"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна.
Төв аймаг их сонирхолтой. Энэ нутаг хот хүрээтэй ойр байдгаас ч болдог уу 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын партизан олонтой. Ерөнхийдөө 1990 оны өөрчлөлтийг түүчээлэн өндийсөн газруудын нэг гэж болно. Тэгсэн атлаа сонгууль болохоор “ув улаан” сонголт хийчихдэг. 1992 оноос хойших сонгуулиудад хуучин МАХН одоогийн МАН л хамаг суудлыг авч байжээ. Тухайлбал, 1992 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн, М.Зэнээ, М.Мэндбилэг нар ялалт байгуулсан байдаг. Харин 1996 оны сонгуулиар МАН-ын гишүүн Ч.Дашдэмбэрэл, М.Зэнээ, С.Гончиг, З.Гончигсүрэн нар ялж байжээ. Тэгвэл 2000 оны сонгуулиар МАН-аас боссон Д.Дондог, М.Зэнээ, Ц.Өөлд, Н.Энхболд нар УИХ-д сууж байв. 2004 онд МАН-ын Д.Дондог, С.Батболд, Н.Энхболд нар 2008 онд М.Энхболд, Н.Энхболд, С.Батболд нар ялалт байгуулжээ. Тэгвэл 2012 оны сонгуулиар МАН-ын гишүүн М.Энхболд, С.Батболд нар тойрогт ялалт байгуулсан бол Н.Энхболд намын нэрийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байсан юм. Хамгийн сүүлд 2016 оны сонгуулиар МАН-ын гишүүн М.Энхболд, А.Сүхбат, Н.Энхболд парламентад сонгогдоод байна. Төв аймгийнхан МАН-ыг дандаа дэмжиж ирсэн бөгөөд тус нам ч нэр дэвшигчдээ аажим залуужуулан илгээсээр байжээ. Харин одоо ямар нөхцөл үүсэхийг таахад бэрх тойрог болчихоод байгаа юм.
Хориннаймдугаар тойрог: М.Энхболд
Тэр цагаас хойш Төв аймгаас гурав дараалан сонгогдож өнөөг хүртэл парламентаас холдсонгүй. М.Энхболдод цагтаа МАХН-ыг хүлээлгэн өгч байсан Н.Энхбаяр намаасаа хөөгдөж, шинэ МАХН-ыг байгуулан сульдаж яваатай М.Энхболдыг өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд намынхандаа адлагдсан уналтыг адилтгаж болмоор шүү. Ер нь үүнээс ургуулаад бодоход манай улсад төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүсийн хувь заяа ихэнхдээ ижилсдэг мэт. АН-д гэхэд Ц.Элбэгдоржийг хөөж туухыг хүсэн хялалзаж байгаа хүн цөөн биш бол Ч.Сайханбилэг нь хуулийн байгууллагын хаалга онголзуулаад явж байна. М.Энхсайхан ял авч, Н.Алтанхуяг “гудамжны тэмцэгч”-тэй адил болжээ. Бид ийм олон үл бүтэх хүнийг дээрээ залсан гэж итгэх бол инээдэмтэй зүйл. Энэ бол улс төрийн орчинд албан тушаалын дайн, түүнээс үүдсэн өс хонзон явж ирсний тэмдэг юм. Заримдаа өргөж тэтгэлээ гэж өсөрхөх ч байдаг л бололтой.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН том, жижиг таван сонгуульд АН-д ялагдаад байлаа. Намын лидер гэх хүмүүсийн ихэнх нь гадаадаас байр байдлыг ажиж, үүгээр байгаа хэд нь хувьдаа бизнестэй бол үүдээр нь ч орохоос зэнзийрхэж байсан цаг. Иймээс ч 2013 онд МАН-ын XXVII Их хурлаас намын даргаа сонгох болоход М.Энхболдтой өрсөлдөхөөр “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч гэх Т.Аюурсайхан хэмээх олон нийт танихгүй залуу гарч ирж байв. Тэр хурлаар бараг 100 хувийн саналаар М.Энхболд хоёр дахь удаагаа МАН-ын дарга болж байлаа. Өмнө нь 2007 онд С.Баярт Ерөнхий сайд, намын даргын албан тушаалаа алдаж байсныг нь тодотгоод хоёр дахь удаагаа гэж байгаа хэрэг л дээ. Ингээд 2016 оны сонгуулиар МАН УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй ялалтын эзэн боллоо. Улаанбаатар хотын удирдлагыг гартаа эргүүлэн авав. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд өрсөлдөж ялагдлаа. Үүнээс үүдэн 2007 оноос хойш яг арван жилийн дараа намын даргын албан тушаалаасаа хоёр дахь удаагаа огцорсон юм. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчнээс явуулж байсан “60 тэрбум” гэх асуудал намынх нь дотоод зодоонд ч том “бороохой” болсон. Хэрэв тэрбээр Ерөнхийлөгч болохыг хүсээгүй Ерөнхий сайдын албыг хашаад явсан бол өнөөгийн улс төрийн тайз тэс өөрөөр зурагдах байсан байж мэднэ. Он удаан жил удирдах ажил хийж өөрийгөө вакумжуулан жирийн гишүүдээсээ тасарсан, албан тушаалд томилохдоо зөвхөн ганцаараа шийдвэр гаргах хүсэлтэй болсон. Доорх хүмүүс нь төрийн албыг завхруулж байхад чихэн дүлий явсан гэж намынхан нь буруутгасан. Гэхдээ нам нь хоёр удаа ялагдахад хоёр удаа аварч байсныг нь бас санах л хэрэгтэй дээ.
Хоринесдүгээр тойрог: А.Сүхбат
Энэ яахав. Улс төрд байгаа бөхчүүдийн тоог хамгийн сүүлд нэмсэн А.Сүхбат аваргын тухай ярьж эхэлсэн шүү дээ. Түүний өмнө Хэнтий аймгийн бараг сүлд тэмдэг нь болсон Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-д орж ирсэн. Хэнтийд Бат-Эрдэнэ гэдэг нэртэй залуучууд олон байдгаас харахад түүний улс төрийн зам цаашдаа ч урт байж таарна. Дээр нь Д.Сумъяабазар сайд байна. Гэхдээ эдгээр бөхчүүд улс төрд орж ирээд Оросын ДУМ-д орчихсон тамирчид шиг унтаад байгаагүй. Хурдан хугацаанд боловсорч сайдын суудалд ч сууж явна. Харин А.Сүхбат гишүүний хувьд нэгдүгээрт “шинэ”-дэж байж мэдэх юм. Хоёрдугаарт, өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын 65 гишүүний шуугиан дунд дарагдаад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан ч анзаарагдаагүй байж магадгүй. Гишүүн болсон тухайд АН-ын гишүүн явснаа МАН-д орж УИХ-д дэвшээд ялалт байгуулсан гэлцдэг. Түүнийг Төв аймагт дэвшүүлэхийн тулд М.Энхболд нь Су.Батболдыгоо “жийсэн” тухай яриа бий. Ингэхдээ Су.Батболдыг намын штабт “гал тогоо” бариулаад хариуд нь хотын дарга болгосон байдаг. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд МАН хэмээх том айлд болсон хэрүүлээс үүдэж хувь заяа нь эргэсэн хүмүүсийн нэг болоод өнөөдөр сураг алдарсан байна.
А.Сүхбат гишүүнийг сонгогдсон цагаас нь олон нийт ажиглаж эхэлсэн. Ерөөсөө аливаа алдартай хүн олны анхаарлыг бусдаас илүү татаад байдаг зовлонтой л доо. Нийгмийн өнөөдрийн дэвсгэр дээр сайн мэдээгээс илүү сонин хачин үг, өгүүлбэр нь илүүтэй яригддаг. Тухайлбал, Туул голыг хамгаалах тухай асуудал дэвшүүлэхэд нь тэндээс “Туул голын загасны дийлэнх нь эм сүвтэй болсон байна” гэдэг үгийг нь шүүрч аваад гүйгээд байх. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хамгаалах асуудал яригдаж байхад А.Сүхбат гишүүн уламжлалаа бас жаахан бодолцож, хэтрүүлэхгүй шиг хандвал зүгээр гэж байр сууриа илэрхийлснийг нь хүчирхийлэл үйлдэхийг дэмжлээ гээд парламентын эмэгтэй гишүүд “сэвээд” явчихаж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн элдэв дуулианаас гадна Монголын үндэсний бөхийн холбооны хагарал олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэр дунд УИХ-ын гишүүн А.Сүхбат оролцож баахан шуугиулсан санагдаж байна. Мөн МАН хоёр хуваагдан тэмцэлдэхэд өөрийг нь УИХ-д орох тийзийг өгч байсан нутгийн ах М.Энхболдоосоо нүүр буруулсан гэдэг нь Төв аймагт нэг хэсэг ярианы сэдэв болж байлаа. Улс төрд яваа хүний дайрч болох бүрийг л тэр дамжжээ.
Гучдугаар тойрог: Н.Энхболд
Төрийн өндөр албан тушаал хашсан жилүүддээ намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын даргын доор л сууж байжээ. Энэ нь түүнд арын эгнээний улстөрч гэх хочыг авчирсан байж мэдэх юм. Ерөөсөө намынхан нь ч ингэж ойлгодог бололтой. Үүнийг нотлох нэг үйл явдал 2017 оны есдүгээр сард болж байлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа МАН шинэ Ерөнхий сайд тодруулах шаардлагатай тулгарсан. Тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар албан бусаар тодорчихсон байсан ч яг тэг дундуураа шахам хагаралдсан МАН-ынхан Бага хурал дээрээ яах бол гэдэг хүлээлт үүсчихсэн байсан юм. Ялангуяа, Н.Энхболд нэр дэвшсэн болохоор илүү анхаарал татсан байх. М.Энхболдоос улс төрийн бүхий л эрх мэдлийг нь ээлж дараалан салгаж байсан тэр саруудад түүний хамгийн сүүлчийн “үхэр буу” нь арай Н.Энхболд юм биш байгаа. Гэвч санал хураалтаар санаанд оромгүй дүн гарсан юм. Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Бага хурлын 294 төлөөлөгчийн 188 нь буюу 63.9 хувь нь У.Хүрэлсүхийг дэмжиж, 101 нь өөр нэгэн өрсөлдөгч болох Ө.Энхтүвшингийн төлөө саналаа өгсөн. Харин Н.Энхболдын төлөө таван санал өгсөн байлаа. Хэрэв өөрөө өөртөө саналаа өгсөн бол түүнээс гадна дөрвөн хүн дэмжсэн болж таарна. 30 жил зөвхөн МАН-ыг дагаж ирсэн Төв аймгийнхан МАН-ын Бага хуралд тийм цөөхөн гэж үү. Тэгэхээр энэ бол нам дотроо түүний байр сууринд өгсөн үнэлгээ болж таараад байгаа юм.
Дээрээс нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажилласнаар “32”-ын гэх талаас алдагдсан хүмүүсийн тоонд тэрбээр орно. Яг жилийн дараа хагарал дахин сэдэрч 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан дуулиантай холбогдуулан огцруулах асуудал өрнөсөн. Тэгэхэд жилийн өмнө М.Энхболдын талд зогсож байсан сайдуудаас Ц.Цогзолмаагаас бусад нь эсрэг талд орчихсон байлаа. Хүчний хуваагдал түүнээс хойш У.Хүрэлсүхэд эргэлтгүйгээр очсон юм. Үүнийг урвалт эсвэл улс орноо бодсон шийдвэр гэж ойлгох эсэх нь цаг хугацаа хариулах асуулт билээ. Улс төрийн тэнгэрт дүүлж явсан олон хүн өнөөдөр ямар тавцан дээр зогсож байгааг харсан ч шүү дээ. Харин Н.Энхболд сайдын хувьд туршлагатай төрийн хүний жишгээр Батлан хамгаалах сайдын үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгааг нь хамтран зүтгэгчид нь ярьдаг. Салбар хариуцсан сайдын хийсэн ажил, санаачилж батлуулсан хуулийг энд дурдах нь хэт нуршсан хэрэг болох юм.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
MAN-s M. Enhbold, AN-s Temvvjin hoyor l bainadaa
tov aimgiinhan oor songolt hiine gedegt itgej bna