[ТОЙРОГ 76] Хагарал дагаж “од шүүрсэн” Өвөрхангайн гурав

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 

Өвөрхангайн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар энэ бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагаст гялалзан тодорсон хүмүүс юм. Түүнээс өмнө бол УИХ дахь “бүдүүн” бүлгийн 65 кнопны гурав нь л байсан гээд хэлчихэд хатуудсан болохгүй. Үндсэндээ, М.Энхболдын хуваасан ангиллаар арын эгнээнд зогсож байсан тэд У.Хүрэлсүхийн засаглалын үед урд эгнээнд ороод ирсэн хэрэг. Гэхдээ улс төрд огтоос мөргүй явсан юм биш л дээ. Улс төрийн байр суурийн хувьд сонгосон зам нь л ингэж таараад байгаа хэрэг. Өвөрхангай аймаг улстөрчид ихтэй, тэр хэрээрээ бужигнаантай газар. Д.Лүндээжанцан гишүүн гэхэд л 1992 оноос хойш таван удаа ганцхан Өвөрхангайгаас сонгогдоод 2012 онд жагсаалтаар УИХ-д орж, 2016 онд Баянгол дүүрэгт нутаг нэгт АН-ын дарга асан З.Энхболдыг өвдөг шороодуулаад байна. Улсын Бага Хуралд байсан хоёр жилийг нь нэмбэл өдгөө төрийн эрх барих дээд байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн үг. Аймгийн хэмжээнд АН, МАН-ыг алаглуулсан сонголт хийдэг онцлогтой. Угаасаа ч сонгуулийн зохион байгуулалтаас шалтгаалж гурваас дөрвөн тойрогтой байж ирсэн газар. МАН-ын талаас Д.Лүндээжанцангаас гадна С.Чинзориг, Я.Содбаатар нарыг гол төлөөллөөр нэрлэж болох бол АН-ын нэр дээрээс Г.Батхүү агсан, З.Энхболд, Д.Зоригт нарын “хатуу” учраа үргэлж зогсож байлаа.

Арванесдүгээр тойрог: Я.Содбаатар

Я.Содбаатар хийгээд У.Хүрэлсүх бол “давс, перц” лугаа юм. Эмээлийн хоёр бүүрэг гэвэл илүү онох байх. Юу гэхээр тэрбээр, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Өнөөгийн нэршлээр бол НАМЗХ юм. Тухайн үед НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажиллаж байв. Түүнчлэн 2010-2012 онд түүнийг МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхад мөн л У.Хүрэлсүх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Тэр 2012 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажилласан, найзалж нөхөрлөсөн он жилүүдээс нь ч харсан, сүүлд нам дотроо М.Энхболдын гэх бүлгийг дарж авахад байгуулсан гавьяаг нь ч бодсон тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх кадр. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохтой зэрэгцээд “Я.Содбаатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болно”, “УИХ дахь МАН-ын бүлгийн даргад яригдаж байгаа” гэх яриа гарч байв. Гэхдээ тэрбээр ямар нэгэн албан тушаалд очсонгүй. Учир мэдэх ойрын хүмүүс нь “У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохын тулд олон хүнд өртэй болсон. Найз нөхөд болгоноо татаад байж чадахгүй. Түүнийг нь мэдрээд Я.Содбаатар өөрөө хойш суусан бололтой юм билээ” гэснийг сонсож л явлаа.

Харин хожим 2018 оны наймдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины хэрэг, галт тэрэгний осол зэргээс үүдэн Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Ингээд Я.Содбаатарт хүрд эргүүлэх боломж гарав. Хоёр сар гаруйн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын чимээгүй сунгаа тус нам дотор явсны эцэст Я.Содбаатар сайдаар томилогдсон юм. Дундуур нь Ц.Даваасүрэнгийн дэмжлэгтэйгээр Х.Болор­чулуун гишүүн ч очихыг санаархсан гэх юм билээ. Өөрийг нь МАН-ын Удирдах зөвлөл сайдад дэмжсэний дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Зам, тээврийн хөгжлийн яам бол таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан, бид томоо­хон шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд Монголын төр босго өндөртэй байх зэрэг олон асуудлуудыг цэгцлэх шаардлага байгаа. Энэ асуудалд анхаарч ажиллана. Өмнөх сайдын барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх асуудалд бас анхаарч ажиллана гэ­сэн бодолтой байна” гэж байв.

Албан тушаалд очиж чадсан боловч Я.Сод­баатар хамгийн богино хугацаанд сайд хийсэн амжилтын эзэн болчих нь тэр. Учир нь тэрбээр 2018 оны аравдугаар сарын 5-нд томилогдоод мөн оныхоо арванхоёрдугаар сарын 3-нд чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан юм. Үүний шалтгаан нь өнөөх л Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой. Түүний эхнэрийн эзэмшдэг "Эпато анарваан” ХХК-ийн компани ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан тухай дуулиан гарсан. Энэ талаар Я.Содбаатар “Манай эхнэрийн найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуй нэгж Жижиг, дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод нэлээд удаж байгаа. Энэ зээлийн талаар зээл авсан аж ахуйн нэгжээс нь тодруулж асуусан. Аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтад орж зээлээ аваад зориу­лалтын дагуу ашиглаад, тодорхой ажлын байр бий болгоод энэ төслөө хэрэгжүүлж байгаа юм билээ” гэсэн байдаг. Мөн түүний эхнэр нь өвчний улмаас компанийн үйл ажиллагаанд оролцохгүй удсаныг нь ч ойрын эх сурвалжууд нь баталдаг. Гэвч Я.Содбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Тухайн үед, түүнийг явуулж Засгийн газар дотроо хариуцлага тооцож чадаж байгаагаа харуулсан хэрэг. У.Хүрэлсүх сайдыг огцруулах асуудлын дуулиан намдаагүй байсан цаг болохоор гал унтраах арга хэмжээнүүдийн нэг л дээ. Тэр найзыгаа бас ингэж нэг удаа биеэрээ хаагаад өөрөө Зам, тээврийн хөгжлийн яамны хаалгыг хаасан билээ.п

Хорьдугаар тойрог: Д.Тогтохсүрэн

Д.Тогтохсүрэн гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болох хүртлээ олонд төдийлөн танигдаагүй. Хувь араншин нь илүү дутуу популист үг хэлгүй, чимээгүй хөдөлмөрч гэмээр байр байдал нь ч нөлөөлсөн байх. Цаг үе, нөхцөл байдлаасаа ч болсон уу МАН-ын өмнөх хоёр бүлгийн даргаасаа өөр бүр тодруулбал, тэвчээр заасан, зөөлөн эвлэрэнгүй яриатай имижийг бүрдүү­лээд байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнөх парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байхдаа ажлын албаныхаа хүмүүсийг өдөр, шөнөгүй хууль, тогтоомжийн судалгаан дээр суулгаж чуулганы танхимд бараг өдөр бүр эрх баригчдын үйл ажиллагааг хатуу шүүмжилж, бут ниргэсэн. Тэр ажлын үр дүн 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болоход нь нөлөөгөө үзүүлсэн байж таарна. 2016 оноос хойш УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн даргыг хийсэн. Хэлэх гэснээ хэнд ч зоригтой хэлчихдэг энэ хүн МАН-ынхан дотроо хагаралдаж Засгийн газраа огцруулж, шинийг байгуулсан гээд ярих юм бол нэлээд адармаатай үед үүргээ гүйцэтгэсэн юм. Харин тэдний араас жаахан бөөрөнхий ч гэмээр хүн гарч ирсэн нь Д.Тогтохсүрэн.

Түүнийг сонгосон нь ч учиртай байсан байх. УИХ дотроос У.Хүрэлсүхийг дэмжиж Ерөнхий сайд, намын дарга болгосон гишүүдийн олонх нь анх удаагаа сонгогдсон гишүүд байлаа. Тэдний төлөөллөөс дэвшүүлэх шаардлагатай, дээр нь ялангуяа Өвөр­хангай аймгийн гурван гишүүний дэмжлэгийг хоосон өнгөрөөж болохгүй. Нөгөө талаас нэгэнт ялалт олж авсан хойно урт удаан үргэлжлэх хагарал үлдээж дэмий. Энэ өнцгөөс аймгийн даргаар ажиллаж байсан, алдаа хий багатай, эв зүйг олохыг хичээсэн аядуу зантайгаар нь Д.Тогтохсүрэн сонгогдсон болов уу. Тэрбээр ажлаа авсныхаа дараа өөрөө ч “Улс төрийн хувьд амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. УИХ болон бүлгийн гишүүдийн нэр хүндийг өргөх, эв түнжинг нэгтгэх, гишүүдийн эрхийг хамгаалах асуудал ч байгаа. Үүнд, шинээр сонгогд­сон бүлгийн даргын хувьд онцгой анхаарал хандуулна. Энэ парламент хууль батлах үйл ажил­лагаагаа маш сайн биелүүлж, доголдолгүй явж байгаа. Миний хамгийн гол үүрэг бол бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллах гэдэгтэй санал нэг байна” хэмээж байлаа. Тэр цагаас хойш асуудал гарах бүрт л “Бүлэг эв нэгдэлтэй байгаа” гэж хэлдэг болсон доо.

Д.Тогтохсүрэнгийн тухайд улс даяар авч үзэх юм бол шинэ хүн шиг харагдаад байгаа хэдий ч Өвөрхангай аймагтаа бол “том” амьтан. 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд аймгийн ИТХ-ын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Нутгийн удирдлагын байгууллагад ажилласан нөр их туршлагатайн дээр үндсэндээ 2000 оноос хойш Өвөрхангай аймгийг “атгаж” байгаа нөхөр. Энэ парламент гадна талаасаа “60 тэрбум”-ынхан хэмээн баалуулж, дотроо Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг тоносон төрийн өндөр албан тушаалтнуудтай хэмээн байлдсаар дуусаж байна. Ялангуяа ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэрэгт хэвлэлээр 49 гишүүнийг хамаатуулан цоллосон. Тэр дунд Д.Тогтохсүрэн ороогүй. Энэ талаасаа тэр өнгөрсөн дөрвөн жилийг үнэхээр нэр цэвэр өнгөрөөлөө. Харин нэг зүйлийг сануулахад, Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны ээлжилт хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд “Төрийн бүх шатны албан тушаалтан дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх, энэ төрлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүү­лэхгүй байх” хэмээх заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байдаг. Гэвч энэ оны нэгдүгээр сард Австрали улсын Сидней хотод болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад албаныхан оролцох үеэр Д.Тогтохсүрэн нэр бүхий гишүүдтэй казинод орсон асуудал үүссэн. Өөрөө бол “Зүгээр хөтөл­бөрийн хүрээнд орж танилц­сан. Хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж байлаа. Гэхдээ өнөөг хүртэл тооцсон хариуцлага алга л байна.

Хориннэгдүгээр тойрог: С.Чинзориг

С.Чинзориг бол 2008 оны сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөж ялагдаад 2012 онд даагаа нэхэж орж ирсэн хүн. 2016 оны сонгууль жижиг тойргоор явагдахад АН-ын С.Дэмчиг хэмээх залууг ялсанаар улирч байлаа. Ерөнхий дүнгээрээ аливаа асуудалд нуруутай, зан араншингийн хувьд томоотой, үг дуу цөөтэй хүн. Түүнийг 2017 оны аравдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон явдлыг Өвөрхангайн гурван гишүүн шинэ Засгийн газрыг дэмжсэний шагнал гэж ярих нь бий. Нөгөө талаас энэ салбарыг С.Чинзоригоос өөр хүнд найдаж өгөхөд бэрхшээлтэй байсан ч гэдэг. Тэрбээр энэ чиглэлд туршлагаараа хэний ч өмнө жин дарна уу гэхээс дутахгүй. Залуу насаа аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын даргын ажил хийж өнгөрөөсөн болохоор орон нутгийн амьдралыг гадарлах хүн гэж үнэлэгддэг. Дээр нь 2000-2008 онд бүтэн найман жил Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд хийсэн ховор тохиох намтартай. 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016 оноос УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга гэх мэт ажил хийж байж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа өмнөх сайд Н.Номтойбаярын хорсолтой үгэнд “идүүлж”, эмч, багш нарын ажил хаялтын асуудал дээр хэлэлцээрт ороод явчихсан нь холоос харсан хүнд бараг гундчихаж дээ гэж бодогдмоор байлаа. Өнөөдөр эргээд харахад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон үр дүн гарчээ. Наад зах нь, багш, эмч нарын цалин хөлснөөс эхлээд төрийн албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдлээ. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж буй хүүхдүүдэд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон гэх мэт. Ахмадын тэтгэврийг нэг удаа төрөөс тэглэсэн явдал ч тус яамны ажилтай хамаарна. Одоо энэ цар тахлын үед хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа асуудал зэргийг ч гардан судалж, зохион байгуулсан нь ХНХЯ юм.

ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой дуулиан эд өрнөж байхад С.Чинзориг сайд 300 сая төгрөгийн зээл будилуулсан тухай мэдээлэл цацагдаад өнгөрсөн. Тэр үед өөрөө “Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байгаатай холбогдуулан улстөрчид нэгнээ гүтгэх зүйл газар авч байна. УИХ-ын зарим гишүүдээс намайг "Бевир" гэх компаниараа дамжуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн зээл авсан тухай яриа гарлаа. Би насаараа төрд ажилласан. Амьдралдаа ганц л удаа компани байгуулсан байдаг. Тэр нь бол "Соёмбо консалтинг" гэж зөвлөх үйлчилгээ явуулдаг компани. Өөр компани байхгүй. Нэр холбогдоод байгаа компани бол надтай ямар ч хамаагүй. Ор үндэслэлгүй гүтгэлэг" гэж байсан удаатай. Сүүлд энэ талаар өөр мэдээлэл дахиж гараагүйг бодлоход түүний тайлбар үндэстэй байсан бололтой. Бас тэрбээр хамгийн ядуу сайд гэгддэг. 2018 онд гаргасан Хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг харахад ХНХ-ын сайд С.Чинзориг жилийн 24 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь  31 сая төгрөгийн орлого олсон гэсэн нь бий. Мөн түүний нэр дээр нийтийн нэг орон сууц, нэг гарааш байдаг байна. Эдгээр нь 91 сая төгрөгийн үнэлгээтэй бол 25 сая төгрөгийн үнэлгээтэй “Volkswagen,Touareg” маркийн машинтай хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн 160 хонь, 30 адуугаа 28 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүний дээр 16 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэж байгаа. Нэр дээр нь нэг ч компани байхгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас өөр хувьцаагүй. Энэ зэргийн хөрөнгө бол өнөөгийн нийгмийн дунджаар харахад хүнээс гуйх юмгүй төлөв төвшин амьдрахад хангалттай. Гэхдээ насаараа төрд ажилласан гэгддэг зарим сайд байтугай газар хэлтсийн дарга нарын хурааж хумьсантай харьцуулахад тун бага. Монгол төрд цаашид хоёргүй сэтгэлээр ажиллая гэж бодож байгаа хүн байвал үлгэр жишээ авах зүйл бол энэ мөн шүү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Зочин(192.82.77.171) 2020 оны 05 сарын 06

Чинзориг сайд шиг түшээ байхад болноо. Парламент дахь төрийн ажлын эв дүй ноён нуруутай нэр цэвэр цөөхөн гишүүний нэг дээ.

0  |  1
Top