УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй хуульч Доржийн Миеэгомботой ярилцлаа
-Одоогоос дөрвөн жилийн өмнөх үйл явдалтай уяж асуултаа тавья гэж бодлоо. Та 2016 онд ХҮН-ын идэвхтэй гишүүдийн нэг байсан. Сонгогчид шинэ хүчин, шинэ нам гарч ирэх нь хэмээн их хүлээлттэй байсан. Гэтэл дотроо муудалцан, сонгуулийн өмнө хагарсан шаазан мэт болчихсон. Олон нийтийн дунд хоёр нам бужигнуулчихсан гэх юм билээ?
- За тэр нь ч бас юу юм бэ, эрх баригч намууд хагалсан гэдэг нь. Биднээс өөрсдөөс маань л болсон доо, үндсэндээ. Өнөөдөр ч энэ нам өөрийнхөөрөө хэлбэржээд байж л байна. Хөдөлмөрийн Үндэсний намын залуусыг зорьсон зорилгодоо хүрээсэй л гэж дотроо бодож байдаг. Энэ намыг дүгнэх, муулах дургүй, тэдний тухай ярихгүйг хичээдэг.
-Үүнийг асуудгийн нэг шалтгаан нь залуу хүмүүс туйлбаргүй, “ах” намынхны амлалтанд итгэн бүдрэх үзэгдэл байдгийг анхааруулах мэт санагддаг юм. Та үзэл бодолдоо хэр үнэнч хүн бэ. Үнэнч байна гэдэг хүний эрхэм чанарын нэг мөн үү?
-Үүнийг цаг хугацаа л харуулна. Өөрөөсөө, өөрөөсөө гэдэг нь өөрийн үзэл бодол зарчмаасаа урваж явсангүй, тэгээд ч үнэнч тууштай байсан эсэхийг өөрөө тодорхойлоод байх зохимжгүй. Цаг хугацаа л харуулдаг. Гэхдээ миний үнэнч тууштай байгаа нь өнөөдөртөө надаас өөр хүнд хамааралгүй, нийтэд сонирхолтой биш шүү дээ.
-Улс төрчид шударга ёс гэж аман дээрээ их ярих ч хэлсэндээ хэзээ ч хүрэхгүй, олон нийтийн амьдрал яг хэвэндээ байдгаараа, ядуурал улам нэмэгдэж буйг статистик харуулж байна. Дэлхий нийтийг айдаст автуулсан COVID19 бүр ч их нэмэр болох бололтой. Та өнөөгийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөв, нүдээ олсон гэж үзэж байна уу?
- Бид хоёрын яриа их л оочин цоочин яриа болж байна. Шударга ёс тогтносон эсэхийг хууль бодитой, тэгш үйлчилж, хэрэгжиж байна уу үгүй юү гэдгээр хэмждэг. Гэхдээ хууль нь эрх зүйт хууль мөн үү, үгүй юү гэдэг давхар асуудал бий. Энэ нь онол, эрхийн философийн асуудал. Энэ талаар төсөөлөлтэй улс төрч хуруу дарам. Ингэхээр тэднээс шударга ёс нэхэх боломж хомс. Нийгмийн ухамсар, соёлын дунджаас ч, тэдний тусгалаас ч хүлээх нь найдлагагүй. Хувь хүний нөлөө маш их үйлчлэхээр ийм л нийгэм болчихлоо. Сайн, муугийн аль тал руу явах нь...
Систем болж тогтсон нэг ч нам алга, эрхийн орчин, хуулиуд нь ч ийм үр дүн гаргаж чадахааргүй юм. Үүнийг зориуд хадгалж үхшрүүлж байна л даа, цөөн тооны хүмүүс. Тахлын өмнө явуулж байгаа Засгийн шийдвэрүүдийг шүүмжлэхээсээ урьтаж, өөрийнхөө бодлыг хэлье. Импортыг хязгаарлах шийдвэрийг шат дараатай яаралтай авах шаардлагатай гэж бодож байна. Шинэ женерэшний гар утас, хуучин машин, даршилсан, нөөшилсөн, чихэр ихтэй, ГМО-той хүнс, үнэтэй архи дарсны татварыг нэмэгдүүлж импортыг хязгаарлах шаардлагатай. IPONE-ний тухайн жилийн шинэ загварын утаснаас 50 000-ыг 1200 доллараар авчихад л 60 сая долларын импорт хийчихэж байгаа шүү. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг чадлаараа нэмэгдүүлмээр, гэтэл хав дарчихаад жил тойрлоо.
Нөгөөтэйгүүр ипотекийг үргэлжлүүлэх, дотоодод хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үүнд ногоо тарих, хүлэмж, зоорийг нэмэхэд зориулж төв банк засгийн газрын хамтарсан зээл, барьцаа, хариуцлага үүсгэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр...
За ингээд зогсоё, мэдэхгүй юмаа хамаагүй ярьж болохгүй, гэхдээ бодогдож байгаа зүйл бол ийм байна.
-Намууд тодруулбал АН 100 сая төгрөгийн дэнчин нэр дэвшигчдээсээ авч байна. Гишүүд нь бүх намд байдаг. Анх удаа АН ил зарласан гэж өмөөрч буй ч энэ үйлдэл нь хэрвээ тэднийг сонговол энэ мөнгөө олж авах ажлаа хийнэ гэж хэлээд байх шиг. Та горилогчдоос энэ мэт мөнгө авч буйг юу гэж үздэг вэ. Өөр ямар гарц байж болох вэ?
- Нэг ч нам байхгүйтэй адил. Нам гэдэг үгийг бүр хашилтанд “нам” гэж хэрэглэмээр. Төрийн эрхийг авч нийтийн өмч хөрөнгө мөнгийг завших бүлэглэл гэвэл ононо. Улс төрийн намыг жинхэнэ агуулгаар нь төлөвшүүлэхээс нааш, нөгөө талаас төрийн мэргэшсэн албыг улс төрийн намын дарамтаас салгахгүйгээр парламентын төрийн тогтолцоо үр шимээ өгөхгүй. Намын төлөвшил ийм дорой байхад намууд сонгогчдыг төлөөлж огт чадахгүй. Төлөвшил бол бас урт удаан процесс, хугацаа шаардана. Тиймээс энэ дутууг нөхөх боломж нь хоёр танхимтай парламент. Нэг танхимын үүргийг хоёр танхим гүйцэтгэдэг. Жижиг мажоритарт суурилсан АИХ, порпорциональд суурилсан УБХ. Үүнээс өөр мэхгүй гэж хувьдаа боддог.
-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?
-Нийгмээс “нам”-уудад ийм дүн тавьж байна. Өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөлтийн төлөө хүсэл зоригоороо нэгдсэн бие хүмүүс олноороо хууль тогтоох байгууллагад орж ирвэл тулгамдсан, шаардлагатай өөрчлөлтийг тайван замаар эхлүүлж болно.
-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?
- Энэ асуултыг сонгогч өөрөөсөө асууж л тунгаах ёстой, тэдний өмнөөс би бодох, хариулах нь зохимжгүй. Хүний нас, амьдрал, төрийн нас, улс орны нас, хувь заяа, амьдралын утга учир, зорилгыг харьцуулаад бодож үзэхэд нэг шийд гарна. Магадгүй би ч буруу бодож байгаа юм билүү, өнөөдрийн байгаа амьдралыг хүмүүсийн олонхи нь үнэхээр хүсч байдаг байвал одоо яалтай ч билээ. Гэхдээ, би Монгол хүн-үндэстний ирээдүй сайн сайхан байна гэдэгт итгэнэ.
-Таны сонгуулийн ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )