Монголбанкны инфляцын шинэчилсэн тайланд дурдсанаар Ковид-19 цар тахлын нөлөөллөөр эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст огцом саарах төлөв гарчээ. Цар тахалтай холбоотойгоор эдийн засаг дахь тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулрах төлөвтэй тул өмнөх төсөөллөө ийн бууруулжээ. Төв банкны шинжээчдийн тооцооллоор Ковид-19 Монгол Улсын уул уурхай, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар, барилга, тээврийн салбарт илүү хүчтэй сөргөөр нөлөөлнө. Харин хөдөө аж ахуйн, мэдээлэл холбоо, эрчим хүчний салбарт харьцангуй бага нөлөөтэй байх аж. Эдийн засгийн өсөлтийн төлөвт цар тахлын цар хүрээ, үргэлжлэх хугацааг хоёрдугаар улирлын төгсгөл хүртэл үргэлжилнэ гэж харсан байна. Улмаар энэ оны эдийн засгийн өсөлтийг таван орчим хувьд тооцоолж байсан Монголбанкныхан таамгаа 1.8 болгож, огцом сулруулав. Гэхдээ ирэх 2021 онд гадаад эрэлт нэмэгдэж, зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжирснаар уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх бол уул уурхайн бус салбаруудын үйлдвэрлэл тогтворжиж, нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллийн орчимд хадгалагдах хар зураг гарчээ. Ирэх онд гадаад эрэлт сэргэх, Оюутолгойн алтны агууламж сайжрах болон энэ оны огцом уналтын суурь үеийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэнэ гэж харж байгаа аж.
Энэ оны таамаг буурахад, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө, төмөр зам болон дотоодын томоохон төслүүдийн хэрэгжилт нөлөөлсөн. Мөн манай эдийн засгийн гол хөдөлгүүр болох уул уурхайн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сард 26.1 хувиар агшжээ. Үүнд, Оюутолгойн зэсийн баяжмал 16.8 хувь, нүүрс 12.9 хувь, газрын тос 3.1 хувийн хувийн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Тэгвэл алт олборлолт 2.8 хувь, төмрийн хүдэр 0.1 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлэх болсон нүүрсний экспортын хориг цуцлагдаж гурвандугаар сарын сүүлээс сэргэсэн. Гэвч ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журмын дагуу тээвэрлэлт удааширсан юм. Дээр нь газрын тосны экспорт эхлэх хугацаа тодорхойгүй байгаа зэргийг харгалзан үзээд нүүрс, газрын тосны экспортыг оны эхний хагаст өмнөх төсөөллөөс буурна гэж үзжээ.
Уул уурхайн бус салбарын хувьд Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар эдийн засгийн идэвхжил үргэлжлэн суларчээ. Ялангуяа боловсруулах, үйлчилгээ, худалдаа, тээвэр, барилга зэрэг салбарын идэвхжилийг даган татварын орлого буурах хандлага үргэлжлэхээр байгаа. Цаашид хориг арга хэмжээ сунгагдвал дээрх салбаруудын хүндрэл бүр гүнзгийрэх эрсдэлтэй. Хэрэв хөл хорионы дэглэм цаашид удаан хугацаанд үргэлжилбэл худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах, тээврийн салбаруудын үйлдвэрлэл эрс муудах аж. Түүнчлэн энэ оны эхний хоёр сард дотоодын барилгын материалын үйлдвэрлэл багассан бөгөөд барилгын салбарын өсөлт мөн буурах төлөвтэй байна. Ирэх онд гадаад эрэлт нэмэгдэх, эдийн засаг тогтворжиж дотоод эрэлт сэргэх нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт сэргэх төлөв бий.
Эдгээр эрсдэлээс гадна Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарах нь ирээдүйн тодорхой бус байдлыг бага ч болов бууруулах нөлөөтэй гэнэ. “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарснаар зээлжих зэрэглэл буурах, гадаад санхүүжилтийн өртөг нэмэгдэх, хөрөнгө оруулалтын орчин муудах, хөрөнгийн урсгал татрах зэрэг эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно гэж тайлбарласан байна. Гадаад орчин муудаж байгаатай холбоотойгоор “Эрдэнэс-Таватолгой” компанийн гадаад зах дээр хөрөнгө босгох, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэлбэр тодорхой бус болсон. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтын тооцоо хараахан эцэслээгүй зэрэг нь муу мэдээ болж байна. Томоохон төслүүд эрчимжсэн өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувийн гүйцэтгэлтэй гарч байлаа. Тэгвэл Олон улсын валютын сан тэргүүтэй хөндлөнгийн байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засгийг өсөх бус агшина гэдэг таамаг дэвшүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )