Тансаг цэцгийн шилбийг хугархай гараар тасдах мэт ШҮЛГҮҮД

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Д.Цогбадрахын “Яруу найргийн төгсгөлд” ном уншигчдын гарт хүрлээ. Хэвлэлтээс гараад удаагүй шинэхэн номын үнэр нь ханхийсэн эл бүтээлээс түүний шүлгүүдийг түүвэрлэн хүргэж байна. Энэхүү ном нь түүний дөрөв дэх бүтээл бөгөөд “Интоорын цэцэрлэг”, “Зүүднээс гүн ертөнцөд”, “Одоо цаг” зэрэг яруу найргийн ном нь уншигчдын хүртээл болж, судлаач шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татсан билээ


 

Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан

“Ай даа, яруу найрагч аа. Чи түмэн араншинтай. Бурханы зүүдийг зүссэн чөтгөрийн хутга шиг шүлэг байна. Бумбатай рашаан тэврээд гоо бүсгүйн үсийг шүршинхэн завилсан мэт шүлэг ч байна. Тансаг цэцгийн шилбийг хугархай гараар тастах мэт, тамын улаан галын доор худаг гарган ус гялтгануулах шиг шүлгүүд ч байна. Энэ бүхэн туурвигчаа хүн биш “хүнд гар” болгож байж төрнө шүү дээ. Өндөр бор хүү нэгэнтээ яруу найргийн номоо дурсгасан юм. Ажлын ширээнийхээ нүдэнд хийгээд мартчихаж. Нэг өдөр номыг нь хальт хараад ухасхийн барьж авч, уншиж гарсан гэж байгаа”


Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч М.Уянсүх

“Одоо бичиж буй залуусаас би Д.Цогбадрахад ихээхэн найдлага тавьдаг юм. Түүний байгаа байдал, зан төлөв, зөнгөөрөө мэт амьдрал нь надад таалагддаг. Түүний тухай хэн, юу гэх нь хамаагүй. Яруу найрагч мөн гэдэгт би яагаад ч юм итгэдэг”

 

 

Халимагийн дуучин Сартай Бэхи

Ханцуй шамлан гар барилдах дуртай.

Халмаг царай нь хүүхдээрээ цолгиун ч

Хажуу бөөрөндөө хутганы сорвитой.

 

Өндөр газар сууж тагшаараа төөрөгдөөд

Өөдөө харж буухад нь хэг хэг инээдэг.

Өргөн Сэлэнгийн барааг үзэнгүүт

Өнчин ишиг шиг тойрч гүйдэг.

 

Торгууд хөгжмийн чавхдас шигээ

Тойглуулж эвлэсэн ийм амьтныг

Торгон хилийн цаад руу үднэ гэхээс

Толгой манарч, сэтгэл чивчирнэ.

 

Хагацал ганц хүнд тохиодог эд биш ээ.

Хад чулуу хагарч нуур цөөрөм ч ширгэдэг л юм.

♦           ♦            ♦

 

Дугаар-I

 

Агуу хайрыг мэдрэхийн тул заавал

Авъяаслаг яруу найрагч байх албагүй.

Аяганд халуун хоол, шүүгээнд дулаан хувцас

Аль нэгээрээ дутдаг орон зай

Амттай мөчийн дараах инээмсэглэл

Айсуй цагийн итгэл найдвар

Анхны харцаараа шивнэсэн үгс

"Азтай шүү" гэх хариулт байхад л болно.

Үүр манхайюу донгодож гардаг

Хөршийн азарган тахиаг

Үдшээр сэм хулгайлаад

Хөгшин нохойд нь хар өгөлгүй

Үүднийхээ пинд авчран

Өдийг нь зумлаж, хүзүүг нь тас мушгихад

юун үхэл сэхэл, юун яруу найраг.

Эцсийн мөч хүртэл чамтай хамт үйлдсэн

Энгийн нууцтай байх дэндүү сайхан.

Агуу хайрыг илчлэхийн тул заавал

Алдарт шадаас эшлэхийн хэрэг үгүй ээ.

♦             ♦             ♦

 

Татар охины номын өмнөтгөлд

 

Үзгээ чанга атгаад түүхий

Өндгийг цоо цоо хатгаад үз

Хэн ч өвдөхгүй.

Өвдгөө тас тэврээд цонхон дор

Өдөржин шөнөжин чимээгүй суу

Хэзээ ч эдгэхгүй.

Зэрлэг үндэс хаврын хөрснөөс амилдаг ч

Зээтүүгээр онги татаж төмсний үр суулгадаг.

Өвгө эцгийн чинь цус шингэн, газар шимтэй

Өлмий дээрээ цөмцийх хэрэггүй, зоригтой гишгэ.

Морин дэлээ сумла

Гүжирмэг бай гэж хэлэхгүй

Монголын зүг хараад уужим инээмсэглэ

Үзгээ шүүрээд хэн нэгнийг хөнөө

Үхсэнээс үлдсэн нь чи гэж хэлнэ.

Татаар нэрийг ёс төдий зүүх чинь

дурлах, хайрлаж хүсэхийн дэргэд

Савхин гутлаа нэгэн цагт гол руу шидээд

Сар жилүүдээр загас жараахайн оромж хийхийн адил

Утгатай гэж хэлнэ ээ.

♦             ♦              ♦

 

Жам ёс

 

Зовж гутарч, гараа хазаж

Зориг мохож, итгэл эвдэрч

Зоосоор дутаж, хүнээр цангаж

Зорих газаргүй, үүрээр чичирx явахад

Золбин гөлөг ирээд хуруу долоох сайхан.

Баян хүмүүст атаархаж

яруу найргаас залхаж

Багын анд минь утсаа ч авахгүй

Барга эхнэртээ базуулж

Баруун дэнжид нарны туяа алтрахад

Баянсан ах таараад шар тайлах сайхан.

Буцах зүгээ олохгүй

Будилж төөрч, бурууг өөрөөсөө хайж

Бусдыг уучилж, арц хүж анхилж явахад

Бурхан ч байхгүй, чөтгөр ч байхгүй.

Би л байна, чи л байна.

♦          ♦          ♦

 

Үдэлтийн шүлэг

 

Шүлэг бодох нь чамайг мянгантаа бодохын

Аравны нэгтэй тэнцэнэ.

Шувуу далавчаа биш хөлөө гэмтээхдээ

Шунган нисэх чадвараа алддаг.

 

Чи явахаар зэхэж дуртай номуудаа

Чимээгүй ялгасаар зогсоно, өрөөнд нам гүм.

Чичирхийлсэн гараар Кафкаг нэг атгаснаа

Чинийх байхаа хэмээн эргэж ч харалгүй шивнэнэ.

 

Яруу найргийн тавиур руу чамайг дөхөхөд чинь

Яг энэ мөчид гэрлээ унтраачихмаар болсон.

Элгээ тэврээд хөшиж орхисон намайг

Энхрийхэн дэлхий л харанхуйгаар нөмөрч чадсан.

 

Дотор минь тэнгисийн шуурга босож буйг

Догдлон хэлэх ганц л мөч тохиовол:

“Хүзүү дороос минь гараа зугуухан сугалах чинь

Хөлөг онгоц зангуугаа алгуурхан татахтай адил”.

♦                     ♦                     ♦

 

Алтан шүдэт тугчин минь

Аль цагт шатрын мөрийд авсан шүдийг чинь

Охиныхоо инжинд зэхээд

Одоо ч би нандигнан буй.

Онгойж харласан буйл чинь

Оросын газрын зураг дээрх

Байгаль далайг санагдуулам.

Алтан шүдэт тугчин минь

Архины гуанзанд булгалсан шүдээ

Алтаар цутгасан ч

Авсанд өмхөрч таарна

Амьд хүмүүст хэрэгтэй

Ууган охиныхоо чихэнд

Удвал цэцгийн ээмэг цохиуламз.

Амин зуулгын төлөө

Арилжиж орхивол

Бөх Билгүүдэй домгоос амилж босоод

Бөөр нурууг минь хугалаг.

Алтан шүдэт тугчин минь.

♦             ♦             ♦

 

Celebration II

 

Халгим дурлам гоолиг охидыг

Хайрч тангарч явсан үе минь

Хайртай дуртай нялуун үгсийг

Хайрханд өргөсөн халтар нас минь

Шүлгийн төгсгөлд халсан булууг

Шүдгүй нохой хэмлэсэн юм шиг

Шүүдэр ихтэй цэцгийн усыг

Шүүрэн шанагаар хутгасан юм шиг

Уртаар алдсан санаа алдалт

Уушги цээжинд багтахгүй байх шиг

Унаган цагийн дөрөөгүй шандас

Урд минь алга, ард минь хоцорчээ

Үхлийн савраас туулайчлан зугтахгүй

Үнэн жаргасан хонгор шаргал

Үнэгэн харанхуйг зүсэн давшсан

Үлгэр дуусаагүй хангал шаргал

Ууланд цахилж, ухаанд шархдаж

Улаан нударга мэт шударга явсан

Хэлхээтэй бяслаг шиг өдөр хоногуудын

Хэлтгий нь үгүй омголон байсан

Захирч занахгүй халуун цус минь

Цаг нь ирэхлээр номхорч байх юм

Залгуулж дэвшсэн энэ муу настай

Зам ч нийлэхгүй нь, зан ч нийлэхгүй нь

За баяртай. Үүрд баяртай.

Залуу нас минь.

♦   ♦   ♦

 

ЯРУУ НАЙРГИЙН ТУХАЙД

 

1.

Хятадын яруу найрагч бидэнтэй л

адилхан шар арьстай, жартгар нүдтэй.

Олон үеэрээ

анжис чирч сувдарсан хөлс нь

Одоо амуу дотроос биш

авьяас дундаас нь гялалзнам.

Нууцаа чандлах дуртай

ард түмэн нь

Нутагтаа оршуулахыг хүсэвч

Чандар нь далайн цаана

Заяа тавилангаараа хийсэж таарна.

Хосгүй бүтээл нь

хоолонд давс

цайнд чихэр уусдагийн адил

Хорвоо дэлхийдээ үлдэнэ.

 

2.

Төмөр торхонд савласан

догшин усыг

Түүдгийн гал дээр мах шарах

чимээтэй ханьсан

сорж орхидог, тэгчхээд

Эртний хатдын гоёл зүүлт шиг

Эх адаггүй хөвөрсөн юм бичдэг

Тослог жимс уг нь сайхан л даа

гэхдээ

Тоорыг ястай нь идвэл

хэнд сайхан байх вэ.

Яруу найрагчид нь ийм

зэрлэг бүдүүлэг болохоор

Ямар эх оронд

аз жаргал ирэх вэ.

 

3.

Хүмүүст сэтгэлээ дэлгэнэ гэдэг

Хүүхэд төрүүлээд хүнд өргүүлэхтэй ижилхэн байх.

Санааг олсон ч дутуу гарчихсан аль эсвэл

Савандаа хэдийн зулбачихсан шүлгүүдтэй зөндөө л таардаг.

Шүлэг бичиж байгаа хэн бүхэнд

Шүдэнз зураад нэг нэгийг бариуллаа гээд төсөөлье.

Зурвасхан гэрэл царайд нь тусахад

Зүрх сэтгэл айдаст автахдаа

Зөн совингоо хэрхэн худалддагийг

харж болно.

Үхлийн тухай хоосон яриа шиг

Эрх чөлөө бидэнд бий.

 

4.

Жигүүртэн

хүчээ сорих гэж тэнгэрт нисдэггүй.

Жинхэнэ шүлэгт

зорилго гэж байдаггүй.

♦          ♦          ♦

 

Гэмшил

 

Нүднээс далд чинийхээ тухай ярьсан

Нүгэлт хэлээ огтчиж хаявал таарна.

Нүнжиг муутай хар хүний сүүдэр

Нүүж очоод дайрчхаагүй байгаа даа.

 

Хад сайтай үнэг бардам явтал

Хавх урхинд эндэж андалгүй атал

Солонго мэт сонор

Үен мэт үнэрч байтал

Согтуу галзуудаа хэлснийгээ бодохоор

Солбисон хөлөө тайрч хаямаар болно.

 

Бийрээс минь дуслах шүлэг байлаа, чи.

Биеэс минь анхилах цэцэг байлаа, би.

Ухаанд минь нэрсэн дарс байлаа, чи.

Унахад минь өргөх сэтгэл байлаа, чи.

 

Хань сайтай хүн үхдэггүй хэмээн

Хашхирч цамнасан дууны чинь хөг байлаа, би.

♦             ♦              ♦

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top