К.Ханагат: Эдийн засаг хүчтэй байж УЛС ОРОН хөгждөг

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Олон улсын санхүүгийн менежер К.Ханагаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг К.Ханагат гэдэг. Хоёр Герман улс нэгдэж байх тэр үед Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер мэргэжлээр боловсрол эзэмшсэн. Удирдлага хөгжлийн академи, Олон улсын санхүүгийн менежерийн сургалт төгссөн. Санхүүгийн менежер, Удирдахуйн ухааны магистр цолтой.

-Монгол Улс чөлөөт нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байна. Энэ цаг үеийг та хэрхэн дүгнэж байна вэ?

Улс орны эдийн засаг хүчтэй байж улс орон хөгждөг. Хүчтэй эдийн засаг гэдэг бол тухайн улсын хэр зэрэг төсөвтэй, улсын орлого, ард түмний амьдралын түвшин зэргээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл манайх 1990 онд социализм задраад зах зээлийн чиг баримжаатай хөгжиж эхэлсэн цагаас хойш 30-аад жил өнгөрч байна. Тухайн үед бид нар юуг шүүмжилж байсан бэ гэхээр хэдийгээр сургууль, эмнэлэг үнэгүй, бүх хүн ажилтай байсан боловч эдийн засгийн хувьд төвлөрсөн төлөвлөгөөт буюу бүх зүйлийн үнийг төрөөс тогтоодог, үйлдвэрлэлийг төрөөс төлөвлөж хийдэг байсан.

Одоогийн бидний нийгэм бүх зүйл маань зах зээлийнхээ зарчмаар тодорхойлогддог. Төр бол хувийн хэвшил, үйлдвэрийн салбарт оролцохгүй, ард иргэддээ чөлөөт өрсөлдөөнийг явуулах боломжийг хангаж өгөх ёстой. Гэтэл бид өнгөрснөө эргээд харахад сайн амжилтад хүрч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл социализм 70 жил яваад дампуурч байсан бол бидний бүтээсэн ардчилсан нийгэм гучхан жилийн дараа үндсэндээ дампуурлын байдалд хүрчихлээ. Мэдээж тодорхой хөгжил, дэвшил бидэнд бий. Харин хувь хүний хөгжил бүрэн хоцрогдсон. Чанаргүй их дээд сургуулиуд маш их болж, мөнгөний хойноос улайран хөөцөлдөж байна. Мөнгийг нь л авч байвал гээд чанартай боловсрол олгоё гэсэн сэтгэл байхгүй, бушуухан төгсгөхийн тулд чанартай, чанаргүй олон боловсон хүчнийг зах зээл рүү шууд түлхэж байна. Эрүүл мэндийн салбар ч гэсэн хөрөнгө мөнгөний хойноос хөөцөлдсөн, хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, мөнгөгүй нэг нь эрүүл мэндийн үйлчилгээг тэр бүр авч чадахгүй байдал бий болчихлоо. Төсвийн байгууллагуудад ч гэсэн хэт намчирхал бий болсон. Гурван сая хүнд 35 нам байгаа гэдэг бол дэндүү ахадсан тоо. Дуртай болгон нь нам байгуулж байна. Энэ утгаараа аль нэг нам нь төрийн эрх мэдлийг авахаараа намчирхсан томилгоонуудыг хийж, олон хүнийг хоморголон халдаг боллоо. Тэгээд боловсрол мэдлэг хамааралгүй албан тушаалд очсон хүмүүс нь өөрсдийн ах дүү, найз нөхдийг ямар нэгэн шалгуургүйгээр төрийн албанд оруулж байна. Үүнээс улбаалаад гадаад өр нь 30 тэрбум хүрчихлээ шүү дээ. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол ганхаад эхэлчихлээ. Эндээс харахад өөрчлөлт, шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай болсон.

-Тэгвэл яаж өөрчлөх вэ?

-Нийгэм мэдээж урагшилж байх ёстой. Гэвч байшин барилга олноор баригдсанаар хөгжлийг тодорхойлж болохгүй. Энэ бол хөгжлийн зөвхөн нэг хэсэг зүйл. Улс орон хувь хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Улс орон хөгжиж, гэр бүл сайхан амьдрахын тулд гол таван хэрэгцээ хэрэгтэй байдаг. Үүнд, нэгдүгээрт аюулгүй байдал. Хувь хүний аюулгүй байдлыг хуулиар хамгаалж, хууль алагчилгүй үйлчилдэг байх хэрэгтэй. Хоёрт хүнсний хэрэгцээ бүрэн хангагдсан, чанартай байх ёстой. Гуравдугаарт сэтгэл амар амьдрах орон байртай байх. Тансаг зэрэглэлийнх биш гэхэд хүний амьдралын наад захын шаардлагыг хангасан байх ёстой шүү дээ. Дөрөвт нь хүн эрүүл чийрэг байх ордог. Эрүүл мэнд яагаад дөрөвт эрэмбэлэгддэг вэ гэхээр хүний аюулгүй байдал алдагдвал эрүүл мэнд хохирно. Хоол хүнс, орон байргүй байвал мөн л эрүүл байж чадахгүй. Харин тавдугаарт дээрх бүхнээ хангачихсан хүн өөрөө боловсрох хэрэгтэй. Энэ таван шаардлагыг хангасан хүн ажлын байртай, орлоготой байж, таван шаардлагаа хангах зардлыг нөхөхөөс гадна хуримтлал үүсгэж чадаж байх ёстой. Энэ таван шаардлагыг хангах орчныг төр бий болгож өгөх үүрэгтэй. Энэ эрэмбээр нэн тэргүүнд ажлуудыг хийж байж улс орны хөгжил зөв замдаа орно. Бид бол үйлдвэрлэгч биш хоёр хөршөөсөө импортлогч улс. Үндсэндээ борлуулагч орон болоод хувирчихсан. Хөдөлмөрийн чадвартай нэг сая хүн бий гэж тооцвол тэдний 300 мянга нь төр, төсвийн байгууллагын ажилчид байна. Баялаг бүтээх ёстой үлдсэнээс нь яг баялагийг бүтээж байгаа нь маш цөөхөн. Бусад нь дамлан худалдагчид болоод хувирчихсан байна. Төсвийн байгууллагын ажилчид бол цэвэр зардал гаргагч хэсэг шүү дээ. Зардал гаргадаг хэсэг нь маш бага, үйлдвэрлэгчид, баялагийг бүтээгчид нь маш их байх ёстой.

-Өнөөгийн эдийн засагт тулгамдаж байгаа асуудал юу вэ?

-Манай улсын эдийн засаг босохгүй байгаа хамгийн том шалтгаан бол Хятадаас маш их хэмжээний юань янз бүрийн замаар орж ирж байна. Хөрөнгө оруулалт гэж хууль ёсны дагуу орж ирэхээс гадна хууль бусаар ч орж ирж байгаа гэсэн яриа байдаг. Ямар ч л байсан их хэмжээгээр манай эдийн засагт орж ирж байна. Ингээд Монголын зах зээл дээр өнөө юань зарагдахаар Хятадаас янз бүрийн бараа оруулж ирж зардаг нөхдүүд түүнийг авч байна. Түүгээрээ Хятадаас очоод бараа авчихаар юань нь нутагтаа үлдэж, бараа нь зарагдаж байгаа биз. Гэтэл юань зарсан төгрөгөөрөө Монголын валютын нөөцийг худалдаж аваад мөн л урагшаа гаргаж байна. Тийм учраас манай улсад валют хуримтлагдахгүй байна. Үүнийг зогсоох ёстой. Зогсоохын тулд бид өөрсдөө үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Миний тооцоолсноор бол урдаас оруулж ирж байгаа нийт барааны 60-70 хувийг бид дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой юм билээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна. Дээрээс нь банк, санхүүгийн байгууллагууд маань үндсээрээ дампуурчихсан. Гайгүй хэдийнх нь ард дандаа улстөрчид байдаг. Тэгээд өөрсдийгөө хуулиар хамгаалаад, асар өндөр хүүтэй зээл олгоод байна. Үүнийг нэн яаралтай задалж, улстөрчдийн оролцоог байхгүй болгож, банкны хүүг маш бага болгохгүй бол болохгүй. Мөн аливаа улс орон эдийн засгаа сэргээхийн тулд хөрөнгийн биржийг сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм. Хүмүүс банкинд мөнгөө хадгалуулдаг биш, хөрөнгийн зах зээлийн суурь ойлголттой, түүний гол тоглогч, оролцогч байдаг болох нь чухал. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд тэднийхээ хувьцааг гаргаад өгвөл хүмүүс энэ талаар судалж, оролцож эхэлнэ. Харин манайд одоохондоо шууд эсрэгээрээ хөрөнгийн бирж нь огт хөгжихгүй хэрнээ хүмүүсийн хадгаламжийн дийлэнх нь банкуудаар дамжиж байна. Өндөр хөгжилтэй оронд бол дээр миний ярьсан шиг эсрэгээрээ байж, зах зээл дээр эргэлдэж байгаа нийт хөрөнгийн 80-90 хувь нь хөрөнгийн зах зээл дээр, үлдсэн 10-20 хувь нь л банкны салбарт эргэлддэг.

-Гадны банк оруулж ирэх нь зөв, буруу гээд их маргалддаг. Үүн дээр таны бодол ямар байдаг вэ?

-Гадны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй. Нэгэнт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж гоншигонохоо болих хэрэгтэй. Энэ бол сүртэй юм огт биш. Хамгийн бага хүүтэй л бол хэний ч мөнгө орж ирэх ёстой. Дотоодын банкууд нь дампуурчихна гэж олон хүн ярьдаг. Хүүгээ буулгахгүй бол дампуурах л ёстой шүү дээ. Өндөр хүүгээр ард түмнээ шулж, доромжилж байхаар дампуурчихсан нь нэрэнд нь цэвэр. Орос, Хятад, Америк гээд хаанахынх байх нь хамаагүй, хамгийн бага хүүтэй л бол оруулж ирээд өрсөлдүүлж, ард иргэддээ хамгийн тааламжит нөхцөлийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Европт гэхэд л хүү нь хасах руу орчихлоо шүү дээ. Манайд хасах биш гэхэд ядаж 10 орчим хувьтай баймаар байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй. Банк, санхүүгийн салбарын ард зохион байгуулалттай бүлэглэл байна. Яг үнэндээ мафи гэж юу вэ гэхээр зохион байгуулалттай хууль бус бүлэглэлийг хэлдэг. Харин манайд бол зохион байгуулалттай хууль ёсны бүлэглэл үйл ажиллагаагаа явуулаад байна л гэж би хардаг.

-Манай улсыг “хар жагсаалт”-д оруулсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ тал дээр таны бодол ямар байгаа вэ. Энэ жагсаалтаас яавал бид гарах боломжтой вэ?

-Манай улсад санхүүгийн сахилга бат угаасаа байдаггүй. Сүүлийн 30 жил төр засгийг удирдсан, их хуралд суусан хүмүүсээ бид хүн ам цөөхөн учраас хэн нь хэн бэ гэдгийг үндсэндээ гадарлаж байгаа. Тэдний явуулж ирсэн бодлого нь дэндүү буруу, бодлогогүй байсан гэдгийг өнөөдөр хэн ч хэлэхээр байна шүү дээ. Тэд дэндүү дураараа байж ирсэн. Зээлийг хэн дуртайдаа өгдөг, танил тал, гар цайлгалт хардаг, төслүүдийг давхардуулан олгож ирсэн. Тийм учраас “хар жагсаалт”-д орсон нь зүй ёсны хэрэг байсан. Харин ч бид удаан тэслээ. Энэ бол маш том сануулга, нэн даруй үүнээс гарах хэрэгтэй. Төр засгийг удирдаж ирсэн нөхдүүд үүнээс гаргаж чадахгүй. Бүгд нэг халаастай, барьцаанд орчихсон учраас тэр. Эд нарыг энэ зовлонгоос нь салгах арга юу вэ гэхээр улс төрийн шинэ сонголт хийх юм. Эд нарыг үндсээр нь өөрчилж, төрөөс холдуулаад цоо шинэ, өндөр боловсролтой, эх оронч залуучууд өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй. Хэлсэндээ хүрч чаддаг, шударга ёсыг эрхэмлэдэг залуучуудаа төрд гаргах ёстой. Төр засгийн энэ дампуурлыг гэнэт шийдэж чадахгүй. Авлигыг бүрэн устгаад, урт хугацааны төлөвлөгөөтэй явж байж энэ улсыг хөгжлийн замд нь оруулна. Ингэхгүй бол өөр ямар ч боломж байхгүй. Магадгүй гадаад өрийг нь хэн нэгэн худалдаад авчихбал хэн нэгний хараат ч болох аюул бий. Улс орны эрх ашгийн нэгдүгээрт тусгаар тогтнол байдаг. Тэгээд үндэсний эрх ашиг гэдэг бол юунаас ч чухал. Энэ хоёр маань үндсэндээ ганхчихлаа. Ганхаасан хүмүүс нь сүүлийн 30 жил төр засгийг буруу бодлогоор удирдаж ирсэн өнөөдөр төр удирдаж байгаа хүмүүс.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ez(98.253.30.34) 2020 оны 05 сарын 13

Aguu ug bna kkkk

0  |  0
Зочин(103.229.120.184) 2020 оны 05 сарын 12

Ард түмэн эрх баригчид нь эх оронч байж улс орон хөгждөг.

0  |  0
сэсээр(66.181.161.11) 2020 оны 05 сарын 12

дэмжиж байна

1  |  0
ухаан (66.181.166.134) 2020 оны 05 сарын 12

”Эдийн засаг хүчтэй байж УЛС ОРОН хөгждөг” гэнэ үү? Энийг ёстой мэдэхгүй бсан юм бна.

0  |  0
Top