"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна
Эзэн Чингис хааныг “Манай баг, бригад” хэмээн дундаа булаалддаг хэнтийчүүд үзэл бодлын эрс тэс ялгаатай сонголт хийдэг ард түмэн. Магадгүй буриад, халх гэсэн хоёр үндэстний үзэл бодлын зөрүү ийн харагддаг байх. Олон жилийн дунджаас аваад үзэхэд нэр дэвшигчид буриад зоны сумдад цэнхэр туг хатгаж, халх сумдад улаан туг хатгаж ирсэн нь анзаарагддаг. Ардчиллын анхны жилүүдэд гол төлөв цэнхэр талдаа налж ирсэн түмэн 2000 оны босгон дээр ардчилал нэрийн дор бүтэх бүтэхгүй нөхөд сонгож байхаар хэмээн шууд л улаан туг хатгаад явчихсан байдаг
Тиймдээ ч “Хэнтийн гурван тэнэг” гэх нэр алдар олноо түгэж байсан нь МАН гаралтай нөхдөөс үүдэлтэй юм билээ. Гэхдээ л хэнтийчүүд гол төлөв “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” алагдуу санал өгч ирсэн. Анхны ардчилсан сонгуулиар “Коммунистуудын эсрэг” хэмээн тунхаглаж байсан ч МАХН-аас Д.Бямбасүрэн, Н.Ганбямба нарыг, Ардчилсан холбооноос Д.Ганболдыг сонгож, 1996 онд тэр чигтээ цэнхэртэж, 2000 оноос 2012 он хүртэл дандаа улаан туг мандуулсан бол 2012 оны сонгуулиар Ардчилсан намаас Б.Гарамгайбаатарыг гаргаж ирсэн байдаг. Гэхдээ томсгосон тойрог дээр болсон 2012 оны сонгуульд Б.Гарамгайбаатар буриадын сумдаас гол төлөв санал авч, ялимгүй саналын зөрүүгээр арай гэж цэнхэр туг хатгасан юм.
Харин ажилсаг зоны итгэл хүлээсэн нөхөр маань “Чингис” бондын мөнгө, тендерийн асуудалд холбогдон шалгагдаж, сонгогч түмнийхээ зорчдог Дуутын даваанаас Жаргалтхаан хүртэлх 100 гаруй километр замын өргөн, зузаанаас идсэн гэх асуудал дэгдэж гээд буриад зондоо эргээд очих нүүргүй шахам болсон хүн. Тэгээд ч өнөөдөр АН-аас мандат авч чадсангүй. Харин өнгөрөгч 2016 оны сонгуулийн 40 дүгээр тойрогт Б.Бат-Эрдэнэ, 41 дүгээр тойрогт Л.Оюун-Эрдэнэ, 42 дугаар тойрогт Д.Гантулга нар ялалт байгуулж байв. Ингээд өнгөрөгч дөрвөн жилд хэнтийчүүдийг төрд төлөөлсөн гурван гишүүний талаар хүргэе.
Дөчдүгээр тойрог: Б.Бат-эрдэнэ
Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр сумд багтана. Тус тойрогт 2016 онд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас М.Хүдэрбаатар, ИЗНН-аас Г.Батболд нар өрсөлдсөн. Үндэсний бөхөөр ид хаваа гайхуулж ард түмэндээ хайрлагдсан УИХ-ын гишүүний хувьд өрсөлдөгчид нь амны цэрэг л байсан байх.
Гэхдээ л АН-аас нэр дэвшигч М.Хүдэрбаатар 41 хувийн санал авсан нь аваргатай хэр удаан тэсэж ноцолдсоныг харуулна. Гуравдагч этгээд даанч өөдтэй санал хуваахаар нөхөр байсангүй. Энэ тойргийн сумдаас Батширээт сум буриад зоных бол бусад нь халх сум юм. М.Хүдэрбаатар Батширээт суманд үнэмлэхүй ялалт байгуулсан байдаг. Бор-Өндөр сумын хувьд хуучин Дархан сумын тавдугаар баг байсан бөгөөд түүнийг сумын статустай болгох тал дээр Б.Бат-Эрдэнэ ёстой л зодог шуудагтайгаа хоносон түүхэн гавьяа бий. Ийнхүү тав дахь удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ гардаад буй Б.Бат-Эрдэнэд байгуулсан гавьяа гээд өндөрт өргөх зүйл байхгүй ч халаглаж гаслаад байхаар учруулсан хор хөнөөл бас алга. Үүнийг би УИХ-ын гишүүн, хууль тогтоох дээд байгууллагын ажилтны хувьд ямар үүрэг гүйцэтгэв гэдэг тал дээр нь ярьсан хэрэг. Түүнээс бус цагийг эзэлсэн их аваргад хийсэн, бүтээсэн зүйл юу эс мундаа аж. Б.Бат-Эрдэнийн хувьд анхнаасаа эх дэлхий, байгаль орчныхоо тал дээр дуугарч ирсэн түшээдийн нэг.
Тийм дээ ч “Урт нэртэй хууль”-ийн авторуудын нэг болж явсан тэрээр УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо Хууль зүйн байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар хүртэл заларч байв. Үндэсний бөхөд ахин давтагдахгүй амжилт байгуулсан нэрт бөх маань хэдийгээр дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа дархан түшээ хэдий ч Үндэсний бөхийн холбооны дарга, удирдлагын маргаанд оролцон тэргүүлж явсан. Үүнийг бөхдөө хайртайн шинж гэх хүмүүс байхад нөгөө талаас "Хүний шунал хүсэлд хязгаар байхгүй” хэмээн буруушаасан нь ч цөөнгүй. Ямартай ч Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд бусад түшээд шиг эрх ямба эдлэхийг урьтал болгодоггүй нь спорттой ч холбоотой байх, хувь хүний хүмүүжилтэй нь ч холбоотой байх. Шатахуун бага зарцуулдаг машин хөлөглөдөг төдийгүй заримдаа унадаг дугуй хүртэл жийдэг. Үүнийг нь спортын хүний унаган зан гэхээсээ илүүтэй пиар талаас нь ярьж, бичих нь бий.
Эрх биш 16 жил парламентад ажилласан хүнд санаачилсан, баталсан, Ажлын хэсэгт орж ажилласан хуулийн төсөл олон байгааг үгүйсгэхгүй. Тэр өөрөө буддист, үүнийгээ хаа ч нуудаггүй, шүтлэгтэй эр. Тиймээс УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байхдаа "Хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх тухай" хуулийн төслийг боловсруулж байв. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай уулзаж санал солилцон шүүмжлэлд өртөж явсан гээд түүний бөхийн ч бай, улс төрийн ч бай замналыг шашингүйгээр ойлгох аргагүй.
Түүнд харьяалагдах “Урт нэртэй хууль” нь зарим талаараа эдийн засагтай харшилсан гэх хүмүүс байдаг. Ямартай ч хуулийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан. Мөн алтны шороон ордоос бусад 1500 гаруй лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоосон гэх гавьяаг дурдах учиртай. Тиймээс тэр “Урь нэртэй хууль”-ийн ачаар олон гол мөрөнг хамгаалж, эргэн сэргээсэн юм шүү” хэмээн ам дүүрэн хэлдэг. Өдгөө УИХ-ын сонгуульд тав дахь удаагаа Хэнтий аймагт өрсөлдөх эрхийн мандатаа өвөртлөөд буй түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт анхаарлаа хандуулъя.
ХОМ-д өгүүлснээр бол жилийн 30 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь мөн энэ хэмжээний орлого олдог хэмээн мэдүүлжээ. Мөн хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай талбайтай бөгөөд 650 сая төгрөгөөр үнэлэгддэг аж. Унааны хувьд “Suzuki Jimny”, “Nissan,X-Trail” маркийн 123 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай, 692 сая төгрөгөөр үнэлэгдэх мал сүрэгтэй, 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол “Атар”, “Чандгана”, “Сүү” компаниудаас хувь эзэмшдэг аж.
Дөчиннэгдүгээр тойрог: Л.Оюун-Эрдэнэ
Өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд 2012 онд намын жагсаалтын 11-т эрэмблэгдээд хоншоор таслуулж байсан ч 2016 онд төрөлх нутаг Хэнтий аймгаасаа нэр дэвшин анх удаа парламентад орж ирсэн залуу түшээ. Парламентад орж ирээд шударга үнэний дуу хоолой болсон зоригтой залуу гэсэн нэр зүүж байгаа бол нөгөө талаас “Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио” гэсэн үгийг ч давхар дайна. Учир нь УИХ-ын дарга асан М.Энхболдын баруун гар талд түшиг нь болж явсан залуусын нэг атал гэнэт зангаа хувиргаж, даргынхаа өөдөөс харж сууж байгаад ажлаа өгөхийг шаардсан нь ийнхүү олны дургүйцлийг хүргэсэн байх. Гэлээ ч Монголын улс төрд олон жил амь бөхтэй оршсон МАНАН дэглэмийг устгах, шударга ёсны салхи сэвэлзүүлэхэд гол дүр болсон нь яах аргагүй түүнд нэмэх оноо авчирч л таарна. “Зоригтой зүрхтэй залуу түшээ” хэмээн хөөргөсний ч гай болов уу, шүүх хүчний байгууллагын ажлыг өмнөөс нь хийж байгаа мэт хэвлэл мэдээллээр гэмт хэргийн шинжтэй зүйлсийг мэдээлэх гээд байдаг муу талтай. Угтаа бол энэ нь түүний хийх ажил биш.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар төсөв хөрөнгө хуваарилахад хамгийн ойр хүн. Тиймдээ ч өнгөрөгч жилүүдэд Хэнтий аймаг руу чамгүй хөрөнгө татсан гэх хардлага дагуулдаг. Том агуулгаар нь авч үзвэл “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл бол Монгол Улсын хэмжээний гэх боловч орон нутагт түүний дүрийг улам бүр тодруулж байгаа зүйл. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ аймагтаа рейтинг өндөртэй яваа залуу улстөрч. Аймагтаа бүү хэл Монгол Улсад рейтинг өндөртэй яваа гэж болохоор харагдана.
Нэгэн мэдээлэл сөхөхөд, Хэнтий аймагт 220 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс энэ онд 133.7 тэрбумыг нь шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан байдаг. Тухайлбал, Батноров сумын Бэрх тосгонд зөвхөн энэ онд л гэхэд 17-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж 11 төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс гадна өнгөрөгч 2019 оны хавар Дадал сумын "Дэлүүн Болдог" нисэх буудлын нисэх буух зурвасыг өргөтгөн, аялал жуулчлалын чиглэлд ашиглах үүргийг Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ хамт газар дээр нь үүрэгдээд ирсэн гээд олон зүйл бий. Хамгийн наад зах нь гэхэд олон жил яригдсан Онон голын гүүрийн ажлыг саяхан Улсын коммист хүлээлгээд өгчихсөн. Энэ мэтээс харахад тэр айсуй сонгуулиар суудлаа хамгаалаад ороод ирэх хамгийн өндөр магадлалтай гишүүдийн нэг мөн. Гэхдээ өрсөлдөгчдийн зүгээс ямар тактик барьж байгааг таах аргагүй.
Тэр Монголын анхны хувийн сургуулиудын нэг “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн залуу Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн албанд Тамгын газрын даргаар улс төрийнхөө карьер, ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш олон улсын байгууллагад ажилласан. Ийнхүү 2008 оноос Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар эргэн төрд орж ирсэн. Эндээс МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар их улс төрд хөл тавьсан цагаас хойш улс төрийн карьер нь тасралтгүй өсөж ирсэн нэгэн. Тухайлбал, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх зэрэг албанд ажиллаж үзсэн улс төрийн туршлагатай нэгэн.
Өнөөдөр тэр улсдаа нэлээд дээгүүр рейтингтэй яваа нь олон зүйлээс шалтгаална. Тухайлбал, МАНАН дэглэмтэй тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэв. УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд манлайлан оролцов. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, бусад сангуудтай холбоотой асуудлыг шалгах тал дээр ч анхаарлаа. Хууль, хяналтын байгууллагууд өөрсдөө авлигын нэг хэсэг болсон байж болзошгүй баримтуудыг дэлгэлээ. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой гарсан шийдвэр, “Стандарт” банк, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, концесстэй холбоотой асуудлууд гээд олон зүйлийг ил болгохын төлөө явсан. Харин тэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувиар гал тогооны гэж болох албыг залгуулдаг. Тиймдээ ч гал тогооны цаг наргүй ажлын хажуугаар үндсэн үүрэг болох хууль санаачлах, батлуулах тал дээр тааруухан ажилласан байх.
Дөчинхоёрдугаар тойрог: Д.Гантулга
УИХ-ын хамгийн залуу түшээ хэмээн 28-хан настай парламентад хэнтийчүүдийг төлөөлөн орж ирж байсан Д.Гантулга одоогоор бүрэн эрхээ түдгэлзүүлээд удаж байна. Түүний хамаарах хүрээ нь Хэнтий аймгийн төвийн Хэрлэн сум, аймгийн төвтэй бараа бараагаа харалцан орших Мөрөн сум, мөн Жаргалтхаан сум, Чандганы Сангийн аж ахуй багтана. Уг нь Чандганы Сангийн аж ахуй л гээд байгаа болохоос бус Хэрлэн сумын нэг баг болж явдаг юм билээ.
Нэгэн зүйл онцлоход Чандагны сангийн аж ахуй нь анх байгуулагдахад төрийн бодлогоор Баян-Өлгий аймгаас казакуудыг олноор нүүлгэн суурьшуулсан байдаг. Тэгвэл 2016 оны сонгуулиар Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумаас хүн ам цөөтэй ч Чандаганыхан Д.Гантулгад 100 хувь саналаа өгсөн гэдэг. Тодотгож хэлбэл казакын ард түмэн саналаа харамгүй өгсөн хэрэг. Энэ үеэр Д.Гантулгын хувьд шинэ тутам залуу хүн гэхэд тун хүчтэй өрсөлдөгч байж болох аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатартай хүч үзэж ялалт байгуулсан байдаг.
Улс төрд 20 гаруйхан настай хөл тавин карьераа эхлүүлж байсан энэ нөхөр Монголын лектор төвд багш, Хөгжлийн түүчээ сан байгуулан ажиллаж байгаад 2013 онд Нийгмийн ардчилал, монголын оюутны холбоо ерөнхий нарийн бичгийн даргаар дэвшин орж ирсэн нь түүний хувьд улс төрийн том эхлэл байв. Ийнхүү намынхаа залуучуудтай ойлголцон ажиллаж байсан учраас 2015 онд Нийгмийн ардчилал, монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь 2016 онд УИХ-д нэр дэвших эрхийн мандат гардахад нэгэн том гүүр болсон хэрэг. Гэхдээ 2016 оны сонгуульд Хэнтий аймагт Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нараас өөр нэр дэвших дүр ч ховор байсан гэдэг. Тиймээс залуу хүнээ нэг дэмжээд үзье гэсэн хэрэг. Тэр ч итгэл алдсангүй.
Уг нь энэ залуу хөдөөд нэн хэрэгтэй томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байсан юм. Түүний эхлүүлсэн төслийн нэр нь “Залуу малчдыг дэмжих аян” бөгөөд үүнийг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж, аймаг тус бүрээс нэг малчин өрхийг онцлон 50 эм төлөг өгч малжуулах үйлсийг эхлүүлж байв. Ингэхдээ дуучид, хамтлагийн тоглолтыг орон нутагт толилуулж, түүнээс олсон орлогоороо ийнхүү залуу гэр бүлийг малжуулах аяныг зохион байгуулсан. Энэхүү аянаа төрсөн нутаг Хэнтий аймгаасаа эхлүүлэхдээ зүгээр ч нэг малжуулах хүрээнд яваад байсангүй. Төрийн байгууллагуудын албан хаагчидтай “Манлайллын ур чадвар” сэдвээр лекц уншин, уулзалт хийж, төрийн бодлого чиглэлийг танилцуулж явсан билээ. Үүнээс гадна очсон аймаг бүрийнхээ ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж, үүгээрээ “Мэргэжлээ хэрхэн сонгох”, “Амжилтын гараа” зэрэг сэдвээр сонирхолтой лекц тавьж, үүнийхээ хэмжээнд харилцан ярилцах зэрэг ихээхэн үр өгөөжтэй ажлуудыг хийсэн байдаг. Тус аян ч орон нутагт чамгүй өндөр үнэлгээ авч, “Цаашид ийм арга хэмжээ зохион байгуулах нь тун зөв юм байна. Түүнээс бус тойргоос сонгогдсон гишүүд ирж бэлэг сэлт тараах нь тарааж, урлагийн тоглолт үзүүлээд л алга болдог. Харин Д.Гантулга гишүүний энэ ажил бол нүдээ олсон зүйл” хэмээн ярьж байв.
Тэр залуу хүний хувиар ч парламентад том зорилго өвөртөлж орж ирсэн гэх. Ингэхдээ тэрээр “Анх УИХ-ын гишүүн болохдоо 2-3 зүйлийг бодож байсан. Үүний нэг нь УИХ-ын гишүүн гэдэг парламентад зөвхөн тойрог төлөөлдөг, тойргийн иргэдийн үзэл бодлыг ярьж явах нь хангалтгүй юм гэдэгт хатуу байр суурьтай ханддаг. Нөхцөл байдал харамсалтай нь яг ийм зарчмаар өрнөдөг учраас өнөөдөр парламент дээр улс орны хэмжээний том бодлогууд гацдаг. Гэсэн атлаа тойргийн хэмжээний жижиг төслүүдийг ихэвчлэн шийдэж байна. Үүний тулд гишүүд нь бүлэг, фракцаар хуваагддаг байдал байсаар байна.Тийм учраас зөвхөн тойргийн биш парламентын гишүүний хувиар асуудлыг том зургаар нь хардаг байхыг хичээдэг. Үүнийхээ дагуу өнгөрсөн жил 21 аймгаа тойрч ажилласан. Төрийн албаны хууль болон залуучуудын хөгжлийн зэрэг олон зүйлд гар, бие оролцож ажиллалаа. Эдгээрээс онцолбол, Монгол Улс 26 жилийн дараа залуучуудын төрийн агентлагтай болсон. Үүнд миний санал санаачилга байсан” хэмээж байв.
Сэтгэгдэл ( 9 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Оюунэрдэнэ,херо баатар төрсөн ах дүү 2,Нямбаатартай ах дүү 3 гэсэн.Гэр бүлээс нэгийг нь л гаргасан нь дээр биз.Хаант засаг биш гэр бүлээрээ хамаатан саднаараа улс удирдах дэмий биз.
Хоосон ам, шалдан гуя гаргасан энэ гурваар яахав дэ, хийж бүтээж хэлсэндээ хүрдэг БатҮүл баатраа дэмжнээ
L.Oyun-Erdeniig demjinee
Оюун-Эрдэнэ бол Хэнтийд босоо дөө. Хэнтий байтугай Монголд гавьяатай залуу. Зөвхөн Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мөнгөөр хувьдаа авчихсан байсан Ц.Элбэгдорж, Бадамжунай, М.Энхболд, Б.Хурц тэргүүтэй сахал Эрдэнэбилэгийн гар, хөл болсон, ХХБ-ны далд эздийг ил болгосон гавьяаг нь дурьдахад л хангалттай. М.Энхболд бол өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг жул асуудал. Түүнийг улстөрөөс явуулсан нь оносон. \n
Их Чингэсийн нутаг Хэнтийчүүдэд энэ жил шилдгүүд өрсөлдөх юм байна. Үндэсний бахархал болсон их аварга босоо гарах нь дамжиггүй. Амжилттай ажиллаж бүтээн байгуулж байгаа өнөөгийн зассгийн газрын тэргүүн болон Хэрэг эрхлэх газрын даргын гавъяа зүтгэлийг нутгийнхан нь сайн мэдэж байгаа. Энэ 2 бол улс орны маань найдвар болоод байгаа билээ. Амжилт хүсье.
Алдарт Хэнтийн 3 балайгаас Батэрдэнэ үлдэж хөөрхий. Баабар гуйан хэлсэн үнэн үг л байсан Батэрдэнэ л биш .
Nuguu bandaash chine shorond baigaa um bishuu
баг бригадаараа булаалддаг ч гэх шиг сэтгүүлч гуай жаахан аядаарай. Хэнтийд буриад сум 3 хан байдаг юм. Ихэнх нь Халх. Нийтлэл бичих гэж байгаа бол жаахан судалгаатай юм бич.