Р.Бадмаанямбуу: Ноолуурыг тогтвортой ӨНДӨР ҮНЭТЭЙ байлгах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

ШУТИС-ийн багш, Техникийн ухааны доктор, судлаач Р.Бадмаанямбуутай ярилцлаа


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Р.Бадмаанямбуу гэдэг. ШУТИС-ийн багшаар ажилладаг. Ноолуурын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хамгаалсан. "Энэ чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа хийдэг" хүн. Миний үндсэн мэргэжил бол Хөнгөн үйлдвэрийн технологич, инженер. Үйлдвэрлэлийн технологийн сургуульд багшлахын хажуугаар Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сорилт, судалгааны лабораторийг хариуцаж ажилладаг. Ноос ноолуур, текстилийн гээд бүх төрлийн экспорт, импортоор гарч байгаа материалын чанар аюулгүй байдлын сорилт, судалгаа шинжилгээ хийдэг Монгол Улсын хамгийн том, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори юм. Манайх бол олон улсын түвшинд хүрсэн Лаборатори. Стандартчлал, Хэмжил зүйн газрын дэргэдэх Текстилийн стандартчилалын техникийн хорооны даргаар ажилладаг. Олон улсын ноосон текстилийн хорооны гишүүн, энэ байгууллагаа олон улсад төлөөлж байна даа.

-Текстил гэж юу юм бэ?

-Энэ нь ширхэгтээр хийсэн бүх зүйлийн материалыг хэлж байгаа юм. Одоо хүмүүсийн өмсөж байгаа хувцаснаас өгсүүлээд текстил хэрэглэдэггүй зүйл, салбар байдаггүй. Хүмүүсийн мэддэг мөртлөө мэддэггүй юм бол энэ. Нэхмэл даавууг задлахаар ширхэг гарна. Ноолууран материалыг задлахаар ч ширхэг гарна. Ширхэгт гээд байгаа нь энэ юм. Ширхэгтийг ээрээд утас бий болно, утсаараа нэхчихээр даавуу болно. Сүлжмэл, нэхмэл, нэхээстэй, нэхээсгүй гээд олон төрөл. Сүүлийн үед анагаах ухаанд хүний зүрхний хавхлагийн хагалгаа зэргийг дандаа текстилээр хийж байна. Манайхан нэхмэл гээд байдаг ч энэ нь буруу. Нэхмэл гэдэг нь текстилийн зөвхөн дэд салбар л юм. Хэл зохиолын хүрээлэн дээр би очоод текстил гээд олон улсад нутагшчихсан нэр томъёог нутаглуулая, тэгэхгүй бол энэ салбарын нэршил явцуу ойлгогдоод байна гэсэн санал тавьсан. Тэгээд тус хүрээлэнгээс дүгнэлт гаргаад манайд албан ёсоор ороод ирсэн ийм үг болсон.

-Энэ салбараа та олон улсад төлөөлдөг хүн. Харин стандарт нь манай улсад ямар байгаа вэ?

-Стандарт гэдэг бол аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хангаж болохуйц хамгийн бага түвшинг хэлдэг юм. Түүнээс дундаж, дээд түвшин бол биш. Үндэсний стандарт, бүс нутгийн стандарт, олон улсын стандарт гээд янз, янз байдаг. Ер нь бид нарын амьдрал бол тэр чигээрээ стандарт. Хоол хүнс, өмсөж зүүх гэхээс гадна нийгмийн хариуцлагын стандарт гэж хүртэл бий. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны   стандартыг хэрэгжүүлсэн компаниас л чанартай бүтээгдэхүүн гаргана. Тэрнээс биш нэг бүтээгдэхүүнийг ISO9000 хангасан гэвэл буруу болчихно. Үндсэндээ тогтолцоог нь л стандарт гэж хэлээд байгаа юм. Тогтолцооны, бүтээгдэхүүний техникийн шаардлагын, шинжлэх аргын стандарт гээд дотроо маш олон хуваагдана. Манай ноос, ноолууын салбарт бол гол стандартыг нь хариуцдаг газар бол Текстилийн стандартчилын техникийн хороо юм. Салбар, салбарын мэргэшсэн хүмүүсийг цуглуулаад, хэлэлцээд стандартыг нь баталдаг. Манай текстилийн л гэхэд 140-өөд стандарт байдаг. Олон улсад бараа бүтээгдэхүүнээ гаргана л гэвэл стандартын шаардлага хамгийн түрүүнд тавигддаг. Жишээлбэл, ноолуур цамц экспортлохоор болбол хэмжээний буюу размерийн, өнгө будгийн, холцийн гээд олон стандарт шаардагдана. Ноолуур чинь өөрөө үнэтэй түүхий эд учраас хямд түүхий эдтэй хольж хийх магадлал өндөр байдаг. Дэлхийн зах зээл дээр зуун хувь ноолуур гэж Хятад улсаас нийлүүлсэн бүтээгдэхүүний дор хаяж 35 хувь нь хольцтой байдаг. Монгол Улсын хувьд бол зуун хувь гэдгээрээ бусдаас ялгарах онцлогтой.

-Ноолуурын үнэ яг одоо иргэдийн хүсэж байсан, засаг төрийн хэлж байсан хэмжээнд хүрэхгүй байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ноолуур бол өөрөө манай улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой, стратегийн баялаг юм. Хөдөө аж ахуйд суурилсан тэргүүлэх салбарын маань нэг. Бид нар чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Зах зээлийнхээ жамаар яваад ирсэн энэ салбарыг эрэлт, нүүлэлтийн сүлжээнд үнийг засаг төрөөс шууд тогтоож өгнө гэдэг өөрөө тун буруу. Яагаад гэхээр энэ нийлүүлэлтийн гинжин сүлжээ гэж нэг юм бий. Бэлчээрээс эцсийн бүтээгдэхүүний хэрэглэгчид хүртэлх шат дамжлагад оролцдог бүх хүмүүс үүнд хамаарна. Малчин, үйлдвэрлэгч хоёр бол нэг юмны хоёр тал. Дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт гадаад зах зээлийн нөхцөл байдал ямар байх зэргийг судлаагүй шийдвэр гаргаж болохгүй. Дээрээс нь дэлхий нийтийг хамарсан эрсдэл бий боллоо. Коронавирус гарснаас хойш хэдэн сар бүү хэл долоо хоног, өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Ийм үед анализ хийгээд, салбарын эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсоод, үйлдвэрлэгчдийнхээ бодит байдлыг яриулаад шийдвэрээ гаргасан бол маш сайн байх байлаа. Малчдаар үнэхээр тоглолоо. Үйлдвэрлэгчид бүр хэцүү байдалд орсон. Зуун мянган төгрөгийн түүхий эд авчихаар баахан нэмүү өртөг шингэж байж эцсийн бүтээгдэхүүн болно. Ийм өндөр үнээр боссон эцсийн бүтээгдэхүүнийг хэн авах юм. Хамгийн гол худалдан авагч Хятад, Италийн үйлдвэрүүд бүгд хаалгаа бариад тэг зогсолт хийчихсэн. Ер нь бол засгаас шууд үнэ тогтоох биш зах зээлийнх нь жамаар нь л орхих ёстой. Энэ хамгийн зөв шийдвэр.

-Засгийн газраас ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөг өгөх тухай яригдаж байна. Энэ ер нь хэр зөв шийдвэр вэ?

-Зуун мянга гээд байсныг бодоход арай зөөлөрсөн шийдвэр. Гэхдээ л төгс төгөлдөр биш. Нэгэнт Ч.Улаан сайд зуун мянга гээд ам гарчихсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зах зээл дээр 40-60 мянгын хооронд хэлбэлзэж байна. Малчдад маш их хүлээлт байсан. Тиймээс засгаас 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар яригдаж байгаа ч тогтоол нь хараахан эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ тогтоолын төсөл дээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хураамжийг тэглэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхийг дэмжих гэсэн дөрвөн агуулга байгаа юм билээ. Үүн дээр нэг үг байгаа юм. Юу гэхээр “Зах зээлийн суурь үнэ дээр нэмэх нь 20 мянга” гэсэн байна лээ. Суурь гэсэн үг уг нь энэ тогтоол дээр байж болохгүй. Учир нь үнийг нь хүчээр тогтоох гэсэн оролдлого болж ойлгогдоно. Тэгэхээр малчид маань хэн арай илүү үнэ хэлсэнд нь л өгчихөөд засгаас мөнгөө нэмээд авах хэрэгтэй. Малчдын "А" дансанд хэдэн ямаатай ч нь бичээтэй байгаа юм чинь дунджаар тооцоолоод л малчинд хэдэн төгрөг өгөх нь гараад ирнэ. Энэ бол түр зуурын гал унтраах шийдвэр. Ноолуурын үнийг жил бүр тогтвортой, үнэтэй байлгах нөхцөлийг л Засгийн газар бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй болохоос шууд нөлөөлж огт болохгүй. Ноолуур байгаад үйлдвэрлэл нь дампуурчихвал ноолуур хог дээр хаягдана. Тэгэхээр бүгдэд ээлтэй бодлогыг боловсруулж, бодлогоор хангахад л анхаарах хэрэгтэй.

-Тэгэхээр малчид зах зээл дээрх хамгийн өндөр үнээр нь л өгч байж эргээд засгаас мөнгө авах боломж нь үүсэх юм байна, тийм үү?

-Яг тийм. Зах зээл дээр хэн хамгийн өндөр үнэ хэлнэ, түүнд нь өг. Засгийн газрын шийдвэр эцэслэгдвэл 20 мянган төгрөгийг нь өгөх ёстой болно.

-Зүүн аймгуудын ноолуур чанартай, бусад нь чанаргүй гэж салбарын сайд нь хэлсэн. Үнэхээр тийм байдаг юм уу?

-Нутгийн монгол ямаа гээд нийтлэг нэг хэвшлийн үүлдрийн ямаа байдаг. Үүнээс гадна говь гурван сайхан үүлдэр гэх мэт эрлийз хэвшлийн ямаа бий. Эрлийз ямаа нутгийн монгол ямаанаасаа бүдүүн ширхэгтэй байдаг. Дээр нь нутгийн монгол ямаан дотроо шилмэл үүлдрийн омгууд гэж байгаа. Эрчмийн хар ямаа, Баяндэлгэрийн улаа ямаа, Завханы буурал, Өлгийн улаан, Галшарын улаан гэх мэт үүлдэр омгийн ямаануудын ноолуурын гарц, чанарыг сайн гэж үздэг. Үүнээс бусдаар монгол ноолуур ерөнхийдөө чанар нь ижил. Тухайн орон нутгийн цаг агаараас хамаараад бохирдол нь харилцан адилгүй. Гантай, шороотой байвал тэр хэмжээгээр ноолуур бохирдол ихтэй болдог. Мөн өвөл их зудтай байснаас шалтгаалаад ноолуур хялгас, хаг ихтэй гардаг. Дээр нь бэлтгэлийн арга зүйгээс хамаарч чанар нь өөрчлөгдөж болно. Тухайн малчин ноолуураа самнахдаа хялгасгүй, бохирдол шороо тоосыг нь цэвэрлэсэн бол сайн чанартай авна. Тэгэхээр Архангайн ноолуур муу, Сүхбаатарынх сайн гэсэн ойлголт байхгүй. Зүүн аймгуудын ноолуур эхэлж гардаг. Үйлдвэрлэгчид эхэн үед аль болох ахиу ноолуур авахын тулд өрсөлдөөд эхлэхээр ноолуурын үнэ өсдөг. Аажимдаа нөөцөө бүрдүүлээд тэр бүр авахаа больчихоор үнэ нь буурдаг. Нэг үгээр бол гуравдугаар сарын 15-аас зургадугаар сарын 15 хүртэл л Монгол орон даяар ноолуур гарч зарагддаг. Эхэн үедээ үнэтэй, сүүлдээ буурдаг гэж ойлгож болно.

-Ноолууран бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байдаг гэсэн шүүмжийг хүмүүс хэлдэг. Яагаад тийм байдаг юм бэ?

-Малчдаас шууд авч байгаа түүхий ноолуурын, боловсруулсан ноолуурын гэж хоёр төрлийн үнэ байдаг. Нэг килограмм боловсруулсан ноолуур гаргаж авахын тулд хоёр килограмм түүхий ноолуур ордог юм. Ингээд бодохоор ноолуур өөрөө маш өндөр өртөгтэй түүхий эд. Эцсийн бүтээгдэхүүн болгочихоор нэмүү өртөг шингээд тийм өндөр үнэтэй болдог. Дээрээс нь ноолуур дэлхий дээр маш бага нөөцтэй. Нийтдээ дэлхий дээр 28 мянган тонн ноолуур байдгаас арван мянгыг нь манай улс, 14 орчим мянгыг нь Хятад буюу Өвөрмонгол, үлдсэнийг нь Иран, Афганистан нийлүүлдэг. Дэлхий дээрх ийм жаахан нөөц чинь Монголд ийм их нөөц байхгүй юу. Кашмерийн ангиллын ноолуур зөвхөн Монгол, Өвөрмонгол хоёрт л байгаа. Нэгэнт үнэ ярьсных угаасны дараах ашиг 2-5 хувь, боловсруулсан ноолуур гаргаж авахад 10 хувь, ээрэх үйлдвэрлэлээс 15 орчим хувийн ашиг гардаг бол эцсийн бүтээгдэхүүн гаргахад ашиг нь 40 орчим хувийн ашиг гардаг. Тэгэхээр аль болохоор л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашиг нь төдий чинээ их байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр гол тоглогч болгох нь бидний туйлын зорилго бөгөөд ингэснээр түүхий ноолуурын үнийг тогтмол 100,000 төгрөгөөс дээш байлгах боломж бидэнд бий.

-Тэгвэл ноолууран бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж бий юу?

-Үйлдвэрүүд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хөрөнгө зарах хэрэгтэй. Энэ бол олон улсын жишиг. Ингэж байж шинэ бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тансаг зэрэглэлийн үнэтэй бүтээгдэхүүнээ хийж болно. Хажуугаар нь ноолуураас хямд бусад төрлийн ширхэгт материалыг холих замаар бүтээгдэхүүний өртөгийг бууруулах боломжтой. Ноолуурыг ноос, торго, хөвөн, синтетик зэрэг ширхэгт материалтай хольж болно. Ингэвэл үнийн өргөн сонголттой, бүх нийтийг хамарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Нэмээд хэлэхэд ноолуур бол нөхөн сэргээгддэг үнэт баялаг учраас зөв зохистой ашиглаж, нэмүү өртөг шингэсэн, дэлхийн зах зээлийн шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлээ маш сайн хөгжүүлж байж л ноолууран бүтээгдэхүүн, ноолуур тогтмол өндөр үнэтэй байна. Манайх өнөөдөр түүхий эдийнхээ 20 хүрэхгүй хувиар эцсийн бүтээгдэхүүн хийгээд 80 гаруй хувийг нь түүхийгээр нь гадагш нь гаргаж байна. Эсрэгээр нь болгочихвол Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлэх нөөц боломж бий.

-Ийм болохын тулд таныхаар нэн тэргүүнд юу хийх ёстой вэ?

-Нэн тэргүүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх цог бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйг орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Харин энэ хууль нь үйлдвэрлэгчийн бүх оролцогч талын эрх ашгийг хангасан байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч татах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.172) 2020 оны 05 сарын 15

Танай сайт ч сонирхолтой сайт бн . Үнэн гоё

0  |  0
Зочин(202.21.108.172) 2020 оны 05 сарын 15

Үнэхээр сайн залуу, ухаантай хүн бн

0  |  0
Админ д зориулав. (202.21.108.172) 2020 оны 05 сарын 15

Хэ хэ сонгуулийн сурталчилгаа юм хаашаа юм админ аа. Ккк\nШүүмжилж болдоггүй. Ёс суртхуунд харш нэг ч ороогүй байсан юмсан. Тэгтэл устгачихаж байгаа хэрэг үү. Инээдтэй юм. Нийтлэл гаргах хэрэггүй юм биш үү\n

0  |  0
Мангуу нэгэн(202.21.108.172) 2020 оны 05 сарын 17

Сайн ойлгосонгүй. Яг ямар утга санаа агуулж байгаа юм бэ? Учир замбраагүй онол, эдийн засгийн прогноз бичсэн байна. Ноолууран ширхэгт материалыг бусад химийн болон байгалийн гаралтай бусад ширхэгттэй холихлээр уян зөөлөн чанар нь алдагддаг гэдгийг мэдэхгүй байгаа юму. Уг нь эрдэмтэн хүн мэдмээр л юм. Ганц удаа ч үйлдвэрлэлийн секторт ажиллаж үзээгүй цэвэр онол, номын хүн. Бүхэл бүтэн ноолуурын салбарыг төлөөлж яоьж бичиж болохгүй л байх

0  |  1
Ч. Жаргалсайхан(211.36.149.161) 2020 оны 05 сарын 14

Маш тодорхой ярилцлага болсон байна. Амжилт хүсье цаашдын их ажилд нь.

1  |  0
Зочин(202.126.89.224) 2020 оны 05 сарын 11

Дэмжнэээ энэ залууг

0  |  0
Top