Д.Буянтогтох: Мэргэжлийн хүмүүс нь салбараа удирдаагүйгээс МАНАЙ УЛС ХӨГЖДӨГГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

“Монголын эрчим хүчний үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Дагвын Буянтогтохтой уулзаж, салбарынх нь тулгамдсан асуудлаар ярилцлаа


-Эрчим хүчний хараат байдлыг болиулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий юу?

-Би бол энэ салбарынхаа төрийн байгууллагад ажиллаж байсангүй. Үйлдвэрлэл л хариуцаж олон жил ажиллалаа. Манай эрчим хүч, дулааны станцууд бүгд төрийн өмчид байгууллага байдаг. Төрийн бодлогоор явдаг гэсэн үг. Ер нь эрчим хүчний салбарын манай станцууд жил тутам өөрсдийн хүчин чадлаа Засгийн газрын хөрөнгө мөнгөөс шалтгаалаад бага, багаар нэмэгдүүлээд л байгаа. Гэсэн зуун хувь дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд очиж чадахгүй л байна. Одоо гол нь тавдугаар цахилгаан станц нэн тэргүүнд ашиглалтанд оруулах ёстой. Уг нь манай улс бол эрчим хүчний асар их нөөцтэй орон шүү дээ. Манайд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцууд бүгд нүүрсээр ажиллаж байна. Уг нь хөрөнгө оруулалтуудаа оруулж чадаад станцуудаа барьчихвал манайд нүүрснээс их юм алга. Ингэж чадвал бид зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээнээс гадна Хятадын зарим хэрэгцээг ч хангах бүрэн боломжтой. Үүн дээр төр маань бодлого гаргаад зөвхөн өөрийн хөрөнгөөр гэлгүй хувийн хэвшил, гадаадын компаниудад нээлттэй тендер зарлаад дулааны цахилгаан станцуудыг бариулж болно. Харин хяналтаа сайн тавиад, гаргаж байгаа эрчим хүчнийхээ тодорхой хувийг улсад үнэгүй нийлэх ч гэдэг юмуу шаардлага тавиад явж болно шүү дээ. Энэ бол гэхдээ цэвэр улс төрийн шийдэл.

-Тавдугаар цахилгаан станцийг ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ станц маань яагаад өдий болтол бүрэн баригдаж дуусаагүй гэж үздэг вэ?

-Ц.Даваасүрэн сайд Засгийн газартай хамтраад бонд гаргаад станц барих төсөл хэрэгжүүлээд явж байгаа юм билээ. Ер нь Засгийн газар солигдох бүрт л төслийг нь эхлүүллээ гэж зарладаг боловч яг хэрэгжиж байгаа юм үнэндээ байхгүй. Энэ төсөл маань өөрөө их өндөр өртгөөр босно. Өдий болтол баригдаагүй нь энэ хэмжээний хөрөнгө манай улсад байхгүй байгаатай шууд холбоотой. Гол нь хөрөнгийн л асуудал. Тэгэхээр дээр миний хэлснээр нээлттэй тендер зарлаж энэ асуудлыг богино хугацаанд шийдэж болно. Өөрсдийнхөө хөрөнгөөр станц барина гэдэг өнөөдрийн манайх шиг улсад маш хэцүү асуудал.

-Монгол Улс цаашдаа эрчим хүчээ зөвхөн нүүрсээр шийдэж явах юм уу? Эсвэл өөр ямар гарц байж болох вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний талаар асууж байх шиг байна. Сэргээгдэх эрчим хүч өөрөө их хэцүү асуудал. Миний хувьд энэ тал дээр нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Нарны, салхины гээд уг нь хэд хэдэн төрөл бий. Манайх ч бас хэдийг барьж байгуулсан. Эд нар нь маш их өндөр үнээр босдог. Дээрээс нь улс төрийн шоу орчихдог. Үүнийхээ төлбөрт ард иргэдийн цахилгааны төлбөр дээр мөнгө нэмж авах замаар шийдэж байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг чинь өөрөө дулааны цахилгаан станц шиг өндөр хүчин чадалтай үйлдвэрлэл явуулж чадахгүй. Нарных гэхэд л яг эрчим хүчний хэрэглээ өндөр болох үеэр нар маань жаргачихдаг. Энэ тал дээр хязгаарлалт хийх, эсхүл төслийнх нь үнэ өртгийг багасгаж өгөх хэрэгтэй. Үүнд бас л төрийн бодлого хэрэгтэй.

-Танай салбарын удирдлагууд, ажилтнууд энэ тал дээр дуу хоолойгоо нэгтгэж, судалгаагаа эрх баригчдад танилцуулж болдоггүй юм уу?

-Манай эрчим хүчний салбарын сайд, дарга нар маань мэргэжлийн хүн огт болдоггүй. Дандаа өөр мэргэжлийн, намын томилгооны хүмүүс ирээд эзэн суучихдаг. Мэргэжилдээ мундаг, олон жил ажилласан инженерүүдээ даргаар тавихгйү мөртлөө цүнх барьдаг гаруудыг тавьдаг. Ийм байдал зөвхөн удирдлага гэлтгүй үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт гээд бүгдэд нь халдварласан. Сая ардын намыг боловсон хүчин сайтай гэж итгээд л ард түмэн 65 суудал өгч, үнэмлэхүй олонх болгосон. Гэтэл манай салбарын дарга нараар ноолуурын ченж, Солонгос улсад гахай, тахиа маллаж байгаад ирсэн гаруудыг томилсон. Үнэхээр харамсалтай. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс гомдол, санал гаргахаар ажлаасаа халагдчих гээд байдаг учраас юугаа ч мэдэхгүй энэ мэт нөхдүүдээр удирдуулж чимээгүйхэн урдахаа хийж явна. Мэргэжлийн хүмүүсээрээ удирдуулаад, судалгааны багийг нь тогтвортой ажиллуулаад явдаг бол энэ мэт асуудлыг богино хугацаанд нааштайгаар эргүүлж болно. Ер нь мэргэжлийн хүмүүс нь салбараа удирдаагүйгээс л манай улс хөгжихгүй байгаа юм.

-Дотор нь ажиллаж байгаа хүмүүс болдоггүй юм бол танай холбооноос шаардлага хүргүүлээд, дарга нартайгаа уулзаж учирлавал ахиц дэвшил гарахгүй юу?

-Манай холбооны зүгээс дарга нарт гомдол, шаардлага өгөөд, уулзы гэхээр биднийг хүлээж авдаггүй. Дандаа тойроод зугтаад байдаг. Хүлээж авахаараа хэдхэн хөгшчүүлийг хүлээж авч, улс төрийн шоу хийчихээд яваад өгдөг. Яг салбартаа тулгамдсан асуудлаа мэддэг, гарцыг нь мэддэг холбоогоо хүлээж авдаггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(202.179.27.169) 2022 оны 12 сарын 05

солонгосд хэн гахай тахиа малалж байгаад дарга цэрэг болвоо тодорхой бичээж харинч зүгээр юм биишүү амьдрал үзсэн хүн бүр өөрийнхөө намтар түүх өргөдөлч бичэж чадахгүй амьтан байвал яахав

0  |  0
Top