САЙН МЭДЭЭ: Коронавирусийг устгах ЭСРЭГ БИЕТ бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05



Европын эрдэмтэд лабораторийн нөхцөлд шинэ төрлийн коронавирусийг устгах чадвартай моноклон эсрэг биет бүтээжээ.

Энэ бол цар тахлын тархалтыг зогсоох, КОВИД-19 өвчний эсрэг эм гаргаж авахад тустай тун чухал алхам юм.

“Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг Нидерланд, Германы эрдэмтэд профессор Беренд-Ян Бошын удирдлага дор Утрехтийн их сургуульд явуулжээ. Моноклон эсрэг биет нь хүний дархлааны эсийн ялгаруулдаг уурагтай төстэй лабораторийн аргаар гаргаж авсан уургийг аж. 

Шинэ нээлтийг коронавирусний эсрэг эм, бэлдмэл гаргаж авахад ашиглахын тулд амьтан болон хүн дээр туршилт хийх ёстой. Гэсэн хэдий ч энэ нээлт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, КОВИД-19 халдвар авсан хүмүүсийг ирээдүйд эмчлэхэд тус дөхөм болно гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

“47D11” эсрэг биет “SARS-CoV-2” вирусний хүний бие организмд нэвтрэхэд ашигладаг титэм хэлбэртэй уурагт нөлөөлдөг байна. Судалгааны явцад “47D11” эсрэг биет КОВИД-19 төдийгүй амьсгалын цочмог хам шинжийг үүсгэдэг /SARS/ вирусийг устгадаг болохыг тогтоожээ.

Моноклон эсрэг биет үр дүнтэй эсэх, вирусийг хэрхэн устгаж буйг эмнэлзүйн туршилтын үед нотлохын тулд нэмэлт судалгаанууд шаардагдана гэж судлаачид онцолжээ.

Моноклон эсрэг биетийг хорт хавдрыг эмчлэхэд амжилттай ашиглаж байгаа бөгөөд “Merck & Co.”, “Roche Holding AG” зэрэг томоохон эмийн үйлдвэрүүд үүнийг өөрийн эм, бэлдмэлүүддээ ашигладаг байна.

Top