Монгол Улсын Их сургуулийн багш, эдийн засагч, доктор, дэд профессор Ө.Гэрэлт-Одтой ярилцлаа
-Цар тахлын үед долоон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Засгийн газраас зарласан. Энэ арга хэмжээнүүд таныхаар хэр оновчтой вэ?
-Цар тахлын үед эдийн засгийн агшилт, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны сааталтай холбоотойгоор борлуулалт буурч байгаа. Энэ нөхцөл байдлуудыг авч үзээд иргэдийн амьжиргааг хамгаалах, үйлдвэрийн газруудад ажлын байрыг хамгаалах, тодорхой нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэд, өрхөд чиглэсэн бодлого хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлээд явж байна. Эдгээр хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрүүд илүү нийгмийн халамж талдаа байна. Өргөн хүрээг хамарсан нийгмийн халамжаас илүүтэй үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг нь дэмжих чиглэлд бодлого хөтөлбөрүүдэд илүү анхаарал хандуулах шаардлагатай. Өнөөдөр оёдлын үйлдвэрүүд маш богино хугацаанд маск үйлдвэрлээд эхэлсэн. Гэтэл маскаа борлуулах гэхээр худалдаж авах систем нь байхгүй. Эрүүл мэндийн салбар болон хэрэглэгчид нэг удаагийн маск худалдаж аваад оёмол маск борлуулалтгүй болж байна. Энэ үед үндэсний үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрүүдэд бэлэн болсон бүтээгдэхүүнийг худалдан авах нь хямралын үед төрөөс үйлдвэрүүдээ дэмжиж байгаа гол өнцөг юм болов уу гэж нэг талаасаа харж байгаа.
Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрийн газруудад тулгарч байгаа гол бэрхшээл бол тэр газрууд маань өөрсдөө ажлын байр байдаггүй, ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн үйлдвэрлэл явж байна уу, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэдгээс үл хамааран ашиглалтын зардал, түрээсээ төлөх тухай асуудал гардаг. Иймэрхүү нөхцөл байдал өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон байгаа үйлдвэрийн газруудын хэдэн хувьд үүсээд байна вэ гэдгийг судлан шийдвэрлэхэд хамгийн гол төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
-Тэгэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хүрч чадахгүй байна уу?
-Энэ бол бүтээгээд, бүтээснийгээ борлуулах орлоготой ажиллах гэхээсээ илүүтэй бид сул зогсож байсан ч орлого олох боломжтой болчих юмсан гэсэн нөхцөл нь эдийн засгийн эрчим идэвхжилийг сааруулах сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ 500.000 төгрөгөөр борлуулаад үүнээсээ 200.000 төгрөгийн цалин өгье гэхээсээ илүүтэй, үйлдвэрлэхгүй байлаа ч гэсэн төр энэ хүнд 200,000 төгрөгийн цалин өгч байна гэдэг чинь энэ хэмжээгээрээ эдийн засаг агшиж байгаа нөхцөл юм. Гэтэл тэр хүний үйлдвэрлэж байсан 500.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнээр хомсдох ийм л нөхцөл байдал байна гэж харж байна.
-Эрх баригчид зах зээл рүү бэлэн мөнгө оруулах тусмаа эдийн засаг тэлнэ гэдэг тайлбар өгч байгаа?
-Гүйлгээн дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тодорхой эдийн засгийн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор энэ засгийн газрын үед маш их хэмжээний мөнгийг нийлүүлж байна. Ялангуяа энэ цар тахалтай холбоотойгоор ч ийм нөхцөл байдлууд үүсч байгаа. Нөгөө талаас энэ жил сонгуулийн жил. Төр барьж байгаа нам өөрөө үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг ч юм уу улс төрийн зорилгоор маш их хэмжээний мөнгийг эдийн засаг руу хийж эхэлж байна. Эдийн засаг бидний хэлдэгээр форсемажор буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тахал, дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалан хямралд өртөж болно. Мөн өнөөдөр Засгийн газраас эдийн засагт хийж буй энэ их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хямралын шалтгаан болдог. Мөнгөний нийлүүлэлт эдийн засаг дахь бараа бүтээгдэхүүнтэй тодорхой тэнцвэрт харьцааг үүсгэн эргэлтэд орж байдаг. Гэтэл энэ байгаа мөнгийг нэмэгдүүлээд эхлэхээр эдийн засгийн хэмжээ өсөөгүй, үйлдвэрлэлийн хэмжээ өсөөгүй бол энэ нь мөнгөний нийлүүлэлтийн илүүдэл болж бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Яагаад энэ хямралын үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж байна вэ гэхээр энэ эдийн засгийн эргэлт удаашралаас хамааран мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна. Орлогыг нь дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа үед эдийн засгийн агшилт уналтаар үргэлжилбэл үнийн өсөлт эрчимжин, эдийн засгийн сэргэлт удаашрах нөхцөл үүсч болно. Эдийн засаг дах мөнгөний нийлүүлэлт богино хугацаанд амь аргацаах хэдий ч урт хугацаандаа худалдан авах төгрөгийн чадварт нөлөөлж дотоод зах зээлд төдийгүй гадаад зах зээлд ханшийн уналтын шалтгаан болдог гэдгийг бид ямагт санах хэрэгтэй.
-Ноолуурын килограмм тутамд мөнгө өгөх, төрөөс доод үнийг тогтоохоор шийдэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн ийм зохицуулалт нийгмийн тодорхой сегментэд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ялангуяа халамжийн бодлого ахмадууд, хүүхдүүдэд хүртээмжтэй хэмжээгээр үзүүлэх шаардлагатай. Харин төр болж өгвөл бизнесийн салбарт шууд оролцдог хэлбэрээс татгалзах хэрэгтэй. Засгийн газрын хувьд ноолуурын зах зээлийг дэмжье гээд өөрсдөө шууд санхүүжүүлэх боломжгүй. 300 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийт малчин өрхүүдэд жигд үр ашигтай байх тал дээр Засгийн газар ажиллана уу гэхээс биш үнэ тогтоож ажиллах шаардлагагүй.
-Одоо тэгэхээр цаашдаа ямар бодлого авч хэрэгжүүлбэл хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Тодорхой салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ-ээс төрд нийлүүлэх боломжтой ямар төрлийн бүтээгдэхүүн байгааг холбогдох байгууллагуудаас судлаад явдаг. Хүнсний, оёмол бүтээгдэхүүн гэх мэт бараа, үйлчилгээний тодорхой нэр төрлийг заагаад төрийн байгууллагууд худалдан авах хэлбэр лүү оруулах хэлбэрээр дэмжмээр байна. Хаана хэнд юу байгаа талаар маш богино хугацаанд мэдээлэл авч, гаднаас юм худалдаж авах биш аль болох дотоодоосоо хангаснаар ажлын байрыг хадгалж үлдэх боломжтой.
-ЖДҮ-ийг хамгаалах бодлогын асуудал яригдсан. Үүнд та бас эдийн засагчийн үүднээс орж ажилласан болов уу. Энэхүү бодлогод юу тусгагдсан бэ?
ЖДҮ-дэд энэ цар тахлын үед ямар асуудал тулгарч байна вэ. Үүнийг нь шийдвэрлэхийн тулд ямар бодлогын зохицуулалтыг хийх ёстой вэ гэдгийг шийдвэрлэх комисс ХХААХҮЯ-нд гуравдугаар сард байгуулагдсан. Уг комисст ажиллаж өөрийн санал бодлыг хэлж байсан. Миний зүгээс хөдөлмөрийн харилцаанд орсон ороогүй адилхан нийгмийн даатгалын хөнгөлөлтийн бодлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төвшинд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж үлдээч ээ гэсэн саналыг дэвшүүлсэн. Нийт ажилчдын тоо, цалин хөлсний статистикийн дагуу шаардлагатай мөнгөн дүнг тооцоолж энэхүү орлого тасалдвал манай төсөвт ноцтой хүндрэл учрахгүй байх гэх мэт тооцооллыг гаргасан. Ажилчдаа халахгүй байх зайлшгүй баталгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөөд явах саналыг хэлж оруулж байсан. Одоогийн байдлаар бид хямралын гэхээсээ илүүтэй өөдрөг хүлээлтээр эдийн засгийн идэвхжүүлэх бодлогод богино хугацаанд шилжих хөрвөлтийн төлөвлөгөөг гаргах шаардлагатай байна. Ялангуяа дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих ажлыг нэн түрүүн хийх шаардлагатай гэж харж байна.
-Та саяхан Төв аймаг руу яваад ирсэн гэж ярьсан. Таны ажиглаж харснаар хөдөө орон нутагт эдийн засгийн агшилт хэр явагдаж байна вэ?
-Аймгийнхаа хойд талын сангийн аж ахуйнуудаар явахдаа тариаланчидтай уулзах боломж гарч, тэдэнтэй аж ахуйн асуудлаар санал бодлоо солилцлоо. Сангийн аж ахуйнууд яг одоогоор тариалалтаа хийж байна. Тэдний гол асуудал төрийн дэмжлэг томоохон аж ахуй, үр тарианы тариалан эрхлэгчдэд төвлөрөн хэрэгждэг явдал. Өрхийн тариаланчид ихэвчлэн нарийн ногоо тариалдаг. Тэд нарийн ногооны үрийн үнэ хил хаасантай холбоотой маш өндөр болсон, текник технологийн дэмжлэг туслалцаа маш бага байна гэж ярьж байлаа. Ярилцлагын явцад хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал ногооны үрийн сорт, гарал үүсвэрийн талаар тун бага мэдээлэлтэй байлаа. Энэ асуудлаас үүдэн Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас Монгол улсад тариалдаг үр, тарианы сорт, банкны талаар лавлахад Монгол улсад үрийн банк байхгүй, импортоор хангадаг, тариалж байгаа үрийн гарал үүсэл, генийн өөрчлөлт, үрийн баталгаа, чанарын асуудалд тавих хяналт сул байдаг юм болов уу гэсэн бодол төрсөн. Түүнд тавих хяналт нь Үндэсний аюулгүй байдлын тухай асуудалд хамрах асуудал тул бодлогын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч ажилламаар санагдсан. Цаашдаа орон нутаг түвшиглэсэн хүнсний ногооны агуулахын систем бий болгох, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн парк байгуулах замаар хөдөлмөрийг хорших, хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж байна гэж харж байгаа. Жижиг тариалан эрхлэгчид Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр түүний дотор нарийн ногооны нийлүүлэлтэд томоохон нийлүүлэгчид байдаг. Тийм учир яг одоогоор тариалан эхлэх гэж байгаа үед тариаланчдаа анхаарч бодлогын хөтөлбөр хийх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )