Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.08) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Санхүүгийн хэлэлцээрийн талаар танилцуулав.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.
Эхний чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээлийг өөр зориулалтаар ашиглаж болох, нийтийн тээврийн дүүжин зам нь нийслэлийн хөрөнгө оруулалтын эрэмбэд нэн шаардлагатайд тооцогдох эсэхийг тодруулав.
Бүгд Найрамдах Франц улсын нэн хөнгөлөлттэй 60.7 сая еврогийн зээлийг зөвхөн нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замыг нэвтрүүлэх төслийн хүрээнд байгуулсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх тодотгоод газар зүйн байрлалын хувьд Улаанбаатар дөрвөн уулын дунд оршдог учир нийтийн тээвэр хүрч чадахгүй олон чиглэл байгаа учраас агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь оновчтой гэдгийг Монгол Францын эрдэмтэд шийдсэн. Дэнжийн мянга, Дарь эх, Хайлааст, Баянхошуу гээд уулын энгэрээр амьдардаг гэр хорооллын иргэдийг нийтийн тээврийн магистраль шугамд холбох шаардлагатай гэв.
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хар жагсаалтанд орчихоод галнаас зээл авахаа зогсоо. Харин офшорлуу гарсан мөнгөн хөрөнгөө монгол улс татаж иөвлөрүүлэх цаг болсон. МАНАН г устгацгаая.
Оронд нь монголын газар нутгаас уран хэмээх цацраг идэвхит бодис олборлож ураны хаягдлаа монголд булах алсын зорилготой. МАНАН чууд энийг мэдсэн ч мэдээгүй дүртэй сууж байна. МАНАН г устгах цат болсон.