“Сайн хөрш” эмнэлгийн зөвлөх эмч Р.Баттөмөртэй ярилцлаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 1956 онд төрсөн. Дунд сургуулиа аймагтаа төгсөөд Анагаах ухааны их сургуулийг дүүргэсэн. Тэгээд тухайн үеийнхээ томилгоогоор ажлын гараагаа хилийн цэргээс эхэлсэн. Дараа нь одоогийнхоор бол Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ажиллаж байлаа. Удалгүй ардчилал гарч цэргийн болон намын харьяаллаас татгалзсан. Сүүлийн арван хэдэн жил хувийн эмнэлгийн салбарт ажиллаж байна даа. Зөвхөн өвчин эмчлэхээс гадна нийгмийн эрүүл мэндийг хангахын төлөө нийтлэл бичиж, “Чөлөөт индэр” гээд сонин эрхлэн гаргаж улс төр, нийгмийн амьдралын ар талд идэвхитэй оролцож явсан.
-Та өнөөдрийн манай эрүүл мэндийн байдал ямар байна гэж хардаг вэ?
-Манайхан зах зээл, чөлөөт нийгэм рүүгээ орох гэж 30 жил оролдлоо л доо. Манай салбарт бол хуучин бүх зүйлийг төрөөс дааж хариуцдаг байсан. Өнөөдөр үүнийхээ эсрэг буюу хувь хүн төвтэй, хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, эрүүл мэндийнхээ 70-80 хувийг өөрөө хариуцах ёстой юм. Үнэхээр короновирус гэж байгаа шиг гоц халдварт өвчин, бусад тохиолдолд улсын бодлого байх ёстой. Өнөөдөр улсын төсөв, эрүүл мэндийн салбарын хөрөнгийг дэндүү үрэлгэн, үр ашиггүй зарцуулж, хэт бэлэнчлэх сэтгэлгээ рүү оруулж байна. Ард түмний нэг хэсэг нь эрүүл мэндийг бүгдийг нь төр даана гэсэн ойлголттой л өнөөдрийг хүрлээ. Уг нь бол төр урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэл рүү түлхүү ажлаад бусдыг нь хувийн салбарынхантайгаа хамтрах замаар шийдэх ёстой юм. Нөгөө нэг зүйл нь манай салбарт улстөржсөн, хэт намчирхсан тогтолцоо байна. Эрүүл мэнд гэсэн хамгийн чухал салбарыг мэргэжлийн хүн удирдаж байх ёстой боловч эрх барьж байгаа намын хүмүүсээр байнга солигдож байдаг. Тэр хэрээрээ авлига хээл хахуульд өртөж байна. Авлигын индексээр эрүүл мэндийн салбар маш дээгүүр буюу эхний тавд явж байгаа. Ард түмний дунд яригддаг яриагаар бол нэгдүгээр эмнэлэгт нэг сувилагч ажилд орохын тулд нэг сая төгрөг төлдөг гэж байх жишээтэй. Энэ мэтчилэн буруу голдирол руу орж, манай салбарт далд эдийн засаг их байна. Улсын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэхийн тулд заавал гар цайлгана. Өнөөдөр хувийн хэвшил, төрийн эмнэлэг хоёрын ойлголтын зөрүү их байна. Хувийн эмнэлгээр явсан хүнийг мөнгөтэй хүн гэдэг. Улсынхаар явахаар ядуу гэдэг буруу ойлголтууд байдаг. Уг нь бол хувь, хувьсгал хоёр ёс зүйн хувьд бие биенээ дэмжиж байх ёстой. Эмч нарын харьцаа, соёл ч бас хэцүүхэн болсон. Үйлчлүүлэгчдээ “Хувийн эмнэлгээр хагалуулсан юм бол тэрүүгээрээ эмчилгээгээ хийлгэ” гэж загнах нь наад захын асуудал болчихлоо. Уг нь бол бид нар чинь яаралтай тохиолдолд л хагалаад идээ, шархыг нь цэвэрлээд боолтны зардал их гарах гээд байхаар нь үйлчлүүлэгчээ “та даатгалаараа улсын эмнэлэгт ханд” гээд явуулдаг. Хуучин бидний үед эмчийн ёс зүйн тухай их ярьдаг байлаа. Нягтлан дунд сурлаа гэхэд мөнгө л шамшигдуулна, харин эмч хүн дунд сурч болохгүй. Учир нь түүний ард хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байдаг юм. Ингэж л бидэнд ёс зүй заадаг байсан ч өнөөдөр жаахан суларчихаад байгаа.
-Төр, хувь гэлтгүй эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвар хэр байгаа гэж боддог вэ?
-Ур чадварын хувьд бол дажгүй ээ. Гадаад, дотоодод төгссөн олон мундаг эмч нар гадаадын олон оронд төдийгүй эх орондоо гайхагдаж байна. Харин өнөөдөр манайд улсынхаас гадна хувийн хэд, хэдэн сургууль анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэж байна. Гэхдээ анагаах ухааны сургалт бусдаасаа арай өөр байх ёстой юм. Эмч бол дадлагад суурилсан мэргэжил. Хүний олгой авлаа гэхэд хүн бүрийнх адилгүй шүү дээ. Тарган хүнийх өөр, туранхай, сахрын өвчинтэй гээд өөр, өөр байдаг. Тиймээс алхам тутамд л судалгаа, сургалт явж байдаг юм. Гэтэл өнөөдрийн сургалт бол дан онолоор явж байна. Дадлага хийлгүй явж байгаад л төгсөөд их сургуульд багшаар ороод хүүхдүүдэд өнөөх онолоо заагаад эхэлж байна. Уг нь бол нэлээд олон жил практик хийчихсэн, судалгааны ажлаа хамгаалаад хүлээн зөвшөөрөгдчихсөн багш нараар хичээл удирдуулж, дадлагад байнга гаргаж байж эмч, ажилтнуудын чадавхи улам сайжирна. Дадлагад суурилна гэдэг маань зөвхөн анагаахын салбараас ч хамаарахгүй л дээ. Мэдээж боловсролын салбартайгаа хүртэл нягт уялдаа холбоотой байж, сургалтын системд нь өөрчлөлт оруулж байж шийдэгдэнэ.
-Анагаах ухааны салбарын хэтийн хөгжил юунд чиглэх ёстой гэж та харж байна вэ?
-Манай анагаах ухааны салбарын цаашдын хөгжилд хамгийн хамаатай зүйл бол улс төр цэвэр байх явдал. Улс төр нь өөрөө цэвэр байгаад мэргэжлийн салбарынхаа удирдлагад мэргэжилгүй, сэтгэлгүй нөхдийг шахдаггүй, тэд нь багаа бүрдүүлнэ гэж халаа сэлгээ хийдэггүй тогтвортой байх юм бол асуудал аяндаа цэгцэрнэ. Мэдээж орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд түшиглэж хөгжих нь тодорхой. Гэсэн хэдий боловч монгол орны өөрийн онцлог гэж байна. Жишээ нь дэлхийн өндөр хөгжилтэй том, том улсууд өнөөдөр цар тахлын үед ямар байна. Тэгэхэд манай улсад ямар байгаа билээ. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын маань ур чадвар, хичээл зүтгэл байгаа ч манай цаг агаарын онцлог ч нөлөөлж байгаа гэж боддог. Дээрээс нь бэлчээрийн мал аж ахуйн малын махны амин дэм, үр шимийн тухай дэлхий нийт ярьж байна. Тэгэхээр энэ бүхнээ шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн судлаад өөрийн улс оронд тохирсон эрүүл мэндийн хөгжлийн чигийг гаргаж ирэх цаг нь болсон.
-Та салбарын удирдлагуудаар мэргэжлийн бус хүмүүсийг томилдог гэж ярьсан. Энэ нь салбартаа ямар үр нөлөө үзүүлдэг вэ?
-Зөвхөн салбарт гэлтгүй хүн бүрт муу нөлөөлөл үзүүлж байна. Өнөөдөр эмнэлгээр үйлчлүүлдэгггүй хүн гэж байхгүй. Намын хатуу гишүүнчлэлийг нэн яаралтай болиулж хуульчлахгүй бол үнэхээр хэцүү байдалтай болж байна. Зөвхөн сумын төв гэхэд л манай намынх биш гээд их эмчээ халчихдаг. Эргээд өөрийнхөө намынх гээд бүхэл бүтэн сумын эмчээр нь бага эмчээ томилчихсон байх жишээтэй. Үүний үрээр малчин, жирийн иргэд л яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, чанартай үйлчилгээ хүртэж чадахгүй хохирч байна. Уг нь бид чинь Үндсэн хуульдаа “Эрүүл аюулгүй амьдрах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй” гээд заачихсан улс шүү дээ. Харамсалтай нь намчирхал, талцлаар өнөөдөр жирийн иргэд энэ эрхээ эдэлж чадахаа болиод байна.
-Коронавирус гэж аюулт өвчин дэлхий нийтэд занал хийлж байна. Гэсэн хэдий ч манай эмч, эмнэлгийн ажилтнуудын уйгагүй хичээл зүтгэлээр бид дотооддоо сайн тэмцэж байгаа. Энэ нь эргээд эмч нарын нэр хүнд өсөх, тэдний ажил хөдөлмөрийг шударгаар үнэлэх байдал бий болгож байна. Одоо харин энэхүү нэр хүндийг унагаачихгүй авч явахын тулд яах ёстой вэ?
-Үнэхээр тийм. Энэ өвчний үед манайхан тэтгэвэртээ гарсан настай мэргэжилтнүүдээ хүртэл урьж ажиллууллаа. Тэднийхээ туршлага зөвлөгөөг авч ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүж хэвшсэнээр иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин тав дахин, ханиад томууны өвчлөл 50 хувь буурсан байна. Энэ нь эргээд хүмүүсийг хувийн ариун цэвэр сахих, эрүүл мэндээ хамгаалах дадал зуршилд суулгаж байна. Энэ мэтчилэн сайн тал бас гарч байна. Харин цаашид бол эрүүл мэндийн энэ чухал салбараа мэргэжлийн, туршлагатай хүмүүсээр нь удирдуулаад, ажлаа хийх боломжоор нь төр хангаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэнд гэдэг зөвхөн өвчний асуудал биш. Энэ чинь амьдрах орчин, тогтолцоо, хот төлөвлөлтийн асуудал. Энэ бүхнийгээ цогцоор нь сайхан өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд өнөөгийн төрд мэс заслийн эмчийн хувьд хэлэхэд “яаралтай мэс засал” хэрэгтэй байна. Тийм ч учраас энэ удаагийн сонгуулиар шинэ сонголтын давалгаа үүсээсэй гэж бодож байгаа.
Сэтгэгдэл ( 0 )