлгүй нөгөө төрөлдөө одсон олон генерал бий. Улсын Их Хурлаар нэг удаа орж, генерал цолыг Ардын болон Гавьяат цолтнуудтай адилтгаж шагнаж урамшуулж байх тухай Ерөнхийлөгчийн хууль гарсан юм. Тэр хуулийг нь Ардын нам гарч ирээд Олон улсын валютын сангаас хөрөнгө мөнгө тааруу байна гээд хүчингүй болгочихсон. 180 генералын 60 хувь нь амьд бий. Амьд байгаа 60 хувийнх нь 60 хувь нь л тэтгэвэртээ байгаа. Цаана нь 40 хувь нь ажлаа хийгээд л явж байгаа. Генерал гэдэг албан тушаалын цол гэж Их Хурлын гишүүд буруу ойлгодог юм байна лээ. Албан тушаалын цол мөн нь мөн боловч нөгөө талаас энэ бол Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цол шагнал. Жанжин штабын нэгдүгээр орлогчийн албан тушаал дээр генерал цол аваагүй хурандаа цолтой хүн ч очдог. Энэ тэгэхээр генерал цолыг албан тушаалын илэрхийлэл гэж ойлгож бас боломгүй. Улсын алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хууль гарлаа. Тэр хуулиас биднийг хасчихсан. Цэргийн албыг хашаад, хүйтэн халууныг нь үзээд, хатуу хөтүүг нь мэдэрчихсэн хүн Их Хурлын индэр дээр цөөхөн байдаг бололтой юм билээ. Манай нэг генералд улсын начин нөхөр “Чиний генерал гэж юу байх вэ, чи бид хоёр адилхан л Ерөнхийлөгчийн зарлигаар л цол авсан хоёр шүү дээ” гэж агсан тавьсан байгаа юм. Монгол Улсын аварга цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоод түүнээс дооших цолыг спорт хариуцсан сайд нь олгодог ч юм уу зиндаа тогтоох хэрэгтэй гэж боддог. Адилхан Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болохоор тэр начны зөв болж таарч байгаа юм. Гэхдээ аливаа зүйлийн үнэ цэнэ, цаг хугацаа, шалгуур гэж байх ёстой л доо.
-Энгийн хувцаслаад гадуур явах, сүр жавхлантай дүрэмт хувцсаа агсаад, энгэр дүүрэн одон тэмдгээ гялалзуулаад явах хоёрт газар, тэнгэр шиг ялгаа бий дээ. Хүмүүсийн хандлагад ч тэр?
-Ялгаа байна аа. Би энгийн хувцастай явах юм бол нэг муу цагаан толгойтой л өвөө харагдана. Жишээ нь сая Нарантуул зах дээрээс бохирын хоолойгоо солих гээд хоолой авлаа. Хаа байсан зусланд очоод холбох гэтэл нөгөөх нь таарахгүй өөр юм өгчихсөн байгаа юм. Тэрийг солих гээд явах гэж тэрнээс ийсэн зардал, цаг хугацааг барна. Манайхан настай хүнд сэтгэл гаргамаар байгаа юм. Ер нь л могдорлох гээд л байх юм. Аа, харин цэрэг хувцастайгаа гудамжинд явах түүнээс ч хэцүү. Хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг хараад, зураг дараад зогсчихно. Зарим нь зургаа авахуулъя гээд л хүрээд ирнэ. Нөгөө загвар өмсөгч шиг л юм болдог. /инээв/
-Цэрэг армийн генерал хүн гэхээр үнэндээ сүрдэж байлаа шүү дээ. Таны ажил мэргэжилдээ баримталдаг зарчим юу вэ?
-Хүн хүний араншин өөр. Ширүүн харьцаж захирдаг дарга байна. Миний үндсэн зарчим нь зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн зарчмыг баримталдаг. Армид 30 хэдэн жил алба хаахдаа хүнд хашхирч үзээгүй гэвэл худлаа болох байх. Гэхдээ өдрийн од шиг. Аливаад эвээр хандаж, түлхүүрийг нь тааруулах гэж л үзнэ. Хүний төлөө гэсэн буянтай ажил хийж байгаа учраас ар талын дарга нар дунд ширүүн дориун хүн байдаггүй юм байна шүү. Хүн өдөр тутмын ажлаа шоргоолж шиг хийхдээ биш хожим дурсах юм үлдээх нь чухал гэж боддог. Хэзээ хойно нь энэ хүний үед үүнийг бүтээсэн гээд л дурсах юмтай байна гэдэг ажиллаж амьдарсны утга учир тэр.
Сэтгэгдэл ( 3 )
Үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн дээ дарга минь. Магсаржав даргадаа генералуудын баярын өдрийн мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Маш сайхан ярилцлага болжээ. Магсаржав даргадаа генералуудын өдрийн баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үнэхээр хүний төлөө төрсөн хүн гэж таныг л хэлнэ.
Ззззаааассссс