Н.Баярмаа: Төрөлжсөн олон үйлдвэр байх нь ажлын байрыг нэмэгдүүлж, эрсдлийг багасгадаг

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Хөгжлийн эдийн засагч Н.Баярмаатай ярилцлаа


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Нацагдоржийн Баярмаа гэдэг. Хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. Үндэсний статистикийн газраас ажлын гараагаа эхэлж, Япон улсад магистер хамгаалж ирээд Хөгжлийн банк, Төрийн банкинд ажиллаж байгаад одоо Азийн хөгжлийн банкинд зөвлөх хийж байна.

-Эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг маань яг юуг хэлээд байна вэ?

-Аливаа улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд ганц нэгхэн салбараар дагнаж явах боломжгүй байдаг. Манай улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуйн салбар л голлож байна. Ер нь өнгөрсөн нийгмийн үед ч иймэрхүү л байсан. Одоо болтол олигтой ахиц дэвшил, өөрчлөлт гарсангүй. Эдийн засгийн хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт бол аж үйлдвэрийн хөгжил, боловсруулах салбарынх нь хөгжлөөр тодорхойлдог. Тогтвортой, тасралтгүй хөгжих баталгаатай байх хэрэгтэй. Аж үйлдвэрийн салбар манайд арав орчим хувьтай л байна. Үүнээс харахад л манайх үйлдвэржээгүй, энэ салбар бүрэн хөгжөөгүй улс гэдэг нь харагдаж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудыг харахад эдийн засаг нь маш их төрөлжсөн байдаг. Зөвхөн уул уурхай эсвэл зөвхөн хөдөө аж ахуйн салбар дээрээ түшиглээд хөгжлийн маш өндөр түвшинд хүрсэн улс олон бий. Манайхны хувьд хөдөө аж ахуй гэхээр л таван хошуу малаа бодоод байдаг. Жишээ нь, манайх хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлье гэж үзэх юм бол кластар хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай. Манайх яаж байна гэхээр зөвхөн малаа хариулаад л тоог нь өсгөөд л байвал болно гэж бодоод байх шиг байна. Малаа сүргийн бүтэц болон ашиг шимээр нь төрөлжүүлэхээс гадна хөдөө аж ахуйг дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Малд хэрэглэдэг тэжээлийн үйлдвэр, сүү боловсруулдаг, бяслаг хийдэг гэх мэтээр төрөлжүүлдэг. Манайд харин эсэргээрээ бүхий л зүйлийг нь ганцхан хүн, ганцхан үйлдвэр хангах гээд үйлээ үзээд байна. Энэ нь маш их эрсдэлтэйгээс гадна өртөг зардал их, оршин тогтнох чадвар муутай байдаг. Дагнасан, төрөлжсөн олон үйлдвэр байх нь ажлын байрыг нэмэгдүүлж, эрсдлийг багасгаж байдаг. Тухайн салбарын гаргах боломжтой бүхий л зүйлийг дагнаж, төрөлжүүлж байж л хөгжинө.

-“Эдийн засгийг солонгоруулна” гээд байдаг нь таны ярьж байгаатай ижил утгатай юу?

-Эдийн засгийг солонгоруулна гээд байгаа нь олон төрлийн томоохон үйлдвэр байгуулна л гэж бодоод яриад байгаа байх. Тэрнээс биш яг ганцхан салбар дээр нь төрөлжүүлэх асуудал биш. Нэг үйлдвэрт хэрэглэгддэг олон орц, төрлийг нийлүүлдэг олон жижиг үйлдвэрүүдийг бий болгох тухай яриад байгаа юм.

-Таны яриад байгаатай дөхөж очих салбар, үйлдвэр манай улсад байна уу?

-Манай улсад бол одоогоор ийм үйлдвэр, салбар байхгүй. Бидний сайн мэддэг Солонгос улсын “Самсунг” үйлдвэр байна. Нэг зурагтыг угсрахын тулд орж байгаа бүхий л эд материалыг тус тусдаа үйлдвэрлээд, дараа нь нэг газраа угсраад зах зээлд нийлүүлдэг. Манай үйлдвэрүүдэд ингэж материал, орц нийлүүлдэг бие даасан үйлдвэрүүд байхгүй.

-Төрөлжүүлэх байдлаар хөгжүүлээд явахад хамгийн боломжтой салбар таныхаар юу вэ?

-Хөдөө аж ахуйн салбар л хамгийн боломжтой. Гахай үржүүлдэг газар байгууллаа гэхэд түүнийг нь дагаад тэжээл бэлтгэдэг үйлдвэр, махыг нь ангилан бэлтгэдэг үйлдвэр, чанарын стандартыг нь хангах худалдааны нэгж байх гээд маш олон жижиг үйлдвэрийг байгуулж болно. Бүх зүйлийг нь ганцаараа хийнэ гэж байхгүй. Байлаа ч маш их эрсдэлтэй. Хөдөө аж ахуйн салбар дээрээ түшиглэн хөгжүүлж, төрөлжүүлэх боломж зөндөө байна.

-Хажууд нь тэжээлийн үйлдвэр бариад ирэхээр “миний талхыг булаалаа” гэсэн үзлээр хандах гээд байх болов уу?

-Манайхан төрөлжсөн байдлаар аж ахуйг авч явах гэдэг ойлголт угаасаа байхгүй. Үүнийг шийдэх гарц нь бодлогын түвшинд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүүлж, судалгаатай ажиллах ёстой. Аль бүс нутагт ямар аж ахуй, үйлдвэр байгуулж болох вэ гэдгийг эхлээд маш нарийн судлах хэрэгтэй. Манайхны хамгийн гол асуудал бол хөрнгө оруулалт гэхээсээ илүүтэй судалгаа тааруу, харанхуй байдлаар юмыг хийх гээд байдаг.

Судалгааг нь сайн гаргаад өгсний дараа хөрөнгө оруулалтын асуудлыг төр засгаас бодлогоор шийдэж өгөх нь зөв. Магадгүй үйлдвэрлэлийг дэмждэг арилжааны биш банк байж болно. Энэ нь төрөлжсөн үйлдвэрүүдэд хүү бага, хугацаа урттай зээл өгдөг байж болно шүү дээ. Бизнесийн итгэлцэлийг нэмэгдүүлж, хүмүүсийнхээ үзэл бодлыг өөрчлөх гээд нарийн юмнууд яригдана. Нилээд урт хугацааны, судалгаа сайтай ажил болно. Хэн хэндээ итгэхгүй, бусдын итгэлийг алдах байдал байсаар байгаа учраас л өөрсдөө бүгдийг гардаж хийх гээд л, өндөр хүүтэй зээл аваад харанхуйгаар дайраад байгаа юм. Бид эдийн засгийг төрөлжүүлэх ажлыг системтэй хэрэгжүүлж ирсэн бол 30 жилийн хугацаанд төлөвшлийг олоод, хэрэгжүүлээд сурчихсан байхаар хугацаа шүү дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yarisaar l(14.146.94.192) 2020 оны 05 сарын 18

iim sanaa ch hun but bii l de. Tegeed uildverlesen yumiig gol ni hen avah yum be? hend zoriulah yum? kkk hiigeed l baidag, shine technolog baihgui, gadnaas mashin tohooromjoo chireed oruulna, hiilee, ter hiisen zardal ni hudaldaj avsantai une yag ijil...

0  |  0
Top