М.Жавзансүрэн: Хилээр явахдаа ХАВИРГАА хугалчхаад МАШИНАА өрөөсөн гараараа барьж байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

“Түүхийн жимээр” нэвтрүүлгийн сэтгүүлч, түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн хэмээх эрмэг дайчин бүсгүйд цэрэг армийнхан, тэр дундаа хилийн цэргийнхэн хайртай. Тэрбээр 21 аймаг, 120 сумаар гороолж, Ховд аймгийн 17 сум, Завхан аймгийн 24 сум, Увс, Хөвсгөл аймгийн 15 сумаар дөрөө мултлан бүдгэрэх шахсан түүхийн жимийг өөрийнхөө мөрөөр тодруулж яваа билээ. Жавзансүрэн бол Монголын улс төрийн түүх, орон нутаг судлал, яруу найргийн гээд 20 гаруй ном бүтээхийн зэрэгцээ олон арван нэвтрүүлэг бэлтгэсэн тун хөдөлмөрч, авьяаслаг нэгэн. Чухам яагаад наранд гандаж, хөдөө хөхөрч хилийн заставын хар нүдэн бүсгүй болж, хилчдийнхээ төлөө халуун зүрх нь цохилж яваа юм бол


-Торгон хилээр, түүхийн жимээр хөтлөгдөн яваа тань таны мэргэжилтэй холбоотой байх, юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарт багшилдаг. Мөн сайн дураараа хийдэг бас нэгэн ажил бол “Түүхийн жимээр” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, жолооч, найруулагч даа (инээв).

-“Түүхийн жимээр” нэвтрүүлгээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголын археологчдын судалгааны багаар,  ажилдаа унадаг машинаа барин, зураглаач суулгаж аваад эхэлсэн дээ. 16800 кимометр замыг туулан, 20 гаруй судалгааны багтай газар дээрээс нь нэвтрүүлэг хийж байсан бол өдгөө 21 аймаг, 120 сумаар, 82 мянган километр явж, 150 нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон байна. Хилийн 14 ангиар нэвтрүүлэг бэлджээ.

-Яагаад хилээр явах болсон юм бол. Хилээр явахад танд юу бодогддог вэ?

-Анх баруун хилийн тулгаралт дууссаны 70 жилийн ойн нэвтрүүлэг хийхээр Хилийн 0130 дугаар ангийн дугаар салбарууд болон Байтаг богдоос нэвтрүүлэг бэлтгэж байсан юм. Баруун хилийн тулгаралт болсон газраар хил дагаж, Байтаг богд, 10 баатрын дурсгалын цогцолбор дээр очиход нулимс мэлмэрч байсан юм. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулж яваа түүхийн багш гэлээ ч  мэргэжил минь намайг эх оронч нэгэн болгосон. Эх орон гэж ярих нэг өөр, очиж үзэх нэг өөр гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Эх орныхоо төлөө  амиа өгсөн баатарлаг хилчдийнхээ тухай нэвтрүүлгийг бэлтгэх агшин хамгийн их сэтгэл хөдлөм, нулимстай мөч байдаг. 2018 оны намар Халх голын ялалтын 80 жилийн ойг угтаж нэвтрүүлэг хийхээр Хилийн 0198 дугаар ангийн зүг явсан юм. Зээр гөрөөс сүлжилдэх Мэнэнгийн талыг туулах, нүд алдам тэр тал, тэнгэр, газар хоёр нийлсэн цэлийсэн талаар давхин, Халх голын хөвөө, Ялалтын хөшөө, Л. Дандар баатрын гарамгай баатар цол олгосон газар, Баянцагааны нуруу, Монгол дайчдын хөшөө, зургаа, наймдугаар дивизийн баатруудын хөшөө, ЗХУ-ын баатар М.Т. Якловын  танкчдад зориулсан хөшөө, Ханан хөшөө, Бурхантын застав, Баянхошууны застав, Гонгор баатрын хөшөө гээд Мэнэн хүртэлх дайны халуун мөр арилаагүй, бөмбөгдүүлсэн газрын  шарх нь  аниагүй тэр л газраар бид явсан. Нэг инээдтэй зүйл ярья. Тийнхүү явахдаа Халх гол суманд байх Ялалтын музейг зорин очиж, гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн гуайгаар Халх голын ялалтын түүхийг яриулж, музейг тайлбарлуулж байх үед ээж минь залгаад хүү чинь цэрэгт мордох гэж байгааг мэдэж байна уу гэж хэлсэн. Ийм л завгүй ээж шүү дээ. Хилийн 0198 дугаар ангид  хүүгээ эргэх гээд очихдоо хүртэл нэвтрүүлэг хийчихдэг хэнээтэй ч ээж гэх юм уу (инээв).

-Торгон хилээр явахад танд ямар бодол төрдөг вэ?

-Монгол Улсынхаа торгон хилээр явж, хилчдийнхээ амьдралын халуун мөрөөр алхаж, тэднийхээ алгаа тосон угтсан итгэлээр жигүүр хийж, мянга, мянган бээрийг үл ажран туулах утга учир нь тэдний минь хайр  юм. Хилээр яваад үзэхээр хилчдийн минь амьдрал хайр  дээр тогтдог юм байна гэдгийг хардаг. Хүний мөн чанарын дээд болсон хүмүүс хил  дээр л байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Их сургууль төгссөн атлаа хайраар жигүүрлэн, нөхрөө даган буудлын үйлчлэгч хийж яваа залуухан, сайхан бүсгүйчүүдийг тэнд л харна. Буйдхан тэр заставтаа ажил амьдралынхаа алтан үе, ид залуу халуун насаа өнгөрөөж, эх орныхоо торгон хил дээр зогсож, 40 хүрээд идэрхэн насандаа тэтгэвэрт гараад, хийсэн ажилгүй үлдэж буй ахлагч нарыг ч тэнд л харна. Нэг хүн та яагаад дандаа хилээр явдаг юм гэхээр нь хилчдэд өртэй юм аа гэсэн чинь, та хэзээ өр тавьсан юм гэхээр нь урд насандаа гэж билээ (инээв). Үнэндээ би гэлтгүй монголчууд бид өртэй. Саяхан Сүхбаатар аймгийн Хилийн 0146, 0184 дүгээр ангиар яваад ирлээ. Юу ч харагдахгүй шороон шуурга өдөржин нүдэж байснаа, Лхачинвандад уулнаа очиход цасан шамрага болж, буугаад дараагийн застав руу явахад бороо асгараад л, тэр их цасан дунд ч, тэр их бие биенээ ч олж харахгүй шороон шуурганд, тэр их хувингаар цутгаж байгаа юм шиг орох бороонд торгон хилээ манан, хилчид минь үүргээ гүйцэтгэсээр байгааг харах даанч бахархам сайхан. Огшоод л, хайрлахгүй байхын аргаггүй. Өглөө бүр наран мандахыг хараад, хилчид минь бидний амар амгалангийн манаанд зогсож байгаа даа гэж боддог юм. Урьд өмнө хилээр явдаггүй байхдаа тэгж боддоггүй байж дээ.

-Та олон мянган километр замыг өөрийнхөө унаагаар, сэтгэлийнхээ дуудлагаар туулсан. Тэр их зардал мөнгийг яаж зохицуулдаг юм бэ?

-Би хилээр 18 мянган километр явсан байна. Бензиний мөнгө, зардал мөнгөө өөрөө л зохицуулна шүү дээ. Сэтгэлд гал байхад юу гэдэг билээ. Одоогоор гурав дахь машинаа эвдэлж байна даа. Бас хүүхдүүдийнхээ хадгаламжийг дуусгасан. Цалингаас минь 200 мянган төгрөг л үлддэг юм. Түүгээрээ бензин хийгээд хил рүү давхичихдаг. Ямартай ч яваад очиход  хилчид минь тусална. Аймаг, сумдаар хамтран ажилладаг олон хүн тусална. Би тэднээсээ бензиний мөнгө, зураглаачийн цалин хоёр л авдаг. Жолооч, хөтлөгч, найруулагчаа би өөрөө хийнэ. Тэр нь үнэгүй гэж би хэлдэг (инээв). Тийм болохоор харьцангуй бага зардал гардаг.

-Хилээр явж байхад сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь юу байдаг вэ?

-Хилээр явахдаа анзаарсан нэг зүйл бол хилчдийн минь хамаг сайхан залуу насыг нь эх орон хэмээн зүтгүүлчихээд, яг ид хийж бүтээх 40 насан дээр нь за одоо боллоо, та тэтгэвэртээ гар гэдэг. 40 насандаа тэтгэвэрт гарч байгаа хилчинд их сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй гэргий нь, хил дагаж олон газар төрсөн, олон сургууль сольсон, тогтсон ангигүй, сурлага сайнгүй хэдэн бор хүүхдүүд бий.  Заставаар өссөн  тэр хүүхдүүд ирээдүйд бас хилчин болно. Учир нь хурааж хуримтлуулсан юмгүй хүүгээ талбөртэй сургуульд манай хилчид оруулж чадахгүй, бас нөгөө талаараа яс маханд нь заставын хүүхдүүдэд хилчин болно гэсэн мөрөөдөл байдаг учир сэтгэлийн дуудлагаараа ч тэд явдаг.  Хил  дамжсаар байгаад тавилга гэх юмгүй, гэр орон гээд байх юмгүй, буйдхан заставаар явсаар эх орныхоо торгон хил дээр зогссоор, халуунд халж, хүйтэнд хөрч явсаар  эрүүл биегүй, ус цаг агаарын онцлогоос шалтгаалан, шүдгүй, ходоодгүй болсон хүмүүс ч бий. Тэтгэвэрт гарлаа гэхэд очоод яг хаана амьдрах вэ хилээр явсаар тогтсон газар  нутаг үгүй, төрсөн нутагтаа очихоор хүн танихгүй, хот  бараадъя, хэдэн хүүхдээ бодоод гээд очихоор 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжээр байр  авч чадахгүй, айлын хашаанд жижигхээн бор гэрээ бариад хэсэгтээ төвхнөж байгаад, аз болж хямдхан хашаа байшин олдвол тэндээ амьдрах, 40 хүрсэн учир хөгширсөн  хэмээн Улаанбаатар хотод ажил олдохгүй. Хилчид минь 40 насан дээрээ тэтгэвэртээ гарсан өвөө, эмээ нар болж, цээжин дотроо Би торгон хилдээ зогссон хилчин хүн гэсэн омогшил бахархалаас өөр юмгүй үлдэж байна.

-Түүхэнд мөнхөрч үлдсэн  ямар газруудаар явж байсан бэ. Явсан газруудынхаа сониноос хуучилбал?

-Булган боомтоос, 1998 оны есдүгээр сарын 9-нд Засгийн газрын 69 дүгээр тогтоолоор БНМАУ-ын баатар Баянбалын Тэгшээгийн нэрэмжит болсон Ярантын заставт анх хүрч байлаа. Б.Тэгшээ нь   1948 онд ахлах дэслэгч Г. Хаянхярваагийн удирдлагад Бүдүүн харгайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёнт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алтан амиа өргөсөн юм. Түүнээс цааш Гурван хүүхдийн застав, Уушгийн заставаар ороод Байтаг богд руу очсон юм. Дараа жил нь дахин очихдоо Арван баатрын анх хөдөлсөн Дамжигийн сумангаас Байтаг богд руу очиж бас нэгэн дугаар бэлтгэсэн. Хүмүүс “Маш нууц” хэмээх уран сайхны киногоор л мэддэг болсон болохоос биш баруун хилийн тулгаралтанд баатарлаг гавьяа байгуулж, халуун амиа эх орныхоо төлөө өргөсөн хилчдийн минь түүх их бий. Тэр газруудаар явахаар нулимс гарам. Өнгөрсөн зун  Зээгийн-Ус хэмээх газар очиж 24 баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн 1939 оны Халхын голын дайн болсон түүхт газар бүрээр орж, энэ өвөл Д.Намнан баатрын тулалдсан газар очсон.  Очсон газар  бүхэнд баатарлаг хилчдийн минь халуун мөр арилаагүйн учирт би хойч үедээ энэ түүхийг үлдээхийг хүсдэг. Шар говийн Бага Даваат хэмээх газар тэсгим хүйтэнд Улаанбаатар хотоос 1600 километр яваад, аймгаас 120 километр салбар дээр ирээд, салбараас 30 километр хилийн манааны журмаар үүрэг гүйцэтгэн морьтой очиж, халуун амиа эх орныхоо төлөө зориулсан баатарлаг хилчдийнхээ түүхийг мөнхжүүлэх гэж явсан минь мартагдашгүй. Дэгээ голд явж байхдаа мориноос унаад хавиргаа хугалчихаад,  буцахдаа машинаа өрөөсөн гараараа барин, өвчин намдаах эм ууж явлаа. Эм уухаар шөнө машинаа барьж чадахгүй нойрмоглоод байсан учир Дорнодоос Улаанбаатарт ирэх гэж замдаа хоёр хоног, гурван өдөр явахдаа ч би халшраагүй, ирээд хоёр хоногийн дараа Баруун тайга руу явж л байсан.

-Эмэгтэй хүн аглаг зэлүүд газар айхаа мэдэхгүй явна гэдэг эрэлхэг чанар шүү. Санаанд оромгүй сонин зүйл тохиолдоно биз?

-Чөлөөлөх дайны мөнхийн гавьяатай домогт Хилийн 0168 дугаар анги руу явж байхдаа үүр шөнөөр жалга руу машинтайгаа орж, машин маань эвдэрч, ангиас 50 километр газар төөрч байлаа.  Намайг ангиас хайж ирээд машиныг минь янзалж өгч, амийг минь аварсан. Ангийн захирагч, хурандаа П.Батбилэг болон хилийн 0168 дугаар ангийн хамт олны ачаар хоёр ч нэвтрүүлэг хийж түмэндээ хүргэж чадсан. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга,  Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн хэмээх эрхэм “Түүхийн жимээр” нэвтрүүлгийг минь ямагт дэмжиж, ойлгож явдагт баярладаг. Анх хилийн 0146 дугаар ангийн заставын орлогчоос гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө хилчдийн “аав” болсон төдийгүй, хилчдийнхээ амьдралыг хамгийн сайн ойлгодог юм билээ.

-Та эх орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалсан түүхэн баатарлаг хүмүүсийн тухай олон нэвтрүүлэг хийсэн шүү дээ?

-2020 он бол Чөлөөлөх дайны 75 жилийн ой.  Чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчнээс нийтдээ 21384 цэрэг, дарга оролцож, БНМАУ-ын Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан ерөнхийд нь удирдсан юм. Чөлөөлөх дайнд баатарлаг гавьяа байгуулсан хурандаа БНМАУ-ын баатар  Д.Нянтайсүрэн, байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Т.Дүүдэй, М.Жанчив нарынхаа гавьяаг мартахгүйн тулд саяхан  нэвтрүүлгээ  хийгээд ирлээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон сумын нутгуудаар явж, Хилийн 0146,  0184 дүгээр ангиудаар явж, ирээд, Соёлын гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн ухааны доктор, ахмад дайчин, Эх  орны дайны I, II одонт цорын ганц монгол хүн, тагнуулын үүргийг гүйцэтгэж, ЗХУ-ын генерал Плиевийн номонд мөнхөрсөн Э.Лувсанбалдан гуайтай уулзаж, гурван нэвтрүүлгийг түмэндээ хүргэлээ. Би ганц атал Монголын түүх аугаа, тэр дундаа хилийн түүх бол хэдэн  зуун боть ном, хэд хэчнээн уран сайхны болон баримтат кино, хэдэн арван нэвтрүүлэг хийгээд ч үл барам тийм л мөнхийн мартаж үл  болох түүх. Гэхдээ амьд буй цагт үлдээж л явъя хэмээн сэтгэж энэ замдаа гараад дөрвөн жил болж байна. Хаана зогсохоо үл мэднэ. Гэсэн ч зогсох хүртлээ явна даа гэж боддог доо.

-Таны нэвтрүүлгийг үзээд хүмүүс хүүгээ цэрэгт мордуулдаг гэж сонссон. Эх оронч, бахдам сэтгэлийг төрүүлэх зорилго тань нэг талаар биелж байна гэж үзэж болох уу?

-Миний хийж буй нэвтрүүлэг олон ээжийн сэтгэлийг хөдөлгөдөг. Хилчин бор цэргүүд дээрээ очин яриа авахад хамгийн түрүүнд баярлалаа ээжээ, уучлаарай гэдэг үгийг надаар дамжуулж хэлдэг. Ээжийн нялх хүү биш эх орны хүү болсон цэргүүд минь очоод хамгийн түрүүнд ижийгээ л боддогийг, монгол эх хүн ямар аугаа юм бэ гэдгийг эндээс л бид харж болно. Олон ээжүүд надад баярлалаа гэж хэлдэг. Хүүгээ цэрэгт мордууллаа, хүүгээсээ захиа авлаа, нэвтрүүлгийг чинь үзээд уйллаа, хүүгээ санаж байгаа ч олон аавын хүүхдүүд адилхан яваа шүү дээ гэж бодож, нэвтрүүлгийг чинь хараад сэтгэлээ тайтгаруулдаг гээд л эх, үр хоёрыг нэвтрүүлгээрээ дамжуулан уулзуулж буй нь надад гэгээн сайхан сэтгэгдлийг үлдээж байгаа.

-Та сэтгүүлчээс эхлээд жолоочоо хүртэл хийдэг юм байна. Багш гэдэг маргэжлээрээ бас бахархана биз?

-Би түүхийн багш хийгээд 22 жил болж байна. Сумын багшаас аймгийн багш, аймгийн багшаас дээд сургуулийн багш, дээд сургуулийн багшаас их сургуулийн багш хүртэл ахиж явна. Түүхийн багш минь илүүтэй намайг эх оронч үзэлтэй болгосон болов уу даа. Мэдээж багшлах нэг өөр. Тэрхүү түүхт газруудыг ярих, явж үзчихээд  ярих хоёрын хооронд асар их ялгаа бий. Миний оюутнууд амьд түүхийг сонсож буй гэж боддог. Бас түүхийн мэдлэг авахаас гадна багшаасаа эх оронч үзэл, эх оронтой байхын утга учрыг ухаардаг гэж итгэдэг. Надаар түүхийн хичээл заалгасан мянга мянган шавь нар минь эх орондоо  хэрэгтэй мэргэжилтэн болж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Баасан гарагт машиндаа хувцасаа сольж аваад л, шөнөжин давхиад хүрэх газраа хүрч, хоёр өдөр нэвтрүүлгээ хийгээд, буцаж шөнөжин давхиад, даваа гарагийн өглөө 07.40 д оюутнуудынхаа өмнө зогсож л байдаг хүн дээ. Түүх бол өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн нэгдэл. Өчигдрөө  мэдэхгүй бол өнөөдрөө бий болгож чадахгүй, өнөөдрөө бий болгож чадахгүй бол бид маргаашаа яаж бүтээх билээ.

-Энэ их бартаа саадыг давж явахад өмөн түшиг болдог хүмүүсээ дурсана уу?

-Миний номын багш шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар багш минь. Миний докторын удирдагч. Багш хүнд байх бүхий л зүйл миний багшид цогцолсон байдаг. Хамгийн гол нь хүн байхын утга учир нэвт шингэсэн хүн дээ. Аз жаргалтай, баяр баясгалантай, гунигтай, гомдолтой  бүхий л өдрүүдэд намайг ирлэж хурцалж, тусалж, урам өгч, бас зэмлэж, өдий зэрэгтэй болгосон хүн бол тэр хүн. Мөн Хилийн 0198 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Ч. Батжаргал, Хилийн 0306 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа  А.Сүхбаяр, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр, Хилийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан ах, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа У.Мөнхбат, Хилийн 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр ах, Хилийн 0146 дугаар ангийн захирагч, хурандаа П.Мөнхбаатар, Хилийн 0184 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Баасансүрэн, мөн тус ангийн хошууч Д.Амарсайхан, Ахлах дэслэгч Б.Ганзориг, Хилийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Г. Ган-Эрдэнэ нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.  Хилийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Алтангэрэл бол цалингаа буух болгонд тус болдог юм. Түүнийг би нэг ч хараагүй атал ах шиг минь ойлгож, аав шиг минь загнана шүү дээ.  (инээв)

-Та хил гэж ярихаараа л нүд нь гэрэлтээд, нулимс нь цийлэгнээд байх юм?

-Хил гэж ярихаар л нулимс мэлтрээд байгаа нь эх оронч үзэлтэй минь холбоотой  байх. Эгэл жирийн нэгэн багш бүсгүй хүүхдүүдээсээ гадна их зүйлийг золиослон байж, эх орныхоо төлөө зүтгэж буйг хүмүүс ойлгох сайн цаг ирнэ гэж би боддог. Өнгө мөнгө хараагүй энэ л нэвтрүүлэг минь олон хүмүүст ухаарал, сургамж, эх орноороо бахархах, улам ихээр хайрлах үзэл бий болгох байх гэж найдаж байна. Зөвхөн цалин авдаг ажлаа сайн хийхээс гадна нийгэмдээ чиглэсэн, эх орондоо, хойч үедээ хэрэгтэй олон зүйлийг хүмүүс хийгээсэй гэж боддог. Мөн хамгийн гол нь эрүүл байхад бүх зүйл аяндаа болж бүтнэ. Монгол Улсын хил тайван байж, мянга мянган ээжийн өргөсөн сүүн цацлаар жим минь гэрэлтэж, илүү их зүйлийг чадах чинээгээрээ хүргэхийг хичээнэ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
delger(192.82.72.57) 2022 оны 01 сарын 12

yumiig vzej taniltsaagvi baij dvgnelt hiideg.yumig sain talaas ni shinjleh uhaanch talaas ni hardag boloosoidoo zarim neg uls \n

2  |  0
Зочин(122.201.22.192) 2022 оны 01 сарын 14

Бүтэн нэг ч нэвтрүүлэг олж үзээгүй. Хэдэн цэогийн зураг бичлэг нийтэлнэ. Би л мундаг, над шиг хүн байхгүй гээд өглөө болгон зарлана

0  |  3
Chimedlkagva(64.119.21.230) 2022 оны 01 сарын 12

манай багш❤

2  |  0
bold(103.26.195.69) 2022 оны 01 сарын 12

хэлэх сайхан уг олдохгуй мундаг

5  |  0
Мэнэн(66.181.161.59) 2022 оны 01 сарын 12

Хил, хилчид, эх орныхоо түүхийг залуу хойч үедээ үлдээхийн төлөө ихийг бүтээх сайхан сэтгэлтэй, эмэгтэй хүнд баймгүй тэсвэр тэвчээр гаргаж яваа нэвтрүүлэгийн санаачлагч, жолооч, хөтлөгч, найруулагч, доктор эмэгтэй дээ. Амжилт, амьдралын хамгийн сайн сайхныг хүсье

6  |  0
zochin(202.179.27.81) 2022 оны 01 сарын 12

amjilt hvse mundag emegte bnaa

8  |  0
Батсайхан (164.215.12.252) 2022 оны 01 сарын 12

Үгээр хэлэхийн аргагүй баяртай байна. Үнэхээр чухал нэвтрүүлэг. Чанартай бөгөөд ухаарал хайрласан. Баярлалаа эх түүхийн жимээр нэвтрүүлэг

10  |  0
Зочин(139.5.217.226) 2022 оны 01 сарын 14

Ядаж нэг нэвтруулгийн явалтын бензин хийж огох юмсан, яаж олох вэ?

9  |  0
Top