Ч.Уранхолбоо: Эмэгтэйчүүд нэгдэж чадвал хамгийн ХҮЧИРХЭГ хүмүүс

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог бид таван охины ээж, бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан влог хөтлөгч, соёл урлагийн төдийгүй нийгмийн салбарт манлайлагч, хүмүүнлэгийн элч бүсгүй гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл Ану завгүй уран бүтээлч, ээж байхын хажуугаар ном ч бичиж амжсан. “ТОД гэрэлтэх бүсгүй” нэртэй түүний номын тод аниртай зэрэгцэн амьдрал, уран бүтээл, ирээдүйн зорилго, бахдам түүх, эмзэглэл, догдлол гээд дотоод сэтгэлийнх нь өнгө будгийг уудлан ярилцлаа. 
 


-Нэг үе охид ягаан, ногоон үстэй гял цал “Гала”-гийн загварлаг охидыг дуурайдаг, дууг нь дуулдаг байлаа шүү дээ. Тэр гэрэлтэй үеэсээ яриагаа эхэлье?

-Дурсамж дүүрэн цаг хугацаанаас минь ярилцлагаа эхлүүлж байгаад баяртай байна. Би залуу насаараа бахархдаг. Өсвөр насны охин гэхэд их зоримог, шийдмэг байж. Хэн юу гэх бол айж эмээдэггүй байж. Алдаатай, оноотой цаг хугацаа минь өнөөдрийн Уранхолбоог бүтээсэн гэж боддог. “Гала” хамтлагийн 16 настай Ану, Болороо хоёр их азтай охид. 2004 оны наймдугаар сарын 8-ны өдөр хамтлаг маань байгуулагдаж байсан. Анхны дуугаа 1990-ээд оны хит дуу “Хөвгүүн”-ээр эхлүүлж, тухайн үеийнхээ хамгийн эрэлттэй хамтлаг болж байлаа. Бид хоёрын гадаад төрхийг хүмүүс хараад цочирддог байсан шүү. Бид хоёрын үсний засалтыг “Матрикс” салон ажиллаж, анхны уран бүтээл дээр минь жүжигчин Т.Өөдөө эгч ажиллаж байсан. “Хөвгүүн” дууны клип 800 мянган төгрөгөөр бүтэж байлаа. Тухайн үед их мөнгө шүү дээ. Тэр мөнгөө аав, ээж нараасаа цуглуулаад л, найз нөхдөөсөө зээлээд л. /инээв/

-Тухайн цаг үедээ тэсрэлт, өөр өнгө төрх болж гарч ирсэн “Гала” хамтлаг хамгийн их үзэгчтэй тоглолтуудыг хийж байсан. Яг ид үе дээрээ хамтлаг тарж бутрахад нь олон шүтэн бишрэгчид нь гонсойсон доо?

-Тийм шүү. Анхны уран бүтээлээсээ эхлээд л бидний даль жигүүр ургаж, дүүлэн ниссэн. “Эрхэт Монгол” группийн дуучнаар дөрвөн жилийн гэрээтэй ажиллаж, энэ хугацаанд хамгийн олон үзэгчтэй тоглолт хийж, хамгийн олон цомог борлуулсан хамтлаг болж байлаа. “Хамаг Монгол”-ын шилдэг гурван хамтлагийн нэг боллоо.  “Мөрөөдлийн цомог” гэдэг хоёр дахь цомгоо гаргаад Ази руу гарах төлөвлөгөөтэй байсан боловч хамтлагийн дунд эвлүүлж нийлүүлж боломгүй хагарал гарсан. Болороо бид хоёрын дунд үзэл бодол, материаллаг зүйлсээс шалтгаалсан зөрчил үүссэн. Тухайн үед хамтлагийг тараахгүй байх тал дээр хэн хэн нь хичээгээгүй юм байна лээ. Би ч их бардам байж. Өөрөөсөө л бурууг хайхыг хүсдэг. Найзыгаа жаахан гуйсан бол гэж бодогддог. Нэг мэдэхэд өндрөөс маш хүчтэй унасан. Хамтлаг тарлаа, хамтарч ажилладаг байгууллагын гэрээ ч дууслаа. Сургуулиа ч төгсөөгүй байдаг. 2008 он бол бүх зүйлийг дахин тэгээс эхэлсэн үе. Бид хоёр хамт амьдарч байсан байраа зараад өмчөө хуваагаад, өр ширээ дараад бидний гар дээр юу ч үлдээгүй. Мандаж явах үед  байсан бүхэн минь буурч явах үедээ маш үнэ цэнтэй байсныг ухаарсан. Магадгүй тэр цаг үед энэ хоёр охинд жаахан ухаан хайрлая гээд бурхан шийдвэр гаргасан байх гэж бодогддог.

-Хүүхдүүдтэй ажиллах хүмүүн­лэгийн ажил эхлүүлэх шалтгаан нь юу байв?

-Би Цагдаагийн академийн эрх зүйн ангид сурч байгаад чөлөө авчихсан байснаа үргэлжлүүлж суралцаад эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүний дараа “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагаа байгуулсан. Энэ төв маань “Дэлхийн зөн”-д харьяалалтай 20 мянган өнчин хүүхдэд урлагаар дамжуулж хүмүүжил, харилцааны соёл боловсролыг олгох зорилготой. Бид Олон улсын аудитын шалгалтаар сайн үнэлгээ авч байсан. Тэр цагаас хойш олон мянган хүүхэдтэй ажиллах хувь тавиланд эргэлт буцалтгүй орсон доо. Өнчин өрөөсөн, аав, ээж нь архины хамааралтай, амьдрах орчин хүнд, хүчирхийлэлд өртөөд сэтгэл санааны гэмтэл авсан хүүхдүүдийг хараад энэ хүүхдүүд ямар буруутай юм бэ гэж өр зүрх өмөрдөг. Хүмүүнлэгийн ажил хийх бүрийдээ сэтгэл дүүрч, аз жаргалтай болдгоо мэдэрсэн.  “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллага маань өдгөө болтол хүмүүнлэгийн ажлаа хийсээр л байгаа. 

-Таныг таван сайхан охины ээж, алдарт эхийн одонтой гэд­гийг ард түмэн мэдэж байгаа.  Гэр бүл төлөвлөлтийн талаар залуу хосуудад зөвлөгөө өгнө үү?

-Улс орны хөгжлийн хамгийн бага нэгж нь гэр бүл юм. Гэр бүл тогтвортой байж улс орон хөгжинө. Монголчууд гэрээ засаад төрөө зас гэдэг биз дээ. Төлөвлөлтөө зөв хийгээгүйгээс олон мянган хүүхэд өнчирч, золиослогдож байна. Амьтан хүртэл үр зулзагаа хайрлан хамгаалдаг биз дээ. Гэтэл уураг тархитай ярьдаг, сэтгэдэг ухаант хүмүүс араатан амьтнаас дор байгаад харамсдаг. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэг нэгэнтэйгээ ойлголцоход цаг хугацаа хэрэгтэй. Аливаад тэвчээртэй, хаттай, ухаантай хандах хэрэгтэй. Нөхөртэйгөө хэрхэн харилцах вэ гэдэг тал дээр эмэгтэйчүүд бид л арга ухаан сийлж амьдарна шүү дээ. Таны эрх олон хүний эрх ашгийг хамгаалдаг гэдгийг залуу хосууд маань санууштай. Залуу охиддоо хандаж хэлэхэд цэцэг шиг насаа хайрлаарай. Ирээдүйд ээж болох хүн гэдгээ ухамсарлаж өөрийгөө бэлдээрэй. Өнгө мөнгөнд битгий хууртаарай. Бүхнийг өөрсдөө босгосон амьдралыг хэн ч нурааж чаддаггүй юм шүү. Хүсэж байгаа мэргэжлээ сайн суралцаж, зөв байж, аялж, газар үзэж амжаарай. Хүүхэд төрсөн л бол сэтгэл зүрх чинь мөнхийн уяатай хэн нэгний төлөө зориулж байдаг шүү гэж зөвлөмөөр байна.

Миний хань чинь атаархам амар тайван, бурхан багш шиг амгалан хүн. Бас гоо зүйн өндөр мэдрэмжтэй, эрсдэлийг эрт тооцож чаддаг, хэтэрхий халамжтай, мэргэн зөвлөгч, хурц шүүмжлэгч байж чаддаг. Нөхрийнхөө цээжийг дэр­лэхэд л хамаг бухимдал, ядаргаа тайлагдах шиг болдог доо.

 

-Анх нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв. Ханийнхаа ямар чанарт татагдсан бэ?

-Би соло уран бүтээл дээрээ ажиллаж “Hey Anu”, “Summer beat”, “Чамд жаргал ирнэ” зэрэг уран бүтээлүүдээ хийж байх үедээ нөхрийнхөө эгчтэй анх танилцсан.Б.Бэрцэцэг эгчтэй видео клип дээрээ хамтарч ажиллаж байхдаа ээж, аав нь их сайхан хүмүүс юм даа гэж харж байсан. Гэтэл тэр эгч маань миний сонирхдог стильний дүүтэй байсныг мэдсэн. /инээв/ Дүү нь эхэлж над руу мэссэж бичиж холбогдсон. Өөрөө ч миний төлөө маш их зориг гаргасан гэдгээ хэлдэг. Ангийнх нь охин хүртэл “Манай ангийн хүү бага байхдаа “Гала” хамтлагийн зурагтай дэвтрийг харчихаад би том болоод Ануг авч сууна гэж ярьдаг байсан. Үнэхээр л аваад суучихсан, олон сайхан үртэй болсонд нь баярлаж байна" гэсэн. Одоо бол бид хоёр энэ дэлхийн хамгийн баян хүмүүс. Таван сайн үртэй, амьдрал бүрэн бүтэн сайхан сайхан. Энэ амьдралаа өөрсдийнхөө гараар нэг бүрчлэн өрж босгосон болохоор маш их амттай байдгийг мэдэрч сууна даа. Хань маань олон улсын харилцааны дипломатч мэргэжилтэй хүн. Уналтын үед намайг хэвлэл мэдээллээр янз бүрээр бичиж, сайн, муу нэр зүүж явахад минь тэр бүхнийг үл тоож намайг л гэсэн. Миний мөн чанарыг өнгийж хараад хэдийн таньчихсан, намайг ойлгож, хүлээцтэй ханддагт нь өөрийн эрхгүй татагдсан даа. Миний хань чинь атаархам амар тайван, бурхан багш шиг амгалан хүн. Бас гоо зүйн өндөр мэдрэмжтэй, эрсдэлийг эрт тооцож чаддаг, хэтэрхий халамжтай, мэргэн зөвлөгч, хурц шүүмжлэгч байж чаддаг. Нөхрийнхөө цээжийг дэр­лэхэд л хамаг бухимдал, ядаргаа тайлагдах шиг болдог доо.

-Таны ээж бас Монголын сай­хан бүсгүй байдаг. Гурван охиноо их сайхан хүмүүжүүлсэн. Ээж тань юу гэж захиж сургадаг вэ?

-Миний ээж, аав хоёр говь-Алтайн Бигэр сумын хүмүүс. Ээжийн маань аав, ээж улсын аварга малчин, саальчин хүмүүс. Бага нас минь Бигэр сумтай салшгүй холбоотой. Зун бүрийд эмээ, өвөө дээрээ очиж тусалдаг байлаа. Өглөө эрт босож үнээ саах, тугалаа татах, цагаан идээ боловсруулах гээд монгол гэр ахуйн ажлыг эмээгээсээ суралцсан. Энэ бүхэн одоо амьдрал дээр минь маш их хэрэг болдог. Ээж маань  таван хүүхэдтэй айлын ганц охин бөгөөд эм зүйч мэргэжилтэй. Зээ нараа хараад л бидэндээ түшиг дэм болоод байж байна. Хөдөлмөрч, зарчимч, даруу төлөв эмэгтэй бий. Биднийг зуслан ч явуулдаггүй, анги хамт олны уулзалт, зугаалгад хамт харгалзан явдаг хатуу чанд хүн. Ээж минь биднийг  хичээлээ хий, сайн боловсор, суралц гэж захихаас гадна эмэгтэй хүнд сурвал зохилтой ажлууд болоод эзэмших ёстой чанаруудыг өөрөөрөө үлгэрлэн хүмүүжүүлдэг байсан. Миний гар нэлээн эвдэрсэн. Хүмүүс нүүр чинь гоё байна, гараа анхаараарай гэж хэлдэг. Тэгэхээр нь би ажилсаг гар үзэсгэлэнтэй байдаггүй юм аа гэж хариулах дуртай

Охидынхоо төлөө хамгийн сайн ээж байхын тулд эмч, тогооч, гоо сайханч, жолооч, сэтгэл зүйч, үсчин гээд олон мэргэжлийг эзэмшиж байна. Сошиалаар нэг л ганган амьтан салон, дэлгүүр хэсээд яваад байгаа юм шиг харагддаг боловч тэр миний амьдралын тавны нэг хувь нь. Бусад үед би гэр бүлийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгээд явдаг.

 

-Охидоо бас ээжийнхээ жишгээр хүмүүжүүлж байна уу, хааяа эрхлүүлнэ биз?

-Мэдээж эрхлүүлэлгүй яах вэ. Хайраад дутаахгүй, зэмлэхгүй, урамшуулж өсгөхийг хичээдэг. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгохгүйн тулд багаас нь өөрөөрөө үлгэрлэж байна. Хүүхдийн тусгал гэр бүл учраас хоорондын уур амьсгал дээрээ үргэлж анхаардаг. Манай гэр бүл Монгол Улсдаа анх  удаа “Гэр бүлийн элч” гэдэг өргөмжлөлийг авсан. Охидынхоо төлөө хамгийн сайн ээж байхын тулд эмч, тогооч, гоо сайханч, жолооч, сэтгэл зүйч, үсчин гээд олон мэргэжлийг эзэмшиж байна. Сошиалаар нэг л ганган амьтан салон, дэлгүүр хэсээд яваад байгаа юм шиг харагддаг боловч тэр миний амьдралын тавны нэг хувь нь. Бусад үед би гэр бүлийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгээд явдаг. Манай таван хүүхэд таван өөр аргаар хүмүүждэг онцлогтой. Нэг нь ганцаарчилж ярих дуртай байхад зарим нь урамшуулж байж хөгждөг. Тэдний хайрын хэл нь өөр, өөр.

-“Busy mom” влогоо анх яагаад хөтлөх болсон бэ, влог хөтлөх болсноороо өөртөө ямар, ямар ололт амжилтыг нээсэн бэ?

-Хоёр ихэр маань төрөөд нэг сар хүргээд влогоо хөтөлж эхэлсэн. Манай ихрүүд дутуу төрсөн болохоор маш арчилгаа асаргаа шаардаж байлаа. Зэрэг зэрэг уйлна, хөхүүлнэ, өвдөнө, нойргүй хононо. Миний амьдрал үргэлж л дутуу нойртой, жирэмсэн, хордлоготой, ядарсан дүр зурагтай. Эмэгтэй хүн гэдэг ямар их ачааллыг үүрдэг юм бэ гэж бодсон. Энэ амьдралаа хүмүүст хуваалцаж, над шиг адилхан асуудалтай олон ээжүүдэд туршлагаасаа хуваалцъя гэж шийдсэн. Өнгөрсөн хугацаанд ээжүүд хэдэн мянган комент, асуултыг ирүүлдэг. Үр хүүхдээ хүмүүжүүлэх арга, эрүүл мэндийн зөвлөгөө, өөрийгөө хэрхэн анхаарч байна, жингээ яаж хасаж байна гэж асуудаг. Бүгдэд нь хариулахыг хичээдэг. Байгаагаараа, чин зүрхнээсээ хандахыг боддог.

-Таныг тээгч эхээр хүүхдээ төрүүлдэг, хүүхэд асрагч хөлсөлдөг гэж хүмүүс ярьдаг байсан. Тэр бүхэнд няцаалт өгч, влогоор өөрийгөө шинээр харуулснаар олон шинэ мэдээ мэдээллийг түгээж, хүүхнүүд ч тантай найзлах дуртай болжээ?

-Намайг хүмүүс амар хялбар аргаар амьдраад байгаа юм шиг санадаг юм байна лээ. Гэртээ гурав дөрвөн асрагч авчраад, тээгч эх хөлслөөд, өөрөө гоёж гоодоод явдаг юм шиг хүмүүс ярьдгийг сонссон л доо. Би асрагч хөлсөлдөггүй. Ээжтэйгээ, нөхөртэйгөө хүүхдүүдээ өөрөө өсгөдөг. Завгүй ээжийн өдрийн тэмдэглэлээрээ эмэгтэй хүн өөртөө менежмент хийж чадвал бүх зүйлийг зохицуулж болдог гэдгийг амьдралаараа харуулахыг зорьсон. Миний влог хандалтаараа тэргүүлсэн. Хэн нэг нь итгэл үнэмшил, урам зориг төрүүлэх юм бол ээжүүдийн хүч үнэхээр агуу юм байна. Одоо ч гэсэн влогийн маань үзэлт хандалт хэвээрээ байгаа шүү.

-Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг эргээд бодо­ход амьдрал, үр хүүхэд гээд олон зүйлийг цогцлоож чаджээ. Эргээд уран бүтээлдээ орох юмсан гэсэн оргилсон гал цог дотроос тань дүрэлзэнэ биз?

-Дүрэлзэнэ ээ. Өнгөрсөн оны сүүлээр “Бүсгүй хүн бүр хөөрхөн” гэдэг нэртэй дуу бүтээсэн. Үнэхээр л дуртай зүйлээ хийхэд хүнд мэдрэгддэг мэдрэмжийг авсан. Гэхдээ би хүүхдүүдээ өсгөх хэрэгтэй байна. Одоогоор уран бүтээлдээ 100 хувь ороход бэлэн биш байна. Хүүхдүүдээ чанартай өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн ажлуудаа хийх нь чухал. Монголд 80 мянга гаруй өрх толгойлсон ээжүүд бий. Хүүхдүүдийн сайн сайхны төлөө эцэг эхчүүдийг нь чадавхжуулаад, мэдлэг боловсролтой болоход нь туслах гэр бүлд чиглэсэн эвентүүдийг сайн дураараа явуулаад эхэлсэн. Тус эвентэд хүссэн гэр бүл үнэ төлбөргүй хамрагддаг. Бид хамгийн сайн гэр бүл судлаач, сэтгэл зүйч, эмч нарыг нарыг авчирч зөвлөгөө өгдөг.

-Хань ижил тань таны амжилт бүтээлд өмөг түшиг, тулах багана нь болж явдаг. Та хоёрт маргалдах үе гардаг уу, тэр үед хэрхэн ойлголцдог вэ?

-Гаралгүй яах вэ. Хүүхэдтэй болоогүй байхдаа сална, нийлнэ.  Бид хоёр 2013-2017 оны хооронд таван хүүхэдтэй болчихсон. Манай хүн “Чи хүүхэдтэй болоогүй байхдаа хатуу сэтгэлтэй, ааштай эмэгтэй байсан” гэж хэлдэг. Анх танилцаад удаагүй байхдаа энэ хүн миний хань мөн үү гэдэг дээр олон сорилт, шалгуурыг тавьсан. Тэр шалгалтыг давсан учраас өдгөө тавын таван хүүхдийг нь төрүүлж өгчихөөд сууж байна. Эмэгтэй хүн эр хүний сайханд нь татагдаж, уран цэцэн үгэнд нь уярахаасаа өмнө олон төрлийн шалгуурыг тавих хэрэгтэй. Үр хүүхэдтэй болсны дараа гоё сайхан үг, хөөрхөн царай чухал юм уу, хүний хайр халамж чухал юм уу гэдэг нь аяндаа харагддаг. Бид хоёр хүүхэд хүмүүжүүлэх тал дээр маргалдах зүйл хааяа гардаг. Манай хүн уламжлалт хүмүүжлийн аргыг эрхэмлэдэг бол би орчин үеийн аргаар хүмүүжүүлэх гэдэг. Гэр бүл судлаач хүнээс зөвлөгөө автал энэ хоёр аргаа хослуулж байж үр дүнд хүрнэ гэсэн. Түүнээс хойш бид хоёр нэг “баг” болж ажиллаж эхэлсэн. /Инээв/

-Та хоёр дахиад бүл нэмье гэсэн бодолтой байна уу?

-Байна аа. Манай хүн айлын ганц хүү болохоор ойрын дөрвөн жилдээ гал голомт залгах нуган үрийг нь төрүүлж өгнө гэж боддог. Манай улс оронд ойр ойрхон мэс засалд орохыг зөвшөөрдөггүй. Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй гээд эмч нар миний савыг боох гээд байсан. Манай хүн намайг дахин эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Охидыг минь дагаад хүргэн орж ирэх юм чинь хүү хэрэггүй гэдэг. Гэхдээ л гэнэ гэнэхэн хүүтэй болохоороо тэгнэ, ингэнэ гэж яриад байдаг. /инээв/

Өөрийнхөө амьдралтай уялдуулаад философийн ухааны доктор хоёр найзтайгаа хамтраад номоо бичсэн. Номд маань амьд­ралыг философийн ухаантай хол­бож залууст зөвлөгөө, сургамж, гарын авлага болгохыг зорьсон. Гэр бүл төлөвлөлт, эмэгтэй хүний үнэ цэн, хайр сэтгэл, жирэмслэлт, хүүхдийн хүмүүжил, гоо сайхан, санхүү гээд амьдралд тохиодог бүхий л зүйлсийг бодит хүний амьдралтай уялдуулж, тоо баримт дээр тулгуурлаж бичсэнээрээ онцлог.

 

-Таны ярианаас үр хүүхэд, гэр бүл гэдэг эрхэм зүйлийг олонтаа дурдахыг сонслоо. “Тод гэрэлтэх бүсгүй” гэдэг ном тань хэвлэлтээс гараад удаагүй байна. Энэхүү номд Монголын гэр бүл, ирээдүйн ээж нар, залуу хосуудад зориулсан олон зөвлөгөө мэдээлэл, амьд түүх, алдаа оноо, дурсамж багтсан байгаа. Ном бичих санаагаа хэзээ олж, анхны өгүүлбэрээ тавьж байсан бэ?

-Хоёр ихэр маань хэвлийд бүрэлдэж байх тэр үед шийдвэр гаргах хамгийн хүнд үе байсан. Гурван ойрхон хагалгаагаар төрчихсөн байдаг. Гурав дахь охиноо төрсний нэг жилийн ой дээр хоёр ихэр хүүхэд дахин хагалгаагаар төрнө гэдэг маш их эрсдэлтэй. Эмч нар болон ээжүүд  маань ч гэсэн өөрийгөө л бод гээд байдаг. Бүтэн сар яахаа мэдэхгүй шаналсан. Хань маань нэг өдөр Туул гол дээр уулзъя гээд давхиад очтол “Хайраа би уул уснаасаа ч асуулаа, уураг тархи, сэтгэл зүрхээ ч сонслоо.  Хоёр ихэр маань аав аа, биднийг авраач гэж байна. Хоёулаа хичээгээд хүүхдүүдээ төрүүлэх үү” гэсэн. Би ч угаасаа төрүүлнэ гээд шийдчихсэн байсан, чиний л ингэж хэлэхийг хүлээгээд байлаа гэж хэлээд л тэврэлдээд уйлчихсан. Манай ихрүүд гэдсэнд байхад би маш их эрч хүчтэй ажиллаж, өмнөхөөсөө хэд дахин илүү орлого олж байсан. Эмэгтэй хүн гэдэг жирэмсэн байх үедээ байгалиасаа гурав дахин их хүчийг авдаг юм байна, өөрийнхөө дотоод хүчийг сэрээж чадвал юуг ч давж туулж чадах юм байна, хүний амьдрал гэдэг ямар баялаг юм бэ гэдгийг ухаарч ном бичихээр шийдсэн. Өөрийнхөө амьдралтай уялдуулаад философийн ухааны доктор хоёр найзтайгаа хамтраад номоо бичсэн. Номд маань амьд­ралыг философийн ухаантай хол­бож залууст зөвлөгөө, сургамж, гарын авлага болгохыг зорьсон. Гэр бүл төлөвлөлт, эмэгтэй хүний үнэ цэн, хайр сэтгэл, жирэмслэлт, хүүхдийн хүмүүжил, гоо сайхан, санхүү гээд амьдралд тохиодог бүхий л зүйлсийг бодит хүний амьдралтай уялдуулж, тоо баримт дээр тулгуурлаж бичсэнээрээ онцлог.

-“Тод гэрэлтэх бүсгүй” номоороо ч эмэгтэйчүүд нэг­дэхийг уриалсан сэтгэлийн уриа дуудлага ханхийж байсан?

-Тийм шүү. Бид нэгнийхээ харагдах үзэмж, үзэл бодлоор алагчилж болохгүй юм байна. Хэн ч ямар ч амьдралаар амьдарч болно шүү дээ. Тэр хүн өөрийнхөө тавилангаар амьдарч байгаа болохоор буруутгах аргагүй. Харин бид нэг нэгнээ ойлгож дэмжиж, урам өгдөг баймаар. Ер нь би танихгүй эмэгтэй хүнтэй таарахад түүнийг хайрлах сэтгэл төрж байдаг. Энэ сэтгэл бүх эмэгтэйчүүдэд байдаг гэдэгт итгэдэг. Нэг нэгнийгээ атаархлын нүдээр бүү хараасай. Залуу охидын оргилж буй хүсэл эрмэлзлийг нь  битгий унтраагаасай гэж боддог. Энэ санаагаа ч номдоо шингээсэн. Яагаад гэвэл би ийм зүйлийн золиос болж л байсан. “Гала” хамтлаг тарах үеэр янз бүрээрээ хэлүүлдэг байлаа. Сэтгүүлчдийн үзэгний хошуу хаашаа эргэхээс шалтгаалж миний хувь тавилан шийдэгддэг байлаа. Би хэзээ ч хийгээгүй зүйлийнхээ эзэн болчихсон гүтгүүлж, доромжлуулж үзсэн. Гэтэл би бодит амьдрал дээр надад байгаа бүхнийг би хөдөлмөрөөрөө босгож явсан шударга эмэгтэй гэдгээ бардам хэлнэ. Сэтгэлдээ шарх авсан хүмүүс эдгэх гэж маш их уддаг юм шүү.

-Энэхүү номоо зорилтот бүлгийн аав, ээж, охид хөвгүүдийн гар дээр хүрч очих тал дээр хэрхэн анхаарсан бэ?

-Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын хүүхэд хамгааллын элч гэдэг утгаараа Гэр бүлийн арга зүйн төвүүд дээр номынхоо дээжээс өгнө. Тус төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс очдог. Тэдгээр хүмүүс маань энэхүү номыг үнэ төлбөргүй унших боломжтой. Номоо хэрэгтэй хүн бүрд хүрээсэй гэж бодож гаргасан. Дэлхийн бэстселлэр болсон олон ном байдаг ч Монгол хөрсөн дээр хэр буух вэ гэдэг нь сонин. Тиймээс бид монгол хөрсөн дээрх амьдралыг тоо баримттай эш татаж, хууль эрх зүйн  судалгаан дээр үндэслэн гаргасан юм шүү. Нэг ч гэсэн охид бүсгүйчүүд, ирээдүйд хөл тавьж залуус, хөвгүүд энэхүү номоос ухаарал  аваасай гэж хүсэж байна.

-Ном дээр олон хүмүүсийн зөвлөгөө тусламж, мэдрэмж орсон харагдаж байна. Хамтарч ажилласан хүмүүсийнхээ талаар ярина уу?

-Хамтарч ажилласан баг маань шинжлэх ухааны зэрэг цолтой, олон судалгаан дээр ажилласан туршлагатай хүмүүс. Ганц миний өнцгөөс харах нэг өөр. Олон хүмүүсийн өнцгөөс харах бүр өөр. Тиймээс Г.Уянга, Б.Нарантунгалаг хэмээх хоёр доктор бүсгүйтэйгээ хамтарч номоо бичсэн. Номын редактораар нөхрийн маань эгч урлагийн сэтгэл судлаач Б.Бэрцэцэг ажилласан. Номын хэл зүй, найруулга дээр Монгол хэлний зөвлөлийнхөн ажиллаж ариутган шүүсэн. Номын зургийг зураач Зазаа Ганболд урласан. Тэдэндээ талархсан сэтгэлээ илэрхийлье.

-Хүүхдүүдийн боловсролын хөтөлбөрт эрүүл мэнд, нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлт гээд ирээдүйд хэрэг болохуйц мэдлэгийг хангалттай олгож чаддаг болов уу?

-Маш хангалтгүй.  Дэлхийн улс орныг харж байхад сургууль дээр нь сэтгэл зүйчид маш сайн ажилладаг. Суурь боловсрол дээр нь дээр нь дээрх мэдлэгийг маш сайн суулгаж өгвөл ирээдүйд гарах олон эрсдэлээс хамгаалдаг. Жишээ нь, Японд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг бага боловсролоос нь эхлээд оруулдаг. Хүүхэд хаанаас төрдгийг, хэрхэн бий болдгийг бүгдийг нь мэднэ. Энэ бол нууж хаагаад, ичиж эмээгээд байх зүйл биш. Нууж хаах тусам  хүүхдийг буруу зам руу хөтөлдөг учраас хүний амьдралд байдаг зүйл, мэдвэл зохих мэдлэг гэдгийг багаас нь л ойлгуулах хэрэгтэй.  Энэ нийгэм хөвгүүдээ орхисноос болж маш их ажилгүйдэл, архидалт бий болсон. Ээжүүд хөвгүүдийнхээ хүмүүжилд охидтой адилхан анхаарах цаг болжээ гэдгийг ном дээрээ ч тусгаж өгсөн.

-Та NTV  телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт хөт­лөгч хийж, өөр өөрийн ертөнцтэй олон бүсгүйчүүдтэй хамтарч ажилласан. Тэднээс юу суралцсан бэ?

-Эмэгтэй хүнд ярих хэрэгцээ маш их байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Өөр өөр салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдтэй нэг ширээ тойроод суухад  эмэгтэйчүүд сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал ямар хүчирхэг байдгийг таньж мэдсэн. Сэтгүүлч Э.Энэрэл эгч маань жендерийн асуудлаар олон жил нийтлэл бичсэн. Эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тод дуугарч чаддаг зоримог эмэгтэй. Энэрэл эгч номын маань өмнөтгөлд хүч нэмж өмнөх үг бичсэн. “Тод гэрэлтэх бүсгүй” номын өмнөтгөлд Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг гээд Монголын сор болсон тод гэрэлтсэн бүсгүйчүүд мялаалга үг хайрласанд нь талархаад баршгүй. “Чөлөөт эмэгтэйчүүд”-ийн бүсгүйчүүдээсээ эрч хүч, цог золбоог үргэлж мэдэрдэг. Бид тэмдэглэлт баяр ёслол, төрсөн өдрөөр байнга уулзаж, холбоотой байдаг.

-Өөрийнхөө сул талыг юу гэж боддог вэ?

-Хүүхэд төрүүлэх болгонд сэтгэл улам зөөлрөөд усны урсгал шиг болчихсон. Тэр ч утгаараа хүн бүрийг хайрлаж энэрээд, итгэж, туслахыг хичээдэг. Хүмүүст “үгүй” гэж хэлж чаддаггүй. Бурхны ном сургаалыг уншиж байхад хүн гэдэг бусдын төлөө амьдарснаараа жинхэнэ амьдрал эхэлдэг гэсэн байдаг. Хэтэрхий их “за” гэж хэлснийхээ төлөө өөрийгөө буруутгамааргүй байдаг ч заримдаа тэр талыг минь ашиглах, итгэл алдах зүйл олон тохиодог. Бас миний сул тал гэвэл жаахан өөрийнхөөрөө. Аливаа зүйлийг хийсэн шиг хийх гэж өөрийгөө ядраадаг. Сүүлийн 15 жил нэг сайхан амарсан даа гэж хэлэх өдөр байхгүй. Аливаа зүйлд сэтгэл гаргавал амьгүй зүйл ч амь орно гэдэг болохоор энэ зан чанар маань өөрчлөгдөхгүй байх.

Монголын топ таван групптэй хамтарч ажиллаж байна. Олон улсын хэмжээний компаниудын нүүр царай болон хамтарч ажиллаж байна. “Wellness” брэндийн, төлөөлөгч болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон 30-аад компани, 50 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Мэдээж санал ирсэн газар бүхэнд шүүлтүүртэй ханддаг. Эелдэгхэнээр татгалзах ч үе гардаг. Байгууллагуудын нүүр царай болж яваадаа санаа зовдоггүй. Реклам зар сурталчилгаа хийгээд байгаадаа биш тухайн байгууллагын эд эс нь болоод ажиллаж байна л гэж боддог.

 

-Бүсгүйчүүд маань Анугийн гоо сайхны нууцыг асуухгүй орхивол зэмлэх байх даа?

-Миний ямар салоноор үйлчлүүлж, ямар үйлчилгээ авч, ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдгийг влогийн байнгын үзэгчид маань андахгүй байх. Баян нөхрийнхөө хүчинд, мөнгөөр туйлж байна гэх нь ч бий. Энэ дашрамд хэлэхэд мөнгө байхад бүх зүйл болдог гэж битгий бодоорой. Мөнгө байхад гоо сайхан байж болдог л гэнэ. Энэ бол ташаа ойлголт шүү. Амьдралын үнэ цэнэ бол өөрөө бүхнийг хийж бүтээж өөрийнхөө үнэлэмжийг бий болгоход оршдог.  Эмэгтэй хүн бие даасан байх ёстой. Тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, өөрийн гэсэн дуртай ажлаа хийж чаддаг,  өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн ертөнцтэй, хань ижлээ хамтрагчаа болгож хувиргаж чаддаг байх хэрэгтэй. Гоо сайхны хувьд яг үнэнийг хэлэхэд би хоногт маш бага цаг унтдаг. Сардаа нэг гоо сайханд орж чадахгүй л явж байна. Олон хүүхдийнхээ үлгэр дуурайл нь учраас муухай харагдахыг  ч хүсэхгүй байна. Оройдоо өөртөө 30-хан минут гаргаад ваннд орохдоо нүүрэндээ маск тавиад, үсэндээ тэжээлийн тос түрхээд, дотроосоо уух ёстой витамин, шингэн жимсээ уугаад  өөрийгөө хөгжүүлэх ном унших, судалгаа хийх,  бүтээх ажлуудаа төлөвлөдөг. Заавал асрагч, үйлчлэгч байж бид өөртөө анхаарах цаг гарна гэж битгий бодоорой. Өөрийнхөө амьдралын эзэн байгаарай. Би олон хүүхэд төрүүлсэн гээд хань ижилдээ бурууг бүү өгөөрэй. Гэрийнхээ нөхцөлд дасгал хөдөлгөөнөө хийгээд, гэрийнхээ нөхцөлд нүүрэндээ маскны жортой болоорой. Гэртээ байна гээд навсайгаад байж болохгүй. Гэртээ ч бас гоё сайхан хувцастай байж болдог юм шүү. Өөртөө өөрчлөлтүүдийг хийж чадвал бидэнд ердийнхөөсөө гурав дахин их хүч бий шүү. Хамгийн гоо үзэсгэлэнтэй эмэгтэй бол дотроосоо гэрэлтдэг эмэгтэй гэж би хэлэх дуртай.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Философийн ухааны доктор найз маань бэлэглэсэн философийн ухааны номыг уншсан. Гүн гүнзгий, нэвтэрч боломгүй хаалттай сэдэв шиг санагддаг байсан бол уншаад ирэхээр амьдралын мөн чанарыг өөр өөрийнхөөрөө таньж мэдсэн ухагдахуун гэж санагдсан. Өнгөцхөн харсан бүх зүйлийн цаана үнэн далд чанар нь нуугдаж байдаг. Бүх зүйл шүтэлцээтэй шүү дээ. Далд ухамсар гэснээс дотоод сэтгэлдээ бүх зүйлийг сайн сайхнаар бодох нь хүртэл философийн ухаан. Ээж хүн гэдэг үргэлж үрийнхээ төлөө зовнилтой явдаг. Дандаа муу муухай зүйлд өртчих вий гэж урин дуудаж байдаг юм байна  л даа. Тиймээс тэр бүхэн нь хэзээ нэгэн цагт биелдэг учраас дандаа гэгээлэг зүйлийг бодож байгаарай. Хэзээ нэгэн цагт тэр сайхан бүхэн ирэх болно.

-Нууц биш бол одоогийн байдлаар хэчнээн байгуул­лага­тай хамтарч ажиллаж байна вэ?

-Хүүхэд бүх зүйлээ дагуулж ирдэг гэдэг. Таван сайхан үрийн буянаар аз жаргалтай завгүй ээж болсон. Монголын топ таван групптэй хамтарч ажиллаж байна. Олон улсын хэмжээний компаниудын нүүр царай болон хамтарч ажиллаж байна. “Wellness” брэндийн, төлөөлөгч болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон 30-аад компани, 50 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Мэдээж санал ирсэн газар бүхэнд шүүлтүүртэй ханддаг. Эелдэгхэнээр татгалзах ч үе гардаг. Байгууллагуудын нүүр царай болж яваадаа санаа зовдоггүй. Реклам зар сурталчилгаа хийгээд байгаадаа биш тухайн байгууллагын эд эс нь болоод ажиллаж байна л гэж боддог. Тиймдээ ч маш хариуцлагатай байхыг хичээдэг. Энэ бол охидынхоо төлөө, олон  мянган хүүхдийн төлөө хийж байгаа үйл юм шүү. Өөрийнхөө зорьсон ажилд хөрөнгө оруулалт маш чухал тул миний амьдралыг та нарын минь амьдралын нэг хэсэг гэж хараарай. Би эх хүн, эхнэр хүн, нийгэмдээ оролцоотой байхыг хүсэж байгаа эмэгтэй хүн учраас шүүмжилж биш ухаж ойлгоорой.

-Кино урлагийн салбарт “Үлгэрийн хайр” гэдэг кинонд тоглож байсан. Кинонд тоглох урилгын санал ирж байна уу?

-Гавьяат жүжигчин Н.Ариун­болд ах намайг тэр кинонд нэгдүгээр зэрэглэлийн жүжигчний цалин өгч тоглуулж байлаа. Кинонд тоглоод өөрийгөө болоогүй юм байна гэдгээ ойлгосон. Бооёо ах минь надад их өгөөмөр хандаж дээ гэж бодогдсон. /инээв/ Жүжигчин Г.Ундармаа эгч, Бооёо ахтайгаа юу юунаас илүү дотно ах эгч болсон доо. Надад кинонд тоглох санал ирэх бүрийд би хөл хүнд байж таардаг. Коронавирус тархаагүй байсан бол энэ тавдугаар сард Японд киноны зураг авалттай байсан. Сумочидтой хамтарсан кино бөгөөд дуучны дүрийг бүтээх байсан. Энэ дашрамд кино урлагаас хазайгаад нэг зүйл хэлмээр байна. Дэлхий дахинаа хэцүү цаг үеийг туулж байгаа учраас хүмүүс хүлээцтэй, ухаантай, дэг журамтай байх ёстой. Цар тахал эх орны минь үнэ цэнийг, бид хамгийн азтай улс гэдгийг, байгаа зүйлдээ талархаж,  нэгнийгээ хайрлаж амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгууллаа. Бид үндэсний үйлдвэрлэлээ илүү их дэмжих хэрэгтэй юм байна гэдгээ ч харлаа шүү дээ. Бид нэгдэж чадвал улс орон маань хэдхэн жилийн дараа аз жаргалын индексээрээ нэлээн дээгүүрт орох байх гэдэгт итгэж байна.

Шат шатны дарга нар хүнд суртлаа арилгаж, хийх ёстой зүйлээ ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хийх л ёстой. Миний  зүгээс төр засаг хүнд хүртээмжтэй шийдвэр хэрхэн гаргаж яаж ажиллаж байна гэдгийг иргэн хүнийхээ өнцгөөс хянах үүрэгтэй гэж боддог. Үнэхээр хүүхдүүд зовоод байгаад бачуурдаг. 

 

-Цар тахлын үеэр олон хүүх­дүүд хоол тэжээлийн дутагдалд орж байгаа нь хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ талаар зоримог дуугарч төрийн өндөрлөгт уриалга дэвшүүлж, шийдвэр­лүүлэх гэж хичээж байгааг тань олон хүмүүс харсан.

-“Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллага,  “Охидын түүх” төрийн бус байгууллагатай хамтраад   Засгийн газрын хэмжээнд Онцгой байдлын комисст уриалга дэвшүүлсэн. Сургууль, цэцэрлэгт явж үдийн цайгаараа хооллодог байсан хүүхдүүд, 24 цагийн цэцэрлэгээр амьдардаг байсан хүүхдүүдийн хувьд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлт байдал үүссэн. Хорио цээр тогтоосон цагаас эхэлж хоол хүнсний хэрэглээ хомс айл өрхийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж эрүүл мэндээрээ хохирох аюул нүүрлээд байна. Иймээс орлого багатай өрхийн хүүхдүүд, өвчтэй иргэд, өндөр настан гэх мэт бүлгийн иргэдийн хоол хүнс, дархлааг дэмжих “Хүнс ба дархлаа” хөтөлбөрт анхаарал хандуулж ажиллахыг уриалсан. Засгийн газраас энэхүү хөдөлгөөнийг өрнүүлсний дараа хүүхдийн мөнгө дээр 10 мянган төгрөг нэмсэн л дээ. Хэд хэдэн удаа Ерөнхий сайдтай уулзах хүсэлт илгээсэн боловч тун удахгүй хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болгоно гэдэг хариуг илгээсэн. Таг чиг болчихгүй албаны хүмүүсээрээ дамжуулж хариулт өгөөд байсанд баярласан.

Би Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэстэй хамтарч ажилладаг. Хөл хорио тогтоосноос хойш орон гэрийн архидалт, гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдсэн гэдэг албаны тоо баримт гарсан. Ухвар мөчид эцэг, эхчүүд хүүхдийнхээ мөнгөөр архидаж байна. Тиймээс хүүхдийн мөнгө хүүхдэдээ зориулж байна уу гэдгийг хянадаг ажлын хэсэг баймаар байна. Ялангуяа сонгуулийн энэ үед ээжүүддээ хандаж хэлэхэд бидний үр хүүхдийн төлөө, гэр бүлийн төлөө ажиллаж чадах боловсрол туршлага бүхий, гэрээ зассан хүнээр төрөө засуулаарай. Бас хатуухан хэлэхэд үр хүүхдийнхээ хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалж чадахгүй, хүүхдээ аюулд оруулаад, хүчирхийлэлд өртүүлээд байгаа эцэг, эхчүүдийн эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлээд төр хүүхдүүдээ хамгаалалтад авах хэрэгтэй байна.  Хүүхэд хамгаал­лын төвийг төр засаг олноор байгуулах шаардлагатай байна.

-Төрийн бодлого шийд­вэрийн талаар сэтгэл дундуур зүйлс олон байдаг уу?

-Байдаг. Төрийн тогтолцоо нь өөрөө гажуудалтай. Аливаа шийдвэр гаргахад маш олон даргын гарын үсэг бүрдүүлэх болдог учраас үр дүн нь маш удаан гардаг. Ард иргэд намайг төрийн байгууллагад өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх гүүр нь болгохыг хүсдэг. Энэ нь ч тухайн шийдвэрийг нь хурдан шийдвэрлүүлэхэд нөлөөлдөг болов уу. Шат шатны дарга нар хүнд суртлаа арилгаж, хийх ёстой зүйлээ ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хийх л ёстой. Миний  зүгээс төр засаг хүнд хүртээмжтэй шийдвэр хэрхэн гаргаж яаж ажиллаж байна гэдгийг иргэн хүнийхээ өнцгөөс хянах үүрэгтэй гэж боддог. Үнэхээр хүүхдүүд зовоод байгаад бачуурдаг.  Яагаад хүүхдүүдийнхээ төлөө дорвитой алхам хийдэггүй юм бэ.

-Таны зүгээс хүүхэд хамгаал­лын төв байгуулахаар төсөл хөтөлбөр эхлүүлж байсан. Энэ мөрөөдөл нь хэзээ биелэх бол?

-Би 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгтээ салбартай нийслэл хотдоо төвтэй хүүхэд хамгаалал, гэр бүл хөгжлийн төвтэй болохоор төсөл хөтөлбөр боловсруулсан.  Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний аяныг өрнүүлж судалгааны ажлаа он гаргаад наран ургах зүгээс бэлгэдэн Хэнтий аймгаас эхлүүлсэн. Харамсалтай нь цар тахлын улмаас зогсонги байдалд орчихсон ч илүү боловсрон гуй болгон ажиллаж байна. Сэтгэл зүйн гэмтэл авчихсан хүүхдийг сэтгэл зүйч, гэр бүл судлаач, мэргэжлийн эмчийн тусламжаар эмчлэхээс гадна урлагаар анагаах боломжтой. Түүнд мэдэрсэн айдас ,түгшүүрийг дуу хөгжим, бүжиг, уран зургаар дамжуулж засна. Тал бүрээс нь засаж байж тэдгээр хүүхдүүдэд дахин амьдрах итгэл бий болно. Энэхүү төв маань хууль эрх зүйн хувьд хүүхдүүдээ хамгаалдаг, хүний хувьд хөгжүүлж боловсруулдаг тал талын мэргэ­жил­тэнтэй төв байх болно. Яг үнэнийг хэлэхэд хамтарч ажиллах, дэмжих байгууллага дутмаг байгаа хэдий ч өөрт байгаа бүхнээ зарж борлуулаад ч болов энэ төвөө заавал байгуулна. Мөн залуу гэр бүлийг сургалтад хамруулж гэр бүлийн боловсрол олгох тал дээр ч энэ төв маань анхаарч ажиллах болно.

-Та бид хоёрын яриа хүссэн хүсээгүй улс төр рүү орчихлоо. Таныг сонгуульд өрсөлдөнө гэж харж  байгаа ч хүмүүс олон бий. Энэ тал дээр та албан ёсны хариулт өгөөч?

-Амьдралын нэг л “дүрд тоглоод” хамгийн сайн ээж байх амархан. Бусдын төлөө хийж байгаа ажлыг минь сонгуулийн нүдээр харж болохгүй. Ямар ч болзолгүйгээр зүрх сэтгэлээсээ л хүсээд хийж байгаа зүйл. Би улс төрд орохыг огт сонирхохгүй байна. Ард түмнийхээ дуу хоолой болоод явж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Миний хувьд улс төр гэхээсээ илүүтэй өөрийгөө хөгжүүлэх суралцах, хийж бүтээх зүйл их байна.  Юун түрүүнд хүүхэд хамгааллын төвөө байгуулж, эрх зүйч мэргэжлээсээ гадна гэр бүлийн сэтгэл судлаачаар зэрэг дэвээ ахиулах гээд олон ажил байна даа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.24.69) 2020 оны 05 сарын 19

ДУУЧИН ЭНЭ ТЭР ГЭХЭЭ БОЛИО!!!

0  |  0
Goel iymblgui de(98.253.30.34) 2020 оны 05 сарын 19

Yag iy hiideg ymar uchirtai ch huuhen iym be dee. Door humuus shutdeg shuu goe shuu l geed comment bichsen bh iym oilgodgguiee.

0  |  0
Zochin(103.212.119.123) 2020 оны 05 сарын 19

хүчирхэг эмэгтэйн нуруун дээр газрын зураг байдаг гэж үг бий

0  |  0
zochin(139.5.216.92) 2020 оны 05 сарын 19

bayanmunkh avarga taliigch banknii chuka geed l olnii tanil erchuudtei ih l dotno baisan, aa bas han uuliin zasag noyon aldarjavhlan bas baina, 100 say tugruguu aldchihlaa geed l eej ni zarga hiigeed yavj bsan

0  |  0
иргэн(202.21.115.126) 2020 оны 05 сарын 18

Сайнсайхан ээж бай

0  |  0
зочин(202.70.37.34) 2020 оны 05 сарын 18

Бахархдаг шүү. Монголын маань нас насны төлөөлөл болсон мундаг хүчирхэг, мэдлэг боловсролтой, дайчин эмэгтэйчүүд л тухайн байгууллагынхаа, салбарынхаа, улс орныхоо төлөө бүхий л зүйлд сэтгэл зүрх нь цохилж, шаналж, зүтгэж байх юм. Энэ хэдэн эрчүүд нь болохоор бүгд л идэж уухын хэнээ туссан юмнууд байх юм. Гэхдээ дүүдээ амжилт хүсье. Эрүүл энх, ихийг бүтээгээрэй.\n

1  |  0
Top