“Шууд Ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруултай ярилцлаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улс төрийн намуудын төлөвшил гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэе?
-Баярлалаа. Намын төлөвшил гэдэг чинь нийгмийн тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхолыг төлөөлж чадахыг хэлдэг. Төлөөлж байгаа утгаараа тодорхой бодлого боловсруулж, өөрийн гэсэн сонгогчидтой бүлгийг хэлдэг юм.
-Манай улсад тэгвэл намуудын төлөвшил байна уу?
-Манай улсад байгаа намууд төлөвшихөөсөө өмнө хямарчихлаа. Яагаад хямарсан гэж хэлээд байгаа вэ гэхээр эдгээр намууд маань нийгмийг төлөөлж чадахаа больчихсон. Өнөөдөр аль ч нам ингэж төлөөлөл болж чадахаа байсан. Ардчилсан намыг анх гарч ирэхэд нь эрх барьж байгаа намынхаа хүчтэй сөрөг хүчин болоод засаж, залруулаад явах байх гэж бодсон чинь дотроо хутгалдчихлаа. Нийгмийг төлөөлж чадахгүй байна гэдэг чинь төлөвшөөгүй л гэсэн үг. Төрөөс хувь авч, хөрөнгө оруулж байна, хүнээс мөнгө авч нэр дэвшиж байна. Намуудын хийж байгаа ажил үндсэндээ нэр дэвших л болчихлоо. Хүнээс авч дэвшихдээ зарцуулсан мөнгөө улсын төсвөөс хэд нугалж зулгаах сонирхолтой. Энэ бол нам биш.
-Төлөвшлийг бий болгохын тулд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Төлөвшлийг бий болгохын тулд эхлээд намуудыг тараах хэрэгтэй. Дараа нь тодорхой шалгууруудыг тавих ёстой. Мөнгө идсэн, гэмт хэрэгт холбогдсон нөхдүүд намуудыг толгойлж болохгүй гэдэг ч юм уу. Дараа нь намуудаа бүгдийг нь дүрэмтэй болгоё. Санхүүжилтээ ил болгох, мөрийн хөтөлбөр, зорилгоо тодорхой болгох ёстой байна. Өнөөдөр өөрийн гэсэн зорилготой нам нэг ч алга. Гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Энэ бүхнийг засах шаардлагатай. Мөнгөтэй болгон өнөөдөр бараг нам байгуулж байна. Компанийнхаа 801 хүнээр гарын үсэг зуруулаад л болчихоод байна. Тиймээс наад захын шалгууруудыг хангасны дараа ард нийтийн санал асуулга явуулж тухайн намыг байх эсэхийг шийдмээр байна. Манай намууд бүгд өнөөдөр Үндсэн хуульд харшилж байгаа. Энэ нь улсынхаа тусгаар тогтнолд занал хийлж байгаа нэг хэлбэр. “Хар жагсаалт”-д ортлоо явлаа. Ингэснээр бүх улсууд манайхаас харьцаагаа тасалж эхэлнэ. Зээл тусламж өгөхгүй, хөрөнгө оруулалт оруулахгүй, нийт өрөө нэг мөсөн төлөхийг дараа нь шаарддаг гэж байгаа юм. Энэ нөхцөлд өрөө төлж чадахгүй бол өөр нэг улс манай өрийг худалдаад авчихвал бид тусгаар тогтнолоо алдана. Намуудаас гадна манайх Швейцарь улстай адилхан болмоор байна. Тэнд яадаг вэ гэхээр иргэд нь намуудтайгаа адилхан тэгш эрхтэй байдаг. Нэг ёсондоо иргэд нь бие даасан шийдвэр гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрийг нь парламент нь заавал авч хэлэлцэх үүрэгтэй байдаг. Намуудын гаргасан шийдвэр хэрвээ буруу байвал иргэд нь цуцлаж болдог. Энэ бол манайд бүрэн хэрэгжих боломжтой. Манайх чинь Үндсэн хуулиндаа “Ард түмэн засгийн эрхийг шууд болон шууд бусаар барина” гээд заачихсан юм шүү дээ, уг нь. Төлөөллөө сонгож байгаа өнөөдрийн хэлбэр бол шууд бус нь. Шууд гэдэг миний яриад байгаа хэлбэр. Намуудыг хянах иргэдийн эрхийг хуульчилж, намуудыг хязгаарласан цагт л намууд цэвэр болно.
-Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах ёстой гэсэн байр суурийг зарим улс төр судлаач хэлдэг. Таны бодлоор?
-Намын хатуу гишүүнчлэл бол тийм хамаатай зүйл биш гэж боддог. Гишүүнчлэлээсээ шалтгаалаад байгаа юм огт байхгүй. Энгийн хүмүүс нь гишүүн болвол болж л байг. Үүнд хатуу, зөөлөн хамаагүй. Харин иргэдтэйгээ тулж ажилладаг хороо, багийн дарга нар, төрийн албан хаагчид л намын гишүүнээс түдгэлзэх ч бүү хэл намын харьяат байж огт болохгүй. Манай нам зөвшөөрөхгүй байна, намын даргаасаа айж байна гэсэн юм яриад сууж байгаа хороон дарга нар маш их байна шүү дээ.
-Хоёр танхимтай болох тухай яригддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Хоёр танхимтай байх нь нэг нь нөгөөдөө хяналт тавихад, хүч тэнцүүлэхэд оршдог. Манайд ийм байж болно. Аймгуудын удирдлагуудыг багтаасан бага танхим байгаад 76 гишүүнтэй их танхимдаа хяналт тавьж, зарим буруу шийдвэрт нь хориг тавиад аймгийн иргэдээрээ хэлэлцүүлж засаж, сайжруулдаг хэлбэр лүү явж болно. Гадны туршлагууд дээр үндэслээд хийж, хэрэгжүүлэх юм зөндөө бий.
-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг хаана яваад байгааг үнэндээ олоогүй. Өөрөөр хэлбэл намууд өөрсдийн гишүүдээ тойруулж суулгаж байгаад энэ нэмэлт өөрчлөлтөө баталсан. Тийм учраас энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай хамгийн анхан шатны нэгж болох баг, хороонд ямар ч эрх байхгүй. Нийслэлийн нэг хороо гэхэд л зарим аймгаасаа том байгаа. Гэтэл хаана байна тэр эрх мэдэл нь.
Дүүрэг гээд завсар нь мөнгө иддэг нэгж байсаар байна. Уг нь нийслэл, хороо л гэж баймаар байгаа юм. Хорооддоо эрх мэдэл, санхүүг нь өгөөд иргэд нь түүнийгээ хэлэлцээд захиран зарцуулдаг, тодорхой дүрэм хэлэлцэж баталдаг баймаар байна. Ингээд ирвэл дүүрэг гэдэг нэгж ямар ч хэрэггүй болчихно. Бид нар анхан шатны нэгждээ ямар ч эрх өгөхгүй юм бол цаашаа яаж хөгжиж, иргэдээ төлөөлж байгаа гэж хэлэх юм бэ. Иргэдийн нийтийн хурал дэээр 30-40 өрхийг төлөөлж нэг л хүн гарын үсэг зурдаг байсаар байгаа ийм өөрчлөлтийг огт дэмжихгүй.
Сэтгэгдэл ( 1 )
100 ямаанд 60 ухна битгий хуц юун 2 танхим өмнөх ялзралаас салаагүй байхад манайд хэтэрхий томдоно.том гуталтай хүүхэд гутландаа тээглэж унах аюултай.Don”t need never.