Хөл хорионы үеэр ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН 2213 алба хаагч ажиллана

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Чингэлтэй дүүрэгт энэ сарын 6-8-ны өдрүүдэд гамшгийн үед хэрхэн ажиллах талаар гурван өдрийн дадлага сургуулилт болно. Дадлага сургуулилтын хоёр дахь өдөр буюу тавдугаар сарын 7-ны пүрэв гарагт дүүргийн хэмжээнд бүрэн хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Дүүргийн хэмжээнд автозамын хөдөлгөөн болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болоод байна. Энэ арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ?

-Монгол Улсын шадар сайдын тушаал гарч, КОВИД-19 халдвар дотооддоо тархвал нийслэлд хэрхэн ажиллах вэ гэдэг дадлага сургуулийг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу дүүргийн шуурхай штаб байгуулан дөрөв дэх өдрөө бэлтгэл ажлаа хангаж байна. Тавдугаар сарын 6-8-ны өдрүүдийн 72 цагийн сургалт байгаа.

Тавдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн болон зэвсэгт хүчний байгууллагатай хамтран дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хаана. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд албан байгууллагууд Чингэлтэй дүүргийн хэмжээнд бүхэлдээ хөл хорио тогтоно гэж ойлгож ажлаа зохицуулах шаардлагатай.

-Хөл хорио хэдэн цаг үргэлжлэх вэ?

-Тавдугаар сарын 7-ны өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаж хаана. Гэхдээ 08.00 гэхэд хөдөлгөөн ихсэх төлөвтэй учир цагдаагийн байгууллагаас 07.30 цагаас эхэлж хааж эхэлнэ гэж төлөвлөж байна.



-Хөл хорио тогтооход цагдаа, цэргийн байгууллага оролцоно гэлээ? Нийт хэдэн алба хаагч ажиллах вэ?

-Нийт 2213 алба хаагч ажиллана. Энэ үеэр Зэвсэгт хүчний цэргийн ангиас 400 цэрэг оролцоно. Мөн арав орчим зэвсэг техникийн машин гол гол уулзваруудад байршина. Мөн дээр нь цагдаагийн хамгаалалтай ажиллана. Аль болох бодит нөхцөл байдалтай дөхүүлж ажиллах учраас ард иргэд маань ямар нэг байдлаар айж эмээхгүй байх хэрэгтэй. Цагдаа, хүчнийхэн олноороо гарч ирэх болохоор эмзэглэх тал байж магадгүй.

Энэ үйл ажиллагаа бол ганцхан Чингэлтэй дүүргийн хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээ биш юм. Хэрвээ нийслэл хотод цар тахал ороод ирвэл энэ жишгээр ажиллана гэдэг маш чухал ач холбогдолтой арга хэмжээ.

-Албан байгууллагууд тухайн өдөр хэвийн ажиллах уу?

-Хөл хорио тогтооход ажил орохгүй, бүтэн цагаар ажиллахгүй гэсэн ташаа мэдээлэл байна. Гэхдээ үгүй. Албан байгууллагууд хөл хориог байгууллага дотроо зохион байгуулна. Ажилтан, алба хаагчид хөл хорио тогтоохоос өмнө ирэх юм. Ажлын цаг дуусаж, хөл хорио цуцлагдсанаас хойш гаргана. Мөн зарим байгууллагууд хөл хориотой холбоотойгоор цахимаар ажлаа хийх зөвлөмж өгч байна.

-Хөл хорионд нийт хэдэн иргэн хамрагдах вэ?

-Статистик тооноос харахад дүүрэгт бүртгэлтэй болон түр оршин суугаа, мөн аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид гээд нийт 160 мянга орчим иргэн тухайн өдөр хөл хорио хязгаарлагдана. Гэхдээ энд хүний амьдрал явагдаж байгаа учраас эрүүл мэндийн асуудал, хүүхэд төрөх, хүн нас барах гэх мэт асуудлуудыг урьдчилан тооцоолж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Өнөөдөр шуурхай штаб зургаан үндсэн багт хуваагдаж байна.

-Энэ өдөр хөл хорио тогтоохоос гадна өөр ямар ямар сургуулилт зохион байгуулах вэ?

-Дэлхий нийтийн жишгээр цар тахлын үед хүнсний дэлгүүрээр хэрхэн үйлчлүүлэх вэ сэдвээр гарын авлага болгож зураг авалт хийнэ. Мөн дүүргийн 19 хорооны 13 нь гэр хороолол байгаа. Тийм учраас хөл хорионы үеэр хэрхэн ус авах вэ, мөн хог тээврийн ажиллагаа, зайлшгүй хүнсний тусламжийг хэрхэн хүргэх вэ гэх мэт сургалт явуулна. Эдгээр бэлтгэлийг Улсын онцгой комисст шууд дамжуулахаар зохион байгуулж байгаа.

-Хөдөлгөөн хязгаарлах автозамуудын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам хүртэл, баруун дөрвөн замаас хойш Гэсэр сүмийн уулзвар, мөн уулзвараас баруун хойшоо Эх нялхсын уулзвар, хойшоо яваад телевиз, хөтлийн хэсэг хүртэл хаагдана. Мөн зүүн тал нь Төв шуудангаас хойш Дөлгөөн нуурын уулзвар, баруун эргээд Баянбүрдийн уулзвар, энэ уулзвараас хойш Дэнжийн мянга, 32-ын тойрог, хойшоо долоон буудал, Дамбадаржаагийн цагдаагийн пост хүрээд, Сэлбэ гол дагуу зуслангийн хэсэг бүхэлдээ хаагдана. Бүхэлдээ хөл хорио тогтоож байгаа учраас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээвэр явахгүй. Нийтийн тээврийн шугамыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадуур явуулахаар зохицуулж байгаа. Ер нь бол хатуу хөл хорио тогтоосон учраас иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол судалгаанд үндэслээд эрүүл мэндийн газраас зохицуулалт хийнэ. Дүүргийн нутаг дэвсгэрийг тойрсон 659 цэгт алба хаагчид хамгаалалтад гарна. Нийт есөн орц гарц бэлтгэж байна. Онцгой штабаас зөвшөөрөлтэй тохиолдолд гадагш нэвтрүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top