Ц.Отгонтунгалаг: Үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан хүмүүсийн ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж, гэмтсэн болон амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд тохиож байна.

Анх 1989 онд Канадын хөдөлмөрийн хөдөлгөөн үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлж анх энэ өдрийг улсынхаа хэмжээнд гашуудлын өдөр болгон тэмдэглэж, энэ талаараа Засгийн газар нь С-233 гэсэн тогтоолыг батлан гаргажээ. Улмаар энэ санаачлагыг АНУ, Олон улсын Глобал Үйлдвэрчний эвлэлүүд дэмжиж, улмаар НҮБ-аас олон улсын өдөр болгон зарлаж байсан түүхтэй. МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалагтай уулзаж, энэ өдрийг Монгол улсад хэдийнээс тэмдэглэдэг болсон, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөгсдийн байдал, арга хэмжээний талаар тодрууллаа


-Энэ өдрийг Монгол Улсад хэрхэн тэмдэглэдэг болсон бэ?

-Анх 1999 оноос МҮЭ-ийн холбооны санаачилгаар олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн эхэлсэн бөгөөд нийгмийн түншлэлийн талуудын оролцоотойгоор нэг сарын хугацаатай кампанит ажил өрнүүлдэг уламжлал тогтсон. Энэ өдрийг үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж гэмтсэн, мэргэжлийн өвчний улмаас өвдөж шаналсан болон амь үрэгдсэн олон мянган хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрны ач холбогдолын талаар сургалт, ухуулга сурталчилгаа хийх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад ажил олгогчид болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэдэг.

-Манай улсын хувьд ҮОМШӨ-ний гаралт хэр байдаг вэ?

-Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй ажлын байранд ажиллах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ эрхийн хэрэгжилтийн байдлыг Үйлдвэрлэлийн осол, Хөдөлмөрийн хяналт, Мэргэжлээс шалтргаалах өвчний гаралтын тоон мэдээ харуулдаг. Гэтэл манай улсын хувьд үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй харин ч өссөн тоо мэдээтэй байна.

-Тухайлбал?

-2019 онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 336 бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 18 хувиар өссөн байгаа. Харамсалтай нь амь насаа алдсан ажилтны  тоо мөн нэмэгдсэн. 2018 онд 30 хүн нас барсан бол 2019 онд 52 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж амь насаа алдсан.

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл?

-Уул уурхайн салбарт 80 осол гарч 19 хүн нас барсан, Ус хангамж, бохир ус зайлуулах системийн салбарт 61 хүн осолдсоноос 16 хүн амь насаа алджээ. Нийт бүртгэгдсэн ослын 23,8 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 18,1 хувь нь барилгын салбарт тус тус гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд гарсан ослуудад нөлөөлсөн хүчин зүйлээр нь ангилж үзвэл 42,4 хувь нь хүний хүчин зүйл, 57,6 хувь нь ажлын байрны орчин, техник тоног төхөөрөмж, удирдлагын тогтолцооны хүчин зүйлээс шалтгаалсан байна.

-Олон улсад энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байгаа вэ?

-Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Дэлхийн өдөр дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн эдийн засаг, нийгмийн хямрал улам бүр цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан “Цар тахлыг таслан зогсооё: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй таны амийг аварна” уриатайгаар өрнүүлж байна.  Энэ ажлын хүрээнд улс орнуудад анхаарлаа чиглүүлж байгаа үндсэн асуудлын нэг нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандартыг ханган ажиллахад хүрэлцэхүйц хэмжээний хүний болон санхүүгийн нөөцийн тухай асуудал гэж үзэж байна.

-Жил бүр кампанит ажил өрнүүлдэг гэлээ. Энэ жилийн кампанит ажил юунд чиглэсэн бэ?

-МҮЭ-н холбооноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн жилийн төсөвт ХАБЭА-н болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах зардлыг тусгуулж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор улс орон даяар кампанит ажил зохион байгуулсан.

-Кампанит ажлын хүрээнд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудаас амжилттай ажилласан байгууллагыг нэрлэнэ үү?

-Архангай, Дорноговь, Дундговь, Орхон, Дорнод, Завхан аймгийг дурдаж болно. Тухайлбал, Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2020-2021 оны Хамтын хэлэлцээрийн дөрөвдүгээр бүлэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэд хэдэн заалт тусгасан байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шаллтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тавих дотоод хяналтыг сайжруулах, шаардагдах хөрөнгийг хуулиар баталсан хэмжээнээс дордуулахгүйгээр жил бүрийн төсөв төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж зоиулалтаар нь зарцуулна. Төсвийн байгууллага нь 2020 оны 1 дүгээр сараас тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, ААНБ эрсдлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна гэж оруулжээ.

Дундговь аймгийн 4 цэцэрлэг, таван сургууль, хувийн хэвшлийн хоёр, ТӨХК  тав, төсвийн таван байгууллага тус тус Хамтын гэрээндээ ХАБЭА-н зардлыг өөрсдийн төсвийн хэмжээнд үндэслэн тусгасан байна.

Орхон аймаг Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Хамтын хэлэлцээрийн 5.1-д зааснаар 2020 оны үйл ажиллагааны зардалд 15 сая төгрөг батлуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Дорнод, Завхан, Архангай аймаг ХАБЭА-н тухай хуулийн 26.2 дахь заалт болох ХАБЭА-н зардлыг төсөвт байгууллага болон аж ахуй нэгж байгууллагуудад “Хамтын гэрээ”-дээ тусган хэрэгжүүлж ажиллах чиглэл өгч зөвлөснөөс гадна аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2020-2021 оны хэлэлцээрт ХАБЭА-н дээрх заалтыг тусгаж байгаа тухай мэдээ ирүүлээд байна.

-ОУХБ-аас зарласан уриаг дэмжиж ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ жил Нийгмийн зөвшлийн талууд хамтран “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх” уриаг тэмдэглэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу аймаг, орон нутаг, салбарт салбар зөвлөлүүд хамтарсан олон талт ажлуудыг зохион байгуулж байна. МҮЭ-ийн холбооноос нийгмийн зөвшлийн талууддаа хандан “Ажлын байранд хүчирхийлэл, дарамтыг хориглох асуудлаар хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг  байгуулах саналыг хүргүүлээд байгаа. Хамтын ажилагааны санамж бичиг байгуулах нь ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, ажлын байранд аливаа дарамт, хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, ОУХБ-ын “Ажлын байран дахь дарамт, хүчирхийллийг хориглох тухай” 190 дүгээр Конвенцид нэгдэн орох бэлтгэлийг хангах хүрээнд түншлэгч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Ажлын байрны дарамт, хүчирхийлэл зөвхөн албан салбарт бус албан бус салбарт ч нийтлэг байна.

-Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэг арга хэмжээ бол хяналт, шалгалт байдаг?

-Осол, өвчлөл, хордлого бүрээс урьдчилан сэргийлэх түүнийг гаргахгүй байх боломжтой. Хөдөлмөрлөх хууль тогтоомжийн аливаа зөрчлийг илрүүлэх таслан зогсооход хөдөлмөрийн хяналт чухал үүрэгтэй. Манай улсын хувьд урьдчилан мэдэгддэг, төлөвлөгөөт, зөвхөн удирдамжийн хүрээнд шалгадаг хөдөлмөрийн хяналтын хэлбэрээсээ нэн даруй салах шаардлагатай гэж МҮЭ-ийн холбооны зүгээс үздэг. Урьдчилан мэдэгддэг хяналт нь хөдөлмөрийн харилцааны зөрчлөө нуун дарагдуулах боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн хөдөлмөрийн хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох эрх, байцаагчийг ажил үүргээ биелүүлэхэд нь саад учруулж хяналт шалгалтаас зугтаж байгаа этгээдэд зохих шийтгэл ногдуулж байх хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь хөдөлмөрийн хяналтыг үндсэндээ хүчгүйдүүлж байна. Цаашид Хөдөлмөрийн хяналтын тогтолцоо, арга хэлбэрээ сайжруулж олон улсын жишигт хүргэхийн тулд ОУХБ-ын “Аж үйлдвэр болон худалдаа дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай“ 129 дүгээр конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. МҮЭ-ийн холбооноос дээр асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрт удаа дараа тусгуулах, Засгийн газарт мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, ОУХБ болон бусад байгууллага, нийгмийн зөвшлийн талуудтай хамтарсан судалгаа хийх зэргээр урьдчилсан бэлтгэл хангах бүхий л шаардлагатай ажлуудыг хийгээд байгаа ч 2019 оны 4 сарын 23-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас холбогдох яам, сайдуудад ОУХБ-ын дээрх конвенцуудад нэгдэн орохыг судлан шийдвэрлэхийг даалгасан ч одоо хэр шийдэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top